Нийтлэл 03 сарын 10, 2020

Сорилыг сөгөөтэй байвал боломж болгоно, сөгөөгүй байвал сүйрэл ч болгоно

Сандрах хэрэггүй юм. Бид дэлхийгээс сайныг ч, мууг ч хүртэж байна. Энэ вирус бидэнд хэд хэдэн боломж, сорил болж байгаа.
НЭГ: Хуучин цагт хятад эхнэр нөхөртөө "Чи ямар надад ар газрын цагаан мөөгний шөл уулгасан биш" гэж ачирхдаг байсан гэдэг. Манайд цагаан мөөг зэрлэгээрээ ургана. Тэр хэрээрээ шимт чанар нэн. Чийгтай жил Улиастай дахь манай хашаанд хүртэл цагаан мөөг хүрээ татаж ирээд ургадаг. Энэ зөвхөн мөөгний тухай асуудал биш, бидэнд язгуураасаа байдаг эдийн засгийн дотоод нөөц бололцооны тухай яриа юм. Дотоод нөөц гэхээр уул уурхай биш шүү. Нүүрс зэргээ түүхийгээр нь зарах бол түр зуур аргацаасан л үйлдэл. Нэг ийм дэлхий нийтийг хамарсан зүйл болоход л тэр тулгуур ямар хэврэгхэн болохыг бид харах болно. Бидний гадагш нь худалдан орлого олж байгаа нийт орлогын 87 хувийг эрдэс бүтээгдхүүн эзэлдэг. Энэ хувь өндөр хэрээр эрсдэл өндөр гэсэн үг. Ядахдаа бид дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээхсэн.
Монголчууд түүхэндээ хэзээ ч өлсгөлөнгөөр хиарч байсангүй. Бид мал сүргээ "Таван эрдэнэ" гэдэг. Уул уурхай шиг нөөц нь шавхагддаг биш, жил бүр нөхөн төлждөг баялаг. Гагцхүү бид бэлчээрээ л хамгаалах ёстой. Мал маань зөвхөн мах төдий биш, бидний ахуйн маш олон талын хэрэглээг хангадаг. Дээрх цагаан мөөгний түүх шиг маш олон бусад дагалдах баялаг бий. Мах, сүү цагаан идээ, төмс, хүнсний ногоо, цай, үр тариа гурил, жимс, жимсгэнэ, нарийн ногоогоор өөрсдийгөө хангах боломжтой. Ямар хэдэн арав, зуун саяыг тэжээх гэж байгаа биш. Чингис хаан маань ч цагтаа гогод мангираар тэсэж явсан түүх бий. Бид дотоод нөөц боломжоо ОЛЖ ХАРЖ, ашиглаж чадвал магад тэр үнэхээр чухал үр дүн. Бид сүүлийн жилүүдэд дэндүү тансаглаж, Австралиас үхрийн, Шинэ Зеландаас хонины махыг, Европоос бяслаг хэдэн мянган тонноор нь зөөж иддэг болсон. 70 сая малтай атлаа сүү сүүн бүтээгдхүүнийхээ 73 хувийг гаднаас худалдаж авдаг болсон. Тансаглал нь эрүүл ухаан ч биш юм. Хэмнэлт нь харин эрүүл ухаан юм. Ядахдаа голлох хүнс, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнийхээ хангамжид дотоод нөөц боломжоо ашиглах, ЭЗ-ийнхаа гаднаас 93 хувийг ганц орноос /хятад/ хараат байгааг буулгах том боломж. Дэлхий энэ чигээрээ сайхан амгалан байхгүй. Аюул, сануулга мөчлөг тутамд тулгарч байдаг. Короно бол нэг тийм мөчлөгт нь тохиож буй нэг үзэгдэл төдий. Цаашид ч ирнэ. Бид бэлэн байж, бие даах чадамжтай байх ёстой.
ХОЁР: Эдийн засгийнхаа бүтцийг эргэж харан, засварлах ёстойг сануулж байна. Өдий хүртэл манай ЭЗ-ийн бүтэц үүцээ гаргаж зарах, цөөхөн улс төр санхүүгийн бүлэглэлд ашигтай байх гэсэн хоёрхон үндсэн зарчимд тулгуурлаж ирсэн. Ямар нэгэн бодлого, төлөвлөлт гэдэг зүйлийг мартсан. Бүхнийг Зах зээлийн үл үзэгдэх гар зохицуулна гэж найдсан. Үр дүн нь ДНБ-д Хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 8 хүрэхгүй, Боловсруулах үйлдвэрлэл 20 хүрэхгүй, Шинжлэх ухаан, инноваци 1 хувь хүрэхгүй болчихсон байгаа. Ийм бүтэцтэй ЭЗ-ийг хөгжлийн ЭЗ гэж үзэх боломжгүй. Ядуурлын хувь 30- хувиас огт буусангүй. Дундаж давхарга нэн сул. Нийгмийн бүтээгдсэн нийт баялгын 95 хувь нь хүн амын 5 хувьд ногддог.
Хөгжлийн нэгдсэн хөтөлбөргүй, байсан ч түүнээ хэрэгжүүлдэггүй, ойр зуурын сонгуулиас сонгуулийн завсарт 4-хөн жилийн хугацаатай хөгжлийн хөтөлбөрт дөрлүүлсний гор.
ГУРАВ: Зөвхөн эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй Үндэсний онцлог мөн чанар, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах ёстой гэдгийг ухаарах цаг болсон. Үндэстний оюун санаа гэдэг хогийн сав биш. Эмх замбараагүй хяналтгүй, шүүлтүүргүй мэдээлэл дунд 30 жил тэмтэчсэний үр дүнд үндэстний оюун санаа үнэт зүйлсээ эрэмбэлэх, сайн мууг ялгах чадамжгүй болсон. Тодорхой жишээ нь авилгалжсан төр. Цагаан захтай хулгайчдаа толгой дээрээ гаргаад залчихсан. Энэ байдал удах аваас оршихуйгаа мэдрэх мэдрэмжгүй, даяаршсан боловсролтой зомбичүүдийн нийгэм болж бусдын идэш хоол болон сүйрэхэд хүргэнэ. Глобализм гэдэг том үндэстнүүдэд ашигтай байдаг байж магадгүй, харин бидэн шиг цөөхөн, дээр нь тун сондгой, өвөрмөц онцлогтой ард түмэнд нэн халтай. Сондгой, өвөрмөц нь их байх хэрээр эмзэг болж байна. Хэрхэн яаж үндэсний онцлогоо орчин үеийн мэдлэг, технологийн дэвшилтэй хослуулж хөгжих вэ гэдэг дээр ухаан бодлоо шавхах цаг болсон.
ДӨРӨВ: Монголчууд бид газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэдэг. Эх дэлхий гэдэг. Баруунаас орж ирсэн газар дэлхий бол хүн бидний тулд ашиглагдах ёстой хэрэглэгдхүүн гэдэг ачлалгүй хөвүүний мунхаглалаас салах цаг болсон. Хөгжсөн орнуудаас Хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалахгүй бол нийтээрээ сүйрэх аюултай гэдгийг дөнгөж саяхнаас л олж харж, ярьж, сурталчилж ирсэн байхад харин ийм ойлголт нь бидний бүр язгуурт байж, өв ёс заншилд маань гүн бат хадаатай байж. Наад зах нь бид шинэ ургаж буй зүлгэн дээр хөөтэй тогоо тавьдаггүй, шаасан гадсаа сугалаад нүхийг нь дүүргэдэг ЁС-той ард түмэн. Жижигхэн мэт энэ ЁС-ны цаана том гүн ухаан байдаг. Түүнээ эргэж олж харах, санаж, сэрэх боломжийг энэ цаг үе тулгаж байх шиг. Бид мөн чанараа олж харж чадвал бодит хөгжил биднийг баяртай тосон угтах болно. Гаднаас импортолсон элдэв изм-үүдийг эргэж харах цаг болсон.
ТАВ: Бид улаан, цэнхэр, хуучин, шинэ ялгаагүй Монгол гэдэг нэг л завин дээр хөвж яваагаа олж харах цаг болсон. Аюулт давалгаа ирвэл улаан цэнхэргүй бүгд л хэцүүднэ. Дотооддоо улс төр, санхүүгийн явцуу эрх ашигт дөрлүүлж, тэмцэлдэж, тэрсэлдэж хүч чадамжаа шавхадгаа болих хэрэгтэй. Ардчилал гэдэг нь тэрсэлдэхийн нэр биш, харилцан зөвшилцөж ойлголцохын нэр. Эрүүл ухаан, эв нэгдлээ эргэж сэргээх БОЛОМЖ. Бид оюун санааны хувьд нялхсын шинжээсээ салах цаг ирсэний сануулга.
Сорилыг сөгөөтэй байвал боломж болгоно, сөгөөгүй байвал сүйрэл ч болгоно. Тиймээс сандрах хэрэггүй юм.

 Нүүр зургийн эх сурвалж: sonin.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon