БЭЛГЭВЧ ШИГ БОЛГОСОН ИХ ХААНЫ МИНЬ НЭР

2015-08-26
Сэтгүүлч Б.Наминчимэд

Монголд зочилсон өвөрмонгол малчид Чингис хааны хөшөөний өмнө хуугаараа сунаж мөргөцгөөнө. Дахин дахин мөргөх нь Бурханд аврал одуулан мөргөх лугаа адил. Үнэхээр ч ар, өвөр, баруун зүүн, халимаг, буриад хийгээд ер дэлхийгээр буй бүхий л монголчууд бидний хувьд Чингис хаан маань бурханаас ялгаа үгүй. Монгол гэдэг үндэстний эцэг. Үндэстний эцэг байна гэдэг ямар их яруу алдар, суу билэг болохыг тайлбарлах шаардлагагүй. Зөвхөн Монгол үндэстний эцэг байгаад зогсохгүй нийт хүн төрөлхтний бахархал болсон хүн билээ, бидний эцэг..

Гэтэл өдөр бүр шахам Ордны өмнүүр ажилдаа 5 жилийн турш алхахдаа тийн мөргөн сүсэлж буй Монгол Улсын иргэнтэй би л хувьд таарсангүй. Хэрвээ бидний хэн нэгэн тэдгээр өвөрлөгчид шиг сунан сунан мөргөж байх аваас бид лав түүгээр бахархахаас илүүгээр тасгаасаа зугтаачихсан Шар хадны нэгэн явна гэж бодох магадлал өндөр. Бодит байдал тийм л байна.


Шүтэж, хайрлаж, дээдэлнэ гэдэг хэлбэрдэхийн нэр биш билээ. Бид Чингис хаанаа сэтгэл зүрхээрээ мэдэрнэ гэж ер үгүй, хий хоосон л цээжээ дэлдэж хийрхэх юм. Бараг хүн тоотой болгон нь Чингисийн алтан ураг болно, бараг шовгор болгоноо Чингис уул гэж нэрлэх шахаж байх шив дээ. Чингис нэргүй юм бараг алга болох нь. Хот, дүүрэг, талбай, зочид буудал, нисэх буудал, архины шил, 00, дов, сондуул хүртэл... Монгол хүн эрхэмийн эрхэм дээдийгээ ингэж хаа сайгүй, үнэ цэнэгүйгээр БЭЛГЭВЧ шиг хэрэглээд байдаггүй л юмсан, уг нь. Тэртэй тэргүй бид улс үндэстэн маань бүгдээрээ, Монгол орны маань алга дарам газар хүртэл Чингис хаанаараа овоглодог байхад, хэн нэгэн үгүй, тийм биш гээд байгаа юм шиг таарсан болгондоо Чингис нэр өгч далжигнаж байх хэрэг юусан билээ. Арай ч гэмээр...


Архи л гэхэд Алтан Чингис, Хар Чингис, Морьтой Чингис, Том Чингис, Жижиг Чингис гэх мэт... Тэгээд тэр архиа уугаад согтоцгооно, халсан үедээ Би Чингисийн монгол гэж орилно, тэр муу, энэ муу гэж бусад руу томорно, нэлээд халаад ирхээрээ заамдалцана, зодолдоно. Тэгээд дараа нь гахай нохой шиг шалбааг шалчиг дотор хөрвөөж хэвтэх. Өнөөх Их хааныхаа нэртэй, хөрөгтэй архиныхаа шилэнд хог цэр нусаа хийнэ, хог новштойгоо хамт хог дээр хаяна.
Хуучин цагт Чингис хааны нэрийг ч хэлэхээс цээрлэдэг, тэгээд газар нутгийг нь хүртэл ӨНДӨР ХААН гэдэг өргөмж сайхан нэрээр нэрлэдэг ухаант дээдсийн тэр их ухаан, сэтгэлийн үртэс нь ч өнөөгийн үр хойчид үлдсэнгүй юу даа гэж халагламаар.

Солонгос, япон, казах, хятадууд их хааны нэрийг их хэрэглээд байна, бид хэрэглэхгүй бол болохоо байлаа гэх шалтаг гаргах нь бас байна. Тэд ИХ ХААНЫ маань нэрийг ихээр хэрэглэж, ашиглаж байгаа нь ч үнэн. Гэхдээ харийнхан хэрхэх нь тэдний хэрэг. Тэд хичнээн хэрэглээд, хичээгээд Чингисийн Монгол болчихгүй. Тэдэнд Чингис хааны нэр зүгээр л бизнес, реклам төдий. Бидэн адил дээдлэн эрхэмлэж, хүндэтгэн шүтэх нь хаа билээ. Шүтэх аваас сайн л биз. Тэглээ гээд бид муу болчихгүй, харин ч бидний үнэ цэнэ нэмэгдэнэ. Тийм атал бид Чингис хаанд хандаж буй харийнхны түвшинд арчаагаа алдан унаж яанам. Нөгөө талаар тэдэнтэй хааны нэрийг реклам, бизнесийн түвшин булаалдан өрсөлдөнө гэдэг угаасаа боломж ч, утга учир ч бага зүйл. Африкууд хүртэл нэг л өдөр Чингисээр өвчлөөд эхлэвэл хэн ч боль гэх боломж үгүй.

Тэр ч бүү хэл зарим үндэстэний зарим эрдэмтэн, зүтгэлтний зүгээс Чингис хааныг өөрийн үндэс угсаа нэгтэн болгох гэсэн санаархал, оролдлого ч их гарах болсон. "Чингис манайх" гэж хэн чанга хашгирсанаар, хамаг юмандаа Чингис нэр аваачаад наачихсанаар Чингис хааныг өмчилчихдөг ч юм биш.
Хамгийн гол нь бид ямар нэгэн юманд Чингис хааныхаа нэрийг өгөх нь чухал биш, бид өөрсдөө Чингис хааны ёс зүй, зарчимаас нь танин мэдэж, түүнээс нь ядахдаа нэг хоёрыг нь ч атугай ахуй явдалдаа чанд мөрдөж, төр улсынхаа нуруу бодлогод хэрэглээ болгох нь чухал юм... С.Молор-Эрдэнэ доктор "Чингисийн этик хэрэгтэй" гээд нэг ном бичсэн дээ. Үнэхээр бидэнд дээшилж дэвжихэд Чингис гэдэг нэр зүүгээд, Чингис гэдэг ундаа залгилаад, Чингис гэдэг талбайгаар таваргаж явах нь төдий л нэмэргүй, нэмэргүй бүү хэл бүр онигоо ч болох тал руугаа. Харин Чингис хааны ёсзүйгээс суралцаж, тэсвэр тэвчээрийг мэдэрч, ялан дийлж чадаж байсан тэр ухаан, билгээс нь урам, санаа авч чадвал биднийг хэн ч хүлээн зөвшөөрч хүндэтгэх болно. "Чингис хааны нэрийг хятадууд ашиглаад байна" хэмээн сандарч гүйлдэх нь үр дүн багатай, түүнээс бид төдийлөн цочиж сандрах хэрэггүй юм. Харин ЧИНГИС ХААНЫ ЁС ЗҮЙ, ЗАРЧИМААР хятадууд амжилт гаргаж байна гэвэл тэр бидний хувьд жинхэнэ эмгэнэл болно. Тэгэхээр нэрийг нь хаа хамаагүй газар наахаасаа өмнө Их хааныхаа замнал мөрийг нь эргэцүүлэн тунгааж, түүн лугаа адил хүсэн тэмүүлж чаддаг байх хэрэгтэй санагдана.
Их хааныхаа нэрээр архи гаргаж хэдэн бор төгрөг олно гэдэг, түүнээ энэ тэнд улс оронд үзүүлж, харуулж гайхуулж явна бол арай ч дэндүү ядарч туйлдаж дорд орсны шинж биш гэж үү. Хүн аргаа барахаараа л сайн эцгийнхээ нэрийг худалдаж иддэг.


Америкт хэдэн жил болохдоо Вашингтон гэдэг нэртэй архи, барбикю байхтай би л лав таарсангүй. Вашингтон нэртэй хот суурин нийслэлээс нь гадна нэлээн хэд бий. Рейгений нэртэй онгоцны буудал ч бий. Жефферсон, эсвэл Грантын нэртэй гудамж бараг хот бүхэнд бий. Манайх шиг хот нь ч, онгоцны буудал нь ч, талбай нь ч, архи нь ч зөвхөн ганцхан үндэснийхээ эцгийн нэртэй бус. Тэр бүрд Америкийн түүхийн маш олон зүтгэлтнүүдийн нэр, дурсгалтай байдаг. Тэр хэмжээгээрээ Америкийн түүхийг том, баялаг, америкчуудын сэтгэлгээг цараатай болгон харагдуулдаг.

Харин Орост Кутузов, Распутин гэх мэт нэртэй хатуу архи бий. Кутузов нартай бид Их хаанаа хэрхэн харьцуулах. Нөгөөтэйгүүр тэд бол өөр үндэстнүүд, соёл, уламжлал, сэтгэлгээ ялгаатай. Харин бид бэлгэ, бэлгэдлийг эрхэмлэдэг дорнын ард түмэн. Хятадад "Күнзийн нутгийн архи" гэсэн архи л буйгаас бус "Күнз" нэртэй архи байхыг би мэдэхгүй юм. Бас Күнз нэртэй хот, буудал, алчуур байхыг ч мэдэхгүй юм.

Еврей нар угийн айхтар улс. Давид, эсвэл Соломон нэртэй барбикю, архи еврей нарт байхгүй. Тэр ч бүү хэл хот ч үгүй, харин мөргөлийн сүм бол бий. Манай хийрхэгчидээс ялгаатай нь энэ. Хэрвээ надад хэн нэгэн еврей Соломон нэртэй архи авчирч бэлэглэвэл би түүнийг лавтай жинхэнэ еврей мөн гэдэгт их эргэлзэнэ ээ... Яагаад гэвэл түүнд жинхэнэ еврей хүнд байх дотоод итгэл үнэмшил, бахархал, үнэт зүйл алга байгаа учраас тэр. Эрхэмлэн зулай дээрээ байлгах учиртай зүйлээ энгийн хэрэглээтэйгээ хольж хутгадаг бол тэр хэн ч бус зүгээр л нэг өчүүхэн амьтан. Харин архийг нь бол ууна, гэхдээ дотроо Еврей нарыг шоолж бас өрөвдөж суугаад ууна. Яг л тийм адил Чингис хааныхаа хөрөг, зурагтай архийг маань хараад гадныхан биднийг ихэд өрөвдөж, гайхдаг байх даа. Гэхдээ мэдээж хэрэг жаахан сэхээтэйнүүд нь шүү дээ, люмпэнгүүд нь бол сайхан архи байна л гээд гударч орхих биз.


... "Хөөе тэр ХАР ЧИНГИС авьяа. 05-ынхаас нь. 10 000 төгрөг билүү, май" гэх мэт үгсийг Монголын хаана ч очсон сонсоно. Хэчнээн ч хямдхан байдаг юм. Амны алдас, явдлын алдас, сэтгэлийн алдас, бодлын алдас, хувь төөргийн алдас гээч юм нь бүгдээрээ нэг дор зэрэгцэнэ гэдэг энэ л байдаг байх даа. Чингис хааныг харьцуулахын аргагүй Сүхбаатартай өрсөлдүүлж мунхаглана. Буянт Ухаа гэж их сайхан нэр байлаа, уг нь. Байчихаад Чингис болгочихсон. ӨНДӨР ХААН гэж сайхан нэртэй хот байлаа. Байчихаад Чингис хот болгочихож, хаан ч үгүй шүү. Сүхбаатарын талбай гэж сайхан талбай байлаа. Байчихаад Чингисийн талбай болгочихож. Нэр усыг хуугаар нь сольчихоор Ардчилсан хувьсгалыг гүйцээгээд төгс хийчихэж байгаа нь тэр юм байлгүй дээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л... Ингэхэд Чингис хаанаас өөр юу ч үгүй Монгол уу даа гэмээр.

Ичмээр юм, Чингис нисэх буудалд буугаад, Чингис таксигаар яваад, Чингис зочид буудалд тухлаад, Чингис талбайд очиж, Чингисийн хөшөөг үзээд, Чингис архи тулгаад, Чингис хотод зочлоод, Чингис шорлог идээд, Чингис 00-оор хошногоо арчаад буцаж байгаа гадаадынхны өмнөөс нүүр байтугай юм улайна даа. Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хууль журам гэж уг нь баймаар санагдах, ухаарч ойлгохгүй бол журамлаж ойлгуулах хэрэгтэй мэт.


Ам дүүрэхгүй шахам архинд

Алгын чинээхэн талбайд

Атгын дайтай толгойд бүү хэл

Алтан дэлхийн хэмжээнд ч багадахгүй нэр юмсан уг нь.

ЧИНГИС ХААН...



.
.
“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА  ЭХ ОРОН

Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ. Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа.

Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.

Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.  Тэгэхнээ нь хятадаас Тайванд Чан Кай Шиг даган дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. “Би Чахар Монгол, ах, найзаа” гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь, итгэл бишрэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр “Чингис” архины хог болсон хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

Монголд бол Их хааны маань нэр, хөрөг бүхий архины шил хогоор нэг хөглөрсөөр, бид хогтойгоо хутгаж, Их хааныхаа хөргөн дээгүүр нь гишгэлж, нүүрэн дээр нь чулуу, цементээр цохилон хагална, нулимна, дотор нь элдвийн бохирыг хийнэ, үл тооно, үл хүндэтгэнэ. Их хааныхаа нэртэй хатуу архи уугаад согтоно, зодолдоно, хутгална. “Би Чингисийн монгол байна” хэмээн цээжээ дэлдэн бархирна. Ямар гээчийн алдас, ёс бус явдал вэ?
Литай анх уулзаж танилцахад намайг Монгол Улсаас ирсэн гэхээр гарыг маань удаан барьж, баярлан талархаж, дахин дахин тонголзож байсансан.
Энэ бүхнийг бодохоор тэр нэгэн үдэш монгол хэл ч үгүй, зүс ч үгүй болчихсон ч Их хааныхаа хөрөгтэй хоосон шилийг цээжиндээ наагаад гарч одсон Ли хэмээх өнөөх Хятадын Тайванаас ирсэн эрийн өмнө “Би Чингис хааны гал голомтийг авч яваа Монгол Улсын иргэн” гэж нүүр бардам хэлэх ёс суртахууны эрхтэй байсандаа ихэд эргэлзэж, эмзэглэх аж.
Ингэхэд ер тусгаар тогтнол гэдэг маань угтаа хүний сэтгэл зүрхний угт, итгэл бишрэл, хүндлэл бахархал болон оршиж байдаг бус уу?
2005 оны 10 сар. Блүүмингтон