Нийтлэл 02 сарын 21, 2021

Мишель Фуко: Хүч нөлөөлөл ба шорон

 

 Томас Хоббс: хүн төрөлхтний ерөнхий чиг хандлага нь “хүч нөлөөллөө” зузаатгах гэсэн улигт хүсэл бөгөөд энэхүү хүсэл, түүнээс шалтгаалсан бодит тэмцэл нь зөвхөн үхэлтэй нь хамт булшлагддаг.

Ницше: “Бүх зүйлийг хэрхэн тайлбарлахаас л хамаардаг. Асуудлыг тухайн цаг мөчид хэрхэн харж, тайлбарлаж байгаа нь үнэнтэй огт хамааралгүй, харин хэн хүчтэй байгааг л харуулдаг.”

Нэрт сэтгэгчид бүгд л хүний жинхэнэ мөн чанар бол хүч нөлөөллөө зузаатгах гэсэн хүсэл шунал гэж үзжээ. Тэгвэл хүч нөлөөлөл гэж юу вэ? Хоббсын хувьд “Левайфан” номынхоо X бүлэгт хүч нөлөөллийг тодорхойлсон байдаг. Гэхдээ тэрээр иргэн этгээд болон төр засгийн хүч нөлөөллийн талаар л авч үзжээ.

Харин Фукогийн хувьд хүч нөлөөллийг илүү өргөн хүрээнд буюу нийгэм хэмээх машин дотор хүмүүсийн ухамсаргүйгээр тогтолдог тоглоом, стратеги гэж тодорхойлдог. Түүний хувьд хоёр төрлийн “хүч нөлөөлөл” байдаг. Нэгдүгээрт “албадан хүч”. Нөгөө нь “хэвшүүлэх хүч”. Уламжлалт сэтгэлгээнд хүч нөлөөлөл гэдгийг дарангуйлах, албадах гэдэг талаас нь ойлгож байдаг. Тухайлбал: шүүгч гэмт хэрэгтэнд ял оногдуулах, өндөр албан тушаалтан ажилтнаа зандарч, ажил даалгах, хүчтэй улс гүрэн нь хүчгүйгээ эзлэн түрэмгийлэх зэрэг нь хүч нөлөөллийн талаарх уламжлалт ойлголт юм. Өөрөөр хэлбэл албадан хүч бол хүссэнээ бусдаар үйлдүүлэх дарангуй хүч ажээ.

Харин түүний эсрэг Фуко “хэвшүүлэх хүч”-ний талаар ярьдаг. Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл бөгөөд хамгийн үр дүнтэй хүч нөлөөллийн хэлбэр гэж үзсэн байдаг. Хэвшүүлэх хүч гэдэг нь тухайн зүйлийг өөрийн хүслээр хийдэг болгох хүч юм.

Фуко “Хүмүүжүүл, шийтгэ!” (Discipline and Punish) хэмээх номдоо “Шоронгийн хана харагдаж байгаагаасаа илүү асар өргөн орон зайг хамардаг” (нийгэм тэр чигтээ шорон юм) гэжээ. Нийгэмд ч тэр, шоронд ч тэр засан хүмүүжүүлэх ижил арга, стратеги ашиглагддаг. Сахилгажуулах буюу хэвшүүлэх хүчний ачаар нийгмээс оноосон дэг журам, сахилгыг хүн бүр дагаж, мөрддөг. Иймээс л хэвшүүлэх хүч бол албадан хүчнээс илүү үр дүнтэй хүч юм” хэмээн тэрээр өгүүлнэ.

Бусдаар хүссэнээ хийлгэх, дагаж мөрдүүлэхэд хуучны аргаар албадан хүч хэрэглэдэг цаг өнгөрсөн. Өнөө цагт “хүмүүс удирдагчийнхаа хүслээр байхыг өөрсдөө хүсдэг болсон” гэсэн үг юм. Үүний тулд л сургууль, цэцэрлэг, шорон, хууль, шүүх, прокурор, цаашилбал тархи угаагч хэвлэл мэдээлэл, урлаг уран сайхан (институт) бий болжээ. Улмаар орчин үед залуучууд цэргийн албанд явахыг өөрсдөө хүсэх болно. Үүний тулд л “Цэргийн сургууль” хэмээх олон ангит киног бүтээсэн. Энэ мэтээр та бид ажил хөдөлмөр хийхийг өөрсдөө хүснэ, мөрөөднө, татвараа төлөхийг хүснэ, хуулийг дагаж мөрдөхийг эрмэлзэнэ. Энэ бол орчин үеийн хүний мөн чанар юм. Таныг үйлдвэрлэдэг ажээ.

Үйлдвэрийн газар, сургууль, цэргийн штаб, эмнэлэг бүгд л шоронтой төстэй байдаг нь гайхмаар зүйл биш гэж үү? хэмээн Фуко асуужээ. Гэр бүл (нийгмийн суурь институт), сургууль, цагдаа хүчний байгууллага, шорон, шашин бүгд хэвшүүлэгч хүч гэжээ. Телевизээр гардаг зар сурталчилгаа хүртэл биднийг ямар бүтээгдэхүүн хүсэх ёстойг зааж, “хэвшүүлж” байдаг учраас хүч юм. Эцэг эхүүд хүүхдийг жаахан байхаас л “болдоггүй юм” гэдэг үгсээрээ хүмүүжүүлдэг. Сургууль цэцэрлэгт улигт сургаал, удирдамжаа тулган шахаж, дагаж мөрдсөн нэгнийг нь “дүн” гэдэг сэдэлжүүлэх механизмаар магтаж сайшааж, дагаж мөрдөөгүй нэгнийг нь “муу” гэдэг дүнгээр шахаж, шийтгэж байдаг. Ингээд л бид хүүхэд байхаасаа л бусдын хүч нөлөөнд орж, ухамсрын түвшинд хайрцаглагдаж байдаг.

Гэхдээ Фукогийн үзэж буйгаар нийгэм биднийг хэвшүүлж, хэлбэржүүлж байгаа ч нийгмийн тогтсон хэм хэмжээнээс гажих нь сайн гэсэн үг биш. Харин та биднийг хэлбэржүүлж байдаг маш олон институт байдаг гэдгийг ойлгох, өөрсдийгөө шувуу мэт эрх чөлөөтэй хэмээн хий хоосон итгэхээс сэргийлэх, болзошгүй аюулыг сануулах л зорилготой. 

Зигмунд Фрейд хэлэхдээ “ухамсар (зөв, буруугийн тухай дотоод зөн) гэдэг бол бидний эцэг эх, нийгмээс тулгасан шаардлагуудыг өөрийншүүлсний (internalization) үр дүн юм” гэсэн байдаг.

Фуко, Фрейд нарын нүдээр хорвоог шинжихэд: Нийгмийн хөгжил дэвшлийг таних нэгэн шалгуур бол тухайн нийгэм ямар суут хүмүүнийг төрүүлж байгааг нь ажиглах явдал мэт. Монгол улсад авлигачид ихээр төрж байгаа нь бид нийгмээрээ үүнийг өөгшүүлдэгтэй холбоотой. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулахдаа хүртэл бусдын урдуур мөнгө төлөөд л орчихдог. Хууль эрх зүйн хязгаарлалт байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийг хүсдэг иргэн бүү хэл төрийн алба ч үгүй болтлоо хөгжсөн авлига. Энэ бол хэвийн л үзэгдэл.

“Монгол” гэдэг хайрцагт бид төрсөн бол Монголоор хэвшүүлсэн, хэлбэржүүлсэн хүн эсвэл амьтан болох хувь тавилантай аж.  

Бид бол “хэвийн” болтлоо хэвшүүлсэн, хэвшмэл сэтгэлгээтэй, нийгэм хэмээх үйлдвэрийн массаар үйлдвэрлэсэн “яг ижил” бүтээгдэхүүн мөн. Гэхдээ бид үүнд шүүмжлэлтэй хандах ёстой. Энэхүү нийгмийн хэм хэмжээ яагаад “тогтчихсон” юм бэ? Энэ л тогтчихсон хэм хэмжээ биднийг хайрцаглаад, хэвлээд, хувилаад байгаа болохоор бид хөгжиж байна уу эсвэл хөгжихгүй суугаад байна уу? Магадгүй энэ хайрцгаас сод хүн төрөхгүй юм биш биз?

Төгсгөлд нь Ницшегийн хэлснийг эргэн санацгаая: Тэрээр “Бүх зүйлийг хэрхэн тайлбарлахаас л хамаардаг. Асуудлыг тухайн цаг мөчид хэрхэн харж, тайлбарлаж байгаа нь үнэнтэй огт хамааралгүй, харин хэн хүчтэй байгааг л харуулдаг” хэмээн өгүүлсэн нь өнөөдрийн бидний мэддэг, хийдэг, дагадаг, шүтдэг бүхэн хүч нөлөөллийн л үр дүн юм гэдгийг сануулж буй мэт. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon