Нийтлэл 10 сарын 23, 2020

Найдвартай мөнгийг хэрхэн бүтээх вэ: ШВЕЙЦАРЬ ФРАНКЫН ЖИШЭЭ

Мөнгө эдийн засагт төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Мөнгөний ачаар бараа үйлчилгээ солилцоход хялбар болж, худалдаа наймаа идэвхтэй өрнөх боломж бүрдсэн. Бид өөрсдөө бүгдийг хийх бус харин тодорхой нэг мэргэжил эзэмшээд олсон орлогоороо талх, үсчний үйлчилгээ эсвэл орон байраа худалдаж авдаг орчин үеийн эдийн засгийг бүтээхэд мөнгө чухал үүрэгтэй гэсэн үг. Хөдөлмөрийн хуваарь ийнхүү гүнзгийрч, эдийн засагт бүтээмж дээшилж, хөгжил дэвшлийн хурдыг түргэсгэхэд ихээхэн тус болдог мөнгө өөрөө итгэж болохоор, найдвартай хэрэгсэл байх нь мэдээж чухал. Найдвартай мөнгийг бүтээхэд юу чухал вэ гэдгийг Швейцарь франкын жишээгээр авч үзье.

Швейцарь франк нь ам.доллар, евро, йен, фунт стерлингийн дараа орох олон улсын нөөцийн валют болдог. Өөрөөр хэлбэл тус улсын мөнгөн тэмдэгт геополитикийн хүч, эдийн засгийн хэмжээ, хүн амын тоогоор харьцуулшгүй том орнуудын валютаас ч хүчтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мөнгө болсон гэсэн үг. Дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулагчид мөнгөө юунд байршуулбал хамгийн аюулгүй вэ гэж бодож буй энэ үед швейцарь франк нэг сонголт нь болж буй. Швейцарийн үндэсний банкны 100 гаруй жилийн туршлага дээр үндэслээд найдвартай мөнгийг бий болгоход дараах 3 зүйл шаардлагатай гэж төв банкны ерөнхийлөгч нь тайлбарлажээ [1]:

1) Төсвийн сахилга бат чухал: Улсын төсөв сахилга баттай байснаар улстөрчид мөнгө хэвлүүлж "сахилгагүйтэх" шаардлага бага. Улстөрийн амлалтуудаас болж орлоготойгоо нийцээгүй хэт өндөр төсвийн зарлагыг санхүүжүүлэхийн тулд төв банкаараа мөнгө хэвлүүлэх үзэгдэл олон улсын түүхэнд ховор биш. Энэ нь мэдээж мөнгөний үнэ цэнийг хадгалахад сайнгүй. Харин Швейцарийн хувьд төсөв нь сахилга баттай явж ирсэн нь швейцарь франкын үнэ цэнийг хамгаалсаар иржээ.

2) Хараат бус төв банк чухал: Төв банк улстөрийн нөлөөнөөс хараат бус үед мөнгөний бодлого зохистой хэрэгжинэ. Швейцарийн төв банкны хувьд, мөнгө хэвлэх онцгой эрхтэй энэ институц популист улстөрийн замбараагүй амлалтуудыг санхүүжүүлэх бус, харин хуулиар ногдсон тодорхой зорилго - "үнийн тогтвортой байдлыг хангахын тулд" эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдах хууль эрх зүйн бүрэн хамгаалалттай, тэр нь хэрэгждэг. Улмаар төв банкны үйл ажиллагаанд итгэх итгэл өндөр, нийлүүлж буй мөнгөн тэмдэгт нь найдвартай байх үндэс болжээ.

3) Эрүүл найдвартай банк, санхүүгийн систем: Банкны систем эрүүл үед мөнгө үржих процесс хэвийн явагдана. Швейцарийн эдийн засагт эргэлдэж буй мөнгөний 90% нь банкинд байршиж буй үед мөнгөнд итгэх итгэлийг хадгалахад эрүүл банкны систем маш чухал. Швейцарь олон улсын санхүүгийн нэг төв бөгөөд дэлхийд тэргүүлэх банк санхүүгийн байгууллагууд энд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны стандарт, хяналт шалгалтын стандарт нь банкинд итгэх итгэлийг бий болгодог, банкинд хадгалагдаж буй мөнгөнд итгэх итгэлийг хадгалдаг.

Орчин үед мөнгийг заавал алтаар баталгаажуулах шаардлагагүй болсон нь эдийн засгийн эрэлтээс хамаараад мөнгөний бодлого уян хатан хэрэгжих, ялангуяа эдийн засгийн уналтыг зөөлрүүлэх бодлогын орон зайг олгосон. Гэхдээ фиат мөнгө буюу цаасан мөнгөнд итгэх итгэлийг хадгалах, найдвартай мөнгийг бий болгоход илүү хичээл зүтгэл шаардлагатай болжээ. Дээрх 3 зүйлийн нийлбэр үр дүнд мөнгөнд итгэх итгэл хүчтэй, цаасан мөнгө ч найдвартай солилцооны хэрэгсэл байх болно.

[1] Тhomas J.Jordan:  What constitutes sound money

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon