Өчигдөр Монголыг маань Давосын чуулган дээр хуурдаж дуулсны төлөө хөрөнгө оруулагчдад тал олохын тулд хамгийн цөхрөнгөө барсан орон гэж бөмбөрцөг дэлхийгээр нэг жиргэсэн гар Монголчуудыг огт ойлгоогүй байна
.
Монголчууд цөхрөнгөө барж үзээ ч үгүй, тиймд цөхрөхдөө тулвал яах ёстойг мэдэх ч үгүй. Ер нь цөхөрдөггүй л байхгүй юу.
Бид бол хахир өвлийн хүйтэнд хамгийн билэгтэйг хэлэлцэн хөөрөг зөрүүлж, дуугаа дуулж, хуураа татаж ирсэн ард түмэн. Хатуу хөтүү байгалийн аясыг дагаж, уужим налгар уул талаа харж нүүдэллэж ирсэн монгол хүний нерв үргэлж тайван, үлэмж цөхөршгүй.
Хүүхдүүд нь борооноор шавхайнд зууралдсан баастай хортой хөрсөн дундаа нүд шүд нь гялалзаад тоглож л байна, цөхөрнөө л гэж байхгүй, хотын төвөөрөө нэг сайхан нэг настай цэцэг тариад, хогоо тэрбумын уутанд хийгээд уулсын дундаа Улаанбаатар минь Азийн цагаан дагина ай хө зээ хө гээ л явжийна. Ер нь та нар шиг хүүхдийн амь бие эрүүл мэнд, хүний сайн сайханд багахан асуудал гарахад л цөхрөөд сандраад байдаг жижиг гарууд биш. Хөхөө өвлийн хүйтэнд ч хурдан моринд суулгаад давхиулчина унахдаа унана, бүр үхэхдээ ч үхнэ, тэглээ ч гудийхгүй дайчин улс. Хаа нэг цөхрөн алдаад хүүе хаая гээд ирвэл сүржигнэхээ байчих гээд дээрээс гоё кину үзүүлдэг, тэгээ л буцаад сайхан болчино.
Хавдарын нас баралтаар дэлхийд нэгт, ходоодны хавдар хоёрт, элэгний хавдар нэгт гэх ухааны ямар нэг байдлаар улсын маань нэрийг урдаа гаргасан уралдаан зөндөө, эх үр хоёр яс салах нь эгээ дайнд явахын дайтай, энд тэндгүй эмчилгээний зардлын гуйлга хандив явж л байна, цөхөрнөө л гэж байхгүй, хамаг мөнгөө харийн зочдыг хэд хоног урьж дайлахад гудийхгүй цацна, яадын үхсэн. Ер нь та нар шиг аяганы амсар зуулгахгүй байсан ч хамаагүй ашиг орлоготой, бизнест ээлтэй л бол хөрөнгө оруулдаг гурианууд, хамаг мөнгөө шинжлэх ухаан, үйлдвэрлэл үйлчилгээнд хийж хорголоо тоолдог жижиг гарууд ч биш. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж үзнэ. Айлд сайхан зочлуулбал аль байдгаа эргээд барина. Та нарыг тиймгүй гэж мэдэхээс хойш АСЕМыг бол аяганы хариу төдийхөн харж ч хийж байгаа юм биш, амьдрал хог дээр үсрэх тусам хөх толбот, босоо заяат Монголчууд хэчнээн цөхөршгүй, хэчнээн тэнгэрлэгээ харуулах гэж хийж байгаа юм.
Улсын өр ч засаг замбараагаа алдсан, тэр хамаагүйэ, цөхөрнөө л гэж байхгүй
, дахиад наядаар тоологдох өр тавина, тэрийгээ төлж чадах эсэх нь бүрхэг хэдэн иргэддээ 5%-ийн зээл болгоод өгчихнө. Тэрнээс болоод төгрөг цаас болж, түмний амьдрал тартагтаа тулсан ч сийхгүй, ер нь л цөхрөхгүй дээ цөхрөхгүй, дэндүү дээ дэндүү.
Та нар хөөрхий тоо тооцоогоор л бизнес хийдэг улс, тэр дунд нь теарт чинь л байдаг урлагийг оруулаадахсан чинь цочирдсон бололтой. Тэхдээ байна шүү дээ, дэлхийн эдийн засаг сайнгүй байна, сайн дуулж хуурджийх хэрэгтэй.
Монголд ч сайнгүй зөндөө л уджийна, бид дуулж хуурдаа л, барилдаа л, сүслээ л мөргөө л, шилдэгжүүлээ л яаж ийгээд аргацаагаад яваа л байна даг. Очоод ярих төсөл, онцын бизнес эдийн засаг байхгүйг хэлэх үү гаргаж чадах ганц аргаа зааж өглөө, тусгаад л ав.
Ер нь бид чинь угийн хонио хариулж явахдаа л хангинатал дуулж ирсэн ард түмэн. Бичиг цаас зөөж тээдэггүй болохоор билиг оюунаа аман зохиолдоо шингээж, үнээ хэлэхдээ дэмбээдэж, үзэл бодлоо дуулж, шүлэглэж ирсийн. Одоо хэддүгээр зуун нь хамаагүй тоо тооцоо шүтдэг та нарын аргыг дагаж доош орохгүй, дэлхийн дэвжээн дээр ардын урлаг ба аж ахуйн нягт шүтэлцээг үзүүллээ
, та нар даанч миадаад ойлгоогүй мөнгө горьдож үйлээ үзжийнэ гэж ойлгосон байна. Уг нь бол их түүхт, босоо заяат, хөх залаат монгол түмний цөхөршгүй чанар, агуу ухааныг үзүүлсэн юм шүү.
Ер нь нэг юмыг ойлгоорой, Монголчууд цөхөрдөггүй л байхгүй юу...