Нийтлэл 02 сарын 17, 2020

Тахлын үеийн дурлал

Нэг үдшийн цэнгэл, анивчаад өнгөрөх үйл хэргийн төлөө бүхэл бүтэн хайрын саваа бохирдуулж алсад ирэх дурлал одоо хадгалж яваа, дахин хэзээ ч давтагдахгүй хайраа гутаах нь тун утгагүй. Гэвч миний уншсан номын баатар хоёр төрлийн хайрыг сайтар ялгаж салган зохицуулж амьдрах юм. 

Хоёр төрлийн хайр энэ ертөнцөд байдаг гэж "Тахлын үеийн дурлал" номд өгүүлжээ. Нэг нь бүсэлхийнээс дээгүүр хайр буюу толгойгоороо хайрлах хайр. Нөгөөх нь бүсэлхийнээс доогуур хайр. Аль нэг нь дутагдвал нөгөөхөөрөө түрхэн хугацаанд хайрын цангааг тайлж болдогийг манай гол дүрийн баатар болох Флорентино Ариза баталдаг. 

Флорентино Ариза өвгөрөх хүртлээ нийт тавин гурван жил, долоон сар, арван нэгэн өдрийн турш Фермина Даза гэх бүсгүйг чин сэтгэлээс хайрлаж, зүрхэндээ нандигнасаар өтөл насыг угтана.

Хүний гэргий болсон дурлалт бүсгүйгээ бодон шаналах нь тухайн цаг үед ид дэлгэрч буй тахал өвчинтэй шинж тэмдэгийн хувьд ижил байлаа. Байн байн гэдэс ходоод нь базлан доош гүйлгүүлж түүнээс өөр зүйл бодох ухаан сөхөөгүй, хайрын шүлэг, яруу найргаас ангид цэнгэл жаргал гэж нэрлэхээр зүйл энэ хорвоо ертөнцөд үгүй мэт хамаг залуу насаа барна. 

Галзуу хайраа, нөхөгдөшгүй хайрын өлсөглөнгөө явуулын хүүхнүүдийн эсхүл бэлэвсэрсэн эхнэрүүдийн богино цэнгэлээр аргацаалж, өтөл насандаа арай хийн хайрт хонгор бүсгүйгээ бэлэвсэрхэд уулзан золгох болно. Мэдээж бүсгүй залуу цагийнх шигээ гуа төгс бие хаатай, дур булаам байсангүй. Түүний хөх нь унжиж, мөр нь үрчлээсээр дүүрсэн ч Флорентино Аризад эрт дээр үеийнх нь цог золбоотой хайр хэвээр байсан юм.  

Бүсгүйн хань ижил болох эмч Хувенал Урбино өөд болохдоо эхнэртээ "Чамайг ямар их хайрласныг зөвхөн бурхан мэднэ" гэж хэлж амждаг ч тэрбээр эхнэрээсээ өөр бүсгүйд сэтгэл алдарч байсныг үнэн хэрэг дээрээ бурхан гэрчилнэ. 

Эмч нөхөрөө нас барах өдрийг хүртэл Фермина Даза жинхэнэ хайрын тухай хэзээ ч олж мэдээгүй юм. Залуу цагтаа өөрөөсөө түлхэн хаясан, өөрөө ч мэдээгүй жинхэнэ дурлалаа эргүүлж хүлээн зөвшөөрсөн нь нэлээд хожууд байв. Тэр нь манай гол дүрийн дурлагч залуу Флорентино Ариза. 

Би номын хуудас бүрийг эргүүлэхдээ зохиолчийн өгүүлэх чадварыг бишрэхийн зэрэгцээ хэт зохиолын өрнөлд автсаны улмаас уур хилэндээ багтарч, болж бүтэж өгөхгүй байгаа хайрын учрыг нь олж өгөх гэж суусан сандлаа өнцөгдүүлэн хуруу хумсаа хэмлэх нь дөхөв. Хайрын тухай өгүүлэгч зохиолч бээр дэндүү атаархам. Учир нь зохиолыг бичих явцдаа тэр хүн өөрөө бичсэн зохиолоороо амьдарч, сэрж амьсгалдаг шиг байгаа юм. 

Зохиосон шүлгээ уянгалуулан дуудах төдийд хоолой зангируулдаг яруу найрагч, гайхалтай хайрын түүхийг зохиочихоод тэр нь цаг хугацааны эрчинд зохиолоосоо давсан хэтэрхий бодот зүйл болон хувирах шидэт түрхлэг цацсан ном зохиол цөм гайхалтай. Гайхалтай номтой учрах хувьтай, ерөөлтэй хүмүүс бид бүгдээрээ зохиолчоос дутуугүй азтай юм. 

1982 онд Нобелийн шагналыг "Зуун жилийн ганцаардал" бүтээлээрээ хүртсэн Габриель Гарсия Маркесийн "Тахлын үеийн дурлал" зохиол ч мөн адил 2002 онд Норвегийн номын өв санд шилдэг 100 бүтээлийн тоонд зүй ёсоор тооцогджээ. 

Зохиол эхлэхдээ дуусч байна уу гэж эндүүрмээр насаараа ижилдэн дассан эр нөхрийнх нь үхлээр элхлэх мөртөө, үнэн хэрэгтээ давтагдашгүй хайрын түүхийн эхлэл байсан нь хэн хүний анхаарлыг номон дундаа соронзон адил татах бөлгөө. 

Уран зохиол гэх нарийхан нүхээр энэ мэт нүднээ харагдахгүй гэхдээ оршисоор байдаг цаашид ч орших хүний дотоод ертөнцөөс гадна зохиолчийн амьдарч асан үеийн аж ахуй, хүмүүний өөрийн бүтээсэн зарчим, давуулан цэгнэвэл үүх түүхийг хүртэл багцлан ойлгох боломжтой. 

Дайн самууны нөхөж барашгүй хохирол, сэлэм жад харшилдах чимээний өнгөн тал болоод унталгын өрөөний шивнээг номын унтраалгын товчийг асаах төдийд мэдрэх боломжтой нь оюунт хүний эд хав гэлтэй. Сайн номын буян түм түмэн жил дэлгэрч мянган мянган зуунаар өнө мөнх орших болтугай.

Тэмдэглэлийг: Ээнээгийн тэмдэглэл

Сэтгэгдэл бичих

arrow icon