Нийтлэл 01 сарын 23, 2021

Зүрхэн газрын Монгол

2020 оны ээлж дараалсан гамшигт нуруугаа авахуулах шахсан дэлхий шинэ оноос илүү сайн сайхныг хүлээж байсан нь дамжиггүй. Даанч он гармагц АНУ-д иргэд нь конгрессийн байр руугаа дайрч орсон үймээн гарч 5 хүний амь үрэгдэв. Цаг үеийн хамгийн хүчирхэг гүрний иргэд төрийн ордондоо халдана гэдэг Америкийн төдийгүй дэлхийн түүхэнд ховорт орох үзэгдэл юм. Өөрийгөө бусад орны төрийн ордныг хамгаалах үүрэгтэй гэж үздэг, интервенц хийдэг орон өөрийнхөө ордныг хамгаалж чадаагүй гэдэг нь асуудлын хамгийн даажинтай өнцөг. Америкт хувьсгал гардаггүй, яагаад гэвэл тэнд Америкийн элчин сайдын яам байдаггүй гэх маягийн утгатай явган шог хүртэл байдагсан.

Тогтворгүй дэлхий

Ардчиллын лидер оронд хүртэл нийгмийн дэг журам голомт дээрээ тийм амархан эвдэгдсэнд дэлхий нийтээрээ цочирдов. Гэхдээ энэ үйл явдлыг Америк төдийгүй дэлхий дахинд сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн тогтворгүй байдлын чиг хандлагад тавьж харах хэрэгтэй. Аливаа үзэгдэл мөн чанартаа тултал хурцдахаараа илүү анзаарагддаг. Капитол Хиллд тулахаасаа өмнө Америкт 2019 онд гэхэд гуравхан сарын дотор улстөрийн мөргөлдөөн, хүчирхийллээр 50 хүн нас барж, “Хар амьдрал ч үнэ цэнэтэй” хөдөлгөөнөөр зөвхөн 2020 онд дор хаяж 25 иргэний амь үрэгдээд байлаа. Белю нарын түүхчид Америкийн хөрсөнд хэт барууны экстримизмийн үр боловсорч байгааг, Фүкүяма нарын түүхч судлаачид арьс өнгө, бэлгийн чиг баримжаа зэрэг шинж чанарын баримжаатай хэт зүүний туйлшрал газар авч байгааг анхааруулж болгоомжлуулсаар ирэв.

Америк дахь хэт баруун ба хэт зүүний улстөрийн савлагаа дэлхий дахинд, манай Монгол руу ч хальсан тухай өмнө нь бичиж хүргэсэн. Европын парламентад ч хэт баруун зүүний экстримүүд бараг 30 хувийн суудлыг эзлэх боллоо. Сүүлийн 50 орчим жил гүнзгийрч ирсэн орлогын хэт ялгаа ба 2008 оны эдийн засгийн их хямрал онолын болон бодлого хэрэгжүүлэгч засгийн газруудын нэр хүндийг унагав. Улстөрийн экстримизмээс гадна өөр хэд хэдэн хүчин зүйл дэлхийн тогтворгүй байдалд нөлөөлөв. Ойрх Дорнод дахь шашны зөрчил улам хурцдаж, газар сайгүй цагаачлал хүнд асуудал боллоо. Хүн өөрийгөө юуг авах эрхтэй гэж үзэх нь ардчилсан үзэл дор улам нэмэгдэх атал юуг авах боломжтой байх нь орлогын ялгаагаар улам хумигдаж Тедд Гурр нарын тодорхойлсон “харьцангуй гачигдал” улам нэмэгдлээ. Харьцангуй гачигдал нэмэгдэх тусам хуваагдал, хүчирхийлэл, туйлшрал нэмэгддэг зүй тогтол Америк төдийгүй дэлхий дахинд үйлчлэв. Ингээд зөвхөн 2019 онд гэхэд ACLED-ийн мэдээлж байгаагаар дэлхийд 91,488 улстөрийн зөрчил мөргөлдөөн, дайн гарч, 126,047 хүн амь үрэгджээ.

Ийм дэлхийн газрын зургийг дэлгээд харвал энд тэндгүй улаан цэг, дайны галд талхлагдсан харагдана. Тайван амгалан тал нутагтаа чанасан мах огтолсон шиг суугаа монгол хүнд тэр зураг их л сонин харагдана буй заа. Үнэхээр ч бөмбөрцгийн зураг дээр улаан цэггүй нэг том хэсэг байгаа нь Оросоос Монголоор дайрч Хятад руу гарсан Евразийн хойд, зүүн талын асар өргөн уудам газар нутаг. Гэхдээ Монголчууд бид Монголын их амар амгалан гэж ардын хэлнээ буулгасан энэ их тал нутгийн энх тайвныг хэзээд мөнхөд баталгаатай мэт санаж, сүх далайтал үхэр амар сууж болохгүй. Бүс нутагт энх тайван тогтож байгаа цаад хүчин зүйлсийг шинжилж, тогтворгүй байдлын эрсдэл потенциалаа үнэлж байх шаардлагатай. Үүнийг бичиглэгчийн зүгээс харахад жам ёсны болон бусад шалтгаанаар манай улсын хувьд тогтворгүй байдлын хүчин зүйлс нэмэгдэх хандлагатай байна.  Заримаас нь дурдъя.

Монголын аюулгүй байдал

Өмнөх нийтлэлд тоймлосноор Монгол нь дэлхийд нээлттэй, чиг хандлагыг хүлээн авагч нийгмийн хувьд дээр дурдсан дэлхийн улстөрийн чиг хандлагуудад нийцтэй байдлаар явж ирлээ. Цусны үзэл ярьдаг хэт барууны Ерөнхийлөгчтэй, тогны үнэ тэглэдэг хэт зүүний Ерөнхий сайдтай болж үзэв. Дээр нь хүйсийн болон бэлгийн чиг хандлагаар нийгмийн бүлгүүд сэрж эрхээ нэхэмжлэх, энэ нь ардчиллын нийтлэг үнэт зүйл хөгжихөөс өмнө хуваагдалд хөтлөх чиг хандлага ажиглагдах болов. Манай улсын авилгажилт л гэхэд нийгмийн хөгжлийн явцад олон төрөл нийгмийн бүлэг үүсч, тэдгээрийн харилцааг зохицуулах улстөрийн институцийн хөгжил хоцрохын хэрээр авилга, түүний ард хүчирхийллийн потенциал нэмэгдэнэ гэсэн Хантингтоны дүгнэлтэд нийцтэй байдлаар өрнөж байна гэж үзэж байна. Эдгээр нь хөгжлийн ерөнхий жам ёсонд, мөн Монголын ардчилал, эдийн засагт гарсан гажуудал, өөрийн гэсэн онцлог шинжтэй уялдаатай.

Гадаад харилцааны орчинд ч өөрчлөлт гарч байна. Хүйтэн дайны үед ЗХУ, АНУ нь үзэл суртлын дайн хийж байсан ч технологийн хөгжлөөр Орос хол хаягдсан байв. Капиталист эдийн засагтай Хятадын социализм харин сүүлийн 10 гаруй жил цэрэг арми, технологийн хүчний хувьд АНУ-тай эн тэнцүү өрсөлдөгч болж хөгжив. Үзэл суртлын хоёр туйлд технологийн хүчээр эн тэнцүү хоёр их гүрэн бий болно гэдэг хүчний балансаас илүү зөрчил, тогтворгүй байдалд хөтөлнө. Үүний эхний шинж тэмдэг худалдааны дайнаар илэрч гарав. Гол нь хоёрдогч их гүрэн Латин Америкын юм уу Африкын биш манай хөрш орон. 

Геополитикч Макиндер “зүрхэн газар” гэж Зүүн Европ хавийг тодорхойлоод, зүрхэн газрыг захирсан нь Евразийг, Евразийг захирсан нь дэлхийг захирна гэж томьёолсон байдаг. Бодит риалполитикт ийм онол тусгалаа олж, Макиндерийн “дэлхийн арал” дээр Орос, Америкийн зөрчил заримдаа цус асгаруулсан дайны хэлбэрээр өрнөсөөр 2014 онд Украйниас Крым салан тусгаарлахад хүрэв. Үүнд бас Украйнийн дотоод “иргэншлийн мөргөлдөөн” томхон хүчин зүйл болсныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ үйл явдал Орос буюу Евразийн ортодокс соёлтой их гүрэн, Америк ба Европын христийн шашинт барууны их гүрэн хоорондын зөрчлөөс урган гарав. Одоо харин Хятад улс Оросоос том хүчний төв болж ирнэ гэдэг нь Украйнь шиг “зүрхэн газар”-ын статус илүү зүүн урагш нүүж Монголд шилжиж ирэхийн цондон. Крым салан тусгаарлахаас өмнө Украйнийн дотоодод их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил илт хурцдаж, тэр нь гадаад харилцааны салбарт ээлж дараалан Украйньтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулах зэргээр илэрч байв.

Монгол Улс 2019 онд Орос, АНУ, Энэтхэг зэрэг олон том гүрэнтэй дараалан стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь нэг талаар манай гадаад бодлогын амжилт гэж харж болно. Нөгөө талаар гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр зүрхэн газрын статустай болж ирж байгаа дохио ч мөн. Хүний бие сэтгэлд ч, гадаад харилцаанд ч зүрхэнд орших амаргүй. Монголын газар нутаг дээр хийн хоолой татах, хоёр улстөрийн дэглэмийн заагт казино байгуулах зэрэг хүчний зөрчил мөргөлдөөн гүнзгийрүүлэх төсөл хэрэгжүүлэх нь түүгээр явсан гайг үүгээр дуудахын нэр. Түүнчлэн ШХАБ зэрэг цэрэг армийн болон үзэл суртлын шинжтэй үүрэг хүлээх аливаа нэгдлээс аль болох түдгэлзэх нь зүй.

Хэзээнээс нааш Монголд Вашингтон Москва, Вашингтон Бээжингийн зөрчил оршсоор ирсэн ч саяхан гарсан монгол бичгийн хичээл тойрсон асуудал зөрчлийг шинэ гэрэлд гаргаж ирэв. Иргэний нийгмийн эсэргүүцэл дээр мордсон Ц.Элбэгдоржийн Бээжингийн эсрэг идэвхтэй улстөр, Хятадын гадаад хэргийн сайд Ван И айлчлах үеэр гарсан хуурамч мэдээ, Ройторс дээр монголчууд Ван Игийн айлчлалыг эсэргүүцэж жагслаа зэрэг мэдээ цацах нь мөсөн уулын орой төдий үзэгдлүүд.

Зүрхэн газар тугаа зоох их гүрнүүдийн арга барил өөр өөр. Хөршдөө дайн хийсэн түүхгүй гэгдэх Хятадын арга нь инээж, цадтал нь дайлж уусгаж авах. Бүдүүн хадуун Оросууд хүчээр, КГБ аргаар ажиллана. АНУ бол дэлхийн голлох үзэл санаа, үнэт зүйлийг өмчилдөг гэдэг утгаараа соёлын капитал дээр ажилладаг. Монголчууд бид Хятад хоолонд хэт цадахгүйг, Оросын хүчинд төрийн бодлогоо идүүлэхгүйг хичээхтэй яг ижилхэн Америкийн улстөр, соёлын капиталыг ч өөрсдийн толгойгоор шүүж авах хэрэг бий.

Соошил улстөр

2020 оны 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулиар АНУ-ын геополитикын бодлогыг хэрэгжүүлэгч сангууд Монголд залуучуудын улстөрийн хөдөлгөөнийг санхүүжүүлэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Латин Америкын орнуудад, Хүйтэн дайны төгсгөлөөс пост соц орнуудад ардчиллын дэмжлэг нэрийн дор дотоодын улстөрд идэвхтэй оролцоо хийсээр ирсэн хэв маяг манайд давтагдаж байгаа нь тэр. Үүнийг би өөрийгөө сурталчлах зорилгоор биш сурах бичгээс уншиж, дэлхийн мэдээгээр үздэг байсан үзэгдлийг өөрийн бие дээр туршиж үзсэн нь сонирхолтой байсан тул хуваалцаж байна. Миний бие Азийн бас нэг их гүрэн бодлогын дипломатуудаа бэлддэг их сургуулийг гадаад харилцаагаар төгссөн. Үнэгүй кофе сурталдаж, өнгө өнгийн дээл өмссөн залуучууд онолоор нь төгссөн эх орон нэгтэн рүүгээ хөөс цахруулан сүрэглэн дайрч, хийрхэж солиорохыг бие дээрээ үзлээ. Үүнд нэр оролцсон гадаадын санхүүжилттэй төрийн бус байгууллагуудыг жагсааж үзвэл сонин дүр зураг гарна. Монголд нийт ТББ-ын 80 хувь нь гаднын санхүүжилттэй, ердөө 2 хувь нь дотоодоос санхүүждэг аж. Үүнийг цэгцлэх бодлого яригдаж эхэлж байгаа нь дэвшил. Жорлонгоо өөрчилье төсөл шиг нийгмийн хариуцлагын хэлбэртэй ч иргэдийн суурьшил, аж амьдралын суурь мэдээлэлд холбогдох төслүүдэд ч төрийн бодлого дутагдаж буй.

Энэ бүхэн хувийн эгоизм, залуучуудын улстөрийн идэвхийг буруушаах гэсэн хэрүүл маргаан төдий жижиг сэдэв огт биш. 2010 онд Кубад улстөрийн дэглэм халахын төлөө хэрэгжүүлсэн “ZunZuneo” соошил сүлжээ хөдөлгөөн, 2010 онд Тунис, 2011 онд Египт, 2013 онд Киев гээд зөвхөн зах зухаас нь дурдахад бусад бүс нутаг, улс орнуудад Америкийн сангуудын санхүүжилттэй хэрэгжсэн соошил медиа акцууд, тэндээс урган гардаг нийгмийн хагарал, туйлшрал үй олон хүн ардын амьдрал хувь заяанд эмгэнэлт ул мөр татсаар ирлээ. Ардчилалд бодитой дэмжлэг болдог тал байгааг үгүйсгэхгүй ч сайнаасаа саар нь их болох тухай олон талын судалгаа, дүгнэлт зөвлөмж гарсаар байна. Энгийн иргэдээс илүүтэй төрийн бус байгууллагадаа төсөв олохын тулд яахаас ч буцахгүй болсон  “сэхээтнүүд” энэ бүхнийг уншиж судалдаг, бодож тунгаадаг баймаар байна. Дэлхийн их хүчнүүдийн уулзварт оршиж байгаа тусмаа дэлхийн дайдыг багцаалдаг байх нь эцэг өвгөдийн болоод үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн монгол хүн бүрийн үүрэг хариуцлага юм.

Судлаач Гордон Ханнын бичсэн байдагчлан их гүрнүүдийн санаархал, жижиг буурай орны хүн ардын сэтгэл зүрх, оюун санааг ялахын төлөөх үнэт зүйлийн өрсөлдөөн цаашид үргэлжилнэ. Үнэт зүйл, соёлын капиталаас ч хальж төрийн бодлого, сонгуулийн явцад шууд оролцоо хийх нь хамгийн эрсдэлтэй. Түрүүн дурдсанчлан төр тэргүүлж асан Ц.Элбэгдоржийн Бээжингийн эсрэг улстөрийн цаад сэдэл ойлгомжгүй. 2014 онд Викиликст Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яамтай уулзалтууд хийж, мэдээлэл өгдөг байсан баримтууд нийтлэгдсэн байдаг. Х.Тэмүүжин сайд байхдаа Капитол Хиллд гарсан шиг үймээн самуун гарвал хэв журмыг сахиулах үүрэгтэй үндэсний гвардыг татан буулгасан нь ч нэхэн санавал хэний ашиг сонирхол болох нь тодорхойгүй. Өнөөдөр тэр нь бүрэн сэхээгүй ор нэр төдий байгааг хууль тогтоогчид, бодлогын байгууллагууд анхааралдаа авмаар байна.

Миний бие 7 сарын 1-ний эмгэнэлт өдөр Монголд байж ажиглаж чадаагүйдээ харамсдаг. Хэний турхиралтаар, ямар хүчин зүйлс давхцаад төв зам руугаа танк оруулахад хүрэв гэдэг бол маш ноцтой нухацтай авч үзэх ёстой асуулт. Тэр утгаараа саяхан болж өнгөрсөн тайван жагсаал улстөрийн соёлын маш чухал протокол юм. Нөгөө талаар нийгэм мэдээллийн түймэрт ямар ч дархлаагүй байгааг, энэ удаагийн УОК-ийг огцруулах зүй ёсны шаардлагаас өөр сэдлээр хөдөлгөөн үүсэх эрсдэл ч байгаа гэдгийг нэн ялангуяа залууст нөлөөтэй инфлүинсерүүд, хэвлэл мэдээллийнхэнд дахин дахин сануулж хэлмээр байна.

Хүний нийгэмд нэгдсэн төрийн хүчнээс, төвөөс зугтах хүч хэзээнээс инагш ажиллаж ирсэн. Хэчнээн мянган жилээр хичээж босгосон нийгмийн дэг журам нурахдаа тулбал хэдхэн хоногт нуран унадаг. Тэр нь олон олон хүчин зүйлс хэчнээн жилээр, хэчнээн зуунаар далий өрөгдсөн байдгаас болдог. Монголчууд бид үндэсний аюулгүй байдлын өрөлт хазайлтаа хөндлөнгөөс шинжилж, үндэсний эрх ашгаа ухамсарлаж хамгаалж байж төв талбай амгалан байна. Төв талбай амгалан бол төр амгалан, төр амгалан бол Монгол их амар амгалан.

arrow icon