Нийтлэл 04 сарын 14, 2020

АНУ vs БНХАУ: Дайны хажуугаар дажин

Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кудлов Америкийн бүх компани, үйлдвэрийн газрыг Хятадаас татан гаргах хувилбар яригдаж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ тухай дэлхийн том хэвлэлүүд шуугиад эхлэлээ. Тэр дундаа Хятадын засгийн газарын мэдээллийн эх сурвалжид ойр дөт гэдгээрээ зартай Гонконгийн галт шувуу телевизийн  тоймч Жэнь Хао  сонирхолтой тайлбар хийсний гол санааг товчлон хүргэсү.

 Хятад Америкийн харилцаа ээдрээтэй болсоор худалдааны дайны хэмжээнд шатлан өргөждөг нь Трамп гэж хэнээтэй нөхөр гарч ирээд үүссэн хэрэг биш. Бүр Обамагийн засаг захиргааны дунд үеэс улбаатай болохыг тоймч ярианыхаа эхэнд онцлов. Кудловын хийсэн мэдэгдэл хэдийгээр төсөөлөл төдий зүйл байж болох ч Хятадын засгийн газар энэ тал дээр онцгой анхаарал сэрэмжтэй байхгүй бол болохгүй  талаар  ярихдаа: "Америкийн ерөнхийлөгч гадаадад байгаа компани, үйлдвэрийн газруудыг нутаг дэвсгэр рүүгээ татах зарлиг гаргах хуулийн эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл Трампад тийм эрх мэдэл байгаа болохоор мань хүн зүгээр нэг орхичихгүй нь лавтай. Кудловын үгэнд америкийн компаниуд хятадаас буцан гарсан тохиолдолд засгийн газраас бүх зардлыг хариуцан төлбөр олгох болно гэж байсан. Харин ерөнхийлөгчийн зарлиг гарчихвал компани өөрөө бүх эрсдлийг даах учраас америкийн компаниуд хөдлөөд эхлэх магадлалтай" хэмээн тайлбарлав.

 

"Хятад Америкийн харилцаа сүртэй сайжрахгүй, сүйдтэй муудахгүй маягтай явсаар ирсэн. Харин худалдааны дайнаас хойш даамжирсаар одоо бүр бүх талаар сөргөлдөх төвшинд хүрч ирлээ. Тийм болохоор мөргөлдөөн гарчихгүй бол их юм."

хэмээн Галт шувуу телевизийн тоймч Жэнь Хао сэтгэл түгшингүй өгүүлж байх юм. Өнөөдрөөс  энэ асуудал дээр Хятадын засгийн газар ямархуу байр суурьтай байгаа талаар тодорхой болж таарна. Харин сүлжээгээр хятадын иргэд энэ асуудлын талаар ёстой л нэг санаа бодлоо оволзтол уралдуулаад эхлэлээ. Тэдгээрээс анхаарал татахуйц зарим нэгийг нь та бүхнийхээ сонорт дуулгана гэдгээ амлаж байна.

Ер нь титэм вирусийн нөлөөгөөр дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш сонирхолтой, санаанд оромгүй байдлаар хувирч байгаа болохыг манай гадаад хэлтэй уншигчид анзаарч л байгаа байх аа. Юуны өмнө Европын холбоо задарч улс орнууд хуучин хилийн шугамаараа зааглагдах хувилбар дуулдаад эхлэлээ. Энэ нь хэдийгээр аван саван хэрэгжчих зүйл биш хэдий ч Германы баруун хил дээр Францын иргэдийг гадуурхсан үймээн дэгдсэнийг тус улсын ГХЯ эрс буруушаасан мэдэгдэл гаргасан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны гол амин зүрх болсон хоёр том гүрний иргэдийн хооронд асуудал үүссэн нь тохиолдлын хэрэг төдийхөн биш байж таарна.

Манай нефть импортлогч нар түүхэндээ анх удаа шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулсан нь цөөнгүй уяхан сэтгэлтэй хэрэглэгч нарыг уярааж байгаа нь ойлгомжтой л доо. Энэ нь манай шатахуун түлш импортлогч нарын өгөөмөр зангийн илрэл үнэндээ биш харин Америк, Орос, Саудын Араб нэрт гурван том гүрний эрчим хүчний зах зээл дээр ноёрхлоо тогтоох гэсэн онцгой ширүүн өрсөлдөөн тэмцлийн дам тусгал төдий хэрэг байж таарна. Цагтаа Америкийн ойрхи дорнод дахь хамгийн үнэнч түнш гэдгээрээ зартай Саудын Араб, Оростой хоршин нэг тал болоод Америкийн занарын хий боловсруулагч нарыг зах зээлээс шахах, болж өгвөл дампууруулахын тулд газрын тосны үнийг буулгаснаар баррель тутмаас хэдхэн центийн ашиг олж байгаа тухай та бүхэн сонссон уу? Ийм байдалтай 2-3 жил гүрийвэл санасандаа хүрч мэдэх тооцоог эдийн засгийн шинжээчид хийж байгаа. Гагцхүү эдийн засаг нь газрын тосны экспортоос хэт хамааралтай умард хөрш маань тэр болгоныг даагаад гарч чадах уу гэдэгт асуудлын учиг оршиж байна. Харин энэ дундаас ганц том ашиг олж байгаа гүрэн гэвэл Хятад улс л байна даа. Тэд газрын тосны шатахууны нөөцөө энэ боломжийг ашиглан сайн дүүргэж байх шиг байна даа.

Америкийн алдартай стратеги судлаач Генрих Кессинжер саяхан "Уолл стрийт" сэтгүүлд "Шинэ хэлбэрийн титэм вирус дэлхийн дэг журмыг орвонгоор нь эргүүлэх болно" гэсэн гарчигтай сонирхолтой нийтлэл бичсэн байна лээ. Хоёр хөрш том гүрнээс үнэ цэнэт үзэл баримтлал хийгээд нийгмийн байгууламжийн хувьд эрс ондоогоороо ялгардаг манай улсын хувьд тэрхүү дэлхийн шинэ дэг журамд хэрхин дасан зохицож, оршин тогтнож болохыг одооноос ул суурьтай бодож байхад илүүдэхгүй л байх даа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon