Нийтлэл 04 сарын 20, 2020

Яагаад феминизм гэж? Феминист эрх зүй судлалын өнцгөөс хариу өгөх нь

Энгийн уншигчдад зориулан ойлгоход харьцангуй дөхөм байдлаар энэхүү нийтлэлийг бичихийг хичээлээ.

Сүүлийн үед феминизм гэх үзэл асар хүчтэй нийгэм даяар яригдах боллоо. Зарим хүмүүс феминизм нь сайн гэнэ зарим нь муу ч гэнэ. Гэхдээ яагаад муу эсвэл сайн юм бэ? гээд лавшруулаад асуувал хангалттай хариулт өгч чадах хүмүүс ховор. Феминизмын талаар хүн болгон л ам нээж, өөр өөрсдийнхөөрөө тайлбарласнаас болоод тус үгийг сонсоод сэтгэхүйд маань буух төсөөлөл ёстой л эрээвэр, хураавар зүйлс болжээ.

Феминизм бол эмэгтэйчүүд ч бас эрэгтэйчүүдийн адил нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд эрхээ эдэлмээр байна гэж гарч ирсэн үзэл баримтлал. Нэгэнт хүний эрхтэй холбогдох тул эрх зүйн салбарт эзлэх байр суурь энэхүү онолд өндөр. Либерал эрх зүйн онолч Р.Дворкины үзсэнээр феминизм нь олон янзаар тайлбарлагдаж болохуйц ойлголт (interpretive concept). Иймээс одоогоор феминизмын нөлөө бүхий дөрвөн урсгал байдаг бөгөөд зарим талаар энэхүү ухагдахуунууд нь өөр хоорондоо ч мэтгэх тохиолдол байдаг. Энэхүү бага зэрэг төвөгтэй онол нь Шүүмжлэлт эрх зүй судлал гэх онолын бүлд хамаарагддаг бөгөөд энэхүү нийтлэлийг уншсаны дараа феминизмыг төсөөлөх ойлголт тань тодорхой хэмжээнд цэгцэрсэн байна гэж би бээр итгэж байна.

Орчин үед л эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүх хүмүүс хуулийн дор ижил тэгш, эрх чөлөөтэй гэж дуугарах бололцоотой нийгэм бүрдсэн болохоос биш эмэгтэй хүнийг хүүхдийг нь төрүүлэх машин, гэрийн ажлыг нь хийх зарц, эмтлээд хаядаг тоглоом, эдээр сольдог бараа шиг ойлгодог байсан үе саяхан. Хэдэн мянган жилийн туршид үргэлжилсэн, үе дамжсан энэ шударга бус нийгмийн хөшүүргийг цаг үе бүрийн алдартай философичид хүртэл дуу нэгтэй өөгшүүлж байснаас ганц хоёрыг нэрлэвэл Кант, Руссо, Аристотель зэрэг болно. Монголын зүйр цэцэн гэж нэрлэгдэх үгс дотор нь “эмэгтэй хүний үс урт, ухаан богино” зэрэг утга бүхий сургаалууд байгаагаас үзэхэд бид ч бас дэлхий нийтийн Патриархизмын (эцгийн эрхт ёсны үзэл) нэгэн төлөөлөл мөн билээ. Өнөө үед ч Исламын шашинтай ихэнх орнуудад нүүрээ бүтээгээгүй эмэгтэй хүнийг шийтгэдэг тогтолцоо байгаа бөгөөд олон улсад эмэгтэй хүнийг өөрийнх нь хүсээгүй хүнтэй гэрлүүлдэг ёс үйлчилсээр байна...

Феминист эрх зүйд доорх дөрвөн томоохон урсгал байдаг.

Либерал феминизм

Соёлын (ялгааны) феминизм

Радикал феминизм

Пост-модерн феминизм

Либерал феминизм

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёул оюун ухаант, бие даасан, хувийн орон зайтай учраас энэ либерал феминист онолд эмэгтэй эрэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй гэж үздэг. Эмэгтэй хүмүүс сонгуулийн санал өгөх, гэрлэх хүнээ сонгох, өмчтэй байх, сурч боловсрох эрх нь эрэгтэй хүмүүсийнхтэй ав адилхан хэмээн үзсэн сэтгэгч бол Жон Стуард Милл байлаа. Түүний Эмэгтэйчүүдийг дарангуйлах нь (the subjection of women)” гэсэн эсээ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1981 онд баталсан “Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхлын бүх хэлбэрийг халах тухай конвенц”-ийн суурь үзэл, баримтлал болжээ. Орчин үед хүйсээр ялгаварлаж тэнцвэрт биш цалин олгох, ажилд авах тогтолцоог өөрчлөх нь хамгийн чухал гэж энэ урсгалын дагуу үздэг. Түүнчлэн либерал феминизмын нэгэн чухал баримтлал нь эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхтэй байх талаар юм.

Соёлын (ялгаатай байдлын) феминизм

Феминзмын энэ урсгалын хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй хоорондоо ялгаатай байдлаар хөгждөг бөгөөд энэ тэдний ёс суртахууны үнэлэмжид өөр өөрөөр нөлөөлдөг гэж үздэг. Эмэгтэй хүмүүс илүүтэй бүлгийн (common), халамжтай, мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, субъектив байдаг бол эрэгтэйчүүд хувийн (individ), бодомтгой, хүчирхэг, хийсвэрлэл ихтэй, объектив байдаг гэж энэ онолоор үзжээ. Амьдралд тохиолдож буй ямар ч аюулыг эрх зүйн системээр шийдсэн нийгмийг бүтээж чадна хэмээх утопи (биелэгдэшгүй) үзлийг соёлын феминистүүд баримталдаг байна.

Радикал феминизм

Энэхүү феминист урсгал нь соёлын феминизм дахь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ онолын сэтгэгч болох Мак Кинноны тайлбарлаж байгаагаар “Хэдэн зуун жил эрэгтэй хүмүүсийн бий болгосон нийгмийн тогтолцоо нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ийм ялгаатай байдалд хүргэдэг” гэжээ. Жишээ нь эмэгтэй хүүхэд заавал ягаан өнгөнд дуртай байх ёстой, эрэгтэй бол цэнхэр гэсэн загвар нийгэмд тогтсон учраас эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ийм ялгаатай өсөж, хөгжиж байна гэж радикал феминистүүд үздэг. Радикад феминизмын дараагийн нэг ялгарах шинж нь эрэгтэйчүүдийн бүтээсэн энэхүү нийгмийн загварчлал эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх, порно кинонд тоглуулах зэрэг байдалруу хүргэдэг бөгөөд үүнийг таслан зогсоохыг түлхүү дэмждэг. Монголд хэдийгээр порно сайтуудыг хаадаг хууль үйлчилдэг хэдий ч үүний үндэслэл нь садар самуунтай тэмцэх гэсэн бичиг байдгаас эмэгтэйчүүдийн эрх гэсэн зүйл төдийлөн харагддаггүй.

Постмодерн феминист

Постмодернизм нь бусад гурван онолоосоо нэлээд ялгаатай. Ерөнхий хоёр чиглэлийг энэхүү феминизмын онол голчлон шүүмжилдэг. Эхнийх нь рационализм болон шинжлэх ухаан. Энэ хоёр ойлголтод баруун төвийн үзэл нэвт шингэсэн, мөн эрэгтэйчүүдийн өнцгөөс тайлбарлагдсан учраас эмэгтэйчүүдийн оролцоог хангаагүй гэж үздэг (Хэрэв эмэгтэйчүүд одоогийн нийгмийн суурь онол философийг тодорхойлолцсон бол бид илүү дэвшилтэт нийгэмд амьдрах байсан гэж тэд үздэг). Хоёрдугаарт эрэгтэй (man) болон эмэгтэй (women) хэмээх үгс нь эрэгтэй хүний эрэгтэйлэг (masculine) өнцгөөс харан тодорхойлогдож, тэрхүү тодорхойлолт нь нийгэмд хэдийн загварчлагдсан бөгөөд үүнийг ахин загварчлах нь маш хэцүү гэжээ. Жишээ нь бурхан (god) гэдэг үг эрэгтэй утгыг илэрхийлдэг бол дагина (goddess) гэдэг үг эмэгтэй утгыг илэрхийлж байна. Гэтэл бид өдөр тутамд бурхан гэдэг үгийг л хэрэглэдэг бөгөөд далд утгаараа бурхныг хүртэл эрэгтэй болгож бидний оюун санаанд хэвшүүлжээ.

Орчин үед дэлхий хавтгай болохын хэрээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь урьд хожид байгаагүйгээр нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хүч түрэн орон ирсээр байна. Нэг үгээр хэдэн мянганы туршид эмэгтэйчүүдийн байр суурийг уландаа гишгэсэн патриархизм байр сууриа нэгэнт феминист онолд тавьж өгч байгаа нь хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэгэн дэвшилт мөн билээ.

                                                                                                     Т.Лхагважаргал МУИС-ХЗС-II

Эх сурвалж:

Suri Ratnapala, Jurisprudence, 2nd edition, Cambridge University Press 2002, pp 373-82.

Raymond Wacks, Understanding Jurisprudence 3rd ed, Oxford University Press 2012, pp 322-40.

Сэтгэгдэл бичих

    • Баяраа
    • 2024-04-05

    Ойлгомжтой, мэргэжлийн, хүртээлтэй мэдээлэл боловсруулжээ. Баярлалаа.

    • Зочин
    • 2022-04-11

    Эршүүд эмэгтэйчүүд олон болох эрсдэл байгаа юм байнадаа цаагуураа. Тэр нь зүгээр гэсэн үгүү?

    • uyanga
    • 2021-04-14

    nice

    • Зочин
    • 2020-10-21

arrow icon