Нийтлэл 09 сарын 07, 2020

Хүний ганцаардал хэзээ дуусах вэ?

Өргөн дэлхийд орь ганцаар бэдэрч явнам. Орь ганцаар гэдэг нь хажууд хүн алга гэсэн утга бас биш. Ерөөсөө хүний ухамсар тийм шинжтэйн. Олны дунд суувч бодол хэзээд зөвхөн минийх л байна. Дэндүү ихийг бодох сэрэх хүчтэй болсон хүмүүн төрөл өчүүхэн биедээ өнийн их бодлын ачаа үүрч өргөн дэлхийтэй ганцаар нүүр тулнам. Ийм ганцаардмал чанар нь хатгаад хамтдаа жаргавч ганцаар зовлонгоо эрэхийг ардын ухаанд жаргал даахгүйн зовлон гэсэн. Эрх чөлөөг оловч эдэлж чадахгүй тул ухамсрын шоронд хоригдогсод, энэ ертөнцөд нүцгэн шидэгдэгсэд гэж цоллуулж ч үзсэн.

Тэгээд ертөнцийн уудамд нүцгэн биеэр шидэгдэж ирсэн хүмүүн бид орь ганцаардмал ухамсраа хааш нь хийж хорвоог барах вэ? Философичид хөөрхий янз бүрийн жор бичиж өгсөн. Будда гэгээрч орбитоос мултар гэсэн. Фромм хайрла гэсэн. Кант үүргээ биелүүл гэсэн. Адлер харьяалагдах олонлогоо ол гэсэн. Хайдеггер үнэн бай гэсэн.

Эдний хэлээд байгаад нэг нийтлэг санаа давтагдаад байх шиг. Тэр нь ямар нэг том олонлог, эх хөлөг, гэр, үүр.. юу ч гэдэг юм нэг тийм бүхэллэгт эргэж нэгдэх, эсвэл нэгдэх замаа олох. Орь ганцаар хүн би тэгээд миний ухамсраар таслагдсан тэр үүрээ, гэрээ эргээд яаж олох вэ? Сансрын уудамд хөвж байгаа ганц хиймэл дагуул эх хөлөгтөө юугаар залгагдах вэ? Хэзээ бүхэллэгт эргэж нэгдэх вэ, хүний ганцаардал хэзээ дуусах вэ?

Усан нүд цусан зүрхтэй ердийн хүн би энэ том асуултад хариулж мэдэхгүй байна. Гэхдээ яг өнөөдөр ганцхан холбоос хэлээд өг гэвэл эх хэлээ сур гэж хэлэх байна. Эх хэлээ сур. Гэхдээ энэ нь монгол хэл байх албагүй. Эх хэл чинь гэж хэлж чадах нэг хэлтэй байгаарай гэж байгаа юм. Төрсөн газар, нутаг устай чинь, хүн ардтай нь чиний нөгөө өчүүхэн нүцгэн биеийг холбож байгаа нэг шууд зам бол эх хэл юм. Оюун санаа үргэлж чамайг ертөнцөөс ангид, ганцаар болгох чиглэлд ажиллаж байдаг. Харин холбох чиглэлд ажилладаг ганц гайхалтай багаж бол хэл, тэрийгээ бүрэн дүүрэн ашиглаарай гэж байна. Учир нь эх хэл бол дан ухамсар биш, бие юм, мэдрэмж юм, айзам юм, сүнс юм. Эх хэлтэй холбоотой боловч тусдаа нэгдүгээр хэл гэж ойлголт онолд бий. Тэр бол жинхэнэ нөгөө ухамсар, хүний сэтгэх тунгаах чадварт холбоотой. Бизнесийн хэл бол бүр наад захын асуудал. Дэлхийн хамгийн том хэл юу вэ гэсэн чинь нягтлан бодох гэж онигоо мэдэх үү хаха, бизнесийн хэлийг тэр хавьцаа ойлгочиход болно. Нябогийн анхан шатны дамжаанд 3 сар хангалттай(энэ нь нягтлан бодох чухал биш гэсэн утга биш болохыг анхаарч хэлтрүүлнэ үү).

Өнөөдөр харин томчууд, эцэг эхчүүд өөрсдөө нябогийн дамжаанд сууж амжаагүй комплексоо дараа үед нялзааж, эх хэлний боловсролыг бизнесийн хэлний сургалттай хольж хутгасаар байна. Өрөөлийн хэл бол багаж, өөрийн хэл бол амь гэж үг тарж харагдана лээ. Поп сонсогдох авч хэл шинжлэл, философид ч  дэвшүүлж ирсэн өнцгийг ардын мэргэн ухаанаар шахаж өгүүлсэн айхтар хэлц байна билээ. Бизнесийн хэлийг 40 настайдаа сурч болно. Харин төрсөн газар, хүн ардынхаа сэтгэлгээг бие сэтгэлдээ шингээж, хаа нэг бүхэллэгт харьяалагдаж байгаа юм шиг, гэртэй үүртэй хүн шиг мэдрэмжтэй амьдрах боломжийг магад зөвхөн 4 настайдаа л олж авдаг байж мэднэ. Ерөнхий дүрэм: Тоолж болох юмны төлөө тоолж болохгүй юмыг хэзээ ч битгий золь. Ялангуяа өөрийн биш хүний ирээдүй шийдэх гэж байгаа бол. Мөнгө олоход улам бүр амархан, харин үүрээ олоход улам бүр хэцүү дэлхийд хүүхэд чинь амьдарна. Ухамсар ажиллаж эхэлснээс хойш гүнзгийрч ирсэн түүхийн чиг хандлага нь тийм юм. Ганцаар төрсөн хүний сүнсийг нэмж битгий нүцгэл, хүүхдээ нэг бүхэллэгт эх хэлээр нь холбож өг. Амьдрал хийгээд сэтгэл зүрх бизнесээс агуу байсаар ирсэн, байсаар байх болно.

4 настайдаа би цэцэрлэгт хүүхдүүдийн дунд суугаад үлгэр уншдаг бацаан байлаа. Тэр цагаас хойш монгол хэлээр хооллосон. Бүр 20 хүрсэн хойноо япон хэл сурч эхэлсэн. Хэцүү уншлага өгөхөд нэг жил сурсан хэлээрээ уншиж байгаа надаас ангийн япон оюутнууд(ихэнх нь олон хэлтэй репат) юм асуудаг байсан, тэр нь нэгдүгээр хэл дээрээ сэтгэж сурсан хүний давуу тал байсан гэж боддог. Хоёрдугаар дамжаанаас дипломат орчуулга хийдэг баян оюутан болсон. Төгсөхдөө нэрэмжит шагналтай төгссөн. Одоо натив биш ч Японы томчуудтай ажиллаж л байна. Магадгүй тэд миний япон хэл сайн болохоор биш эх хэлнээсээ ихийг авсан сонин гар болохоор ажилладаг. Ингээ л онгирсон хэрэгт орж байгаа ч бизнесийн, академийн хэл сурахад яарах зүйлгүй гэдгийг хэлэх гээд бичлээ. Нэгдүгээр хэлтэй бол өөр хэл дээр ч уншина, эх хэлтэй бол уран зохиолыг нь буулгана. Рашёомоныг орчуулах бүдүүн зүрх гаргасан нь ч тэрийг буулгах монгол хэл нь миний дотор байсан болохоор. Монгол хэл бол миний тулах цэг.

Энэ зураг Алтай Таван Богдын өвөрт ганцаар тэнэж яваа зураг. Энд надад нэг тийм үүрэндээ, гэртээ байгаам шиг амар тайван, нөмөртэй мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмж хаанаас төрж байна вэ? Энэ нутаг ус, тэнгэр газартай би юугаар холбогдож байгаа юм бол? Эгэл хөх өвгөд, атигар эмгэдийн өгүүлэх монгол хэлэнд юу агуулагднав? Энийгээ ойлгочоод би үүрээ эрж яваа ганцаардмал төрөлд эх хэл дээрээ үлгэр хэлж өгөхийг хүснэм. Ээ... даанч одоохондоо чадахгүй нь, эх хэлээ би дутуу сурч. Улам бүр монгол хэл рүү шигдэж, улам бүр Монголын гүн рүү шагайж, улам бүр монгол хүнийг ухаж, улам бүр хөлөө бэхэлмээр. Өргөн дэлхийд орь ганцаар бэдэрч явнам. Гэхдээ нүцгэн шидэгдэж ирээд нүцгэн шидэгдэж буцахын зуурт ядаж нэг тулах цэгтэй амьдарч яваадаа бүгдэд талархана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

arrow icon