Нийтлэл 05 сарын 21, 2024

Яагаад Ардчилсан намыг дэмжих ёстой вэ?

Социализмын 70 жилд бид үндэстний ухамсраа бүхэлд нь гээсэн. Энэ нь бидэнд хатуу түүхэн сургамж болсон. Үүнийг улаан хувьсгалчид ч, ардчилагчид ч бүгдээрээ ойлгож байсан. Тиймээс Ардчилал бол Монголыг шинээр бүтээх боломж юм.

 Харин сүүлийн 10 жилд хувьсгалчид сохорч Монголоо бүтээх шинэ боломжид халдах болж. Ардчилсан нам институт болж төлөвшиж чадаагүй. Боломж харсан, төөрсөн хүмүүсийн нэгдэл байгаа. Энэ нь АН-ын имиж хэдэн ардчилагч, удирдлагатай сэхэж, амьдарч байгаагаас илэрхий. Элбэгдорж, ардчилсан нам, ардчилал гурав бараг synonym шиг ашиглагдаж байгаа. Тиймээс Ардчилсан намыг ардчилагч, намын удирдлагаар нь хагалах, харлуулах сонгуулийг хувьсгалчид гарамгай хийдэг. Гэхдээ хувьсгалчид хэзээ ч Монголоо бүтээх боломжоос урваж, сонгуулийн тунгаа хэтрүүлж байгаагүй. Харин одоо эргэлзэхэд хүргэж байна. Хоёрхон жишээ:

 Бараг 3 сонгууль дараалан Ардчилсан Нам бутарсан, тарсан, хуваагдсан, хэрэлдсэн, тэмцэлдсэн байдалтай байна. АН-ын хуваагдал нь хэдэн удирдлагын талцал гэхээсээ хувьсгалчдын хүчтэй оролцоо. Хууль хүчний байгууллага, Шүүх, Цэцийг ашиглан АН-ыг хагалсан. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль дамнуулан АН-ын удирдлагыг хувьсгалчид идэвхтэй зодолдуулсан. Энэ удаа АН бага зэрэг эвлэрэл харуулж байгаа мэт боловч үнэндээ бодлогын, сонгуулийн тактикийн, мэдээллийн, нэр дэвшигчдийн нэгдэл алга байна. Сэхээ авч чадахгүй байсаар сонгуульдах гэж байна.

 АН-ын ийм арчаагаа алдсан дээр нь нэмээд хувьсгалчид хэт харлуулах бодлого барьж ажиллаж байна. Ардчилагчдыг, АН-ын удирдлагыг хэлмэгдүүлэгч, яргачин, хулгайч, авлигач, худалч болгож байна. Хууль, шүүхийн байгууллага нь шийдчих, яллачих, хариуцлага тооцчих асуудлыг нийгэмд олон цагийн видео, ярилцлага, рийл хийж, суваг сольсноо ч мэдэхээргүй болтол дүүртэл цацаж байна. Ардчилсан намыг муу, муухайн үүр болгож, ардчилалыг сульдуулж байна. Хамгийн эмэгнэлтэй нийгмийг ардчилагчдаас, ардчилалаас ичээлгэж байна.

 Тийм. Нэг бол хувьсгалчид ялалтын төлөө дэндүү сохорсон байна. Эсхүл тэд Монгол өөрийгөө бүтээх боломжийг устгахаар шийдчихэж. 34 жилийн өмнө Хувьсгалчид ч, Ардчилагчид ч –  “Ардчиллыг” Монголоо шинээр олох, бүтээх сонголт гэж харж байсан. АН-ыг нялхыг, Монголын ардчилал эмзгийг ойлголцож, асуудалд хандаж ирсэн. Гэтэл АН-ыг төрийн институтыг ашиглан хувааж, харлуулж тартагт нь тулгаж, сонгуульдах болж.  Хувьсгалчид ийм сохор байсан удаа байхгүй.  Хувьсгалчидаа ялзарсан хэдэн ардчилагчид, АН-ын удирдлагыг яллах биш Монголоо шинээр бүтээх боломжоо үгүй хийхээр хөдөлснөө харж байгаа уу? Тун хэтэрвэл ямар ч эм хор болдог юм.

 Монгол охид, хөвгүүдийг сонголттой нийгэмд үлдээхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

arrow icon