Нийтлэл 07 сарын 19, 2020

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Ковид 19-ийн үед өгөх ШПИ

Шинэ төрлийн вирусын геномын дараалал зарласнаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн эмийн салбарын том тоглогчид бүгд вакцин бүтээхээр уралдаж байна. Шинжлэх ухааны сэтгүүлд судалгаа шинжилгээний тайлан, ажил ч гэрлийн хурдаар нийтлэгдэж байна.

Халдвар яагаад буурахгүй байна вэ?

Хятадад бүхэл бүтэн хот, мужаар нь хатуу түгжиж байж 1.4 тэрбум хүнээс 83 мянга гаруй халдвартай, 4.6 мянган үхэлтэй гарч байна. Бусад улс орнуудад чухам юу болж байгааг бүгд мэдээнээс уншиж, сонсож, үзэж байгаа учраас илүүг нуршихгүйгээр дээрх асуултад хариулья

Халдвар яагаад буурахгүй, саарч ирснээ дахин дэгдээд байна вэ? Нийт тохиолдлын 25 орчим хувийг шинж тэмдэггүй (asymptomatic) халдвар тээгчид байгаад уг асуудлын цаад учир шалтгаан байна. Хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс өөрсдөө туссанаа ч мэдэхгүй явж баахан халдвар тараадаг аж. Бельги буцах болоод шинжилгээ өгсөн эмэгтэйд эсрэг биет илэрч өнгөрөгч тавдугаар сарын эхэнд бид хэд баахан шуугисан даа. Тэр хүн өөрөө халдвар авснаа ч мэдээгүй байсан.  

Үүний дараагийн анхаарах зүйл нь өвдөөд эдгэсэн хүмүүст дархлаа тогтож байгаа юу гэдэг асуудал байна. Нэн шинэ вирус тул хэлэхэд ихэд төвөгтэй. Солонгос, Италид хийсэн судалгаагаар өвдсөн хүмүүсийн 20 хүрэхгүй хувьд эсрэг биет үүсч байна гэж дүгнэж. Английн Кингс коллежийн судалгаагаар гурван сарын дараа гэхэд эсрэг биет нь алга болж байна гэж үзэж. Гэхдээ эсрэг биет тогтоогүй ч дархлаа ажиллахгүй гэсэн үг бас биш. Ханиад томуу шиг шинжээр илэрдэг өөр төрлийн зургаан коронавирусээр барагцаалахад  дөрөв нь лавтай жилийн дотор дахиж өвчлүүлдэг гэдгийг тогтоосон.

Ийм болохоор ДЭМБ-с зарим улс орнуудад яригдаж буй КОВИД19 өвдөөд эдгэсэн бол ийм паспорт олгож, чөлөөтэй зорчиж болно гэх санаанаас гарсан “Дархлааны паспорт” гэдгийг дэмжихгүй байгаа юм.

Сүргийн дархлаа

Хойд Европт халдвар хүрэхтэй зэрэгцээд Скандинавын орнуудаас Швед улс иргэдийнхээ ухамсарт найдсан бодлого явуулсан. Хөрш зэргэлдээ ижил цаг уурын нөхцөлтэй, нийгмийн байгуулалттай улсуудтай нь харьцуулахад сүргийн дархлаа сайн ажилласан гэх үндэслэл одоогоор байхгүй байгаа. Эдийн засаг нь ч гялалзаж гялтганасан юм алга.

Их Британид Борис Жонсоны засаг эхлээд сүргийн дархлааг туршиж үзэхээр шийдэн ажиллаад сүргийн дархлаа тогтох буюу хүн амын 60 хувь халдвар авч өвдөөд эдгэх хугацаанд хэдэн иргэн нь амь насаа алдахыг математик загварчлалаар тооцоолж үзээд бодлогоо эрс өөрчилсөн. Энэ нь хугацаа алдахад хүргэсэн гэж дотроо шүүмжлүүлээд нэг хэсэгтээ өндийгөөгүйг бид бүгд мэднэ.

Хөл хорио тогтоох нь үр дүнтэй юу?

Хөл хориог тогтоосон улс орнуудын эхний зорилго нь халдварын тоог эрүүл мэндийн салбарынхаа ачаалал даах чадвараас давуулахгүй байх үндсэн зорилго агуулж байсан тухай өмнө бичсэн. Давчих юм бол гамшигт хүргэдгийг Европын орнууд дэлхийд харуулсан билээ. Амьсгалын дутагдалд орчихоогүй л бол эмнэлэг хүлээж авахгүй, утсаар зөвлөгөө өгөөд гэртээ бүгэхийг зөвлөж байгаа гэдгийг манай гадаадад байгаа иргэд сайн мэдэж байгаа. Эмнэлгийн үүдэн дээр хүмүүс үхэж буйг бид телелизээр энэ хаваржин харсан. Одоо яг ийм нөхцөл байдал Киргизстан Казахстан,  манай хойно өрнөж байна. Тэгэхээр эхний зорилгыг хангахад энэ арга үр дүнтэй. Манайхан ч гайгүй сайн сургуулилсан байгаа.

 Гадаадад байгаа монголчуудын асуудал

Коронавирус эхлэхтэй зэрэгцээд буцах өргөдөл гаргасан иргэд гуравдугаар сарын сүүлчээр 5000 орчим байснаа гурван сарын дараа хоёр дахин нэмэгдсэн. Арга ч үгүй биз. Энэ хооронд төр 10 000 илүү иргэн татчихаад байхад шүү дээ. Энэ тоог шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн тооноос хөөж гаргалаа. Түүнээс онгоцоор хэд, урд хойд хилээр хэд, үүнээс ачаа тээврийн хэд, хэд нь буцаж гараад явсан гээд нарийн ангилсан тоо баримтыг олсонгүй. УОК-д нь байдаг л байлгүй. Хурал хийхээрээ Консулын газрын дарга Мөнхтүшиг багцалсан тоо хэлдэг, тэр нь сарнисан мэдээлэл байдаг учраас үндэслэл болгож авах боломжгүй. ЭМЯ-ны мэдээллийн цагийн тоо ч бас зөрдөг. Өнөөдөр (7-р сарын 18) гэхэд л Нарангэрэл дарга нь хүндэвтэр дөрвөн хүн гэхэд Нямхүү  дарга нь 7 гэж хэлж байх жишээтэй. Тоо зөрөөд байгаа болохоор чухамдаа нэг хүнд яг хэдэн төгрөг зараад байгааг тооцох боломжгүй. Санхүү, худалдан авалтын мэдээг шилэн данснаас олж мэдэж болох ч тоо зөрөөд байгаа учраас зарцуулалтыг тооцоход хүндрэлтэй. Тэгээд ч цалин пүнлүүг нь авч байгаа (бүр нэмэгдэлтэйгээр шүү) хүмүүс нь энэ бүхнийг ил тод мэдээлэх үүрэгтэй.

Жич: Өчигдөр УКТЭ зөвхөн КОВИД19-д зориулсан 180 сая төгрөгний өртөг бүхий нэг сарын нөөцтэй гэж мэдэгдсэн.

Гадаад орнууд хилээ хэзээ нээхээ 6 сарын эхээр зарласан. Өөрөөр хэлбэл хилээ нээж гацсан иргэдээ оруулах, гадаад иргэдээ хөөж гаргана гэсэн үг. Визийг нь сунгахгүй. Бүгд хоёр дахь давалгаанд бэлтгэж байна. Хоёр дахь давалгаа дэлхийн хойд хагаст илүү хүнд өрнөнө гээд судалдаг боддог хүмүүс нь ярьж хэлээд байгаа.

Дэлхийн өмнөд хагаст өвөл болж буй. Бидэнтэй харьцуулшгүй баян Австрали буцааж оруулах өөрийн иргэдийн тоонд хязгаар тавьснаа бүр хоёр дахин бууруулж байх юм. Хамгийн амжилттай байгаа  Шинэ Зеланд бүр хаалгаа таг түгжээд суучихсан. Тэгэхээр дэлхийн бусад улсууд иргэдээ чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэдэг худал үг шүү.

Иймд энэ цонх үеийг авхаалжтай ашиглан ямар ч байсан гадаадад гацсан иргэдээ бид татах ёстой. Чадлаасаа давуулж татах үүрэгтэй. Харин халдвар тараахгүй байх ажлыг зохион байгуулах нь мэргэжлийн хүмүүсийн үүрэг. Заавал Улаанбаатар хотод шавааралдуулж эрсдэлээ нэмээд байгааг би лав огт ойлгохгүй байгаа. Зуны дэлгэр цагт хөдөө хээр майхан гэр бариад байрлуулж болно. Тэр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол төлбөрөө төлөөд зочид буудалд орог.  

Халдвартынхан мэдээж эрсдэл багатай замыг сонгож байгааг ойлгож байна. Халдвартай улаан гараараар үзэлцэж байгаа нь тэд шүү дээ. Халдвар хамгаалалт, хүн хүч, чадавх чадамж гээд зөндөө асуудалтай байгаа. Лабораторийн чадлаа дээдэд нь хүргэчихсэн хүчин чадлаасаа давсан ачаалалд ажиллаж буйг сайн ойлгож байгаа.

 Гэхдээ бүхэл бүтэн тусгаар улс гэж байгаа л юм бол энэ эрсдэлийг хийхээс өөр гарц алга. Вакцин гартал хаалгаа дарж хэвтэнэ гэвэл 2022 он хүргэнэ. Тийм чадавх нөөц бидэнд байхгүй шүү дээ. Цаашдаа бодлого гаргагч нартаа шпи болгоод бидэнд хамааралтай байж болох хамгийн сүүлийн гурван судалгааг тоймлож хүргэе. Хэрэг болох болтугай:

1.Сүргийн дархлаа 60%-д тогтох загварчлал хийхдээ ижил төстэй homogeneous хүн амд тооцож хийсэн байдаг. Бодит байдал дээр нийгэм гэдэг heterogeneous учраас амьдрал дээр 40%-д дөнгөн данган хүрч байгаа гэнэ.

2.АНУ, Европт хатуу хөл хорионоос гарсан нутагт хоёр дахь давалгаа нь илүү хорлонтой явж байна гэнэ.

3. Эрүүл мэндийн салбар нь чадавх муутай, дунд болон бага орлоготой нутаг оронд иргэдийнх нь эмчид үзүүлдэг тогтсон нийгмийн зан дадал өвчний тархалтад их нөлөөтэй байна гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon