ШААРДЛАГА ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

Цахим өргөдөл нь хүн бүрт дуу хоолойгоо илэрхийлэх төдийгүй нэгтгэх боломж олгодог, дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж буй ардчилсан талбар юм. Та дараах удирдамжийн дагуу үр дүнтэй шаардлага үүсгэж цахим гарын үсэг цуглуулах замаар зорилгоо биелүүлж өөрчлөлт авчраарай.

  1. Гарчиг өгөх

    Гарчиг бол нийгмийг өөрчлөлтийн төлөө тэмцэлд татах эхний боломж учраас хүсч байгаа өөрчлөлтөө тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Гарчиг өгөхдөө:

    • Товчхон

      Таны өгсөн гарчиг нийгмийн сүлжээнд таны шаардлагыг хүмүүс харуулах ганц зүйл байдаг. Иймээс арваас цөөн үгэнд товч ойлгомжтой гарчиг өгөөрэй.

    • Шийдэл тодорхой байх

      Тухайн шаардлагад гарын үсэг зурах эсэхээ шийдэхэд юуг, хэрхэн өөрчлөх нь тодорхой эсэх нь хамгийн их нөлөөлдөг. Иймээс та гарчигтаа шийдэл багтаахад анхаараарай.

    • Анхаарал татах

      Хүмүүсийн анхаарлыг татахын тулд сэтгэл хөндөм, хойшлуулж боломгүй санагдах гарчиг өгч болно. Шаардлага биелбэл ямар хүмүүст тустай болоод яагаад энэ асуудалд анхаарал тавьж байгаагаа тодорхой бичих хэрэгтэй. Эцсийн хугацаа, хууль батлагдах өдөр гэх мэт чухал сар өдөр байвал мөн тодорхой оруулаарай.

  2. Асуудлаа тайлбарлах

    Гарчиг бол нийгмийг өөрчлөлтийн төлөө тэмцэлд татах эхний боломж учраас хүсч байгаа өөрчлөлтөө тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Гарчиг өгөхдөө:

    • Товч, тодорхой байх зарчим

      Нийгэмд тулгамдсан асуудлаар үзэл бодол нэгтэй байвч хүн бүр тэр болгон цаг завтай байх нь ховор. Тиймээс асуудлын эхэнд гол зорилгоо тодорхой дурдах хэрэгтэй. Мэдээж дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй ч хамгийн эхний догол мөрөнд тухайн цахим шаардлагыг яг ямар учраас тавьж байгааг маш тодорхой дурдах хэрэгтэй.

    • Үг үсгийн алдааг шалгах хэрэгтэй

      Энэ бол мэдээжийн шаардлага. Гэхдээ интернэтээр олон нийтийн санал цуглуулж буй олон тохиолдолд энэ алдаа маш их давтагддаг. Зарим хүн үг үсгийн алдаа хармагц ач холбогдол өгөхөө больдог. Хэрвээ таны цахим шаардлагадаа нухацтай хандлага хүсч байвал хамгийн түрүүнд та өөрөө тухайн асуудалд цаг гаргаж, мэргэжлийн хандлага үзүүлэх хэрэгтэй.

    • Бүдүүлэг байж болохгүй

      Дэвшүүлсэн асуудал, санал санаачлагаа танилцуулна гэдэг чухал алхам. Хэрхэн танилцуулж байгаа нь ч эн тэнцүү чухал. Хамгийн гол нь боловсон! Бүдүүлэг үг хэллэг, өнгө аястай зүйлд хэн ч нэгдэхгүй. Бусдад хүрэх, үзэл санааг нь нэгтгэх үйл ажиллагаа хамгийн оюунлаг, боловсон өнгө аястай байх бөгөөд өөр үзэл санааг үл хүндэтгэх хандлага гаргахгүй байх ёстой.

    • Бодит байдлыг мартаж болохгүй

      Таны шаардлага чинь маш том зорилготой байж болох юм. Гэхдээ бодитой байх хэрэгтэй гэдгийг санаарай. Зорилго тань хэрэгжүүлж болохуйц, тодорхой байх ёстой. Санал нэгтгэх цахим хуудсыг тань үзэж буй иргэний хувьд тухайн асуудлын зорилго, шийдэл өөрт нь ойлгомжтой, тодорхой санагдсан тохиолдолд та бүхний эгнээнд нэгдэх болно.

    • Томоор сэтгэ - Та хийж чадна!

      Олон нийтэд хүрэх хамгийн хүчирхэг хэрэгсэл болох интернетийг ашиглан юуг ч өөрчлөх боломжтойд итгээрэй. Таны дуу хоолой хэн нэгэнд хүрэх болов уу гэж эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл интернетээр олон нийтийн саналыг авах нь хүн бүрийн дуу хоолойг нийтэд хүргэх боломжтой гэдэг нь практикаар батлагдсан зүйл. Дэлхий дахинд дуу хоолойгоо сонордуулахын тулд олон сая төгрөг зарах, эсвэл гял цал реклам хийх шаардлага огт үгүй, зөв шаардлага тавихад л болно.

  3. Зураг сонгох

    Хүмүүс хамгийн түрүүнд зураг хардаг. Тиймээс анхаарал татахуйц, үзэмжтэй, содон зураг сонгоорой. Өөрөө авсан зураг байвал сайн, байхгүй бол Flickr эсвэл Google-с дахин хэрэглэхийг зөвшөөрсөн зураг татаж авч болно. Хүн юм уу амьтны зураг илүү анхаарал татдаг, сэтгэл хөнддөг байна.

  4. Шийдвэр гаргах хүнээ зөв сонго

    Шийдвэр гаргах хүнээ зөв сонгож, е-мэйл хаягийг нь оруулснаар, тухайн албан тушаалтанд цахим шаардлагын мэдээлэл очих бөгөөд энэ нь шаардлагад нэгдэж буй иргэнд таны цахим шаардлагыг зохих хүмүүсийн чихэнд хүрч өөрчлөлт гаргана гэсэн итгэл төрүүлдэг.

    • Байгууллага биш хүн сонгох нь дээр

      Та өөрийнхөө шаардлагыг байгууллагад бус хувь хүнд шууд хаяглаж болно. Шийдвэр гаргагчаар таны асуудлыг шийдвэрлэж чадах буюу асуудлыг сонсох ёстой хүмүүсийг сонгох нь илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь, “Нийслэлийн засаг даргын тамгын газар” биш “Хотын дарга С. Батболд”.

    • Таны шаардлагад холбогдох асуудлыг хариуцдаг хүнийг сонго

      Хэн нэгэн өндөр албан тушаалтан эсвэл олны танил хүнээс илүүтэй таны хүсэлтийг биелүүлж чадах хүмүүсийг сонгох нь илүү үр дүнтэй. Эдгээр хүмүүс таны асуудалд шууд хариу өгч, таны шийдлийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна. Мөн тэд олон нийтийн шахалтад төдийлөн дасаагүй байдаг учраас илүү сэргэг ханддаг.