Нийтлэл 09 сарын 29, 2020

Номын тэмдэглэлийг хэрхэн бичих вэ?

 “Зохиолч, философич Мортимер Адлер (1902-2001) нь Неэв Ёорк (New York) хотод төрсөн бөгөөд Чикагогийн Их сургуульд багшлах үедээ философийн ухааны судалгаа эрхлэх институтыг чиглүүлэхээс гадна “Гайхалтай номууд” төслийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Арван жилдээ сургуулиасаа хасагдаж байсан ч Философийн ухааны доктор зэргийг хамгаалж чадсан Адлер нь Британикка цувралын редактор байснаас гадна боловсрол болон философийн тухай маш олон зүйлсийг бичиж үлдээсэн байна. Барууны соёл иргэншлийн үзэл санааг түгээхээр өөрийн амьдралын ихэнх хугацааг өнгөрүүлсний нэгэн жишээ нь 54-н цуврал бүхий “Барууны ертөнцийн гайхамшигт бүтээл” номууд юм (1954 онд бичигдэж 1990 онд шинэчилж хэвлэсэн байдаг). Эрхэм бээр ‘Ном хэрхэн унших вэ: Либерал боловсрол олж авах урлаг’ (1940) бүтээлээрээ алдартай. Үүний үргэлжлэл болж доорх эсээ нь 1940 онд анх хэвлэгдэж байсан.

“1940 онд бичигдэж байсан энэхүү жижгэвтэр эсээ нь үнэ цэнийн хувьд одоо үеийн бидэнд ч нэгийг бодогдуулж, хоёрыг сануулах хийгээд, цаашлаад практик ач холбогдлыг нь тооцсоны учир уншигч би бээр энэхүү эсээг орчуулах үйлсэд сэтгэл шулуудсан билээ. 80 жилийн өмнө философич Адлерийн бичсэн энэхүү бичвэрийг бөмбөрцөг дэлхийн нөгөө хагаст ч уншиж байх юм гэж зохиолч маань төсөөлсөн эсэхийг мэдэхгүй. Юутай ч энэхүү эсээг уншиж дуусаад энэхүү бичвэр нь юуны учир одоог хүртэл ач холбогдлоо алдалгүй, алдартай хэвээр үлдсэнийг уншигч эрхэм та дүгнэлт хийгээд үзээрэй” (Орчуулагч).

Хэрхэн ном дээр тэмдэглэл хийх вэ (Мортимер Адлер)

Юу гээч, аливаа бичвэрийг өөртөө шингээе гэж бодож байвал мөр нэг бүрээр нь унших нь чухал. Эрхэм уншигч таныг үүнээс дутахааргүй нэгэн чухал зүйлд ятгах гэж байгаа минь энэ л дээ. Би таныг мөр хооронд нь бич хэмээн ятгаж байгаа нь энэ. Хэрэв үгүй гэвээс та тийм ч сайн уншигч биш болж таарах байх. Ном дээрээ тэмдэглэл хийх нь номоо бузарласан, эсвэл сэвтээсэн хэрэг биш бөгөөд харин ч таны номдоо хайртай байгаагийн илрэл юм шүү. Мэдээж өөрийн биш номдээрээ тэмдэглэх хэрэггүй.

Номын санч эсвэл найз чинь номыг нь цэвэрхэн, гамтай ашиглаад буцааж өгөхийг хүсэх нь мэдээж (чи тэгэх ч ёстой). Ном дээр тэмдэглэх нь зөв гэж шийдсэн бол эхлээд чи номоо худалдан авах шаардлагатай. Орчин үед дэлхийн сор болсон бүтээлүүд ахин хэвлэсэн хувилбараараа олдож л таарна. Заа тэгэхээр танд номтой болох хоёр арга байна. Эхнийх нь хувцас, тавилга авдаг шигээ үнийг нь төлөөд өмчийн эрхийг нь шилжүүлэн авах. Гэхдээ энэхүү худалдан авах арга нь тухайн номоо өөрийн эзэмшилдээ оруулж байгаагаас цаашгүй хэрэг гэдгийг санагтун. Номыг бүхэлд нь өөрийн болгоно гэдэг бол өөрийнхөө нэг хэсэг болгохын нэр бөгөөд, үүнийг хийх хамгийн оновчтой арга бол дээр нь тэмдэглэл хийх билээ.

Нэг жишээ өгчихвөл миний санаа тодорхой болох биз. Та худалдаачнаас өөртөө зориулж гахайн мах авлаа. Гэвч та тэр гахайн махаа хоол болгон бэлтгэж хоол боловсруулах системд нэвтрүүлэн улмаар өөрийнхөө цусны эргэлт рүүгээ оруулаагүй цагт тэр мах өөрийнх чинь болгоогүй байна аа л гэсэн үг. Үүнтэй адилаар ном ч гэсэн таны цусны эргэлт рүү нэвчих, шингэх ёстой. Номыг “өмчлөх, өөрийн болгох” гэдэг үг ихэнх тохиолдолд цаас хавтасны нийлэмж, биет байдлыг нь илтгэдэг юм шиг эргэлзээ төрүүлэх нь бий.  Хэвлэсэн цаас л хураагаад байгаа тохиолдолд аугаа зохиогчоос нь илүүтэй номыг нь хэвлэсэн принтэрт нь учир байгаа хэрэг биш үү?

Үзэсгэлэн төгс номын сан эзэмшигчээ гайхалтай номуудаар цэнэглэгдсэний баталгаа болж чадахгүй. Харин тухайн эрхэм, түүний аав эсхүл эхнэр нь олон ном авч чадах баян юм байна аа гэдгийг бол харин баталж чадна шүү.

Ном өмчлөгчдийг нийтэд нь гурван бүлэгт хувааж болох юм. Эхнийх нь маш сайн худалдан авагчид—хуудсыг нь ч эргүүлж үзээгүй, уншаагүй. (Энэ бүлгийнхэн бол номын үртэс бэх хоёр авсныгаа номтой болсон гэж андуурч яваа хүмүүс). Хоёр дахь бүлгийн хүмүүс олон гайхалтай номтой ч хэдийг нь л гүйлгэж уншсан байх бөгөөд ихэнх номууд нь худалдагдсан өдрийнх шигээ цэвэрхэн бөгөөд гялтгар. (Энэ төрлийн хүн ном авах дуртай ч зүгээр л өнгө үзэмж, хэлбэрийн талын хүндэтгэлд нь болдог гэхэд хилсдэхгүй). Гурав дахь төрлийн хүн цөөхөн номтой ч байж болно олон ч байж болно—гэхдээ ном бүр нь хэрэглээний явцад элэгдэж, гандаад эхнээсээ дуусах хүртлээ сараачуулж, тэмдэглүүлсэн байна. (Энэ хүн номоо өөрийн болгожээ). Мэдээж сайхан хэвлэсэн ховор номыг хайрлаж, гамнасандаа гар хүрээгүй нь хуурамч хүндэл биш ээ. “Алдагдсан диваажин” зэрэг зохиолын эхний хэвлэл дээр сараачих нь хүүхдэдээ тосон харандаа бариулаад Рэмбрандтын уран зургийн урд суулгаж байгаатай агаар нэг хэрэг. Би хэзээ ч уран зураг эсвэл хөшөөн дээр тэмдэглэл хийж зүрхлэхгүй. Үнэ цэнэ нь материаллаг биеэсээ салшгүй эд шүү дээ. Үүнтэй адилаар ховор хэвлэл, загвартай номууд бол уран зураг, хөшөөнөөс ялгаа юу байхав. Гэвч номын үнэ цэнийг биеэс нь салгаж болно. Ном бол уран зургаас илүүтэй хөг эгшиг, хөгжимтэй адилхан юм уу даа. Ямар ч гайхалтай хөгжмийн зохиолч ноот хэвлэчихсэн цаасыг аугаа симфони хөгжимтэйгөө андуурахгүй.

Хөгжмийн зохиолч Артуро Тоскони нь Иоханэс Брахмыг шүтэн биширдэг байсан хэдий ч Тосканигийн Ж минор найралын оргил цэгийн тэмдэглэлийг өөрөөс нь өөр хэн ч уншиж чадахгүй. Гайхалтай хөгжмийн зохиолчид ноот бичсэн дэвтрээ судлах бүрдээ дээр нь ахин дахин тэмдэглэл хөтөлж, сараачдагийн адилаар чи ч гэсэн ном дээрээ тэмдэглэх хэрэгтэй. Зохиолч нь гарын үсэг зурчихсан, аривнайлчихсан эд юм бол хямдхан хувилбарыг нь худалдаж аваад зохиолчид нь хүндэтгэл үзүүлчхэж яагаад болохгүй гэж?

Одоо яриагаа ном дээр тэмдэглэл хийх нь яагаад хэрэгтэй байдаг тухай хандуулъя.

Нэгт ингэснээр чи сэрүүн байж чадна. (Зүгээр л оюун ухаантайгаа байх талаар хэлээгүй; Бүхэлдээ соргог байх тухай хэлж байна). Хоёрдугаарт хэрэв чи идэвхтэйгээр уншвал сэтгэж байна аа гэсэн үг бөгөөд сэтгэн бодох нь хэл яриа болон бичгийн хэл болж илрэх талтай. (Яг л би энэ бичвэрийг энэ цаг мөчид орчуулаад сууж байгаа шиг-Орч)

Тэмдэглэгдсэн ном бол оюун ухаан зарцуулагдсан ном байдаг. Эцэст нь бичиж байна аа гэдэг бол тухайн үедээ бодсон бодлоо эсвэл зохиогчийн гол санааг эргэн санахад тусалдаг юм. Хэрэв уншлага гэдэг бол цаг нөхцөөхөөс илүү зүйл юм бол энэ нь идэвхитэй байх ёстой. Хэдэн өгүүлбэр дээр нь хараагаа тогтоомор болж, гүйлгэж уншсан зүйлээ ойлгосон гэж хэлэхэд бэрх. Яахав “Салхитай хамт арилсан нь” гэх мэт хөнгөн уран зохиолын ном уншихад бүтээлч уншлага шаардлагагүй. Таатай мэдрэмжийн төлөө уншиж байгаа бол сайхан тайван байхад юу нь буруу байх билээ.

Харин хүн төрөлхтний үндэс суурь болсон асуултуудад хариулт өгсөн, үзэл санаагаар баялаг, аугаа номууд танаас хамгийн бүтээлч уншлагыг л шаардана. Эрхэм Валлэе-ийн дуулахыг сонсдог шигээ Жон Дивэй-н санаануудыг ойлгочихно гэж байхгүй. Сэрүүн зүүрмэглэж байхдаа ойлгочихно гэж чинээ санах ч хэрэггүй. Хэрэв сая нэг ном уншиж дуусгаад, тэр номын чинь хуудаснууд өөрийн чинь тэмдэглэлээр дүүрсэн байвал зээ чи өөрийгөө бүтээлчээр уншсан гэдгийг мэдэж болно.

Миний мэдэх хамгийн бүтээлч уншигч бол Чикагогийн их сургуулийн захирал Хүтчинс билээ. Мөн тэрбээр миний мэдэх хамгийн шахуу цагийн хуваарьтай хүн юм. Эрхэм бээр унших бүрдээ гартаа харандаа атгаастай байдаг бөгөөд ядарсан үедээ ухаалаг тэмдэглэл хийхийн оронд түүний хэлдгээр “цаг нөхцөөж” байна гэж үзвэл тэр даруй номоо буцаагаад хураачихдаг төрлийн хүн билээ. Учир нь Хүтчинс өөрийн биеэ ядарсныг гадарлаж буй учир ингэж суух нь цагийн гарз гэдгийг мэддэг юм.

Магадгүй та надаас яагаад бичих шаардлагатай юм бэ? гэж асууж болох. Юу вэ гэхээр өөрийн гараараа бичих физик үйлдэл тань уншиж буй өгүүлбэрүүдээ ой санамждаа гүн гүнзгий хадгалахад тань тусалдаг юм.

Саяхан уншсан чухал үг, өгүүлбэртэй холбогдож тархинд тань бий болсон асуултуудаа мэдэрсэн сэтгэл хөдлөлтэйгөө хамт буулгаснаар та тэрхүү мэдрэмжээ хадгалан, асуултуудаа улам л цэгцтэй болгож буй хэрэг. Дэвтрийн цаасны үзүүр дээр бичсэн цаасаа хогийн сав уруу чулуудчихсан байлаа ч та тухайн номноосоо ямар нэг санааг нь зулгаасан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ тэр жижигхэн цаасаа хаях гэж яараад хэрэггүй. Хуудас хооронд нь хавчуулчих хангалттай зай номд чинь бий шүү дээ.

Номын хоосон зайнууд чинь ариун зүйл биш шүү дээ. Хамгийн чухал нь өөрийн ном дээрээ тэмдэглэл үлдээх нь тухайн номынхоо чухал хэсэг нь болж тэндээ үүрд үлднэ. Долоо хоногийн дараа, магадгүй жилийн дараа нөгөө номоо эргүүлээд харахад гол санаа, эргэлзээ, шүүмжээ эргэж харах нь түр зогсоосон харилцаагаа яг үлдээсэн тэр байдлаар нь эргүүлэн олж авч буй хэрэг. Ном унших нь ийм л байвал уг нь зүгээр: номын зохиолч та хоёрын харилцаа шиг. Зохиолч номд өгүүлэгдэж буй сэдвээ уншигч танаас илүү мэдэх нь мэдээжийн зүйл бөгөөд түүний үзэл санаа руу дөхөх тусам зохиолчийг нь хүндэтгэж буйгаа илтгэхтэй адил. Гэхдээ уншигч тал нь л зөвхөн авч байх зорилготой гэж бодож болохгүй шүү.

Ойлгох нь хоёр талт үйл ажиллагаа; сурах гэдэг нь хоосон саванд мэдлэг дүүргэх биш юм. Суралцагч нь ямагт өөрийгөө шалгаж, багшаа шалгааж байх нь зүй. Багшийнхаа тайлбарлаж буй санааг ойлгосон бол мэтгэж ч болно. Үүнтэй адилаар ном дээр тэмдэглэл хийх нь чухамхүү зохиолчтой санал нийлэх эсвэл зөрж буйн илрэл билээ. Үр дүнтэй, ухаалгаар ном дээр тэмдэглэл хийх маш олон аргууд бий. Би яаж хийдгээ харуулъя: Гол санаа, хүчтэй үндэслэлүүдийг нь тодруулах юм уу доогуур нь зурах. Тодотгосон үндэслэлүүдээ тодруулахын тулд номын аль нэг төгсгөлд нь босоо шугам татах.

Од* чагтыг# буланд нь тэмдэглэснээр номынхоо хамгийн гайхалтай санаануудыг тэмдэглэж болно (Яахав ийм тэмдэглэгээ бүхий хуудасны буланг нугалж болох. Орчин үеийн бат бөх цаасыг ингэж нугалснаараа өвтгөхгүй. Дараа хэрэг болсон үедээ номын тавиураас нь сугалж аваад нугалсан нүүрээ олох боломжтой.) Хуудасны булан дээр нь тоо1 тавьснаар зохиогч тухайн нэг үндэслэлээ батлахын тулд хийж буй гинжин дарааллыг мэдэх боломжтой. Өөр хуудсан дээр нь тухайн нэг1 тоо байвал зохиогчийн өмнөх үндэслэлээ дэмжих, батлах гэж хийж буй зангилааг нь илтгэх бөгөөд ондоо хуудас дээр бичигдсэн нэгэн санааг нэгтгэж өгдөг юм.

Чухал холбоо үг, түлхүүр үгүүдийг дугуйлах юм уу тодруулах. Мөрийн эхлэл, төгсгөл юм уу хуудасныхаа дээд талд эсвэл доор нь толгойдоо буусан асуултаа болж өгвөл хариулттай нь бичих хэрэгтэй. Мөн төвөгтэй бичвэрийг хялбар болгож хувиргах; чухал үндэслэлүүд нь номтойгоо хэрхэн уялдаж буйг ч тэрхүү хэсэгт тэмдэглэж болно. Номын төгсгөлд байх хоосон зайг би зохиогчийн өгсөн гол санаануудыг хөтлөх индекс маягаар ашигладаг. Харин өмнөх хуудсан дахь зай бол миний хувьд хамгийн чухал. Зарим хүмүүс хуудсыг тансаг хоолны таваг шиг цэвэрхэнээр нь хадгалдаг юм билээ.

Харин би тэр зайг гоёмсог санаанууддаа хадгалдаг. Номоо гүйцэд уншиж дуусаад сүүлийн хуудсан дээр нь хувийн индексээ биччихээд би урд талын хэсэгрүү шилждэг. Энд би тухайн номын дэвшүүлсэн санаа бүрийг, эсвэл хуудсаар нь бичдэггүй. Учир нь би үүнийг хамгийн сүүлийн хэсэгт нь биччихсэн шүү дээ. Тэгэхээр би юу бичдэг вэ гэвэл номын дотоод бүтэц, үндсэн бүрдэл хэсгүүдийн логик дэс дарааг нь тэмдэглэдэг. Энэ үйлдлийг би тухайн номыг хир зэрэг ойлгосноо хэмжих шалгалт ч гэж хэлж болно.

Хэрэв зээ уншигч танд номын төгсгөлийн хуудас, мөр хоорондын болон төгсгөлийн зай хангалттай санагдахгүй байх, эсвэл бүр ном дээр тэмдэглэх нь огтоос буруу юм шиг санагдаад байдаг бол номын хуудаснаасаа жижигхэн хэмжээтэй цаасан дээр сараачвал яаж байна? Жижигхэн цаас хэрэглэж байж хуудасных нь эрмэг цухуйхгүй байх биз. Номын индекс, тодруулах зүйлсээ бичсэн хуудсаа номын хавтасных нь урд хойно нь хавчуулчих. Цаашлаад та ном дээр ингэж тэмдэглэл хийх үйл ажиллагаа нь миний унших хурдыг удаашруулж байна гэж бодож болох юм. Мэдээж удаашруулалгүй яахав. Энэ чинь л тэмдэглэл хийж уншихын том шалтгаан юм шүү дээ. Бидний ихэнх нь хурдан унших нь бидний оюун ухааны хэмжүүр болдог гэдэгт итгэсэн байдаг. Тэгвэл номыг ухаалгаар уншихад тохирсон хурд гэж зүйл огт байхгүй гэдгийг хэлье.

. Сайн номын хувьд бол тухайн номын санаануудыг дайрч өнгөрөхөөс илүүтэй хэдэн санаа нь таны оюун ухаанаар шүргэх тухай яригдах юм—хэдэн санааг нь та өөрийн болгож чадах вэ. Цөөхөн найз мянган танилаас илүү гэж... Энэ хандлагаар (ингэх нь ч зөв) та сайн номыг уншиж байхдаа өдөр тутмын мэдээ уншдагаасаа илүү анхаарал, хүчин чармайлтыг гаргах нь дамжиггүй.

Эцэст нь ном дээр тэмдэглэхгүй байх сүүлчийн эсэргүүцлийг бодож болох юм. Та тэмдэглэл хийсэн номоо найздаа зээлж чадахгүй бөгөөд яагаад гэдэг нь ч ойлгомжтой биз. Гэвч уншигч та тухайн тэмдэглэл бүхий номоо бусдад зээлдүүлэхийг хүсэхгүй бөгөөд учир юу гэвээс энэ бол таны оюуны өмч, бүтээл юм. Үүнийгээ зээлдүүлэх нь өөрийн оюун санааг өгч байгаагаас ялгаа үгүй. Хэрэв зээ найз тань Плүтархийн амьдрал (1470 онд анх Ромд хэвлэгдэж байсан), Шекспир, Холбооны баримт бичиг гэх зэрэг үнэ цэнэтэй номуудыг чинь зээлж уншихийг хүсвэл түүнд аядуу хэрнэ зоригтойгоор худалдаж авахыг санал болгочих. Найздаа хүрэм юм уу машинаа зээлж болно—харин таны номууд бол оюун санаа эсвэл зүрхний тань хэлтэрхийгээс ялгаа үгүй билээ.  

Мортимер Ж Адлер 1940 он.

Англи хэлнээс орчуулсан: Т.Лхагважаргал (МУИС-ХЗС III)             

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-10-09

    Гоё2 санаа авлаа баярлалаа

    • Зочин
    • 2020-09-30

    одооноос итгэлтэйгээр ном дээрээ зурж ажиллана аа.

    • Зочин
    • 2020-09-30

    Эрдэм мэдлэгийг түгээхэд яагаад харамч байх ёстой гэж, харин ч сайн номыг найз нөхөд, гэр бүлийнхэндээ уншуулах хэрэгтэй. Гэгээрэх нэгэнд гэрэл бол, гэдэг биз дээ.

    • Зочин
    • 2020-09-30

    Эрдэм мэдлэгийг түгээхэд яагаад харамч байх ёстой гэж, харин ч сайн номыг найз нөхөд, гэр бүлийнхэндээ уншуулах хэрэгтэй. Гэгээрэх нэгэнд гэрэл бол, гэдэг биз дээ.

    • Хатансайхан
    • 2020-09-29

    Сайхан орчуулга болсон байна. Номын санд сууж цаг нөгцөөх байдлаар ном унших бус харин өөрөө худалдаж аваад тэмдэглээд өөртөө юм наалдуулж унших илүү чухал талаар эргэцүүлэхэд хүргэлээ.

    • Хатансайхан
    • 2020-09-29

    Сайхан орчуулга болсон байна. Номын санд сууж цаг нөгцөөх байдлаар ном унших бус харин өөрөө худалдаж аваад тэмдэглээд өөртөө юм наалдуулж унших илүү чухал талаар эргэцүүлэхэд хүргэлээ.

    • Гантуяа
    • 2020-09-29

    Сайн номын хувьд бол тухайн номын санаануудыг дайрч өнгөрөхөөс илүүтэй хэдэн санаа нь таны оюун ухаанаар шүргэх тухай яригдах юм. Энэ өгүүлбэр сэтгэлд их хүрлээ. Хүн ер нь номыг уншдаг болохоос тогтоодоггүй, дайраад өнгөрдөг гэдгийг хэдэн жилийн өмнөөс ойлгосон. Яаж тэдгээрийг бүтээлчээр тогтоох вэ? гээд бодож олсон санаа минь номын тэмдэглэлийн дэвтэр хөтлөх байсан юм. Гэхдээ яагаад миний санаснаар үр ашгаа өгөхгүй байсныг одоо ойлголоо. Одоо зүгээр хайртай номнуудаа жинхнээсээ өмчлөөд, эдэлмээр санагдчихлаа. Хүртээлтэй нийтлэл байна. Баярлалаа.

arrow icon