Сонгуулийн хууль хэний эрх ашгийг хамгаалдаг бэ?

Сонгуулийн хууль хэний эрх ашгийг хамгаалдаг вэ?

 Хариулт бол товч бөгөөд тодорхой. Эрх баригчид, парламентад суудал бүхий намууд, тэдгээрийн нэр дэвшигчдийг хамгаална.  Үеийн үед тэгдэг байсан, цаашид ч тэгнэ. Яагаад гэж үү? Мөн л хариулт нь энгийн.

Учир нь тоглоомын дүрэм ямар байна. Тэр чинээгээр сонгууль гэх тоглоомыг хэрэг дээрээ удирдах гэж оролддог нь хүний, намуудын, эрх баригчдын зан учир тэр.

Түүх сөхвөл

Монгол Улсад магадгүй хамгийн олон удаа Шинэчилсэн найруулгаар батлагдаж байсан хууль бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль юм.

Анхны ардчилсан сонгууль (1990)-аас хойш УИХ-ын сонгуулийн хуулийг явуулснаас хойш 4 удаа Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын түвшинд баталж байв (1992 (4 сарын 4-нд батлав), 2005 (12 сарын 29-нд батлав), 2008 (4 сарын нэмэлт, өөрчлөлт ), 2011 (12 сарын 15-нд батлав), 2015 (12 сарын 25-нд батлав).

Энэ долоо хоногт ээлжит нэгэн УИХ-ын Сонгуулийн хууль дуншиж байна. Бодит байдал дээр уг хууль Олон нийтийн дунд хэр хэлэлцэгдсэн бэ? Чухам уг хууль хэний эрх ашгийн хамгаалах бэ? Зэрэг олон асуудал, эргэлзээг төрүүлж байна.

Гэтэл иргэд бидний хувьд уг хууль наанадаж дараагийн 4 жилд, цаанадаж 10-20 жилийн бидний амьдралыг тодорхойлох чухал хууль байдаг. Яагаад гэвэл сонгуулийн хуулиар дамжуулан хэн олонх болж, Засгийн бүрдүүлэх бэ гэдэгт хариулт өгөх учир яах аргагүй хүн бүрд (дан ганц нэр дэвших, дэвшүүлэх бус) хамаатай учир тэр ээ.

“Тэмээ хариулсан хүн Буурны зангаа андахгүй” гэдэг шиг өнгөрсөн түүх бидэнд Сонгуулийн хууль батлах замаар, болохгүй бол хуулийг нь будлиантуулах замаар бидний сонголтыг үнэгүйдүүлдэг болохыг анхааруулсаар.

Сонгуулийн хуулийг будлиантуулах бол АРГА ТЕХНИК болсон эд

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулийн хуулиудыг сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө амин судас болсон зүйлсийг

1) Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар,

2)Улсын Дээд шүүхээс тайлбар гаргуулах замаар,

3)Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулах замаар өөрийн хүссэн зүйлсээ биелүүлж ирэв.

Хамгийн харамсалтай нь оройн дээд Очирваань гэдэг шиг Шүүх эрх мэдлийн гол оргилууд болох “Үндсэн хуулийн цэц, УДШ” маань энэхүү улс төрийн ажиллагааны гүйцэтгэгч болоод хээв нэг оролцох нь даан ч харамсалтай мэт.

Жишээ 1: Аймгуудад өгч буй нэг иргэний санал Улаанбаатар дах гурван иргэний саналтай тэнцэх нь Үндсэн хуулийн дагуу юу?!

Анхны сонгуулийн хуулиас л эхлээд маргаж байсан нэг асуудал бол хаана оршин буйгаас хамаарч та бидний санал үнэгүйдэх байдал одоо бол ужиг шинжтэй болов. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц зүгээр гээд толгойг нь илээд өнгөрч ирэв. “Тэгш сонгох” гэх эрхийг бид зүгээр л хөсөр хаясан хэрэг.

Товчдоо бол УИХ-ын Сонгуулийн тойрог гэдэг зүйлийг хувиарлахдаа ёстой л дураараа дургидаг нь нууц биш. Тойргоо өөрт хүссэнээр, Квотоо иргэний сонгох эрхийг хулгайлж хийх нь даанч харамсалтай.

Шаардлагатай бол доорх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс  дэлгэрүүлж үзнэ үү.

Жишээ 2: Сонгуулийн тогтолцоог намуудын хүслээр өөрчлөхдөө Үндсэн хуулийн нэрийг барьж баллах нь хэнд ашигтай байв?!

Сонирхол татаж буй Үндсэн хуулийн цэцийн Сонгууль будлиантуулах оролцоо өнөөх сонгуулийн хуулиудад байсан 6 сарын өмнө “Нэмэлт, Өөрчлөлт” оруулж болохгүй гэх хуулийн хязгаарлалтыг давахдаа хэрэглэсэн арга нь байв.

2012 оны сонгуулийн өмнөх буюу сонгууль болохоос 2 сар хүрэхгүй хугацааны өмнө (2012 оны 5 сарын 2) Цэц сонгуулийн хувь заяанд нөлөөлж байв.

2016 оны тохиолдол бол бараг Үндсэн хуулийн цэц сонгуулийн хувь заяаг шийдсэн гэж хэлхэд илүүдэхгүй! 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ҮХЦ Монгол Улс чинь “Холимог тогтолцоог” шууд хязгаарласан гэх агуулга бүхий шийдвэр гарган түүнийг нь УИХ шууд хүлээн авснаар Улс төрчид, Цэцийн гишүүдийн хамтын ажиллагаа биелэлээ олж байв.

Үр дүнд нь сонгуулийн хуульд дахин гар хүрэх боломж тухай үеийн эрх баригчиддад (Ардчилсан нам) олдов.

Жишээ 3: Бүх насаар нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх Улс төрчдийн хонзон уу эсвэл Улсаа бодсон үйлдэл үү?!

2008 оны Сонгуульд хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Ял шийтгэлгүй байх” гэх хязгаарлалтыг УДШ-ээс тайлбар гаргах замаар “Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй” хэмээсэн нь нийлээдгүй олон улс төрчийн зүрхэнд шар ус хуруулж байв.

Харин үүнийг нь мөн л ҮХЦ улс төрчдийн захиалгаар залруулах нэрээ, оролцож байв.

Энэ мэт Сонгуулийн хууль, Нөхөн сонгууль тойрсон жишээ олон арваараа хөвөрнө.

Төгсгөлд нь

Эцсийн дүндээ үнэхээр сонгуулийн дүнг шударгаар тоолвол эрх баригчдын бодсон бол ёстой нөгөө “Их санасан газар Есөн шөнө хоосон” гэгчийн үлгэрээр болдог нь яах аргагүй үнэн.

Ард түмний их басамжилсан шиг, иргэд бол өөрийн ухаанаар таныг бодсон зүйлсийн яг эсрэг сонголт хийдгийг эрх биш хууль тогтоогчид нэгэнт ухамсарлах болсон мэт.

Гэвч “Хүн хэлхээс, Цаас чичихээс наашгүй” гэгчээр энэ долоо хоногтоо багтан ээлжит нэгэн Сонгуулийн хуулийнхаа шинэчилсэн найруулгыг баталж л таарах биз ээ. Ямартай ч Сонгуулийн өмнөх хагас жилд Шинэ сонгуулийн хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх хязгаарыг 1 жил болгон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан явдал бол өнөөх сонгуулийн өмнөх их улс төржилтийг багасгах нэгэн арга зам болгосны учир энэ.

Гэвч мөн л Үндсэн хуулийн цэцийн зарим нэг улс төрч гишүүд маань хүчтэний өмнө бөхийж, улсаа улс төрчөөр солихгүй байх явдал нэн чухлыг бид мартах учиргүй.

 

Хуульч Б.Алтангэрэл


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5578

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%