Нийтлэл 05 сарын 05, 2023

Барилгын инженер Н.Заанхүү: Улаанбаатарынхны зовлонг нимгэлэхсэн

Хот байгуулалт хот будлиантуулалт болж, Улаанбаатарынхны зовлон улам гүнзгийрч байгаа талаар дээр доргүй шуугин гаслаж байцгаагаас ангижрах юмсан.Сүүлийн 20-иад жилд төрийн Улаанбаатарт тарьсан зовлонг зам хаалгаж  дуут дохио хангинуулан зорчдог гурваас бусад нь яс махаараа мэдэрнэ  гэгч болж байна.

Улаанбаатарчууд бултаараа урд насандаа аюумшигтай нүгэл үйлдээд зовлонг өнөө эдэлж баймааргүй. Эсвэл энэ насныхаа нүглийг эдлэн жаргахын оронд  шаналж сууцгаана уу. Гандан хийдийнхэн гадарлах байх. Үгийг нь сонсохсон. 

Монгол Улс шилдэг залуусаа дэлхийн хөгжингүй бүх оронд илгээн бэлтгэсэн боловсролтой сэхээтнүүд зөндөө. Тэр дотор хот төлөвлөгч, архитектор, хотын эдийн засагчид олон бий. Хот байгуулалтын чухал ажлыг тэдний мэдлэг чадварт даатгахын оронд эрдэм ном, хууль дүрмийг үл ойшоодог, дарга мяндагтнуудын гар хөл болж амиа хоохойлсон, мэргэжлийн бус, ажилдаа үнэнч бус  хүмүүсийг томилсоор ирсний харгайгаар мухардалд оржээ. Харамсаад баршгүй.  Балчигт гүн шигдэцгээсэн тул тийм ч амар сугарахгүй нь илт. Суга татдаг шидтэн ч байхгүй.

Зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг олж арилгахыг мэргэд сургажээ.

Мэргэжлийн хүний хувьд энэхүү зовлонгийн шалтгааныг олж илрүүлэх замд замчлах оролдлогоо Хот байгуулалтын тухай хуулиас эхлэе. Уг хуулийн 22.1.5-д  хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэний эрх, үүргийг “хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан мөн “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” гэсэн заалтуудад дулдуйдан үгээ мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа болно. 

Мухардлын урхаг Хот байгуулалтын болон Газрын талаарх хууль тогтоомж дутмагт байв уу, хариуцсан яам, сайдгүйгээс ажил эзгүйрэв үү, эсвэл тэнд мэргэжлийн бус хүмүүс олон жилээр толгой хоргодон мэргэжлийн нарийн асуудалд хоноцын сэтгэлээр хандаад байв уу? Хотын захиргааныхан “бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр аашилсаар ирснийг яагаад өнөө болтол хэн ч хязгаарлаж эс чадав, эсвэл эс хүсэв? гэдгийн хаана нэгэнтээ байж таараа.

Хуулийн дагуу түгжирч байна гэж арай ч баймааргүй юм.

Хотын захиргаа танил талаараа газрыг их бага хэмжээгээр олгож цаашид дамлах бололцоог хангаж байгаа нь орон сууцны үнэ өсөх, өндөр орон сууцыг нэг дор шавааралдуулж барихад хүргэдэг, аргатай зальтай бол хотын хаана ч өндөр сууц босгож хувийн ашиг олж түмэнд түгжрэлийн гай учруулах нь хэвийн үзэгдэл болсон тухай шүүмжлэлийг УИХ, ЗГ, БХБЯам  анзаарч байна уу.

“Дахин төлөвлөлт”-өөр байдлыг дээрдүүлэх ёстой байтал “горьдохын гарз” болж гэр хороололд ч, эзгүй байсан Төв стадионоос Амгалан хүртэлх нутаг, Яармагийн дэнж гээд олон газрыг улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зогсоол, ногоон байгуулалж, орц гарцгүй бетон ширэнгэ болгон хувиргасаар байхад иргэд  бид Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.5-д  заасан үүргээ биелүүлж таслан зогсоохгүй хий л хамар дороо бувтнасаар суугаа эс үйлдэлээрээ түмэн буруутай аж. 

Саявтар БЗД-ийн нэг хорооны иргэд НИХТөлөөлөгч Д. Гантулгын дэмжлэгтэй тэмцэн асуудлыг зохистой шийдсэн зэргийн цөөн тохиолдол байгааг хөхүүлэн дэмжиж олшруулууштай.

Зах зээлийн нийгмээс өмнө бидний болон өмнөх үеийнхний байгуулсан амар жимэр аж төрөлтэй хуучны хорооллууд дотор өндөр сууц чигжин байж босгох, нам давхрын сууцыг элдэв нэр хоч өгөн, инженерийн мэдлэг дорой мэргэжлийн хяналтын байцагч нарын гараар могой бариулан нурааж нөгөө л өндөр сууцнуудыг барин тэр хавийнхныг бас  “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг болгох ажиллагаанд хотын захиргаа чамгүй гаршиж байх шиг байна.

Үндэсний хөгжлийн стратеги, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, засаглалын болон хот байгуулалтын хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийг  шүүрдэж үзэхэд Монголын хот суурин газар хүн зовж биш жаргаж суухаар тооцож эрх зүйн орчинг чамгүй сайн бүрдүүлжээ. Харамсалтай нь огт хэрэгжлүүлээгүй байна. 

Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”, БНбД 30.01.03; “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”, БНбД 31.01.10; “Автозогсоол” БНбД 21.05.10; ”Сургалт-хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн дүрэм” БНбД II-66-88;  "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт";  БД 31-111-11; “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага” MNS-6558:2015”; “Агаарын чанар, Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2016 дотор хотыг тамын бус жаргалын орон болгоход шаардлагатай бүх зүйл заалтууд байгааг дор тоймлон авч үзлээ.    Ажил хариуцсан нэртэй “амьгүй албатууд” цалингаа бүрэн авч, элдэв цол, урамшуулал “хууль ёсны хулгайн олз” “хүртсээр” эрх мэдэлдээ бялуурч “Монголын хууль гурав хоног” гээгчийг болгосоор ирсэн нь монголын сүүлийн үеийн засаглалын нийтлэг шившигтэй төрхийг илтгэнэ.  Энэ байдал их хортой бүр хорлолтой. Хамгийн хорлонтой нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулдаг. 

Дээрх хуулиуд болон Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  болон бусад хуулийг нягтлахад:  УИХ, УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд, Засгийн газар,  Засгийн газрын ХЭГ, Хот байгуулалт хариуцсан засгийн газрын гишүүн дээрх хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй бол Нийслэлийн ИТХ, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын албаны дарга, Нийслэл хотын ерөнхий архитектор хуулийг биечлэн хэрэгжүүлэх үүрэгтэйг тов тодорхой заажээ.

Эдгээр байгууллага, албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэх, хяналт тавьж, норм дүрэм, стандартыг хэлбэрэлтгүй  мөрдөж, мөрдүүлж байсансан бол Улаанбаатар өнөөдөр  зовлонгийн далай биш харин ч цэгцтэй сайхан нийслэл байх байжээ.

Нэгэнт хууль хэрэгжүүлэх үүргээ дээр дооргүй хэрэгжүүлээгүй энэ шившигтэй гэмээр дэндүү хариуцлагагүй нөхцөлд хэн хариуцлага хүлээж, хэн нь хэнийхээ араар орж амиа хойхойлох бол?

Дээр дурьдсан Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.5-д иргэдийн үүргийг “хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасныг умартаж нүдэн балай чихэн дүлий суусаар байгаа иргэд бид эрх баригчдаас дутуугүй буруутай санагдана. 

Эрх баригчид бас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бичиг баримтыг хэрэгжүүлэх  үүрэгтэй.

Улаанбаатар хотын захиргаа хууль биелүүлэх хүсэл зориг байхгүй, мэдлэг чадвар нь хомс, биелүүлье гэхэд улс төрийн шахалт, танил талын нөлөө их саад болдог байж болох. Хотын эрх мэдэлтнүүд иргэдийн амар амгалан аж амьдралыг буснуулж байхад үе үеийн хот байгуулалт хариуцсан Засгийн газрын гишүүн(БХБ-ын сайд) хотын удирдлагыг мэргэжлийн удирдлагаар хангасан уу, Хот байгуулалтын холбогдолтой хуулиуд, Газрын, Орон сууцны болон Барилгын тухай хуулиийн хэрэгжилтийг хангуулах тэмцэл хийж чармайсан уу, тэмцэх аргаа олсонгүй юу, хүчин мөхөсдөв үү, хууль хэрэгжихгүй замхарч байгааг мэдэх сөхөө байв уу, хууль хэрэгжилтийг хэзээ, хэдэн удаа шалгаж  ямар зөрчил илрүүлж, яаж залруулсан, хууль хэрэгжүүлэх үүргээ умартсан үе үеийн нийслэлийн засаг дарга, газрын албаны дарга, ерөнхий архитекторын сонсголыг сайдын зөвлөл, нийслэлийн ИТХ, Засгийн газрын хуралдаан, УИХ-ын ЭЗБХорооны хуралд оруулж хэлэлцүүлэн залруулах арга хэмжээ авч байсан тохиолдол бий юү, хууль зөрчсөн үйлдэлд нь албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж байв уу, Ерөнхий сайд хотын байдалтай танилцаад, “хотын төвд өндөр барилга бариулахгүй” гэсэн ам шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн албажуулсан уу гэсэн  асуултууд хариулт нэхсээр байна.

БХБЯ-ны батласан ерөнхий архитекторын дүрэмд түүнд тавигдах шаардлага, ёс зүй, цээрлэх зүйлийг орхигдуулснаас гадна маш үлбэгэр дүрэмэнцэр болсон байгааг нэн даруй сайжруулбал Улаанбаатарынханд буян болж түмний хараал идсэн муухай практикаас салахсан. 

Хот байгуулалт хариуцсан Засгийн газрын гишүүн Хот байгуулалтын тухай хуулийн

4.1.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх Yндэсний хөгжлийн стратегийг хангах”
4.1.2-д “Хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах”
4.1.3-д “Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах”
5.1.5-д заасан ёсоор УИХ-ын батласан “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг”  уг хуулийн 7.1.1-ийн  “хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн  ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих” 
7.1.2-д “... нийслэлийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны үлгэрчилсэн дүрмийг баталж, мөрдүүлэх;
7.1.3-т “Хот байгуулалтын норм ба дүрэм, журам батлах”
7.1.5-д “Хот байгуулалтын баримт бичигт улсын экспертизийн дүгнэлт гаргах”
7.1.7-д “Хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах”
7.1.8-д “Нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах”
7.1.11-д “Барилгажилт, нутаг дэвсгэрийн бүсчлэлийн ашиглалтын хязгаарлалтыг тогтоох”
7.1.12-т “Шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах”
8.1.1-д “Нийслэлийн ИХТ-ийн боловсруулж батлах хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд санал өгөх”
8.1.6-д “Нийслэлийн ИХТ-ийн батлах нийслэл, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөнд санал өгөх”
9.1.2 болон 9.1.6-д “Нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр томилох ба тэр нь БХБЯамаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлж хот байгуулалтын чиглэлээр хийгдсэн ажлын талаархи тайланг БХБЯаманд жилд нэг удаа ирүүлэх үүрэгтэй”
9.1.6-д “Нийслэлийн засаг дарга хот байгуулалтын чиглэлээр хийсэн ажлын тайланг жилд нэг удаа ирүүлснийг хянах, санал зөвлөлгөө өгөх”
10.1.7-д “Нийслэлийн ерөнхий архитекторын ирүүлсэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хянаж байх”
12-.1-д “... хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь ...хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг хангасан байна”
12.4-т “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь дараахь шаардлагыг хангасан байна”
12.4.1 “Хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх”
12.5-д “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна”
12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө”
14.1-д “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно”
16.1-д “Шинэ хороолол, бичил хорооллыг төлөвлөх болон байгуулах асуудлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга санаачилна”
28.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”
28.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” 

Орон сууцны тухай хуулийн:

7.1.3-д “Орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулан удирдаж, хяналт тавих”
7.1.4-д “Орон сууцны тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих”
9.3-д “Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орон сууц, түүний дэд бүтэц, орчны тохижилт, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийн байршлыг иж бүрнээр тусгана”
9.4.2-т “Оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах”
9.4.3-д “Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх”
9.5-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна” 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн:

5.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1.нийтийн эрх ашгийг эрхэмлэх;
5.1.2.олон нийтийн оролцоог хангах” 
8.1.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах”
8.1.2-т “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах”
9.1.1-д “Энэ хуулийн 7.1.3, 7.1.4, 8.1.6, 8.1.7-д заасан болон бусад холбогдох дүрэм, журам, заавар, норм, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих”
9.1.2-т “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартыг сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах” 

Барилгын тухай хуулийн:

14.1.4-д “ Зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”
5.2-д “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” заалтууд,

Газрын тухай хуулийн:

19.1.8-д”...нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих”
21.2.1-д Нийслэлийн захирагч “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
56.3-д “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ”
57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”

гэсэн олон эрхэм эрх, үүргээ хуулийн дагуу нэр төртэй биелүүлж байсансан бол Улаанбаатар хот ингэж түгжирч, иргэд нь шаналахгүй байх байсан гэж бодоход харуусал төрнө.

Мөнхүү Засгийн газрын гишүүн хуулийн хүчинтэй дараах норм ба дүрмийн шаардлагын биелэлтийг хангах биелүүлүүлэх үүргээ хөсөрдүүлснээс Улаанбаатарчуудыг зовлонгийн далайд живүүлжээ. Үүнд:

 “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”, БНбД 30.01.03-ийн доорх шаардлага:

- Орон сууцны хороололыг 1000 хүнд 22 га-гаас багагүй нутаг дэвсгэр ногдохоор тооцох,
- Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх байгууллагын үйлчлэх хүрээ:

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага                            300 метр
Ерөнхий боловсролын сургууль                                                       500 метр
Орон сууцны хорооллын биеийн тамир спортын төв                     500 метр
Хэсгийн эмнэлэг, амбулатори                                        500-750 метрээс хэтрэхгүй байх,

1000 хүн ам (238 өрх) тутамд:

- Цэцэрлэгийн 100 ор ноогдохоор бодолцон 90 -320 хүүхдийн цэцэрлэгт 1 хүүхдэд 40-35м2 эдэлбэр газар,
- Сургуулийн 200 суудал, 120-1100 сурагчтай сургуульд 1 сурагчид 50-35м2  эдэлбэр газартай байхаар тус тус төлөвлөх,

“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”, БНбД 31.01.10-ын: 
Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын доорх зайн хэмжээг

Тайлбар: 51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцох зэрэг нормууд болно.

Зогсоолын тоо, явган болон автозамын хэмжээ, орц гарцыг хот байгуулалтын нормд бас заасан буй.

Засгийн газрын зөвхөн нэг гишүүн дэд сайд, ТНБД-ынхаа хамтаар(бүгд мэргэжлийн бус намын шахаа нар) үүргээ умартсны (хөөрхөс хэрэгжүүлье гэсэн ч сачий нь хүрээгүй байж мэднэ) харгайгаар  хохирч байгаа хороолол, оршин суугчдын тоо улам нэмэгдэн бүхэл хотоороо хохирол амсч байгаагийн дотор  боловсрол, эрүүл мэнд, тээврийн салбар хамгийн их нэрвэгдэж олны хэл амны бай болж буй түгжирлээс гадна цэцэрлэг сургууль, эмнэлгийн хүүхэд, өвчтний бөөгнөрөл үүсээд улам даамжирч байна.

Төрийнхэн, хот байгуулалтын болон газрын хуулинаас шалтгаалан энэ их замбараагүй байдал үүссэн мэт ойлголт төрүүлэхийг оролдож байгаа нь үнэн байдалд үл нийцэхийг эндээс харагдана.

30-аад жилийн өмнө дүүргийн засаг дарга нарын бизнес хийж бариулсан өнгө үзэмж, орон зайн ашиглалт муутай, хотын үзэмжийг гутаасан гаражаас салах нь зөв байх. Гаражийн эздийн хохирол наандаж 10-20 сая төгрөг. Хот байгуулалтын бодлогын алдаа гаргасан хотын захиргаа гэм зэмгүй бараг сайн үйл хийж байгаа аятай цэвэр үлдэж  хэдэн зуун иргэд хохироод  үлдэх нь манай хүмүүнлэг нийгмийн зарчимд хир нийцэх бол. Алдаа гаргасан этгээд хариуцлага хүлээдэг бол сайнсан.

Иргэдийг бага хохироож, үзэмжтэй, зай хэмнэсэн, дулаан гаражтай болгох шийдэл гаргамаар. Шийдэл бол бий.

“Жаргалтай Улаанбаатар”, “Алсын хараа”, “Тогтвортой хөгжлийн бодлого” энэ тэр нэр нь сонсоод л шууд итгэмээр сонсголонтой  сайхан ч молиго үмхүүлсэн явцгүй улс төрийн тоглолт үргэлжилсээр... 

“Дахин төлөвлөлтийн” гайг амссан, тун удахгүй амсах тавилантай газруудыг захаас нь нэрлэвэл:

  • СБД-ийн 9-р хорооны “Дөлгөөн нуурын” зүүн талд өмнө нь баригдсан, баруун биед одоо шигүү баригдаж байгаа өндөр сууцнуудын сургуулийн хэрэгцээг 4-р болон 5–р сургууль хангахгүй. Цэцэрлэг ч ялгаагүй. Ар биед нь “Ногоон нуур” төслийн 1008 айлын  сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шийдэж байгаа юу?
  • “Нэхмэлийн шарын” хавьд урд барьсан өндөр сууцнууд дээр нэмж 3 давхар барилгуудыг нураан олон давхар сууцнуудыг барьснаар 18-р сургууль болон тэр хавийн цэцэрлэгийн ачаалал дийлдэхээ больсон.
  •  СБД-ийн 4-р хорооны дэвсгэрт өмнө нь олон давхар 2 сууц барьснаас 45-р сургууль хэт ачаалалтай болсон. Тэнд 3 давхар сууцыг нураан шинээр босгож байгаа олон давхар сууцны хүүхдийг хаана сургууль, цэцэрлэгт хамруулахаар тооцсон бэ?
  • Хуучин автобусны 1-р баазын хашаа, Орос 3-р сургуулийн биеийн тамирын талбай, 6-р сургуулийн орчмоор  баригдсан болон одоо хуучин Тээврийн институтын буурин дээр барьж буй өндөр сууцнууд1-р, 6-р болон 31-р сургуулийн одоо ч хэтэрсэн байгаа ачааллыг бүр л хүндрүүлнэ.
  • Нам сууцнуудыг нураагаад өндөр сууцнуудыг ар араас нь шигүү босгож Төмөр замын районыг жинхэнээсээ буснуулж байх шиг байна. Сургууль, цэцэрлэгт явах тэр хавийн багачууд хэцүүдсээр. Асуудалтай газрууд олон байгаа ч үүгээр хязгаарлая.

Хот байгуулалтын завхралын ужиг хаана байгааг эрхбиш Та ухаарсан гэдэгт найдна. Асуудал хэт их угжирч бүхэл хотыг хамарч, олон хүний хэвийн аж амьдралыг алдагдуулж байгаа тул Засгийн газрын гишүүн маань хуулиар хүлээсэн үүргээ юун түрүүнд биелүүлж УБ-ын хот байгуулалтын энэ замбараагүйтэлийг нэн даруй зогсоох хэрэгтэй байна. УИХ болон Нийслэлийн ИТХ бас энэ ажилд төхөм үзүүлж энэ бусармаг бөгөөд хариуцлагагүй байдалд цэг тавихад   түлхэц өгөхгүй бол дийлдэхгүй шатандаа орсон байхаа.

Мэргэжлийн хүний үгийг сонсох чих төрд бий болов уу. Оготнын дуу тэнгэрт хүрэхгүйн үлгэр болох эсэхийг хэн мэдлээ.

 Нүүр зургийн эх сурвалж: IQAir

arrow icon