HAPPY VALENTINE DAY: Бидний хайр ингэж эхэлсэн

Маргааш бол хайрын өдөр. Хорвоогийн тоосыг хөдөлгөөд буцсан, өдгөө хөдөлгөж буй хүн бүхэн бүгд хайр сэтгэлийг өөр өөр янзаар мэдэрч, өөр өөр аргаар илэрхийлдэг. Та цор ганц, таны хайр давтагдашгүй. Тиймээс энэ сайхан гэгээн өдрийг тохиолдуулан уншигчиддаа залуу хосуудын анх танилцаж, хайраа илчилж байсан түүхийг хуваалцаж байна. Та ч бас хайрттайгаа танилцаж байсан үеэ эргэн санаарай.

Даваа:2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр биш албан шахалтаар оюутан залуусын нэг амралтанд явахаар болсон юм. Сүхбаатарын талбай дээрээс бүгд инээгээд л автобусанд сууж байхад ганц л хүн нойрмог хэвээрээ шууд орж ирээд хамгийн эхний сандал дээр суугаад унтаад явж байсан. 

Удалгүй бүгд ээлж ээлжээр босч урд гаран өөрийгөө танилцуулж эхэлдэг юм байна. Би ч нэлээд эхэнд босч өөрийгөө танилцуулчихаад бусдыг хараад сууж байтал нөгөө унтаж явж байсан урт намирсан үстэй нүдний шилтэй охин чинь босоод шилээ ялимгүй дээш нь болгоод намайг Юмжав гэдэг. Нямжав биш Юмжав гэдэг гээд л чанга дуугаар нэрээ давтаж хэлээд л суусан. Тэр үйлдэл нь их эгдүүтэй өхөөрдөм санагдсан.

Нараа: Манай ажилд төдийлөн амралт гэж байдаггүй байлаа. Харин цагаан сараар нэлээд хэд хоногийн амралт өгөөд хөдөө аав ээж дээрээ очоод  буцах замд машин маань эвдэрчихсэн юм.   Эмэгтэй жолоочтой явж байсан болохоор бид нэлээд их будилсан. Харин азаар манай нөхөр ч бас хөдөө байж таараад бидэнд тусалсан юм.

Огт машин мэдэх хүн байхгүй, учраа олохгүй бидэнд чин сэтгэлээсээ тусалж байсан тэр залуу миний сэтгэлийг маш их татсан. Бид эхэндээ бие биетэйгээ юм ярьж чадахгүй ичингүйрч байсан ч сумын төв рүү машины сэлбэг захих болоод бид хоёр утсаар ярихаар сүлжээ хайгаад явсан юм.  Их хөгжилтэй. Бид  ингэж л танилцаж байсан юм. Ёстой л нөгөө заяаны хань зам дээр гэдэг шиг бидний хайр орон нутгийн замаас эхэлсэн юм даа.

Тамираа: Бид хоёр 10-р ангидаа аймгийн төвийн сургуульд хоёр өөр сумаас шилжиж ирж нэлээд будилсаар нэг ангид орсон юм. Анх түүнийгээ хүүхдүүд байранд орохоор бүртгүүлж байхад хараад хөөрхөн охин байна даа гэж бодож байлаа. Тэгээд нэг ангид орсон ч хоорондоо нэг их юм ярьдаггүй ч би битүүхэндээ хараад л.

Тэгж явсаар 11-р ангийн хавар цэргийн баяраар надад цэргийн баярын мэнд хүргэхээр нь  би тоглоомоор чамд ч гэсэн гэж мессэж бичсэн юм. Тэр өдрөөс хойш л өдөр шөнөгүй мессэж бичдэг болсон юм.

Тэгээд хэд хоногийн дараа нэг их том сартай шөнө манай аймгийн бүхий л хосууд болздог толгой руу алхаад замдаа юу гэж хэлэхээ бэлдсээр яваад орой дээр нь гараад “Би чамайг хайраар дутаахгүй ээ. Хоёулаа үерхэе ” гээд хэлтэл дуугардаггүй. Би ч зориглоол би тэр доор очоод хариугаа авна шүү гэж хэлсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш бид хоёрын хайрын түүх эхэлсэн.

Амраа: Бид хоёр анх 2007 онд мөсөн гулгуур дээр тоглож байгаад танилцаж байсан юм. Нөхөр маань сайн гулгаж чаддаггүй унахдаа малгайгаа унагаачихсан. Тэр үед миний цаг дуусах гээд байсан болохоор би нөхрийнхөө малгайг нь авч зугтаагаад миний цагийг сунгаж өг тэгвэл малгайг чинь өгнө гэж сүрдүүлж байгаад цагаа сунгуулж анх танилцаж байлаа. Энэ албан ёсны болзоо байгаагүй ч бидний хайрын эхлэл байсан болохоор бид албан ёсны болзоонд тооцдог юм.  

 Цогтоо :Анх бид хоёр хамтдаа их сагс тоглож амралтыг хамтдаа өнгөрүүлдэг спортлог найзууд байлаа. Би боломж л олдвол түүнтэй хамт баймаар санагдаж шалтаг их хайдаг байсан юм. Харин нэг зуны амралтаар тэр их гунигтай ганцаардсан их л шаналсан байдалтай байсан. Энэ нь надад түүнтэй ойртож дотносох боломж болж би өдөр болгон түүнийг эргүүлж аль болох инээлгэхийг хичээдэг байсан юм. Тэгээд би нэг тэмцээнд явах болоод тэр маань өдөржин надтай хамт байсан юм.

 Тэр үед түүндээ хайртай гэдгээ хэлмээр байсан ч үнэхээр зориг хүрээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа түүнээс минь завтай байна уу уулзах уу гэсэн мессэж ирсэн. Тэгээд л би зориг орж хайртай гэдгээ хэлсэн.

Дөлгөөн-Учрал:    Нөхөр бид хоёр бие биеэ арван жилийн сурагч байхаасаа л мэднэ. Манай нөхөр над руу зурвас бичээд үерхэхийг гуйдаг байсан юм. Би зөвшөөрөөгүй. Манай нөхөр ч тууштай байсан ч намайг маш удаан хүлээж, миний хойноос нэлээд гүйсэн. Тэгээд би оюутан болдог жилээ түүнд зөвшөөрч бид анхны болзоогоо тохирлоо.

Бидний анхны болзоо их хөгжилтэй, дурсах зүйл ихтэй болзоо байсан. Уг нь  эрэгтэй нь болзсон газраа түрүүлж ирээд л хүлээдэг биз дээ. Тэгсэн би  зөндөө хүлээсэн. Ядаж байхад бороо ороод л. Би ч эмэгтэй хүний бардам  зандаа хөтлөгдөөд явчихмаар байсан ч хүлээгээд л байсан.

Тухайн үед  тархи минь  “Дөлгөөнөө яв л даа” гээд л харин сэтгэл зүрх минь түүнтэй уулзана гэж бодохоор догдлоод гэгэлзэж суусаар явж чадаагүй юм. Тэгээд  бараг 1 цаг орчмын дараа  хэнэгчгүй уучлаарай  түгжрээд хоцорчихлоо гээд ирсэн. Ингэж л бидний хайр эхэлсэн юм даа. Гэхдээ нөхөр маань одоо ч болзоондоо хоцорсоор байгаа.

 Дээрх хайрын түүхүүдийг уншаад өөрийн хайрын түүхээ бодонгоо дуртай дуугаа сонсоорой.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5583

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%