Нийтлэл 04 сарын 09, 2020

АМ АСУУЯ: Дундаж цалин 3 сая, 10 сая, хэдэн зуун сая ч байж болно ГЭХДЭЭ

Цалин гурван сая  эсвэл таван сая бүр хэдэн зуун сая төгрөг болгох ч боломжтой. Гэхдээ тэр тоон цалин минь хэр худалдан авах чадвартай, гадаад мөнгөн дүнтэй (доллартай жишээ нь) харьцуулахад хир өссөн байх вэ гэдэг тусдаа асуудал.

2011 оноос 2019 оны оны эцсийн дундаж цалин, медиан цалин болон доллараар хэмжигдэхэд хэр өссөн бэ гэдэгт тооцоо хийж үзэв.

2011 оны 4-р улирлын (Сонгуулийн өмнөх жил) байдлаар Монголчуудын дундаж цалин 400,000 төгрөг, доллар 1350 орчим байсан гэвэл тухайн үеийн хүмүүсийн дундаж цалин 296 доллар байсан байна.

2015 оны 4-р улирлын дундаж цалин 830 мянган төгрөг болж даруй 2 дахин өссөн мэт харагдавч, доллар 1891 төгрөг, доллараар бодсон цалин 439 доллар болж, 1.5 дахин өссөн байна. 2012-2015 он Оюу толгой бүтээн байгуулалтууд нь эхэлсэн, цалин өссөн гэдэгтэй шууд холбоотой байх.

2015 оны 4-р улирлаас 2019 оны 4-р улирал хүртэл харьцуулахад найман зуун гучаас  1 сая 1 зуун жаран зургаан мянга дөрвөн зуун төгрөг болж 40%-аар өссөн мэт харагдах боловч, доллараар үнэлэгдэх цалин 421 доллараас 432 доллар болон ердөө 2%-аар нэмэгдсэн гэсэн үг (4 жилд!!)

Үүнийг жилд шилжүүлэх аргачлал буюу CAGR (Compound Annual Growth Rate)-ээр бодвол төгрөгөөр жилд 10% (Монголд гэтэл зээлийн хүү 20%), доллараар жилд ердөө 0.6%-ийн л өсөлт гарсан байна гэсэн үг.

Гэхдээ нөгөө талаас өнгөцхөн харахад, 2011 онд 400 мянга байсан цалинг 2019 онд 1,2 сая хүргэж 3 дахин өсгөж чадсан мэт харагдаж байгаа юм.

Үүнээс гадна, арифметик дундаж (Average), алтан дундаж (median) 2-ын асуудал үүн дээр нэмэгдэж гарч ирнэ. Олонх нь баян, цөөнх нь ядуу байх үед арифметик дундаж нь алтан дунджаасаа бага, харин исэргээрээ олонх нь ядуу, цөөнх нь баян байх үед арифметик дундаж нь алтан дунджаасаа их гардаг. Олон улсад ялангуяа хүн амтай холбоотой статистик дээр алтан дунджыг хэрэглэх нь илүү бодитой мэдээлэл өгдөг гэдэг.

Монголын хувьд алтан дундаж нь арифметик дунджын 70%-тай тэнцэх дүнтэй байдаг. Жишээ нь 2019 оны цалин арифметик дундаж нь 1.2 сая төгрөг байхад алтан дундаж нь есөн зуун дөрөн мянга есөн зуун жаран долоон төгрөг байх жишээтэй. Хойд тоо нь та бүхний мэдэрдэг цалингийн дундажтай илүү ойрхон байгаа биз дээ?

За тэгээд дундаж (энэ үед ихэвчлэн арифметик дундажыг хүмүүс яриад байдаг) цалинг гурван сая болгоё гэж бодоё.

Ингэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй болох байх:

1) Цалингийн доод хэмжээг автоматаар ихэсгэх. Энэ нь мэдээж аж ахуйн нэгжүүдэд том дарамт болох ба, эргээд ашгаа гаргахын тулд үнийн хөөрөгдөл үүсгэхээс өөр аргагүй болно, инфляц үүсгэнэ. Мөн, энэ дарамтын эрсдэлийг дааж чадахгүй компаниуд хаалгаа барьсанаар татварын орлого багасна, гэтэл төрийн компанийн ажилчдын цалингийн зардал эсрэгээрээ өссөн байх учир, төсвийн алдагдал ихэснэ, долларын дутагдалд орно, ханш унана.

2) Төрөөс шууд цалинг нь тогтоох боломжтой төрийн албаныхны цалинг шууд маш ихээр ихэсгэх. Арифметик дундажыг өсгөх боловч, алтан болон арифметик дунджын ялгаа буюу баян ядуугийн ялгаа дахин ихсэх магадлалтай (хувийн жижиг хэвшлийн ажилчид хуучин цалингаараа). Мөн л ижил төсвийн дарамт, вальютын дутагдал. Жишээ нь Венесуэльд 2014-өөс одоог хүртэл цалингаа нэмэгдүүлсээр ирсэн. 2019 оны 1 сард гэхэд 300%-аар шууд нэмж байсан байгаа юм. Мэдээж үр дүнг нь бүгд мэдэж байгаа. Хайпер инфляц. Хүмүүс сарын цалингаараа 1кг мах ч авч дийлэхгүйд хүрсэн. Мэдээж мөнгөн дүнгээрээ болон хэдэн зуу, хэдэн мянга дахин нэмэгдсэн л дээ.

Тэгэхээр, мэдээж цалин 3 сая болно уу, 10 сая болно уу, боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ цалин гэдэг чинь бүтээмж, эрэлт, нийлүүлэлт гэсэн зүйлүүд дээр тулгуурлагдан зах зээлийнхээ журмаараа явдаг зүйл.

Бүтээмж нь ижил, эрэлт, нийлүүлэлт нь ижил бол дээр долларын дүнгээр жилийн 0%-ийн долларын дүнгээр өсөлт гарсан шиг л үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэр долларын ханш 3 дахин өснө гэсэн л үг. Эсрэгээрээ ажлын байрны нийлүүлэлтийг ихэсгэн, эрэлтийн хомсдолд оруулсанаар цалин бол өсөх боломжтой. Гэхдээ мэдээж дахиад л бүтээмжийн асуудал яригдана.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon