Хөвөлзөх ертөнц гэж анх уншаад ямар гоё монгол хэл вэ гэж бодож билээ. Floating world хэмээх англи хэлийг ингэж буулгасан орчуулагчид хүндэтгэл! An Artist of the Floating World, Хөвөлзөх Ертөнцийн Зураач бол Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн эхэн үеийн бүтээлүүдийн нэг. Ишигүро утга зохиолын түүхэнд “найдваргүй өгүүлэгч” буюу өгүүлэгч өөрөө үл бүтэх нөхөр байдаг гол дүрүүдээрээ мөнхрөх болно. Энэ зохиолд ч гол дүрийн зураач Оно урлахуйн ертөнцөөсөө, багшаасаа урваж Япон империализмын үзэл сурталд хүчин зүтгэдэг. Эх орон нь дайнд ялагдсан хойно багшийнхаа тухай, Тоокиогийн шөнө уушийн газар бүрэлзэж асан цаг хугацаа, гарт үл баригдах, зүүд мөрөөдөл мэт гоё сайхан хөшиглөсөн тэр оршин ахуйгаа дурсан санагалзаж суудаг…
Том зохиолчийн том бүтээл тул мэдээж олон суурь сэдэв хөндөгдөнө. Нэг гол сэдэв нь урлаг гэж юу вэ хэмээх асуулт. Урлаг энэ ертөнцийг тэр байгаагаар нь буулгах уу? Тамхины утаан цаана бүрэлзэж буй нэг тийм төөрөгдөлт хэвэнд буулгах уу? Ер нь гоё сайхан юм гэдэг нэг тийм жоохон хөвөлзөж байдаг уу, тэрийг гоё сайхан гэж харахын тулд хүмүүний сэтгэл өөрөө хөвсөлзөж байх уу гэдэг тийм нэг асуулт. Вон Карвай бол Азийн гоозүйг тамхины утаан дунд хөвөлзүүлж өгөөд кино урлагт мөнхрөв. Би ч яахав ойрд угаасаа сүнсээ Нацүмэ Соосэкид базуулцан, Соосэкигийн хөвөлзөх ертөнцөд амьдарч байгаа хүн. Соосэки уран бүтээлчдэд захихдаа дөрвөн булант ертөнцөөс эрүүл ухаан хэмээх өнцгийг зүлгүүрдэж хаяад гурван булан л үлдээж манантуулаарай гэжээ. Бодит амьдралын детальд нэг бүрчлэн баригдалгүй зөвхөн гоё сайхныг нь шигшиж аваарай гэжээ. Нүцгэн биеийг нүцгэнээр нь биш нэгэн цуу торгоор хучиж дүрслэхгүй бол бурхны санаа илрэхгүй гэжээ.
Сая Мягмарнарангийн Батболдын найруулгаар Шөнө Дундын Бүжиг үзэж байгаад нэгэн зүйл хөвөлзөх ертөнцийг нүднээ үзлээ. Нийтдээ ингээд Батболд найруулагчийн тавьсан 3 жүжиг үзлээ. Энэ найруулагчийн гол давуу тал яг тэр гарт үл баригдам идей санаануудыг ямар л нэг биет хэлбэрээр тайзанд буулгаж илэрхийлэх авьяастай юм. Гэм Зэм дээр Сонягийн, эсвэл бурхны хайрыг давхар тайз, гүн хар өнгө, цагаан гэрлээр илэрхийлж өгсөн. Фауст дээр Фаустын эргэлзээ, шаналгааг гүн улаан өнгөнд, геометрийн минимал дүрсүүдээр бас гаргаж өгсөн. Шөнө Дундын Бүжиг дээр хоёр хүн секс хийх үеийн ертөнцийг ёстой л цагаан торгон далайгаар хучиж илэрхийлж өглөө. Wow! Хөвөлзөх ертөнц гэдэг ойлголтыг бодоод удаж байгаа хэрнээ ийм уран бодит хэлбэрт харна гэж бодоогүй явлаа. Магадгүй дур тачаалын дууг нь ч дараад бүр хөгжим болгох байсан юм. Секс чинь нээрээ яг л ийм бодит амьдралын бүх хэмжээс алдуурдаг хөвөлзөх ертөнц бус уу. Фромм бас хүний оргүй хоосны айдас ийм цагаан далайд түр боловч зогсоно гэсэн байдаг билээ. Нөгөө талд Баатар Тамгагүй Төр дээр хоёр дүрээ үзэгчдийн нүдэн дээр ил унтуулсан, хамгийн хайр үгүй байрлалаар. Ингэхээр урлаг хөвөлзөхөө больж бодит амьдралын нэг хэсэг болчиж байгаа юм. Одоо Англид тоглохдоо тэр хэсгийг арай хөвөлзүүлж, дорнын далд илэрхийлэл(high context) гэж юу болохыг үзүүлж өгнө гэж найдаж байна.
Тэр цагаан торгоноос хойш дөрвөлжлөн засаж цагаан гэрэл тусгасан тайз, тойроод сууж буй үзэгчид надад нэгэн хөвөлзөх ертөнц болж үзэгдлээ. Хүн гэдэг амьтан хөөрхөн. Нэг хэсэг нь тайзан дээр жүжиглэж, нөгөө хэсэг нь амьсгаа даран тойроод сууж байдаг. Ардах амьдралаа орхиод яах гээд тэгээд сууж байгаа билээ хэмээх асуулт. Дөрвөлжин гурвалжин хатуу булант ахуй амьдралаасаа нэгэн зуур холдож, өнцөггүй булангүй төсөөллийн ертөнцөд түр зуур боловч хөвөлзөхийн тулд бус уу… хэрэв тийм бол хэтэрхий вулгар нахал амьдраллаг үзэгдлүүд дээрээ ч ажиллаж торгоор биш гэхэд ямар л нэг аартаар хучих хэрэгтэй. Амьд тайз гэдэг амьд хүн тоглож буй гэдэг утгаараа заавал нэг амьдраллаг, риал болно. Гэхдээ л яаж ийгээд цагаан торгон далай шигээ арга ухаан олоод хөвөлзүүлэх л хэрэгтэй...
“Хөвсөлзөн хөвсөлзөн хүмүүний сүнс далайн залхаг мэт хөвж явна. Хорвоог ч бас энэ мэт хөвсөлзөн туулж болдогсон бол сайхансан...” Нацүмэ Соосэки
Нүүр зургийн эх сурвалж: Freepik