Тэтгэврийн реформ чухал уу, нэг удаа тэглэх нь чухал уу?

Тэтгэврийн даатгал нь соц нийгмийн уламжлал нь хүчтэй хадгалагдаж байгаа, шинэчлэл өөрчлөлт хийх нэн шаардлагатай байгаа салбаруудын нэг. Д.Бямбаа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа энэ талаар маш тодорхой өгүүлсэн. Тэрээр “Эв хамтын тогтолцоог аль ч улс орон хоёр салаалж хэрэгжүүлдэг, ялангуяа социалист орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүн улс бүгд адилхан хуультай. Тэд энэ системээсээ үе шаттай шилжсэн. Шилжихдээ зах зээлийн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн” гэж дүгнэж хэлсэн. Гэвч манай улсад энэ зарчмаар хэрэгжих байсан хуулийг олон удаагийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгожээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар тэтгэврийн даатгалын сан 601.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2019 онд энэ нийт алдагдал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Харин Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлж тэтгэврийн даатгалын сангийн зөрүүг санхүүжүүлэхээр тусгасан байснаа УИХ цуцлаад нэг сар ч болоогүй байна. Тэтгэврийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого оновчгүй байгаагаас үүдсэн алдагдлыг хувь хэмжээ шууд нэмэх замаар бууруулах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн. Яг өнөөдөр хэрэгжиж байгаа бодлогоор цааш олон жил явбал тэтгэврийн сангийн алдагдал улам ихээр нэмэгдэж эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө маш ихтэй болох учраас тэтгэврийн даатгалын тогтолцоог цаг хугацаа алдалгүй хурдан өөрчлөх шаардлагатай.

Иргэн хүн өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалтын нэг бол тэтгэврийн даатгал юм. Энэ мөнгийг татварын орлоготой адилтгаж, төр захиран зарцуулж буй нь миний мөнгийг халааснаас маань дээрэмдэж байгаатай яг адил зүйл юм. Тэтгэврийн даатгалын сан нь нийгмийн даатгалын таван сангийн нэг нь. Манайд нийгмийн даатгалын сан нь улсын төсвийн нэг хэсэг байна гэж хууль батлаад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгочихоод дураараа дургиж байгаа нь иргэд, судлаачдын эгдүүцлийг хүргэсээр байна. Иргэдийн итгэлийг төрүүлж чадахгүй байгаа зүйл бол ирээдүйн тэтгэвэр тогтоолгогчдод тэтгэврийн даатгалын баталгаа бүрдэхгүй байгаа явдал юм. НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн ч ирээдүйн баталгаа нь бүрдэхгүй байгаа учраас иргэд оны өмнө шимтгэлийн хувь хэмжээ нэмэхийг эсэргүүцсэн. Мөн сарын 1 сая төгрөгний цалинтай иргэн 30-40 жил ажиллаад өнөөдрийн хүчин төгөлдөр хууль, дүрэм журмын хүрээнд тэтгэвэр тогтоолгоход сарын орлого нь гурав дахин буурахаар байгаад олон залуучууд сэтгэл ханамжгүй байна.

НДШ-ийн хувь хэмжээг нэмэх гэсэн оролдлого мартагдаж амжаагүй байтал шинэ оны босго дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр бүх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн гайхамшигтай амлалт шинэ жилээр нийгмийг талцуулаад амжлаа. Нийт өрхийн 26.6% нь сарын 300.0 мянган төгрөгнөөс доош орлоготой, өөрөөр хэлбэл ийм хэмжээний өрх 100% тэтгэврийн орлогоор амьдарч байна гэсэн үг. Мөн нийт өрхийн 26.1 хувь нь 300.0-500.0 төгрөгний сарын орлоготой, өөрөөр хэлбэл тал орлого нь тэтгэврийн орлого гэж үзэж болно. Нийт өрхийн 50-аас илүү хувь нь маш бага орлоготой амьдарч байгаа өнөө үед дээрх амлалт хүн амын дийлэнх олонхид таалагдах нь тодорхой. Өнөөдөр иргэд зээлээ тэглүүлээд баярлах нь түр зуурын үзэгдэл. Нэг удаа зээлийг нь тэглэх сайхан, гэхдээ тэд маргааш дахиад зээл авна, урт хугацааны зөв шийдэл биш учраас. Ахмадуудад, иргэдэд нэг удаагийн улс төрийн агуулгатай халамж биш тогтвортой баталгаатай орлогын эх үүсвэр л хэрэгтэй байна. Харамсалтай нь энэ удаагийн эрх баригчдаас ийм зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Тэд гадаад өрийг ахин нэг их наяд орчим төгрөгөөр нэмээд бүх тэтгэврийн зээлийг тэглэх нь туйлын буруу шийдвэр.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5401

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%