Нийтлэл 03 сарын 14, 2016

Нэг сэдвээр хоёроос олон ном унших хэрэгтэй

Ганц ном уншчихаад түүндээ үнэмшээд түүнийгээ бусдад тулгаж явдаг хүмүүс бол хамгийн оюуны соёлгүй бүдүүлэг хүмүүс байдаг. Тийм хүмүүстэй ярилцах нь байтугай харилцахад бэрх. Ерөнхийдөө бол нэг сэдвээр нэг ном уншсан хүмүүс гэсэн үг. Иймэрхүү бүдүүлэг зан гаргахгүй, эвгүй байдалд орохгүйн тулд хүн нэг сэдвээр хоёроос дээш ном унших хэрэгтэй. Үндсэндээ харьцуулж унших хэрэгтэй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл аливаа сэдвээр, түүхийн тодорхой цаг үе, түүхэн үйл явдлын талаар, хэн нэгний намтарыг тухайн хүнтэй нэгэн цаг үед зэрэгцэн амьдарч байсан хүний намтартай зэрэгцүүлж аль эсвэл дараалан уншиж харьцуулж унших хэрэгтэй гэсэн үг юм. Аливаа улстөр, нийгэм, философийн үзэл баримтлалын талаар уншихдаа харьцуулж унших нь маш чухал. Учир нь зохиогч ихэнхидээ өөрийн өнцгөөс, өөрийн үзэл бодлоо нотлон хамгаалахын тулд хичээсэн, зарим тохиолдолд туйлширсан байх нь элбэг.

Жишээлбэл Сорхугтани хатны тухай уншихдаа түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан түүний нөхөр Тулуйн ах Зүчийн хүү Бат хааны тухай уншсанаар тухайн үеийн түүхэн үйл явдлууд, хаан ширээ Өгөөдэйгөөс Гүег рүү, Гүегээс Мөнх рүү хэрхэн шилжсэн тухай, үүнд гадаад дотоодын ямар ямар хүчин зүйлс, хүмүүс, үйл явдлууд нөлөөлсөн тухай тодорхой хэмжээнд бүрэн зураглалтай болох давуу талтай.

Намтар зохиолын өөр нэгэн жишээ гэвэл одоогийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гинхейн намтрыг уншихдаа мөн түүний аав ерөнхийлөгч Пак Жөнхыйгийн тухай номуудыг уншвал Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн тухай, түүний хүмүүжил, улстөрийн үзэл баримтлалд аав нь хэрхэн нөлөөлж түүнийг улстөрд хэрхэн яаж бэлтгэж байсан тухай өргөн ойлголттой болох боломжтой. Мөн тухайн үеийн Солонгосын нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал, хэрхэн яаж ямар бодлогоор, ямар ямар саад бэрхшээлийг туулан маш богино хугацаанд өнөөгийн өндөр хөгжилтэй орон болж хөгжсөн талаар өргөн ойлголттой болох боломжтой.

Ялангуяа хувь хүний хөгжлийн номууд бол ихээхэн адармаатай байдаг. Учир нь энэ төрлийн номууд нь яг таг баталгаа нотолгоотой шинжлэх ухааны аль эсвэл түүхэн баримтанд үндэслэхээс илүүтэйгээр хүний сэтгэхүй, сэтгэлийн хүч гэх мэт субьектив ойлголт, парадигм, таамаглалууд дээр суурилсан байдаг. Тиймээс энэ талын номууд дээр жишээ авахад хувь хүний хөгжлийн хамгийн шилдэг номын нэг гэгддэг гучаад жилийн өмнө бичигдсэн Стефен Ковигийн “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” гэдэг номыг уншаад араас нь саяхан хэдхэн жилийн өмнө бичигдэж бестселлер болоод байгаа “Зуршлын Хүч” гэдэг номыг уншвал тухайн сэдвийг нэлээд сайн гадарлах бөгөөд олон талаас нь харж чадна, улмаар илүү сайн ойлгоно гэсэн үг юм. Хүн ер нь илүү сайн ойлгосон зүйлээ өөрийнхөө итгэл үнэмшлийнхээ нэг хэсэг болгож улмаар илүү сайн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх магадлалтай байдаг юм.

Бас нэг жишээ: хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. Хайрын тухай яруу найраг, уран зохиолын номуудыг бол тоолж баршгүй. Харин энэ сэдвээр уншихдаа нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн салбарт бичигдсэн номуудыг харьцуулж уншвал залуу хүн өөрийгөө болоод эсрэг хүйстнээ илүү сайн ойлгох бөгөөд хайр дурлалын явдалдаа аль болох бага шаналж, алдаж эндэх нь ховор байж мэдэх юм. Учир нь хүний амьдрал богинохон тул туршилтын туулай мэт амьдрах нь дэндүү харамсалтай шүү дээ.

Би хувьдаа Майнд сангийн залуусын орчуулсан Эрих Фроммын “Хайрлах Урлаг” номыг уншаад саяхан 2015 оны non-fiction номын салбарт шилдэг ном болсон “Modern Romance” гэдэг номыг интернэтээр захиалан уншиж байна.

Хайр хэдий мөнхийн сэдэв, мөнхийн зүйл хэдий ч хүн төрөлхтний хайранд хандах хандлага хүний үүсэл хөгжил, хүнийг нийгмийн хувьслын явцад өөрчлөгдсөөр ирсэн. Эрих Фроммын Хайрлах Урлаг ном 1956 онд бичигдсэн бол Азиз Ансари гэх залуугийн бичсэн Модерн Романс гэх энэ ном нь 2015 онд бичигдсэн бөгөөд өнөөгийн завгүй болсон, сошиал медиа, нийгмийн сүлжээ хөгжсөн энэ цаг үед хайр гэгч зүйл нь, хайртай хүнээ олох, амьдралын хамтрагчтайгаа учрах нь яг ямар байдалд, ямар түвшинд хүрээд байгаа талаар маш сонирхолтойгоор егөөдөж бичжээ.

Эрих Фроммын ном бол психологи, биологи, социологи, философийн мэдлэгийн салбаруудад тулгуурлан бичсэн хэдий сонирхолтой ч нэлээн хүнд, баргар, бараандуу ном. Харин Азиз Ансаригийн ном бол хошин хөгжилтэй хэдий ч бас л олон тооны шинжлэх ухааны судалгаа, туршилтуудын үр дүнд бас үндэслэн бичигджээ.

За эцэст нь дүгнээд хэлэхэд номонд дурлаж энэ ондоо номтой “үнэнч”, “эрчимтэй” нөхөрлөхийг зорьж буй залуустаа номын тоо чухал бус харин чанар чухал шүү гэж хэлмээр байна. Хамгийн гол нь зөв номоо сонгож, зөв арга барил, техникээр уншвал таньд өөрт чинь хэрэгтэй бөгөөд цаг заваа зөв, ашигтай өнгөрүүлэхэд их тустай. Учир нь ном унших нь басхүү чамгүй цагийг таниас нэхдэг билээ. Мөн хэзээ ч битгий нэг сэдвээр нэг ном уншаад түүндээ үнэмшиж, тэр сэдвээрээ бүрэн ойлголттой болчихлоо гэж бодоорой. Юм хоёр талтай гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл юм чинь хоёр байтугай 360 өнцөгтэй байх тал бас бий шүү. Нэг сэдвээр олон номыг харьцуулж уншаарай, болж өгвөл дотоодын номыг гаднын автортай харьцуулж уншаарай, хэл сайн сураарай, “хэлтэй бол хөлтэй” шүү гэж зөвлөе.

Ер нь бол гүйлгэж, яаран залгиж биш бодож тунгааж, амталж, зажилж унших хэрэгтэй дээ.

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2018-01-29

    ene ystoi medrel zaluu, yu ch hiidgiin neg l ih nom yrisan gar. Ajil bolgohgui bol hichneen nom unshaad yadgiin. Zugeer ch neg nergui hun muulah gesendee bish

    • Зочин
    • 2016-10-03

    Хэрэгтэй зөвлөгөө байна.

    • ЗОчин
    • 2016-03-16

    Ганцаас олон ном унших ёстой гээд нэг л зохиогчийн дараалсан ном уншаад байвал явцгүй л дээ. Таны наад зураг дээр байгаа шиг

    • Зочин
    • 2016-03-15

    mundag zaluu

arrow icon