Нийтлэл 03 сарын 14, 2020

Коронавирус: Яг одоо л тэмцэхгүй бол оройтно!

Medium.com дээр гарсан, одоогоор 21 сая хүн уншаад байгаа коронавирусын тухай нэгэн нийтлэлийг орчуулав. Улс төрчид, манлайлагчид наашаа суу. Аан гээд уун гэж бай!

Коронавирустэй тэмцэхийн тулд бид яг юу хийх ёстой юм бэ? Жаахан хүлээгээд юу болохыг нь харах уу? Эсвэл яг одоо эхлэх ёстой юм уу?

Энэ нийтлэл нь бодит өгөгдөл, загварууд дээр түшиглэн зурсан олон графикийн тусламжтайгаар:

1.Танай орон нутагт коронавирусээр хэдэн хүн өвчлөх вэ?

2.Эцэстээ юу болох вэ?

       3.Та хэзээ, юу хийх хэрэгтэй вэ? зэрэг асуултад хариулт авна.

Улс төрч, нийгмийн эсвэл бизнесийн манлайлагч танд коронавирусын тархалтыг зогсоох боломж болоод хариуцлага нь байна. Өнөөдөр та зүсэн зүйлийн бодлуудаасаа болоод шийдвэр гаргахаасаа эмээн бүдчиж явж мэдэх юм. Би хэтэрхий айгаад тэнэг шийдвэр гаргавал яана? Хүмүүсийн элэг доог болох болов уу? Хүмүүсийн хараал зүхлийн бай болмооргүй байна шүү. Бусад манлайлагч нар яах нь вэ харзнавал дээргүй юу? Эдийн засгаа уналтанд оруулчихвал яах юм бэ? Гэхдээ одоогоос 1 сарын дотор дэлхий даяар хүний нийгэм тэр чигээрээ зогсолтонд орох үед, хөл хориог хэдэн өдрийн өмнө эхлүүлснээрээ таны шийдвэр хичнээн хүний амийг аварсан нь тодорхой болох үед тэд таныг харааж зүхэх болов уу?

Танай нутагт коронавирусээр хэдэн хүн өвчлөх вэ?

Улс орнууд

Дэлхий дээрх нийт өвчлөл

БНХАУ-ыг идэвхтэй арга хэмжээ авах хүртэл өвчлөл экспоененциал хуулиар өсч байв. Явцын дунд вирус бусад улсууд руу тархаж одоо хэн ч зогсоож чадахгүй пандемик болчихлоо.

БНХАУ-ын гаднах нийт өвчлөл

Өнөөдрийн байдлаар ихэнх өвчлөл Итали, Иран, Өмнөд Солонгост байна.

Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ-ыг оруулаагүй)

Итали, Иран, Өмнөд Солонгост өвчлөл хэт их байгаагаас бусад улсуудынх нь график сайн харагдахгүй байна. Тэр баруун доод буланд юу болоод байгааг өсгөж харвал дараах дүр зураг харагдана.

Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ, Өмнөд Солонгос, Итали, Ираныг оруулаагүй)

Экспененциал өсөлттэй маш олон орон байгаагийн ихэнх нь барууны орнууд байна.

Өвчлөл өдөрт хэдэн хувиар өсч байгаа нь.

Дээрх өсөлтүүдийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл, 7 хоногийн дотор дараах байдалд хүрнэ.

Урьдчилсан мэдээ

Цаашид юу болох, үүнтэй яаж тэмцэхээ ойлгохын тулд дээрх үе шатуудыг аль хэдийн туулаад өнгөрсөн орнуудаас суралцах хэрэгтэй. Үүнд БНХАУ, Азийн зарим орнууд, Итали орно.

БНХАУ

Оношлогдсон (шаргал) болон бодит (саарал) өвчлөл

Дээрх график маш чухал. Шаргал өнгөтэй хэрчмүүд нь тухайн өдөр Хубэй мужид хэдэн хүн өвчлөлтэй гэж оношлогдсон бэ гэдгийг заана. Харин сааралдуу өнгөтэй хэрчмүүд нь тухайн өдөр «яг жинхнээсээ» хэдэн хүн халдвар авсныг заана.  Энэ өгөгдлийг өвчний шинж тэмдэг хэзээ эхэлсэн бэ гэж өвчтөнөөс асуусны үндсэн дээр гаргасан. Мэдээж тухайн өдөр хэдэн хүн халдвар авсныг тэр үед нь бол хэн ч мэдэхгүй. Үүнийг зөвхөн сүүлд нь, хүмүүс эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсний дараагаар л үнэлж гаргах боломжтой. Тэгэхээр шаргал хэрчмүүд нь тухайн үед хүмүүс юу мэдэж байсныг, харин саарал хэрчмүүд нь бодит байдал дээр яг юу болж байсныг харуулж байна гэсэн үг. Жишээлбэл, 1-р сарын 21-нд гэнэт 100 гаран шинэ өвчтөн оношлогдсон. Бодит байдал дээр гэтэл уг өдөр 1500 орчим хүн шинээр халдвар авч байсан ба, халдвартай хүний тоо тухайн үед экспоненциал байдлаар өсч байсан байна. Гэхдээ тэр үед нь үүнийг хэн ч мэдээгүй. Лав л 100-гаад хүн өвчилчихжээ гэсэн мэдээлэл л бидэнд байсан.

Энэ явдлаас хойш 2 өдрийн дараа Ухань хотод хөл хорио тогтоосон. Энэ үед хоногт 400 орчим өвчтөн шинээр оношлогдож байв. Үүнийг сайн анхаараарай: Тэд хоногт зөвхөн 400 хүн шинээр оношлогдож байх үед хотдоо бүрэн хол хорио тогтоосон. Бодит байдал дээр тэр өдөр 2500 хүн шинээр халдвар авсан байгаа (Үүнийг мэдээж тухайн үед нь мэдэх арга байхгүй).

Ингээд маргааш нь Хубэй мужийн 15 хотод мөн бүрэн хөл хорио тогтоов. Уханьд хөл хорио тогтоох хүртэл буюу 1-р сарын 23 хүртэл, саарал хэрчмүүдийн урт экспоененциал хуулиар өсч байгаа. Тэгээд хөл хорио тогтоонгуут өсөлт удааширсныг анзаараарай. Маргааш нь, 1-р сарын 24-нд дахиад 15 хот хөл хорионд оронгуут, саарал хэрчмүүдийн урт илт богиносоод эхэлж байгаа. Түүнээс хойш хоног тутам шинээр халдвар авсан хүний тоо ерөнхийдөө байнга буурч ирсэн. Харин шаргал хэрчмүүдийн урт хөл хорио тогтоосны дараа 12 хоногийн турш өссөөр байсныг харж болно. Үнэндээ бол энэ нь нэгэнт халдвар авчихсан байсан хүмүүсийн өвчин хүндрээд эмнэлэг бараадах нь ихэссэн, мөн оношилгооны арга техник сайжирсны үр дүн юм.

Хятадын бусад мужууд ч даацтай арга хэмжээнүүдийг тэр дор нь авч эхэлсэн. Үр дүн нь ийм байна:

БНХАУ-ын Хубэй мужаас бусад мужуудыг Өмнөд Солонгос, Итали, Ирантай харьцуулсан нь

Энэ график дээрх хэвтээ шугам бүр экспоненциалаар өсөх боломжтой байсан боловч, 1-р сарын сүүлчээр авсан арга хэмжээнүүдийн улмаас гайхал вирус тархаж чадалгүй хязгаарлагджээ. Өмнөд Солонгос, Итали, Иран нарт энэ туршлагаас суралцах 1 сарын хугацаа байсан ч харамсалтай нь ашиглаж чадсангүй. Тэд яг Хубэй шиг экспоненциал хуулиар өссөөр 2-р сарын төгсгөл гэхэд Хятадын (Хубэйгээс бусад) бүх мужийг гүйцэж түрүүлжээ.

Азийн орнууд

Өмнөд Солонгост өвчлөл галзуурсан. Харин Япон, Тайвань, Сингапур, Тайланд, Гонконгд яагаад их тархсангүй вэ?

Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ, Өмнөд Солонгос, Итали, Ираныг оруулаагүй).

Эдгээр орнууд 2003 онд бүгд амьсгалын цочмог халтай хамшинж (SARS) вируст өртсөн бөгөөд халдварт өвчин тоглоом биш болохыг мартаагүй байгаа. Ийм учраас тэд коронавирусын халдварыг эрт авсан ч гэсэн өсгөлгүй хязгаарлаж чадсан байна. Дээд дурдсан орнуудад коронавирусын халдвар тархаж эхлэнгүүт засгийн газар нь шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авснаар халдварыг зогсоож чадсан. Харамсалтай нь бусад улс орнуудын хувьд үйл явдал огт өөрөөр өрнөсөн. Энд Өмнөд Солонгосын талаар дуугүй өнгөрч болохгүй. Өмнөд Солонгост эхний 30 өвчтөнийг хязгаарлан барьж чадсан боловч 31 дэх өвчтөн нь анхаарал болгоомжгүйн улмаас мянга мянган хүнд халдвар тараачихсан. Одоо тэд зөвхөн ганц хүний тараасан вирусын горыг амсацгааж байна. Гэхдээ тэдний авсан арга хэмжээнүүд аль хэдийн үр дүнгээ өгч эхэлж байгаа. Жишээ нь Итали, Иран хоёр өвчлөлийн тоогоороо Өмнөд Солонгосыг саяхан гүйцсэн.

Вашингтон муж

Барууны орнуудын өвчлөл болон 7 хоногийн ямар байх урьдчилсан таамаглалыг дээр дурдсан. Хэрвээ тэд Ухань болон Азийн орнууд шиг хөл хорио тогтоохгүй бол бүгдийг хамарсан тахал болох болно.

АНУ-ын Вашингтон муж, Сан Франциско хавийн газар, Парис ба Мадрид хотуудын байдлыг нарийвчлан авч үзье.

Вашингтон муж бол Америкийн Ухань юм. Өвчлөлийн тоо энд одоогийн байдлаар 140 байгаа ба экспоненциал хуулиар өссөөр байна.

Гэхдээ энд нэг сонин зүйл болсон нь нас баралтын хувь асар их байсан. Тухайлбал, өвчтэй хүн 3 илэрснээс 1 нь нас барсан өдөр байсан. Бусад газруудын статистикаас харахад нас баралтын хувь 0.5% ба 5%-ын хооронд байгаа (Энэ талаар бид сүүлд дахиж сөхнө). Вашингтон мужид нас баралтын хувь 33% байдаг нь юу гэсэн үг вэ? Үүний тайлбар нь вирус тэнд олон хоногийн өмнөөс тархсаар байсан явдал юм. Үнэндээ бол өвчтэй хүн нийтдээ 3 байсан гэсэн үг биш. Маш олон өвчтэй хүнээс хамгийн хүндэрсэн 3 нь эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд, 1 нь нас барсан гэсэн үг. Нөгөө шаргал ба саарал хэрчмүүдийг санаж байна уу? Шаргал хэрчмүүд (оношлогдсон өвчтөний тоо) нь эхэндээ их богинохон, бараг 0 шахуу байсан боловч саарал хэрчмүүд (бодит байдал) нь асар урт, хэдэн мянгаар хэмжигдэхээр байсан шүү дээ. Бид зөвхөн оношлогдсон өвчтөнүүдийг л тоолж чадна. Эндээс бодит байдал дээр хэдэн хүнд халдвартай байгааг үнэлж болох уу? Энд би 2 өөр онолын загварыг ашиглан үүнийг яаж үнэлж болохыг тайлбарлая.

Нэгдүгээрт, нас баралтын тоогоор тооцох. Халдвар авсан хүн нас барах хүртлээ дунджаар хэр уддагийг бид мэднэ (17.3 хоног). Тэгэхээр Вашингтон мужид 2-р сарын 29-нд нас барсан хүн 2-р сарын 12-ны орчим халдвар авсан гэсэн үг.

Цаашилбал, бид нас баралтын хувийг мэдэж байгаа. Нас баралтын хувийг 1% гэж үзвэл (энэ талаар бид дахиж сөхнө), 2-р сарын 12-ны орчим тухайн орон нутагт халдвартай хүний тоо 100 орчим байсан гэсэн үг. Тэгээд энэ 100 хүнээс 1 нь 17.3 өдрийн дараа нас барсан. Одоо халдвартай хүний тоо 2 дахин ихсэх дундаж хугацаа 6.2 хоног гэдгийг санавал, халдвартай хүний тоо 17 хоногт ойролцоогоор 8 (=2^(17/6)) дахин ихсэнэ. Тэгэхээр өнөөдөр 1 хүн нас барж байна гэдэг нь бодит байдал дээр 800 орчим хүн халдвар авчихсан байна гэдгийг хэлж байна гэсэн үг. Вашингтон мужид өнөөдөр 22 хүн нас барсан. Дээрх маягаар тооцоо хийвэл, яг одоо 16000 орчим хүн халдвартай байна гэж гарна. Өөрөөр хэлбэл, Итали, Иран хоёрын албан ёсны тоонуудыг нийлүүлсний хэмжээний өвчлөл Вашингтон мужид байж болзошгүй. Уг мужийн өгөгдлийг нарийвчлан үзвэл, нас барсан хүмүүсийн 19 нь нэг газраас гарсан байгаа. Энэ 19 хүнийг 1 хүн гээд тооцвол дээрх тоо 3000 орчим болж гарна. Дээрхээс илүү нарийн, вирусын генетикийн аргаар Тревор Бедфорд тооцож үзэхэд Вашингтон мужид одоо халдвар авсан 1100 орчим хүн байна гэж гарсан. Эдгээр аргууд нь төгс биш боловч бүгдээрээ нэг л юмыг хэлээд байна: Бодит байдал дээр өвчлөл албан ёсны тоо баримтаас хамаагүй их, зуугаар ч биш, мянгаар хэмжигдэхээр байгаа.

Сан Францискогийн булан

Энэ 3-р сарын 8 хүртэл Сан Францискогийн буланд шинэ вирусээс болж нэг ч хүн нас бараагүй тул бодит өвчлөлийг тооцоход хэцүү. Оношлогдсон өвчтөний тоо бол 86 байгаа. Гэвч оношлогооны хэрэгслээр дутмаг байгаагаас шалтгаалан АНУ-д маш цөөхөн хүмүүс л шинжилгээнд хамрагдсан. Тэд өөрсдөө оношлогооны хэрэгсэл хийсэн боловч тэр нь шаардлага хангах төвшинд байж чадаагүй.

Дараах хүснэгтээс 3-р сарын 3-ны байдлаар улс орнууд хэдэн хүн шинжилгээнд хамруулаад байгааг харж болно.

Жишээ нь, нэг ч өвчлөл илрээгүй Турк хүртэл 1 сая хүнд ногдох шинжилгээнийхээ тоогоор АНУ-аас 10 дахин их байна. Өнөөдөр ч гэсэн байдал нэг их дээрдсэгүй: Одоогоор нийт 8000 орчим дээжийг шинжлээд байгаа нь их л бодож 4000 хүн дээр шинжилгээ хийгдсэн гэсэн үг. (1 сая хүн тутамд хийгдсэн шинжилгээ, улс орноор)

Энэ нөхцөлд бид оношлогдсон өвчтөн нийт өвчтөний хэдэн хувийг эзэлж байсныг бусад орнуудын статистик дээрээс харж харьцуулж болох юм. Сан Франциско орчимд бол ийш тийшээ аялаад ирсэн хүмүүс, тэдэнтэй холбоотой хүмүүсийг шинжилгээнд оруулж байгаа. Тэгэхээр тэд дотооддоо тархаж байгаа халдварыг бараг мэдэхгүй байгаа гэсэн үг.

Өмнөд Солонгосын статистикаас харахад, оношлогдсон тохиолдол 86 байх үед тэдний 86% нь гаднаас биш, дотоодынхоо хүн амаас халдсан тохиолдол байсан. Хэрэв гаднаас авсан халдвар 86 юм бол, нийтдээ 600 орчим байна гэж гарна.

Франц ба Парис

Өнөөдөр Францад 1400 шинэ тохиолдол, 30 нас баралт бүртгэгдсэн. Дээр дурдсан аргуудыг ашиглан тооцоо хийвэл, бодит байдал дээрх өвчтөний тоо 24 мянгаас 140 мянгын хооронд гэж гарна. Франц дахь өвчтөний тоо бодит байдал дээр өнөөдөр 24 мянгаас 140 мянгын хооронд байна.

Итгэмээргүй байна уу? Хубэй мужийн графикийг дахиад нэг харъя.

Шаргал хэрчмүүдийг 1-р сарын 22 хүртэл бүгдийг нь нийлүүлээд өрвөл, 444 тохиолдол гарна. Харин саарал хэрчмүүдийг энэ хүртэл өрвөл, 12000 орчим гарна. Өөрөөр хэлбэл, Ухань хотод 444 тохиолдол бүртгэгдэх үед, бодит байдал дээр 27 дахин их хүн өвдчихсөн байсан байна. Францад одоо 1400 тохиолдол байгаа юм чинь жинхэнэ тоо нь 10 мянгаар хэмжигдэхээр байхыг үгүйсгэх аргагүй. Парис хотод 30 орчим тохиолдол бүртгэгдсэн тул жинхэнэ тоо нь зуу, мянгаар хэмжигдэх болно. Харин Парисын ойр орчимд 300 тохиолдол илэрсэн нь үнэндээ цаанаа 10 мянгыг давчихсан байж мэдэхийг харуулна.

Испани ба Мадрид

Испанийн статистик Францтай их ойролцоо байгаа (1200 тохиолдол, 30 нас баралт). Тэгэхээр бодит байдал дээр Испани дахь халдварын тоо 20 мянга давчихсан байх өндөр магадлалтай. Мадридын ойр орчимд 600 тохиолдол, 17 нас баралт бүртгэгдсэн тул жинхэнэ тоо нь 10-аас 60 мянгын хооронд байна гэсэн үг. Хэрэв та үүнд итгэхгүй байвал ингээд бодоод үз: Ийм үедээ Ухань хот аль хэдийнээ хатуу хөл хорионд орчихсон байсан.

Өнөөдрийн АНУ, Испани, Франц, Иран, Герман, Япон, Нидерланд, Дани, Швед, Швейцари улсуудынх шиг нөхцөл байдалд байх үедээ Хубэй муж аль хэдийнээ хатуу хөл хорионд орчихсон байв. Хубэй чинь нэг л муж шүү дээ, бүхэл бүтэн улстай харьцуулж болохгүй гэж бодож байвал: Хубэй муж нь 60 сая хүнтэй, хүн амаараа Испаниас илүү, Францтай ойролцоо муж гэдгийг сануулъя.

Ирээдүйд юу болох вэ?

Тэгэхээр Коронавирус аль хэдийнээ дэлхийгээр тархчихжээ. Ихэнх тохиолдлууд нь одоогоор далд байгаа боловч тоо нь экспоненциал хуулиар өсч байгаа. Далд тохиолдлууд ил гарахаараа юу болох бол? Үүнд хариулахын тулд өвчлөл аль хэдийнээ туйлдаа хүрээд байгаа Хубэй, Итали гэх мэт газруудад юу болж байгааг харахад хангалттай.

Нас баралтын хувь

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нас баралтын хувийг 3.4% гэж зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар авсан 1000 хүнээс дунджаар 34 нь нас барна гэсэн үг. Үүнийг тодруулж тайлбарлая.

Нас баралт / оношлогдсон тоо

Нас баралтын хувь хаана, хэзээ вэ гэдгээсээ хамаарна. Жишээлбэл, одоо Өмнөд Солонгост 0.6% орчим, Иранд 4.4% орчим байна.

Нас баралтын хувийг дор хаяж 2 өөр аргаар тооцож болно.

  • Нас баралтын тоог нийт оношлогдсон өвчтөний тоонд хуваана.
  • Нас баралтын тоог нийт хаагдсан тохиолдлын тоонд хуваана. Хаагдсан тохиолдол гэдгээр нас барсан, эсвэл эдгэрсэн тохиолдлыг хэлнэ.

Эхний аргаар бодоход, зарим нээлттэй тохиолдол нь сүүлд нас баралт болж хувирч мэдэх тул ерөнхийдөө бага тоо гарна. Харин хоёрдахь аргаар бодоход, эдгэрэлт нь нас баралтыг бодвол удаан явагдах тул, ерөнхийдөө их тоо гарна. Дээрх хоёр аргаар нас баралтын хувийг тооцоод, өдрөөс өдөрт яаж өөрчлөгдөж байгааг нь харвал, эцэстээ хоёулаа нэг ерөнхий цэгт уулзах ёстой. Жишээлбэл, БНХАУ-ын нас баралтын хувь 3.6% ба 6.1%-ийн хооронд байгаа бөгөөд, графикийг нь ирээдүй рүү үргэлжлүүлэн харвал, 3.8%–4% орчимд уулзах төлөвтэй байгаа. Энэ нь ханиадныхаас 30 дахин их тоо юм. Гэхдээ, БНХАУ гэдэг нь Хубэй муж, бусад муж гэсэн хоорондоо эрс тэс ялгаатай хоёр зүйлээс бүтнэ гэдгийг санах хэрэгтэй.

Нас баралтын хувь, Хубэй муж

Хубэй мужийн хувьд нас баралтын хувь 4.8% орчим руу дөхөх байх. Харин Хубэйгээс бусад мужуудын хувьд нас баралтын хувь 0.9% орчим руу дөхөх шинжтэй байна:

Нас баралтын хувь, БНХАУ-ын Хубэйгээс бусад мужууд

Дор Иран, Итали, Өмнөд Солонгосын графикуудыг бас үзүүлэв.

Иран, Италийн хувьд нас баралтын хувь 3%–4% орчимд очих төлөвтэй.

Өмнөд Солонгосын хувьд их сонин график харагдаж байна. Үүнд нас баралтын тоог нийт тохиолдлын тоонд харьцуулсан харьцаа 0.6% байгаа бол, нас баралтын тоог хаагдсан тохиолдлын тоонд харьцуулсан харьцаа 48% байна. Яагаад ийм байгааг таамаглавал, 1-рт, тэд бараг бүх хүнийг шинжилгээнд хамруулснаар эхний шатандаа явж байгаа маш олон тохиолдол илрүүлсэн нь нас баралтын тоог багасгаж харагдуулна. Хоёрдугаарт, эмнэлгийн орны тоо тэнд хангалттай их байгаа.

1000 хүнд оногдох эмнэлгийн орны тоо, улс орноор

Дээр дурдсанаас өөр бидний мэдэхгүй шалтгаанууд ч байж мэдэх юм. Нас баралтын хувь эхнээсээ 0.5% байсан ба байнга иймэрхүү байсан тул цаашид ч хэвээрээ байх байх. Энэ нь тэдний эрүүл мэндийн систем, онцгой байдлын үеийн улс орны зохион байгуулалт сайн байгааг харуулна.

Сүүлийн жишээ бол «Алмаз гүнж» усан онгоц болно: 706 тохиолдлоос 6 нь нас барж, 100 нь эдгэрсэн. Нас баралтын хувь 1%–6.5% хооронд байна.

Энд тухайн улс орны насжилт бас нөлөөтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Өндөр настай хүмүүс халдвар авбал хүндрэх магадлал ихтэй тул жишээ нь Японд энэ вирус хязгаарлалтгүй тархвал нас баралтын хувь өндөр гарах болно. Түүнчлэн, агаарын чийгшил, температур гэх мэт цаг уурын хүчин зүйлүүд нөлөөлдөг байх магадлалтай. Одоогоор энэ талаар эцсийн тодорхой хариу байхгүй байна.

Дүгнэвэл

Нас баралтын хувьд нөлөөлөх өөр хүчин зүйлүүд байж мэднэ.

Эдгээрийг эс тооцвол, бэлтгэл сайтай улс орнуудын хувьд нас баралтын хувь 0.5% (Өмнөд Солонгос) ба 0.9% (БНХАУ, Хубэйгээс бусад муж) хооронд байна.

Эрүүл мэндийн системээ хэт ачаалалд оруулсан улс орнуудын хувьд нас баралтын хувь 3%–5% байна.

Тэгэхээр түргэн шуурхай арга хэмжээ авсан улс орнууд нас баралтын тоог дор хаяж 10 дахин багасгаж чадна.

Тэгэхээр, бэлтгэл сайтай байхын тулд улс орон юу хийх хэрэгтэй вэ?

Эрүүл мэндийн систем

Халдвар авсан хүмүүсийн 20% орчим нь эмнэлэгт, 5% орчим нь сэхээн амьдруулах тасагт хэвтэх шаардлатай болно. Түүнчлэн, 2.5% орчим нь механик амьсгалын аппарат, эсвэл ECMO (extra-corporeal oxygenation) төхөөрөмжийг шаардана.

Амьсгалын болон ECMO аппаратууд бол тэр дор нь худалдаад авчих эсвэл хийчих багажууд биш. Жишээ нь, хэдхэн жилийн өмнө АНУ даяар 250 ECMO аппараттай байв. Жишээ нь, 100 мянган хүн халдвар авлаа гэж бодоход, ихэнх нь шинжилгээнд хамрагдах ба, 20 мянган хүн эмнэлэгт, 5000 хүн сэхээнд хэвтэж, 1000 хүн хүрэлцээ муутай байгаа тусгай аппаратуудыг шаардах болно. Энд зөвхөн 100 мянган тохиолдлыг л ярьж байна. Амны маск гэх мэтийг тооцвол байдал бүр хэцүүднэ. Жишээ нь АНУ-д эрүүл мэндийн ажилчдаа хангахад шаардлагатай маскны зөвхөн 1% нь л байгаа. Хэрэв өвчлөл гэнэт ихэсвэл одоо байгаа маскнууд 14 хоног л хүрэлцэнэ. Япон, Өмнөд Солонгос, Гонконг, Сингапур гэх мэт орнууд, БНХАУ-ын Хубэйгээс бусад мужууд бэлтгэл сайтай, халдвар авсан бүх хүнийг шаардлагатай эмчилгээнд нь оруулах боломжтой байв. Харин Барууны орнууд Хубэй, Италийн араас орох төлөвтэй байна. Энд яг юу болоод байна?

Хэт ачаалалд дарагдсан эрүүл мэндийн систем

Италийн байдал Хубэйд болсон явдлыг яг давтах шинжтэй. Хубэй 10 өдрийн дотор 2 том эмнэлэг барьсан боловч шаардлагатай орны тооны хаана нь ч хүрээгүй. Италийн эмнэлгүүд одоо өвчтөнөөр бялхаж байна. Эмнэлгийн коридор, хүлээлгийн өрөө хамаагүй өвчтөнөөр дүүрсэн.

Хамгаалалтын өмсгөлийн хүрэлцээ муу байгаагаас эмч сувилагчид ганц хувцастайгаа олон цагаар ажиллах болдог. Тэд ядарч унатлаа өвчтөнүүдтэй ажиллаж байна. Ээлжээр ажиллана гэсэн ойлголт байхгүй болсон. Тэтгэвэртээ гарсан эмч сувилагчдыг буцаан авчирч ажиллуулж байна. Сувилагчийн ажлын талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийг нэг шөнийн дотор сургаж, хүний амь хариуцсан чухал чухал ажил дээр тавьж байна.

Эмч сувилагчид өөрсдөө өвчлөх нь бас их байгаа. Халдвар авсан бол тэд 14 хоногийн хөл хорионд орох орно. Тэгэхээр азтай бол 14 хоног алдана, азгүй бол нас барна гэсэн үг. Хамгийн аймаар нь сэхээн амьдруулах тасагт, амьсгалын болон ECMO аппаратууд хаанаа ч хүрэхгүй байгаа тул эмч сувилагч нар хэнд хэрэглүүлэхээ шийдэх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл тэд хэн амьдарч, хэн үхэхийг шийдэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

“Хүн болгоныг амьсгалын аппаратад холбох боломж байхгүй. Нас, эрүүл мэндийг нь харгалзан үзээд бид шийднэ.” —Кристиан Салароли, Италийн доктор

Ухань хотын нэгэн сэхээн амьдруулах тасагт, 2-р сарын 6

Дээр дурдсан шалтгаанууд нь нас баралтын хувийг 0.5% биш, 4% болгоод байгаа шалтгаанууд юм.  Хэрэв та өөрийн хотыг, улсыг 4% байлгая гэвэл одоо юу ч битгий хий.

Бид юу хийх вэ?

Энэ өвчин одоо нэгэнт пандемик болсон тул үүнийг устгана гэж байхгүй. Гэхдээ бид хор уршгийг нь багасгаж чадна. Зарим улс орнууд энд үлгэр жишээ болно. Жишээлбэл, БНХАУ-тай маш нягт холбоотой Тайвань өнөөдөр нийт тохиодлын тоог 50-аас доош байлгаж байна. Азийн цөөн хэдэн орон халдварыг ингэж хязгаарлаж чадсан бол, харамсалтай нь ихэнх орнууд туршлага дутсаны улмаас гэнэдчихлээ. Одоо тэд хязгаарлах биш, намжаах оролдлого хийхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл, тэд вирусын хор уршгийг аль болох сулруулах тал дээр ажиллаж байна.

Халдварыг аль болох багасгаснаар эрүүл мэндийн системийн ачаалал хөнгөрөх ба энэ нь өөрийн ээлжинд нас баралтын хувийг багасгана. Түүнчлэн, халдварыг аль болох бага төвшинд удаан хугацаагаар барьж чадвал олон нийтийг вакцинжуулах боломжтой болно. Тэгэхээр эдгээр улс орнуудын зорилго бол вирусын тархалтыг бүрмөсөн зогсоох биш, аль болох удаашруулах явдал юм.

Өвчний тархалтыг хичнээн удаашруулж чадна, төчнөөн хэмжээгээр эрүүл мэндийн систем сайн ажиллаж, нас баралтын хувь багасах ба, хүн амын төчнөөн их хувь нь халдвар авахаасаа өмнө вакцинжуулагдах боломжтой болно.

Хөл хорио

Маш хялбар боловч үр дүн ихтэй нэг арга бол хөл хорио. Уханий графикаас, хөл хорио тогтоонгууд шинээр халдвар авч байгаа хүмүүс эрс багасч эхэлснийг бид мэднэ. Учир нь хүмүүс бие биентэйгээ уулзахаа болингуут вирус тархаж чадахаа больсон гэсэн үг. Халдвартай хүний ханиаднаас 2 метрийн дотор шууд халдвар тархах боломжтой. Үүнээс хол зайд бол ханиаднаас гарсан дуслууд газар уначих учир халдварыг шууд түгээхгүй. Харин хамгийн аюултай халдварын зам бол хаалганы бариул, ширээ, цахилгаан шатны товчлуур зэрэг ямар нэг гадаргуугаар дамжин халдварлах явдал юм. Шинэ коронавирус  метал, керамик, пластик гадаргуу дээр 9 хүртэл хоног халдварлах чадвараа алддаггүй гэсэн судалгаа байгаа.

Тэгэхээр халдварыг үнэхээр багасгах ганц арга бол хөл хорио юм. Халдварын аюул багастал хүмүүсийг гэрт нь байлгах хэрэгтэй.

Энэ аргын хүч чадлыг түүх олон дахин баталсан. Жишээлбэл, 1918 оны Испани ханиадыг нэрлэж болно.

Испани ханиаднаас суралцах нь

Филадельфия, Сент Луис хотуудын нас баралтын хувь

1918 оны Испани ханиадны үеэр Филадельфия хотын удирдлагууд хөл хорио тогтоолгүй удсанаас нас баралтын хувь асар ихэссэнийг харж болно. Хөл хорио эрт тогтоосон Сент Луис хотыг харьцуулж харуулав. Харин Денвер хотод эхлээд хөл хорио тогтоож байгаад нас баралт жаахан буураад ирэнгүүт цуцалснаас болоод нас баралт дахиад өсч, өмнөх хэмжээнээсээ бүр илүү төвшинд очсон байгаа.

Испани ханиадны статистикийг нэгтгэн дараах графикийг гаргаж болно:

Нас баралтын хувь, арга хэмжээ авсан хугацаанаас хамаарах хамаарал

График дээрээс харвал, жишээ нь, Сент Луис хотынхон Питтсбург хотоос 6 хоногийн өмнө даацтай арга хэмжээг авч эхэлснээс нас баралтын хувийг дор хаяж 2 дахин багасгасан байна. Дунджаар, 20 хоногийн наана цаана арга хэмжээ авах нь нас баралтын хувийг 2 дахин их үү бага уу гэдгийг шийдсэн байгаа. Итали улс одоо л ухаан орж эхэлж байх шиг байна. Тэд Ломбарди мужийг бүтэн сайнд хөл хорионд оруулсан бол, маргааш нь алдаагаа ухаараад хөл хориогоо улс даяар болгож өргөжүүлсэн. Үүний үр дүнг бид 7-14 хоногийн дараа харах нь дамжиггүй. Уханий графикаас хөл хорио тогтоосон, шинээр оношлогдсон өвчтөний тоо (шаргал хэрчмүүд) буурах үзэгдлүүд хоорондоо 12 хоногийн зөрөөтэй байсныг санацгаая.

Улс төрчид үүнд яаж туслах вэ?

Халдварт өвчинтэй тэмцэхэд хэд хэдэн үе шат байдаг боловч өнөөдөр бидэнд зөвхөн хязгаарлах, намжаах гэсэн хоёр сонголт л үлдээд байна.

Хязгаарлалтын тактик

Хязгаарлалт гэдэг нь халдварын бүх тохиолдлыг илрүүлээд, тусгаарлахыг хэлнэ. Үүнийг Сингапур, Гонконг, Япон, Тайвань улсууд маш чадварлаг гүйцэтгэж байгаа. Тэдний хийж байгаа зүйлсийг дурдвал

Гаднаас орж ирж байгаа хүмүүсийг багасгах,

Өвчтэй хүмүүсийг илрүүлж, тусгаарлах,

Тэднээс халдвар авсан байж болзошгүй бүх хүнийг мөн илрүүлж тусгаарлах,

Эмнэлгийн ажилчдаа хамгаалалтын найдвартай өмсгөлөөр хангах, зэрэг болно. Энэ стратеги нь хэрэв эрт эхэлбэл маш үр дүнтэй ажилладаг бөгөөд улс орны эдийн засагт маш бага хор хөнөөл учруулдгаараа давуу талтай.

Тайваний талаар өмнө дурдсан. БНХАУ ч бас сайн ажилласан. Вирусыг хязгаарлахын тулд тэд юу юу хийж байсныг нь сонсоход гайхмаар. Жишээлбэл, халдвар авсан хүн бүртэй ойроос харилцсан хүн бүрийг, бас тэр хүмүүстэй ойроос харилцсан хүн бүрийг олж тусгаарлах ажлыг тус бүр нь 5 хүнээс бүрдэх 1800 баг гүйцэтгэж байсан. Ийм маягаар 1 тэрбум хүнтэй улсад вирусын тархалтыг хязгаарлаж чадсан байна.Барууны орнууд харин цалгардаж байгаад одоо хязгаарлалт хийхэд нэгэнт оройтчихлоо. Жишээ нь Европоос АНУ-д ирж буй ихэнх нислэгийг хориглосон нь АНУ-ын хувьд хязгаарлалтын арга хэмжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар АНУ-д Хубэй муж хөл хорио тогтоосон өдрөө ямар байснаас 3 дахин их өвчтөн оношлогдчихсон байдаг. Энэ арга хэмжээ хэр үр дүнтэй болохыг яаж мэдэх вэ?

Ухань хотоос гарах зорчигчдыг багасгаснаар бусад муж руу тархах халдварт нөлөөлөх нь

Дээрх зурагт Ухань хотоос гарах зорчигчдын тоог багасгаснаар бусад муж руу орж ирэх халдвар хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлэв. Дугуй үрэлнүүдийн хэмжээ тухайн өдөр хэдэн хүн халдвар авсныг заана. Хамгийн дээд талын мөрөнд хүмүүс чөлөөтэй зорчино. Дараачийн хоёр мөр нь зорчигчдын тоог 40% ба 90% хязгаарласан тохиолдлуудад харгалзана. Үүнийг халдварт өвчин судалдаг судлаачдын дэвшүүлсэн загвараар тооцсон. Хэрэв та дээрх 3 мөр ямар ялгаатай юм бол гэж гайхаж байгаа бол таны зөв. Судлаачдын дүгнэлт ёсоор, Ухань хотоос гарах зорчигдын тоог хязгаарласан нь бусад муж руу халдвар тархахыг 3–5 хоногоор л хойшлуулсан байгаа. Одоо олон нийтийн дундах халдвар дамжуулалтыг багасгавал юу болох бол? Халдвар дамжуулалтыг яаж багасгах вэ гэвэл эхний үед халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, хүмүүсийг илүү анхаарал болгоомжтой болгох, олон хүн нэг дор цуглахыг хориглох гэх мэт «хөнгөн» арга хэмжээнүүдийг авч болно.

(Гаднаас орох зорчигчдын тоог хязгаарлахтай зэрэгцээд олон нийтийн дундах халдвар дамжуулалтыг багасгасан үед)

Зургийн дээд хэсэг нь бидний өмнө харсан график. Нөгөө 2 нь халдвар дамжуулалтыг 25% болон 50%-аар багасгасан үед юу болох вэ гэдгийг харуулна. Тэгэхээр халдвар дамжуулалтыг 25%-аар бууруулахад л халдвар орж ирэх хугацааг 14 долоо хоногоор хойшлуулж чадах нь. Түүнээс гадна өвчлөл хамгийн ихэссэн үед ч гэсэн хоног тутамд халдвар авах хүний тоо эрс багассан байгаа. Харин дамжуулалтыг 50%-аар бууруулсан үед бол халдвар орж ирж байгаа нь зураг дээр харагдах ч үгүй болж байна. Европын нислэгүүдийг хориглосноороо АНУ хэдэн цаг, үсрээд 1-2 хоног л хожих байх. Гэхдээ энэ хангалттай биш. Энд намжаалтын тактик хэрэгтэй байтал хязгаарлалтын арга ашиглаад байна.

Хүн амын дунд нэгэнт мянга мянган хүн халдвар авчихсан үед гаднаас хүн орж ирэхийг хорих, халдвартай хүмүүсийг илрүүлэн тусгаарлах зэрэг нь хангалтгүй. Дараагийн шатны арга хэмжээ бол намжаалт юм.

Намжаалтын тактик

Намжаалт гэдэг нь дамжуулалтыг багасгахад чиглэсэн хүмүүсийг илүү анхаарал болгоомжтой болгох, олон хүн нэг дор цуглахыг хориглох гэх мэт «хөнгөн» арга хэмжээнүүдийн дараагийн шатны, сургууль цэцэрлэгийг хаах, аль болох олон хүнийг гэрээс нь ажиллуулах, дэлгүүр хоршоог хаах, нийтийн тээврийг зогсоох гэх мэт арга хэмжээнүүдийг шаардана. Үүний үндсэн зорилго нь юу вэ гэвэл, жирийн үед нэг хүн R=2.5 хүнд халдвар тараадаг бол, хүмүүсийн хоорондын харилцааг хязгаарлах замаар энэ R тоог 1-ээс бага болтол нь багасгах явдал болно.

Аль болох эрт, аль болох даацтай арга хэмжээг авснаар үүнийгээ барих хугацаа нь багасах ба цөөн хүн халдвар авах болно. Энэ бол Ухань хотод авсан арга хэмжээ. Энэ бол Итали улс аргагүйн эрхэнд хэрэглэсэн арга хэмжээ. Вирус галзуурчихсан байгаа үед хэрэглэх ганц арга бол тархалтыг нь зогсоох явдал юм.

Энэ бол мянга мянган тохиолдол оношлогдчихсон, бодит байдал дээр арван мянгаар хэмжигдэх өвчтөнтэй Иран, Франц, Испани, Герман, Швейцари, АНУ зэрэг улсуудын хэрэглэх ёстой арга хэмжээ юм. Харамсалтай нь тэд даацтай арга хэмжээ авахаасаа цааргалсаар байна.

Зарим компаниуд ажилчдаа гэрээс нь ажиллуулж байна. Маш сайн хэрэг. Олон хүн цугладаг зарим үйл ажиллагаа зогслоо. Зарим жижиг тойргуудад хөл хорио тогтоолоо.

Дээрх арга хэмжээнүүд вирусын тархалтыг удаашруулна. Эдгээр нь нэг хүний халдвар дамжуулах R=2.5 гэсэн тоог 2.2, үсрээд 2 болтол нь л бууруулна. Гэхдээ R-ыг 1-ээс доош оруулж удаан хугацаанд барихад даан ч хангалтгүй. Энэ тоог 1-ээс доош оруулж чаддаггүй юм аа гэхэд, ядаж 1-тэй ойролцоо утганд аль болох удаан барьж графикийг хэвтүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр R-ыг багасгахын тулд ямар ямар арга хэмжээг авч болох вэ? Дараах цэсийг Итали бидний өмнө тавсьсан билээ.

Хөл хорио тогтоосон газруудаас зөвхөн гэр бүлийн хүн, албан ажлаар явж байгаа хүмүүс л орж гарах эрхтэй.

Эрүүл мэндийн ажилчдын амралтын өдрүүдийг цуцлах.

Цэцэрлэг, их дээд болон дунд сургуулиуд, биеийн тамирын төвүүд, музей, цанын бааз, соёлын төвүүд, усан бассейн, театруудыг хаах.

Бар ресторануудын ажиллах цагийг өглөөний 6-аас оройн 6 цаг болгох, үйлчлүүлэгчдийн хооронд дор хаяж 1 метр зай барих.

Дэлгүүр хоршоонд үйлчлүүлэгчдийн хооронд 1 метр зай барих. Энэ шаардлагыг хангаж чадахгүй газруудыг хаана.

Бизнесийн уулзалтуудыг хойшлуулах. Гэрээсээ ажиллах явдлыг дэмжих.

Спортын бүх арга хэмжээг цуцлах. Үнэхээр чухал арга хэмжээнүүдийг бол хаалттай зохион байгуулж болно.

Ингээд 2 өдрийн дараа тэд дараах дүрмийг нэмсэн. Үнэхээр амин чухал зүйл л биш бол бүх албан газруудыг хаана. Оффис, кафе, дэлгүүрүүд бүгдийг хаана. Зөвхөн нийтийн тээвэр, эмийн сангууд, хүнсний дэлгүүрүүд онгойно. Хөл хорионы хүчийг аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй мэт санагдаж байж болох. Гэхдээ энэ нь вирусын тархалтанд цаг өгдөг. Тэгэхээр хөл хорьё гэвэл Уханий стилээр л хийх хэрэгтэй. Хүмүүс одоо дургүй байж болох ч цаг нь ирэхээр баярлах болно.

Компанийн захирал та үүнд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Хэрэв та компанийн захирал бол ажилчиддаа халдвараас сэргийлэх бүхий л боломжыг олгоорой.Жишээлбэл, гэрээсээ ажиллахыг шаардах, гэрээсээ ажиллахыг зөвшөөрөх, ажил дээрээ байх цагийг хязгаарлах гэх мэт.

Дүгнэлт: Хүлээлтийн үнэ

Ингээд шууд шийдвэр гаргах хэцүү санагдаж болох ч дараах байдлаар нэг бодоод үз.

Хөл хориог нэг хоногийн наана цаана тавихад халдвар тархалтад яаж нөлөөлөх нь

Дээрх зурагт хөл хориог 1 хоногийн наана цаана тавихад халдварын тархалт яаж өөрчлөгдөж байгааг эпидемологийн онолын загвар ашиглан тооцож үзүүлэв (Өгөгдлийг Уханьтай төстэй байхаар сонгосон – хамгийн ихдээ хоногт 6000 шинэ халдвар). Эндээс 1 хоногийн дараа хөл хорио тогтоосноор хоногт халдвар авч байгаа хүмүүсийн тоо нилээд өндөр гарах боловч эцэстээ адилхан багасч байгаа нь харагдана.

Одоо нийтдээ хэдэн хүн халдвар авсныг нь харьцуулъя.

Энэ загвар ёсоор, хөл хорио тавилгүй 1 хоноход халдвар авах хүний тоо 40%-аар ихэсч байна. Өөрөөр хэлбэл, Хубэйд хөл хориог 1-р сарын 23-ны оронд 1-р сарын 22-нд эхэлсэн бол, нийт халдвар авсан хүний тоо 20 мянгаар бага байх магадлалтай. Цаашилбал, халдвар авсан хүмүүсийн тоо 40%-аар их гэдэг нь нас барах хүмүүсийн тоо 40%-аар их болно гэсэн үг биш. Ийм олон өвчтөн эрүүл мэндийн системийг илүү ачаалалд оруулснаар нас баралтын хувийг өмнө бидний хэлэлцсэнээр 10 дахин ч ихэсгэх боломжтой. Хөл хорио тогтоолгүй өнгөрүүлсэн 1 хоног нь халдвар авах хүний тоог ихэсгээд зогсохгүй нас баралтын хувийг бас ихэсгэнэ.Энэ бол экспоненциалаар өсдөг аюул. Цаг мөч бүр үнэтэй. Шийдвэр гаргалгүй өнгөрүүлсэн хоног бүрээр халдвартай хүний тоо экспоненциал хуулиар өсч байгаа.

Нийтлэлийн эх сурвалж: Төмөрийн тэмдэглэл

 

Сэтгэгдэл бичих

    • baagii
    • 2020-03-16

    setgegdel

arrow icon