Нийтлэл 07 сарын 25, 2022

Йелийн их сургуулийн хамгийн алдартай хичээлийн тэмдэглэл: The Science of Well Being

"The Science of Well-Being" нэртэй Йелийн их сургуулийн 300 гаруй жилийн түүхэн дэх хамгийн алдартай хичээлийг Coursera дээр авч үзсэн тэмдэглэлээ хүргэж байна. Хүний аз жаргалын 50% нь генээс (төрөлхийн оптимист эсвэл пессимист хүн бий), 10% нь сайн муу ямар нэг гэнэтийн зүйлээс (азтай тохиолдол эсвэл золгүй явдал гм), харин үлдсэн 40% нь аливаа зүйлийг хэрхэн хүлээн авах хандлагаас хамаардаг гэнэ. Энэхүү хичээлээр хувь хүн өөрөөс хамаарах 40%-ийг хэрхэн оновчтой удирдах арга техникийг заадаг. Ингэхдээ сэтгэлзүй хэрхэн ажилладаг, зарим хүссэн зүйлс яагаад хүнийг аз жаргалтай болгодоггүй, харин зарим энгийн зүйлс яагаад аз жаргалтай болгодгийг тайлбарлаж, энэ сэдвээрх сэтгэлзүйн ухааны гол судалгаануудыг танилцуулдаг нь сонирхолтой.

1) “Miswanting” буюу аз жаргалтай болгодоггүй зүйлсийг хүсэх нь

Хүмүүс зарим зүйлийг өөрийн болгосноор аз жаргалтай болно гэж итгэдэг ч бодит байдал дээр тийм байх албагүй байна. Мөнгө, сайн дүн, гоё эд зүйлс, эсвэл хайр дурлал ч хүнийг илүү аз жаргалтай болгодоггүйг сэтэлзүйн судалгаанууд харуулна. Жишээ нь, хүссэн дүнгээ авсан оюутан анх төсөөлсөн шигээ аз жаргалтай болдоггүй байна. Хайр дурлалтай учирсан хосуудын сэтгэл ханамж анх өндөр байдаг ч, тодорхой хугацааны дараа эргээд анх байсан хэвийн үеийн түвшиндээ очдог байна. Тансаг байр, эсвэл үнэтэй машин эхэндээ гайхалтай санагдлаа ч төд удалгүй хэвийн зүйл болж хувирдаг. Хүн ямар нэг хэрэгцээт эсвэл сонирхолтой зүйлсийг хүсэх нь аргагүй ч, хүсэл биелж хэрэгцээ хангагдлаа ч заавал илүү аз жаргалтай болно гэсэн үг биш юм. Miswanting буюу илүү аз жаргалтай болгохгүй “буруу зүйлийг хүсэх” нь хүмүүст түгээмэл тохиолддог андуурал юм байна.

2) Хүний сэтгэлзүйн алдаа: Аз жаргалд саад болдог зарим сэтгэхүй

Хүмүүс аз жаргалтай болгодоггүй зүйлийг андуурч хүсэхээс гадна, сэтгэлзүйн сайн сайхан байдлаа дээшлүүлэхэд саад болдог алдаануудыг ч түгээмэл гаргадаг байна. Тухайлбал:

+++Focusing буюу төвлөрөх: Хүмүүс амьдрал дунд өрнөх маш олон зүйлээс ганцхан зүйлийг ялган аваад сэтгэлзүйд үзүүлэх эерэг эсвэл сөрөг нөлөө болон түүний үргэлжлэх хугацааг дэгсдүүлж, хэт үнэлж боддог байна. Жишээ нь, бүтэлгүй хайртай учирлаа гэхэд өдөр бүр нар гийдгээрээ л гийнэ, амьдралын бусад сайн сайхан зүйлс хэвээрээл байх болно. Эсрэгээрээ сугалаанд хожиж саятан болсон байлаа ч таагүй, хүнд хэцүү өөр зүйл тохиолдох өдөр тохиолдож л таарна. Амьдралд эргэн тойронд маш олон зүйл зэрэг өрнөх тул сайн муу аливаа зүйлийн сэтгэлзүйд үзүүлэх нөлөө нь саармагждаг. Гэтэл хүмүүс ганцхан үйл явдал дээр хэт төвлөрснөөр тэрхүү зүйлийн сэтгэлзүйд үзүүлэх нөлөөг хэтрүүлж үнэлэх хандлагатай байдаг аж.

+++Hedonic Adaptation буюу дасан зохицох: Хүн цаг хугацааны явцад сайн муу аливаа зүйлд зүйлд дасан зохицох суурь чадвартай байдаг байна. Хэчнээн хэцүү зүйл байлаа ч, тухайлбал шоронд орсон эсвэл тахир дутуу болсон байлаа ч эхний хэдэн өдөр маш хүнд санагдаж сэтгэлзүйн байдал нь унах ч удалгүй шинэ нөхцөл байдалд дасч эргээд хэвийн түвши рүүгээ засагдана. Эсрэгээрээ хүссэн сургуульдаа орох, тэмцээн уралдаандаа ялах эсвэл сугалаанд хожиж орд харшид амьдарлаа ч өндөрт хүрсэн анхны сэтгэл хөдлөл удалгүй замхарч, шинэ бодит байдал ердийн зүйл болж сэтгэлзүйн хөөрөл ердийн түвшиндээ хүрч буурна.

+++Reference point буюу харьцуулах зүйл: Хүн ямар нэг абсолют зүйл буюу яг нэг  тодорхой зүйлийг хүсэх гэхээсээ үргэлж харьцуулж боддог байна. Харьцуулж болдоход тулах цэг буюу жиших зүйл хэрэг болдог. Энэ нь хажуу айлын хашааны  зүлэг, эргэн тойрны хүмүүсийн үйлдэл, ТВ эсвэл сошиал нетворк дээр харсан зүйл гээд юу ч байж болно. Хаашаа харахаас хамаараад тулах цэг үргэлж өөрчлөгдөх боломжтой учраас дагаад хүний хүсэл ч хязгааргүй байх боломжтой гэсэн үг.  

3) Аз жаргалтай болгодог энгийн зүйлс

Материаллаг (үнэтэй машин) эсвэл материаллаг бус зүйл (хайр)-ийн аль аль нь хүссэн аз жаргалыг авчирдаггүй шалтгааныг хүний сэтгэлзүйн хэрхэн ажилладаг дээрх зүй тогтлууд тайлбарлана. Аз жаргалтай сэтгэлзүйг тогтвортой хадгалахад дараах энгийн зүйлс тус болдог байна: 

+++Тус: Тусч хүмүүс дунджаар илүү аз жаргалтай байдаг бөгөөд үүнд учир бий. Бусдад туслах үед хийсэн зүйл нь нөгөө хүнд төдийлөн хэрэг болоогүй байсан ч өөрт сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Жишээ нь нэг судалгаагаар 20 долларыг хүн өөртөө зарцуулснаас 5 долларыг бусдад зарцуулсан нь илүү өндөр сэтгэл ханамж үлдээдэг нь харагджээ.  

+++Нийгмийн харилцаа: Хүн нийгмийн амьтан учраас амьд харилцаа аз жаргалд эерэг нѳлѳѳтэй байдаг байна. Энгийн нэг туршилтаар шоколадыг бусадтай хуваалцах нь ганцаараа идсэнээс илүү амттай байдаг нь харагджээ. Харин сошиал нетворк эсрэгээрээ, ганцаардах үедээ хүмүүс илүү хэрэглэдэг бөгөөд их хэрэглэдэг хүмүүс аз жаргал багатай байдаг байна.

+++Эрүүл амьдрал: Дасгал хөдөлгөөн хүний биеийг эрүүл чийрэг байлгахын зэрэгцээ тархинд аз жаргалын гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа өөдрөг байхад тустай байдаг байна. Мөн нойр бүтэн байх нь бие эрүүл байх, сэтгэлзүй хэвийн байх суурь болдог байна. 

+++Бодлоо удирдах: Хүний ухаан санаа сэрүүн цагийнхаа 46%-д тухайн моментдоо бус, өөр хаа нэг газар “тэнэж” явдаг байна. Тархины төсөөлөлөн бодох чадвар хэдийгээр хүн төрөлхтөнд заяасан том бэлэг боловч, ирээдүйд болох зүйлийн талаар санаа зовох, өнгөрсөнд болчихсон зүйлд харамсах зэрэг нь аз жаргалд тийм ч сайн биш. Учир нь “бие энд ч, бодол тэнд” байснаар яг одоо гийж байгаа нар, үлээж буй салхи, ярилцаад сууж буй дотны хүн гээд амьдралын олон сайхан зүйлийг мэдэрч чадалгүй өнгөрдөг байна. Харин энэ сул талыг удирдах нэг сайн арга нь бясалгал болдог. 

Эцэст нь: Аз жаргалд хамгийн чухал зүйл = Мэдэх бус, хэрэгжүүлэх

Йелийн энэ хичээлийг үзлээ гээд мэдээж аз жаргалтай болохгүй. Учир нь хүний сэтгэлзүй хэрхэн ажилладгийг сайн мэдлээ гээд, яавал аз жаргалтай болох вэ гэдгийг сайн ойлголоо гээд тухайн хүн аз жаргалтай амьдрана гэсэн үг биш. Мэдэх нэг хэрэг, харин хийх хэрэгжүүлэх нь өөр хэрэг, мэдрэх нь бас нэг өөр зүйл юм. Тамхийг хортой гэж мэдэхгүй учраас хүмүүс татаад байгаа хэрэг биш, хадгаламж хэрэгтэйг бүгд мэддэг ч мөнгөө амархан үрчихдэг. Яг л үүнтэй адилаар хүнийг аз жаргалтай болгодог зүйлсийг мэдэхээс гадна амьдралдаа хэрэгжүүлснээр сэтгэлзүйдээ эерэг үр дүнг бий болгох боломжтой гэсэн байна.

arrow icon