Нийтлэл 02 сарын 26, 2020

БРУССЕЛЬД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Эмоц ба Ухаан

Коммунист Хятад явж ирээд хэдэн сарын дараа ардчилсан Европын төв цэг Бруссельд очив. Хүний нийгэм гэдэг үзэл санааны бүтээл байдгаас хойш өөр үзэл санаа бүхий нийгмүүд зан суртал, байр байдлаасаа авахуулаад шал өөр. Тэр ялгааг газар дээр нь ажиглах гэдэг тогтолцоо судалдаг, эсвэл ерөөсөө аливаад сониуч хэнд ч гэсэн асар сонирхолтой. Гэхдээ энд юугаараа ялгарч байсан тухай биш юугаараа адилхан байсан тухай бичих гэсэн юм.

Хятадад нам төрийн улаан далбааг энд тэнд өлгөсөн нь ихдээд юу юугүй хоолой боох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байлаа. Ерөөсөө эрх мэдэлд тэрслүүг хэлэх үү, эрх чөлөөний амт нэгэнт авсан монгол хүнийг хэлэх үү нэг тийм дарамттай. Гэхдээ коммунист улс юм чинь нэг их гайхсангүй. Бруссельд очоод бол гайхлаа. Европын Холбоо (энэ орчуулга оновчтой эсэх талаар “Дайн ба Энх” өмнөх цувралд оруулсан) цэнхэр далбаагаа бас л хаа сайгүй нааж, намируулсан харагдана. Метронд, буудал дээр, барилгын хананд, лефтэнд, гудамж талбайд, сувинерийн дэлгүүрийн 2 еврогийн хайрцганд гээд ёстой хаа сайгүй.

Хятадын улаан туг голдоо нэг том од, тойроод бусад үндэстнийг илэрхийлсэн жижиг одод бүхий загвартай. Нэг Хятадыг илэрхийлнэ. Европын Холбооны цэнхэр туг бол хэн нь төв болох нь мэдэгдэхгүй олон жижиг тойрог одтой. Нэгдсэн Европыг илэрхийлнэ. 

Мэдээж хүний түүхэнд ямар нэг нийгэм хамтыг пропаганда буюу үзэл суртлаас ангид бүтээсэн удаагүй. Египтед фараоныг дархлах бодлогоос тэнгэр баганадсан пирамид босч, Италид Ромын эмпероруудын өөрсдийгөө сурталчлах, мөнхлөх амбицаас үзэсгэлэнт уран барилгын өв олноор өвлөгдөж үлдсэн. Эдийн засагч Мансур Олсоны дүгнэснээр хүний коммюнити томрохын хэрээр бүгдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг тооцох, зохицуулах боломжгүй болдог. Тийм учраас л улс үндэстнүүд аж ахуй эдийн засгаас илүү хийсвэр, илүү төсөөллийн үнэт зүйлийг тойрон нягтарч ирсэн байдаг. Заримдаа шашин нэгтгэнэ, заримдаа улстөрийн үзэл суртал нэгтгэнэ. Заримдаа тэр үзэл суртал нь шашнаасаа ялгарахгүй болж ирнэ. Хорьдугаар зуунд Маркс, Йэсүс хоёр ялгарахаа байсан удаатай.  Аль нь ч бай story буюу үлгэр, зохиолоор хүний итгэл үнэмшлийг олохын төлөө өрсөлдөнө. Хэн хамгийн гоё үлгэр хэлсэн нь ялна whoever tells the best story wins гэж алдартай эш үг байдаг даа. Товчдоо улстөрийн системд иргэнийг дагаар оруулах хоёр үндсэн арга бий: Хүчирхийлэл, эсвэл үлгэр. Сайн үлгэр ярьж чадвал хүчирхийллийн зардал багасна. Энэ нь нөгөө талаар хүчирхийллийн хэрэгцээ их муу төр тусмаа, хүний натур, хувь аж ахуйд хэдий чинээ ээлгүй төр байна төдий чинээ хүчтэй үзэл суртал хийх хэрэгтэй гэсэн үг.

Энэ дунд уг нь ардчилсан гэгдэх тогтолцооны идеал нь коммунын буюу нийгэм хамтын үзэл суртал хэрэгцээгүй болсон тэр хязгаар юм.  Өөрийн гэсэн оюун санаатай, үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй ухаант хүнд үлгэр ярьж өгөх хэрэггүй. Ухаант хүн баримт, логикт тулгуурлан рациональ шийдвэр гаргах чадвартай. Яг л тэр хувь хүний үнэт зүйлийг үзэл суртлын машин ашиглан нийгэмчилдэг, рациональ ухамсрыг дарангуйлдаг коммунизм ямар аюултай болох тухай хэчнээн их үлгэр бичигдсэн билээ? Тийм ч болохоор Европын Холбоо коммунист улсаас дутахгүй хүчтэй үзэл суртал хийж харагдаад гайхсан хэрэг.

Тэгээд найдвар байхгүй юу? Хүний сэтгэж олсон хамгийн муу систем, гэхдээ туршиж үзсэнүүд дундаа бол шилдэг нь гэгдсэн ардчилал ч гэсэн үзэл суртал, үлгэр ярилгүйгээр тэсч үлдэж чадахгүй юу? Үлгэр хэзээд засаглах уу? Үүнийг хүсдэг хүний эмоц, сэтгэл зүрх хэзээ ч унтрахгүй юу? Рациональ оюун ухаан хэзээ ч ажиллахгүй юу? Платон, Хегель, Кантыг төрүүлсэн  Европт ч гэсэн туг далбааг газар сайгүй мандуулахгүй бол системд дагаар оруулах боломжгүй юу?

Ийм асуулт тээсэн шиг Европын Холбоотой танилцаж дуусаад ядаж л хэсэгтээ бол үнэхээр үлгэр ялжээ гэж бодов. Үлгэр гэдэг нь орчин үеийн хэлээр бол контент. Хэзээ хэзээнээс илүү үлгэр төвтэй, контентын эрин үе хэдэн араагаар ч юм эргэж эхэлжээ. Европын Парламент болоод Европын Хороо зэрэг холбооны гол инстүүцүүдийн олон нийтийн харилцаа,  хүний эрх, судалгаа гээд олон тал, олон түвшинд уулзаж ярилцах, шууд асуух завшаан гарлаа.  Бараг бүх эх сурвалж ам нэгдэж байсан нь олон нийтийн харилцааг бодлогоор хөгжүүлэх тухай. 

Ярих төдий биш хэрэгжүүлж байгааг ч нүдээр үзэв. Бруссель болон Страсбург дахь Европын Парламентын нүсэр оффисууд дотор нэг давхар эзэлсэн медиа дэд бүтэц байна. Бэлэн зассан мэдээний фон, студи, монтажны хэсэг, телевиз, ФМ студи, камера, тэр байтугай нүүр ам засах мэик ап булан хүртэл байна. Тэнд шууд гишүүдээ суулгаад хэлэлцүүлэг бичиж, Live хийж, зарим нь илтгэл хийж харагдана. Улстөрийн байгууллага биш аварга том уран бүтээлийн студи дотор явж байна уу гэлтэй. Гэхдээ Хятадаас ялгаатай нь холбооноос огт контент хийдэггүй юм байна. Зөвхөн дэд бүтэц бэлдэнэ. Контентыг бол иргэний нийгэм болон сэтгүүлч, аналистууд хийдэг юм байна. Мэдээж бүх дэд бүтэц, арын фонын хаа нэгтээ цэнхэр далбаа намирч буй.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хийсэн Европын хамтын ажиллагааг хөгжүүлэх 70 гаруй жилийн хичээл зүтгэлийг Их Британи орхиж гарснаас хойш  олон зүйл өөрчлөлт гарч байгаа нь тодорхой. Түүний нэг нь олон нийттэй нягт харилцах чиглэл бололтой.  Олон нийтэд таалагдахгүй бол болохгүй. Олон нийтэд зөв ойлгуулахгүй бол болохгүй. Олон нийтийн дэмжлэгийг авахгүй бол оршин тогтнохгүй. Страсбург дахь орчин цагийн Колизей гэмээр аварга том дугуй барилгын бүх багана дээр фото зураг бүхий улстөрийн сурталчилгааны постер наасан харагдана.

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж шууд мэдээлэх нэг хэрэг. Арай үлгэрийн буюу улстөрийн зохиолтой суртал ухуулга хийх ажил ч давхар явж байна. 2019 оны Европын парламентын сонгуулийн сурталчилгаа хүн төрж байгаа моментуудыг дүрсэлжээ. Мянган жилийн турш ухамсар, логик, оюун санааны магтууг манлайлсан тив хүний байгалийн байгаль, эхийн умай, эхлэл цэг рүү буцаж. Тэр сурталчилгаа нь юун манай 100 эрхэм. Бүгд эхээс төрдөг юм хойно сэтгэл хөндөж, нулимс гоожмоор эд.

Олон нийт хэзээнээс ийм хүчтэй, ийм чухал болов? Энэ чиг хандлагын ард хэд хэдэн цаг үеийн хүчин зүйл байгаа гэж харж болно. Нэгдүгээрт, өнөө цаг үе бол түүхэнд хамгийн олон орон ардчилагдаж, тэрбум тэрбумаар тоологдох хүн улстөрийн оролцооны хувьд сэрж буй цаг үе юм. Шинэ давхарга улстөр рүү түрэхэд улстөрийн оролцоо хийх ардчилсан боломж байхгүй бол хүчирхийлэл болж хувирч,уян хатан боломж байвал улстөрийн шинэчлэл болж хувираад залуу удирдагчид мандаж гарсан арван жил өнгөрлөө. Энэ чиг хандлага Хантингтоны нэг жарны өмнөх дүгнэлттэй дүйдэг.

Хоёрдугаарт, улстөрийн оролцооны боломж нээгдсэн тэдгээр хүмүүс дор бүрнээ смарт утас барих болов. Зураг, визуал дүрслэлийн технологи өдөр тутмын хэрэглээ болж хувь хүн бүр зөвхөн контент хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэгч боллоо. Зурагт гарснаас хойш улстөрчид улам тэнэг болсон гэдэг(ухаан төдийгүй зүс царай гэх мэт байгалийн өгөгдөл нь сонгогчдын эмоцид хүрэх болсноор). Смарт утас гарснаас хойш энэ трэнд улам гүнзгийрч хүний эмоцид хүрэх стоори, үлгэрийг хэн ч хэдээр ч хийх боломжтой боллоо.  Олон нийтээс ангид оршиж, дээрээс харж, хэвлэл мэдээллийг хянаж болоод байсан төвлөрсөн эрх мэдлийг хэн ч үлгэр бичээд сорих боломжтой болов.  Үлгэр туулийг эрх мэдэл хүссэнээрээ хайлж, хүсснээрээ тулгадаг үе дуусав.

Яг энэ хос трэнд зэрэгцэн түрж байгаа өнөө цаг үеэс жаахан зай аваад ажиглавал бас л овоо зузаан галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Хүний сэтгэл хөндөх уралдаанд рациональ ухаан, ухамсар la raison золиос болж, хэний үлгэр хэдэн лаик авахаа ид үзэлцэж  байна. Тэр нь зөвхөн Монголд ч өрнөөд байгаа юм биш. Зүгээр ч нэг манай төлбөртэй жагсаалчид дарвайтлаа уйлах, ардчилсан сонгуулиар сонгогдсон намын дарга маань айлын хуаранд танк унаж буу бариад явах хүрээнд хязгаарлагдаж байгаа юм биш гэдгийг энэ хүртэл уншсан бол ойлгосон гэж найдаж байна. Цагийн хүрд нэг эргэхээрээ бүгдийг хамах хүчтэй.  Хаа сайгүй хэт баруун, хэт зүүний намууд суудал авах болж, популизм цэцэглэх боллоо.  Ямар сайндаа лаикны тоо нуух коод бичих вэ, том аппууд.

Одоо бидний өөрсдөөсөө асуух ёстой асуулт бол энэ хүрд хаа хүртэл эргэх вэ? Эрх мэдэл ба олон нийтийн хүчний баланс нэг арваны дотор бүтэн эргэлээ. Улстөрийн түвшинд бол ингэж эргэсэн байгааг манай төр шиг мэдрээгүй хэсэг, Европын Холбоо шиг мэдэрсэн хэсэг гэж хоёр л төрөлд хуваагдаж байна.

Орчин цагийн тархи, сэтгэл судлалын гүрү нарын нэг Газзанигагийн судалгааны нэг гайхалтай үр дүн байдаг. Хүний зүүн тархинд “тайлбарлагч” модуль байдаг. Энэ тэмдэглэлд хэрэглээд байгаа үгийг хэрэглэвэл тайлбарлагч модуль өгөгдсөн бүх боломжийг ашиглаад story  үлгэр зохиодог. Өөрөөр хэлбэл, хүн ерөөсөө цувраа дата, баримтаас илүү худлаа ч хамаагүй үлгэр зохиож, үлгэр сонсож, үлгэрт итгэхээр бүтээгджээ. Тийм ч болохоор хэн хамгийн гоё үлгэр хэлж чадна тэр ялж иржээ. Өнөө цаг үе гэдэг тэгэхээр энэ тайлбарлагч модуль бүр өөрийн зохиосон үлгэрээ олон нийтэд хүргэх боломжтой цаг үе гэсэн үг. Нэгэнт үнэн, худал үлгэр асар ихээр хэлэгдэх нь тодорхой болсон бол Европын Холбоо шиг дотроосоо стоори хийх, аль болох нээлттэй байх бодлого барихаас өөр гарцгүй.

Хэн нэг хүчирхэг хаан, эсвэл хүчирхэг цөөнх биш хувь хүн тоглоомын төвд орохын төлөө хүний тэмцэл зарим талаар үр дүнд хүрлээ. Смарт утас барьсан олонхийн дуу хоолой, үзэл бодол эрх мэдлийг айлгах хэмжээнд хүрсэн үү гэвэл хүрсэн байна. Одоо тэр олонх эмоц, инстинктээ дагадаг амьтад байх уу, учир шалтгаанд суурилдаг ухаант хүн байх уу гэдгээс олон зүйл шалтгаалах болно. Өөрөөс чинь айсандаа эмоц дагасан популист бодлого хэрэгжүүлэхэд хүргэж өөрийг чинь хорлоод байвал тоглоомын төвд орсны хэрэг хаана гарах билээ?

Бүх юм тодорхойгүй өнөөдөртөө бол аливааг өөдрөгөөр төсөөлж итгэж найдах, түүний төлөө уриалах сонголт л үлдэж байна.  Магадгүй олон нийтийн эмоцыг ялахын төлөө их уралдаан жинхэнэ ардчиллын гараа байж болох юм. Эдийн засагт бол төгс өрсөлдөөнөөс зах зээлд хамгийн шударга үнэ тогтож, парето үр ашиг буюу нэгийг хохироолгүйгээр нөгөөд нөөцийг хуваарилах боломжгүй тэнцвэр бий болдог. Үлгэрийн зах зээлд бас төгс өрсөлдөөн үүсээд энэ нь богино хугацаанд эмоц ба лаикны төлөө хийрхэлд хөтөлж болох ч урт хугацаанд ухамсар ба мэдлэгийг хөгжүүлж, улстөрийн парето үр ашиг үүсгэх ч юм билүү, хэн мэдлээ. Контентын эрин дөнгөж эхэлж байна...

arrow icon