Нийтлэл 04 сарын 17, 2020

Өмнөд Солонгосын сонгуулийн туршлагаас: Ковид19-ийн үед ардчилсан оролцоог хангах нь

Монголд хоёр сар гаруй хугацааны дараа парламентын сонгууль болох тул Өмнөд Солонгосын жишгээс санаа авах нь энэхүү цар тахлын үед өндөр ач холбогдолтой гэж үзэн энэхүү нийтлэлийг бичлээ.

Өмнөд Солонгос дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед парламентын сонгуулиа 66.2 хувийн ирцтэйгээр явуулж улс орнуудыг гайхшрууллаа.

66.2 хувийн ирц гэдэг нь 1987 оны ардчилсан Үндсэн хуулиа баталсны дараагаар зохион байгуулсан парламентын сонгуулийн ирц 71.9% байснаас хойших 28 жилийн түүхэнд хамгийн өндөр   үзүүлэлт юм.  Түүнчлэн нэр дэвшигчид К-Поп одуудыг сурталчилгаандаа тоглуулалгүй, маск зүүн нэг удаагийн бээлий өмсөж сонгуулийн ажлаа явуулсан байна. Урд урдын сонгуулиудаас тайван, даруухан сонгууль боллоо гэж ажиглагчид дүгнэсэн байна.

2020 оны 4 сарын 15-ны өдөр 300 гишүүн бүхий парламентын сонгуулийг Засгийн газраас өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд нийт саналын эрхтэй иргэдийн тоо 44 сая орчим байжээ. Өмнөд Солонгост цар тахлаар (covid-19) өвчилсөн иргэдийн тоо 10,560-д хүрсэн хэдий ч үүнээс 7500 орчмыг нь амжилттай эдгээж, тахлын тархалтыг богино хугацаанд хумьж чадсан нь иргэдийн Засгийн газарт итгэх итгэлийг нэмсэн байна. Ийм ч учраас 300 гаруй парламентын суудлаас 180-ыг нь дангаараа Ерөнхийлөгч Мүүн Жае-ийн нам авсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн улс төр судлаачид дүгнэжээ.

Тэгвэл Өмнөд Солонгос улс коронавирусын халдвар дэгдээд байгаа онцгой нөхцөл байдалд  сонгуулиа ямар байдлаар зохион байгуулав?

1. Нийтдээ 14,000 гаруй маш сайн халдваргүйжүүлэлт хийгдсэн сонгуулийн байрыг улс орон даяар байрлуулан сонгогчдыг 1 метрээс багагүй зайд зогсох хуудсыг газарт нааж бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн байна.
2. Мөн бүх сонгогчид маск зүүж сонгуулийн байранд ирэх бөгөөд бүх хүмүүсийн гарыг ариутгалын бодис ашиглан халдваргүйжүүлэхээс гадна нэг удаагийн бээлийн үнэгүй тарааж байв.
3. Дараа нь сонгогч тус бүрийн халууныг үзэж, 37.5 градусаас дээш халуунтай байвал илүү сийрэг, тусгай сонгуулийн байр луу хүргэн саналын хуудсыг нь бөглүүлж авав.
4. Цар тахлаар өвдсөн байгаа 3100 гаруй иргэдийнхээ сонгох эрхийг мөн мартсангүй. Тусгай хувцас өмссөн багийнхан саналын хуудсыг нь битүүмжлэн хүргэж саналыг нь авав.
5. 6 цаг өнгөрч сонгуулийн ажиллагаа албан ёсоор өндөрлөсний дараагаар 600.000 орчим карантинд байгаа хүмүүс өөрсдийн саналын хуудсыг авч байрлаж буй газраасаа гараад энгийн хүмүүсээс өөр замаар сонгуулийн байранд ирж сонгуулиа өгцгөөв.
6. Карантинд тусгаарлагдсан байгаа 13000 гаруй иргэдээсээ сонгууль өгөх эсэхийг нь асууж сонгуулийн албаныхан саналын хуудсыг нь битүүмжлэн авчирчээ. 

Шинэ төрлийн цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлыг төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх боломж болгож улстөржүүлэх хандлага Унгар зэрэг зарим оронд ажиглагдаж байна. Өвдсөн ч, хөл тусгаарласан ч иргэдийнхээ улстөрийн оролцоог дээд зэргээр хангах байдлаар ардчилсан сонгуулиа амжилттай зохион байгуулсан Өмнөд Солонгосын туршлага цаашид шинэ нөхцөл байдалд хэвийн амьдрах, ардчиллыг хамгаалж үлдэх итгэл найдвар олон улсад төрүүлээд байна.  

 

 Т.Лхагважаргал МУИС-ХЗС II

Эх сурвалж.
www.washingtonpost.com
cnn.com
www.bloomberg.com

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2020-04-18

    Sain boljee

    • Зочин
    • 2020-04-17

    Мундаг шүү миний найз

arrow icon