Нийтлэл 04 сарын 22, 2020

Фермагийн сүүлчийн теором буюу Game of Mathematicians

Оюутан болоод эхний жилээ анализ математикийн хичээлд унасан юм. Дараа нь дахин давтаж судлангаа яаж шалгалтаа өгнө дөө хэмээн халширч байтал ТомёоБодёо блогоос “Фермагийн сүүлийн теором” гэсэн хачин сонирхолтой нийтлэл уншив. “Ямар сонирхолтой юм бэ, нээрэн л математик гэдэг чинь бидэнтэй л адил олон янзын мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй хүмүүсийн бүтээсэн түүх” гэж бодоод, урам зориг дүүрэн амьтан болж шалгалтаа амжилттай өгч байлаа. Шалгалт дууссаны дараа багшдаа Фермагийн теоромын тухай нийтлэл уншаад анх удаагаа “математик чинь бас их сонирхолтой этгээд юм байна шүү дээ” гэж бодсоноо ярьтал багш инээгээд “магадлал, инференсийн хичээл ч гэсэн иймэрхүү сонирхолтой сэдвүүдээр дүүрэн шүү” гэж хэлж билээ. Анхнаасаа санхүү эсвэл урлаг судлалаар сурна гэж байсан ч аргагүй болоод статистикийн ангид орсондоо жаахнаар барахгүй дурамжхан байсан надад ингэж нэг юм хичээлүүд минь илүү сонирхолтой санагдаж эхэлсэн. Би супер сайн оюутан байгаагүй л дээ, гэхдээ л ямар ч гэсэн төгсөхдөө мэргэжилдээ дуртай болсон байлаа.

Өнгөрсөн жил Фермагийн сүүлийн томъёо ном болон орчуулагдах тухай сураг дуулдахаас нь эхлээд хүлээн байж авч уншлаа. Энэ номыг аль болох олон хүн авч уншаасай, бусадтай хуваалцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа тул байж болох хамгийн бага спойлертойгоор номын тэмдэглэл бичихээр оролдож байна.

Хоёр асуулт. Та номыг уншаад эдгээр асуултанд өөрийн гэсэн хариугаа олж авна.

“Математик хэмээх мэдлэгийн салбарын жинхэнэ гайхамшгийг таниулахад нэг ном хангалтгүй боловч зах зухаас нь уншигчдад хүргэж тэдний сониуч занг хөдөлгөхийг зорилоо” гэж номын эхэнд, төгсгөлд, орчуулагчийн үгэнд гээд гурвантаа дурдсан байв. Математик гэхээр уйтгартай, хэцүү, гэхдээ бүгд сурах ёстой гэсэнтэй адил сонсогддог. Бүр үг нь хүртэл цаанаа нэг хүйтэн хөндий аястай гэмээр. Тэгвэл энэ уйтгартай мэдлэгийн салбарын “жинхэнэ гайхамшиг” гээд байгаа нь юу юм бэ, математикт хүн сонирхмоор юу байдаг юм? Та математикт “дургүй” байх тусам энэ асуулт таны анхаарлыг татах нь гарцаагүй.

Амьд ахуйдаа зургаа зарж битгий хэл олонд тоогдож ч чадалгүй, ядуу зүдүү амьдралыг туулсан Ван Гогын тухай хүн бүр мэдэх байх. Гунигтай түүх. Математикт ч бас олон Ван Гог, бүр Ван Гогоос азгүй хүмүүс ч бий. Ван Гог амьд ахуйдаа бүтээлүүдээ үзэсгэлэнд явуулж байсан байдаг. Харин нэг биш нэлээн хэдэн азгүй математикч шинэ нээлтээ амьд ахуйдаа олонд хүргэж ч чадаагүй юм. Яахав бие барсан хойно бүтээл, туурвил нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж түүхэнд нэр нь бичигдсэн хүмүүс байна. Гэтэл бүр ч хэцүү нь бусад бүх зүйлээ золиослоод насан туршдаа ганц теором батлах гэж, нэг нээлт хийх гэж явсаар эцэстээ түүнийгээ гүйцээж чадалгүй хоосон хана мөргөсөн гунигтай түүхүүд бий. Гэхдээ яагаад хүмүүс ингэж их татагдаж, донтдог юм бол? Нөгөө уйтгараар дүүрсэн математикт шүү дээ.

Номын үйл явдлын тухайд маш товчхон гэвэл нэг зөрүүд франц “ийм теоромыг үнэн гэдгийг нь би мэдэж байна, гэхдээ баталгааг нь хэлж өгөхгүй” гэж гүрийж яваад үлдээсэн баталгаа ч үгүй нас баржээ. Яваандаа нэг герман нөхөр нөгөө теоромыг баталсан хүнд тэнгэрт хадсан өндөр шагнал өгөхөөр амлаж орхитол тэрийг л батлаад, нэр алдар хөрөнгө чинээнд хүрье гэсэн түмэн хүнээр математикийн ертөнц дүүрч орхив. Сүүлдээ хэн ч баталж чадаагүй юм гээд зориглож барьж авах хүн ч олдохоо байж. Гэхдээ ямартаа ч энэ теором батлагдсан юм. Яаж гэдгийг нь номноос сонирхоорой. Теоромыг батлахад оюун ухаанаа шавхсан хүмүүсийн төлөөллийг математикийн бас нэг гоо үзэсгэлэн болох Фиббоначигийн алтан спиралаар холбоод доорх графикт харууллаа. (Карентинийг үр дүнтэй ашигла гэж толгойтой бүхэн айлдаад байхаар нь хоббигоо хөгжүүлэхээр data visualization хийж байгаа юм. Нэг инстаграм нээсэн байгаа. Олж чадвал дагаарай. XD )

Ийм хэрэгтэй, сонирхолтой номыг орчуулж гаргасан бүх хүмүүст талархал илэрхийлээд номын нэг өгүүлбэрээр тэмдэглэлээ төгсгөе. “Хүн гэдэг амьтан юунд ч хэрэг болох шинжгүй бодлого, оньсого, нууцыг тайлахын төлөө богинохон амьдралаа ч зольчихож чаддаг”.

Аан тийм, номын агуулгатай холбоогүй бусад санал.

  • Анхны хэвлэлтийн хавтасны дизайн үнэхээр “уучлаарай” байсан. (Адал явдалт кино шиг сонирхолтой түүх бичсэн ном байж why тийм сонин уйтгартай хавтас?)
  • Номыг уншсан сэтгэгдлээ хэрэглэгчид цахим орчинд хаштаг ашиглан бичиж, хуваалцдаг бол аятайхан санагдлаа. Тийм хаштагаар сэтгэгдлээ хэлээрэй гээд номонд дурдсан бол мэдээлэл солилцоход илүү амар байх.

Nima Tseveen

Сэтгэгдэл бичих

arrow icon