Таван Толгойн 6 дахь эргэлзээ

Үндэстний Тойм сэтгүүл 1-р сарын 8-ны дугаартаа “Таван Толгойн Таван Эргэлзээ” нийтлэлээр дараах 5 асуудлыг хөндсөн юм.

  1. Эргэлзээ 1: Засгийн газрын 268-р тогтоол хэнд зориулагдсан бэ? 268-р тогтоол “Хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийн 51-ээс багагүй хувийг Монгол улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консерциум өмчилдөг байх” гэсэн болзол тавьсан. Тавантолгой ХХК, Монголын Алт компани, Энержи Ресурс гурав энэ болзлыг хангаж байна. Хүчтэй өрсөлдөгч МАК өөр том төслүүдэд анхаарал хандуулж байгаа нь Энержи Ресурст зориулагдсан юм шиг харагдаж байна. Пийбоди Энержигийн тендерийн нөхцөл сайн байсан ч зөвхөн энэ шалгуурт тээглэж буцсан байх магадлалтай.
  2. Эргэлзээ 2: “Энержи Ресурс” бүтээн байгуулалт хийх зорилготой оролцож байна уу? Санхүүгийн эрүүл мэндээ сайжруулах арга хэрэгсэл болгох гээд байна уу? 2014 оны эхний хагас жилийн байдлаар ММС-ийн өглөг, өрийн хэмжээ 1.36 тэрбум ам.доллар байсан нь компанийн нийт хөрөнгийн 74 хувьтай нь тэнцэж байгаа нь шинжээчдийн санааг зовоож байна. Мөн “Энержи Ресурс” хатуу хучилттай замаа төрд 92 сая доллараар зарав. Өмнөд говийн бүс дэх нүүрс тээвэрлэдэг ганц засмал замаа Энержи Ресурс яагаад худалдахад хүрэв?!
  3. Эргэлзээ 3: Тавантолгой төслийн үйл явцыг нээлттэй байлгана” гэх М.Энсайханы амлалт хаачив? megaproject.mn сайтад Тавантолгой оролцогчдыг ямар шалгуураар сонгон шалгаруулж оноо өгсөн тухай, хөрөнгө оруулагч нарын тавьсан санал гээд тендер шударга явагдсан эсэх, ямар үр өгөөж авчрах эсэх талаар үнэлгээ хийхэд гол болох материалууд нээлттэй мэдээлэгдэхгүй байна.
  4. Эргэлзээ 4: “Ашигтай ажиллаж чадах уу?” Энержи Ресурс-ын Г.Батцэнгэл “2015 онд нүүрсний үнэ 100 ам.доллар хүрвэл манай компани бүх өрөө төлөхөд хангалттай" гэсэн юм. Нүүрсний үнийн таамгаар 2018 он хүртэл дэлхийн нүүрсний үнэ дээд тал нь 98 ам.доллар хүрэхээр байна. Монголчуудын нүүрсний борлуулалт биржийн үнээс дунджаар 20 хувь хямд байдаг. Өөрөөр хэлбэл Энержи Ресурс эх орны баялгаар өрөө л төлөх амь өрссөн тулаанд орох магадлалтай.
  5. Эргэлзээ 5: Таван Толгойн ордыг тавьж туух эрсдэл байгаа юу? “Эх орны хишиг” болж бидний идэх, өмсөхөд шингэсэн өрийг дарахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван жилийн турш нүүрс зөөгөөд 170 тэрбум төгрөгийн өр үлдээд байна. Энэ өрийг Эрдэнэс Таван Толгойгоос 2,5 дахин их өртэй компанийн менежмент дор барагдуулж чадах уу?

 

Эргэлзээ 6:

Сайтар төлөвлөсөн мега төслийн сэтгэлзүйн манипюляц хийгдэж байна уу?

Энержи Ресурс өрөө барагдуулж, ашигтай ажиллах хэмжээнд хүргэж чадахгүй бол монголчуудыг хэдэн үе тэжээх учиртай Таван Толгой өрийн барьцаанд одох эрсдэлтэй мэт харагдах энэ тендер ийн урагшилж байхад олон нийт яагаад мэдсэн ч мэдээгүй юм шиг нам жим байна вэ?

  1. Тендерийн эцсийн шалгаруулалт хэзээ болов?

2014 оны 8-р сарын 20-нд УИХ-ын 268-р тогтоол батлагдсаны дараа оролцогч компаниуд руу шинэчилсэн нөхцөлийн дагуу урилга явуулсан юм. Урилгын хариу 12-р сарын нэгэнд ирж хоёр компани оролцох нь тодорхой болсон. Үүний дараа 12-р сарын 24-нд М.Энхсайхан ажлын албаныхантай уулзсан гэж үзвэл. 12-р сарын 20-д гэхэд эцсийн шалгаруулалт дуусч үр дүн нь гарсан гэсэн үг. Энэ үеэр олон нийтийн анхаарал хаана байв?  2014 оны 11-р сарын 5-нд Шинэчилэлийн засгийн газар 54.5%-ийн саналаар огцорсны дараа 2014 оны 11 сарын 20-нд ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг яг энэ үеэр улс орон орших уу эс орших уу даа тулсан тухай томхон илтгэл тавив. Түүний эс оршихдоо тулсан тухай эшлэлүүдээс түүвэрлэн хүргэвэл:

Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй.

 Долларын ханш одоогийнхоосоо хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэж, монгол төгрөг яаж үнэгүйдэхийг харах хүсэл мэдээж хэнд ч байхгүй байгаа. Энэ хэдэн банкны хэд нь ч дампуурч, хичнээн мянган хүн ажлын байраа алдахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Энд бие биенээ айлгах ямар ч бодол алга. Зүгээр л төсөв, мөнгөний энэ бодлого цаашаа хэвээр үргэлжилбэл ийм нөхцөл байдал биднээс шалтгаалахгүйгээр бий болноо гэдгийг л гол нь хэлэх гээд байна.

Одоо бид огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь сүүлийн 2 жил гүн хямралд оруулсан шиг тийм нөхцөл байдал үүсэхээр байна.

Гэрээ баримт шийдвэр дээрээ мутраа хайрласан андгай үүргээ байтугай бариа зөрөөн дээрээ бусдыг үргээсэн хууль, шийдвэр гаргаад байвал биднийг хэн ч тоохгүй, эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлэхнээ гэрчлээд өгнө өө. Дараагийнх нь бидний ээлж гэж үү?

 Бид ийм байдлаараа удаан тэсэхгүй ээ. Хүндхэн өвчин туссан өвчтөний ар гэрийнхэнд эмч хэцүү ч гэсэн үнэнийг нь хэлдэг. Бид одоо хэцүү ч гэсэн үнэнээ хэлцгээж, үйл ажиллагаагаа нэгтгэх ёстой.

 Бидэнд нэг сайн, нэг муу мэдээ байна. Муу мэдээ нь бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Энэ нь арга хэмжээ авахгүй бол одоогийн нөхцөл улам муудна гэсэн үг. Харин сайн мэдээ нь бидний өвчний онош нь тодорхой, эмчлэгдэх боломжтой, хамгийн гол нь бидний гарт, бидний мэдэлд хяналт нь байсаар байна.

Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн магадлал бий болох гээд л байна.

Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий. Эх оронч монголчууд сэтгэл зовж эхлэв.

  1. Хүүхдийн сүүний мөнгийг хасах сэдэл үнэхээр байсан уу?

Нэгдсэн хуралдаан дээр экс ерөнхий сайд Н. Алтанхуягаас Ч. Сайханбилэгт сануулсанчлан Монгол Улс үнэхээр хүүхдийн сүүний мөнгө хасахдаа хүрч тартагтаа тулсан байсан уу? Шинэхэн ерөнхий сайд ээж, хүүхдүүд хэмээх эмзэг сэдвээр оролдож, нийтэд рэитингээ унагах ямар шаардлага байв? Олон нийтийн анхаарлыг сенсаацтай сэдэвт хандуулах ээлжит манипюляц байсан юм биш биз? Эх хүүхдийг эрхлүүлж, тойглодог монголчууд Таван Толгой хэмээх мега угжаас илүү тормогор нялхсын аманд очих угжны сүүнд илүү санаа зовж хэд хоног шуугисны эцэст–Худлаа, худлаа тоглосын гээд шийдвэрээсээ няцсан нь улам эргэлзээ төрүүлнэ.

 

  1. Дахин нэг нүүдэл: Мега төсөл эмзэг шүү, гангар шаазан л гэсэн үг

Тендер тойрсон үндсэн бичиг баримтуудыг хаалттай хэвээр барьж буй төслийн удирдагч М.Энхсайхан харвал хальс болдог, үзвэл үнс болдог хэврэг эд, энэ мега төсөл гээч юм чинь гэх шахуу юм хэлж дахин нэг айлгав.

Мега төсөл өөрөө их эмзэг байдаг. Ер нь бол мега төслийг шил гэж хэлдэг. Тийм ч болохоор амархан хагараад унах эрсдэл ихтэй байдаг юм. Эх сурвалж ikon.mn

Тендерийн сэтгэлзүй цаглабарыг эндээс толилно уу.

http://www.trends.mn/n/963

 Тендер явагдсан цаг хугацаа, тендерийн хэлэлцээртэй паралелл явагдсан үйл явдлуудыг эмхлэн харвал 6 дахь эргэлзээ төрөхгүй байх аргагүй.  Улс орны цаашдын хөгжил, хөрөнгийн чадавхид амин чухал энэ төслийн талаар бид эргэлзэх эрхтэй, эргэлзээндээ хариулт авах эрхтэй. Засгийн газар айлгах, нуух биш нээх, нээлттэй хэлэлцүүлэх, эрдслийн болоод өгөөжийн прогноз хийх боломж олгох ёстой бус уу?!


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%