Оюун-Эрдэнийн хөрөнгө орлого, тансаглалын асуудал нэгэнт олон нийтэд тодорхой болж, үүндээ тэр хүн хариуцлага хүлээх нь цаг хугацааны асуудал гэж найдаж байна. Түүнээс дутуугүй хортой зүйл бол энэ хүний монголын нийгэмд үлдээж буй легаси буюу фашистжсан нийгэм юм.
Фашизм гэдэг үзэл суртал зөвхөн түүхэнд үлдсэн, бидэнтэй хамаагүй юм биш. Харамсалтай нь энэ муухай үзэл суртал одоо ч дэлхийн энд тэнд тодорхой хэмжээгээр нөлөөгөө алдаагүй, амьд байсаар байна. Фашист нийгэм болохын тулд заавал арьс өнгө, үндэстэн ястан, гарал үүслийг урдаа барьсан байх шаардлагагүй. Энэ үзлийг судалсан эрдэмтэд фашизмын хэд хэдэн шинж тэмдгийг бичиж үлдээсэн нь бидний одоогийн нийгэмтэй улам бүр нийцтэй болж байгааг судлаачийн хувьд ажигласнаа хуваалцъя.
- Атомжсон буюу эв нэгдэлгүй нийгэм
Үгийн үндэс fasces гэдэг нь хоорондоо улаан уяагаар холбогдсон, дундаа сүхтэй модон саваануудыг хэлдэг. Саваанууд сүх буюу зэвсгийг тойрон, тэднийг зөвхөн нэг уяа л холбож байдаг. Фашист нийгэм ч иймэрхүү бүтэцтэй болдог. Иргэд хоорондоо эв нэгдэлгүй, зөвхөн төр л тэднийг холбож байдаг. Иргэд дундын эрх ашиггүй, төрийг эрх ашгийг л чухалчилдаг. Иргэд эв нэгдэлгүй байснаар төрөөс улам хараат болдог. Иргэдийг холбож байдаг Үйлдвэрчний эвлэл, намуудыг ямар ч үүрэг рольгүй болгож, иргэний нийгмийн оролцоог минимал болгодог. Харин төр иргэдэд юуг дэмжих, юуг эсэргүүцэх, юунд уурлах, юунд баярлахыг хэлж өгдөг. Ямар ч сөрөг хүчингүй, иргэний нийгэмгүй, өөр дуу хоолойг нухчин дарж буй Монголын нийгэм улам атомжиж байна. Бүгд төрийг л ярьдаг, төрийг тойрч амьдардаг, төрөөр амьсгалдаг болсон.
- Төр=Удирдагч=Ард түмэн
Фашист нийгэмд төр нь ард түмэн, ард түмнийг удирдагч төлөөлдөг гэж үздэг. Энэ 3-ын хооронд ямар ч ялгаа байхгүй болдог. Удирдагчийн эсрэг бол ард түмний эсрэг, төрийн эсрэг гэж үздэг. Тиймээс шүүмжлэгчид ард түмний дайсан болдог. Төрийн байгууллагуудын нэр хүнд гэдэг зүйл бий болж, төрийг шүүмжилсэн хүмүүс ял авч эхэлдэг. Төр болон удирдагчийг шүүмжилсэн хүмүүсийг төр нь олон нийтийн өмнө доромжилж, архичин, наймаачин, хулгайч, авилгач, алуурчин гэх мэтээр эчнээ ялладаг. Зөвхөн тийм хүмүүс л удирдагч болон төрийг шүүмжилдэг гэсэн ойлголт бий болгосон. Бид бүхэн иймэрхүү кэйс олныг мэднэ дээ.
- Хүчирхийллийн культ буюу хүчирхийлэл бүгдийг шийддэг
Фашизм хүчирхийлэл дээр суурилдаг. Нийгэмд хууль журам гэхээсээ зөвхөн хүчтэй нь дийлж эхэлдэг. Хууль сахиулах байгууллагууд үзэмжээр ажилладаг. Хүчтэйн буруу хэзээ ч байдаггүй. Хүчтэй гэдэг бол төрд ажилладаг, төрд хамаардаг, эрх мэдэлтэй хүмүүс. Үүнийг харсан нийгэм хүчирхийллийг өмнөө барьж эхэлдэг. Хэн илүү эрх мэдэлтэй, том биетэй, нөлөөтэй, илүү хараал ерөөл хэлдэг, илүү олон дагагчтай нь бусдыгаа ялдаг. Эндээс нийгэм маш бухимдалтай, догшин болж эхэлдэг. Юм л бол зөрчил үүсдэг, түүнээ хүчирхийллээр шийддэг. Улаанбаатар тав алхахад л энэ уур амьсгал мэдрэгддэг. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэсэн үг. Гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг статистик харуулдаг.
- Байнгын тэмцэл
Хамгийн алдартай фашистын ном “Миний тэмцэл” гэдэг нь санаандгүй хэрэг биш. Фашизм оршин тогтнохын тулд байнгын тэмцэл дунд байх шаардлагатай. Тэмцэлгүй бол хүчирхийлэл шаардлагагүй болно, хүчирхийлэлгүй бол фашизм тогтнохгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жилүүдэд монголын амьдрал байнгын амаргүй тэмцэл дунд өнгөрлөө. Газрын мафи, МАНАН мафи, нүүрсний мафи, олигархууд, Эбигийн гар хөлүүд гэх мэт бүлэглэлүүдтэй тэмцсээр байна. Асуудал болгон ардаа тэмцэл дагуулдаг, тэмцэл бүрийг сонсгол, кампаничилсан баривчилгаа, медиа сенсац дагалдаж, ард түмнийг уйдаасангүй. Энэ төр байхгүй бол энэ тэмцэл ялагдах юм шиг үзэл суртал нэвт явж байгааг анзаарч байгаа байх. Фашизмийн классик техник.
Энэхүү дуусашгүй тэмцэл нь фашист төрийг хүчирхийлэл үйлдэх шалтаг болж, нийгмийг байнгын айдаст байлгах, төрийн тодруулсан дайсны эсрэг ард түмнийг турхирах боломж бүрдүүлж өгдөг. Түүнээс гадна байнгын дайсан тодруулах тусам нийгэм улам эв нэгдэлгүй болж ирдэг. Нийгмийн капитал байхгүй болж, иргэд нэг нэгэндээ итгэхээ больж, төр л тэднийг нэгтгэдэг ганц зүйл болно.
Дүгнэлт
Яг фашизм тогтооё, үзэл суртлыг нь хуулъя гэсэн санаа байсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ яг л энэ чиглэлд яваад хэдэн жил боллоо. Үр дүнд нь эв нэгдэлгүй атомжсон нийгэм, хүчирхийлэл дунд амьдарсан ард түмэн, төрөө болон удирдагчаа дээдэлсэн, тойрон хүрээлсэн үзэл суртлын аппарат, шүүмжлэлийг үл тэвчсэн, түүнийг таслан зогсоох үүрэгтэй хүчний аппарат үүсэж тогтоод байна. Ардчилал, хүмүүнлэг нийгэм тогтоох гэсэн Үндсэн хуулийн зорилтоосоо улам холдлоо. Нийгэмд төрөөс өөр орон зай үлдсэнгүй. Иргэний нийгэм ч, эдийн засаг ч төрөөс хараат боллоо. Сошиал медиа нь сошиал биш стэйт медиа боллоо. Хамгийн хортой нь иргэд нэг нэгэндээ итгэхээ болилоо. Жагсаж байвал мөнгөтэй захиалгатай, шүүмжилж байвал ард нь дайснууд байдаг, энэ төр байхгүй бол Монгол байхгүй болох юм шиг санадаг болтлоо үзэл сурталд угаагдсан байна.
Энэ хортой үзэл суртлаас бид бүрэн салтлаа, нийгэм эргээд эв нэгдэлтэй, төрөөс хараат бус, төрд шүүмжлэлтэй хандахыг хэвийн гэж үздэг болтлоо удах биз. Үүнийг хийх нь дараагийн засаг, дараагийн эрх баригчдын хийх ёстой хамгийн том ажил байгаасай.