Амжилтад хүргэх тэгшитгэл - Үзэл хандлага x Гал эрмэлзэл x Чадвар

Бид уншсан хүнд өгөөжтэй сайн номны гол санаа, утга агуулгаас дээжлэн хүргэж байх болно. Энэ удаа ЭМОС ном, Японы алдарт Киосэра корпорацын Инамори Казүогийн бестселлер "АМЖИЛТАД ХҮРЭХ ГАЛ ЭРМЭЛЗЭЛ" номоос түүний алдарт 3 хувьсагчтай амжилтын тэгшитгэлийн тухай хэсгийг хүргэв.

 

Амжилтад хүргэх тэгшитгэл  - Үзэл хандлага x Гал эрмэлзэл x Чадвар

“Ердийн л нэг чадвартай хүн яавал том амжилтад хүрч чадах вэ?”.  Дор бичсэн энгийн тэгшитгэл энэ асуултын хариу болно.

Амьдралын үр дүн = Үзэл хандлага x Гал эрмэлзэл x Чадвар

 

Чадвар” гэдэг бол эрүүл бие  махбодь болон авьяас, төрөлхөөс заяасан зохицох чанар зэрэг нэлээд заяагдмал зүйлс юм.  Харин “гал эрмэлзэл” нь юу ч тохиолдсон заавал ийм байдлаар явна гэсэн хүчтэй эрмэлзэл бөгөөд энэ нь хүн өөрөө шийдэх боломжтой зүйл юм. “Чадвар” ба “гал эрмэлзэл” нь тус бүр 0-100 онооны хооронд үнэлэгдэж болно. Ажил хийх үед энэ хоёр хүчин зүйл үржинэ.

Тиймээс онцгой их авьяасгүй ч өөрийн сул талыг мэдэн түүнийгээ нөхөхийн төлөө хэнээс ч илүү сэтгэл санаагаа зориулж, байдаг чадлаараа зүтгэл гаргах хүн, төрөлхийн авьяастай боловч түүндээ эрдэн олигтой зүтгэл гаргадаггүй хүнээс илүү их амжилтад хүрч чадна.

            Гурав дахь хүчин зүйл болох “үзэл хандлага” бол ямаршуу сэтгэл зүйн үзэл хандлагаар амьдралыг туулж, ажил хийх вэ гэсэн үг юм. Үзэл хандлагад хасах зуугаас нэмэх зуу хүртэлх оноог өгч болно. Атаа, жөтөө, хорсол гэх мэтийн сөрөг ухварт баригдсан хүний сэтгэл зүйн бэлтгэл нь хасах болж түүний үр дүнд амьдрал нь хүртэл хасах тэмдэгтэй болно. Эсрэгээр өөдрөг бөгөөд зөв шулуун бодол санаатай хүн бол гайхамшигтай амьдралыг туулан амжилтад хүрэх буй заа.

            Энэхүү тэгшитгэлээс амьдралын үр дүн бидний өөрсдийн гарт байгаа нь харагдаж байна. Түүнчлэн “үзэл хандлага” гэдэг нь бидний ажил болон амьдралын амжилт, бүтэлгүйтэлд ямар том шийдвэрлэх хүчин зүйл болохыг ч ойлгох болно.

 

Мөн уг номд багтсан Инамори Казүогийн ярилцлагыг багтаалаа:

Амжилтад хүрэх тэгшитгэлийн тухай

Асуулт:  “Амьдралын үр дүн = Үзэл хандлага x Гал эрмэлзэл x Чадвар”  хэмээх энэ тэгшитгэл хэрхэн бий болсон юм бэ?

Инамори: Анх нөхөдтэйгээ компани байгуулахаар шийдсэн тэр үед бид бизнесийн олигтой туршлагагүй, энгийн залуу инженерээс хэтрэхгүй хүмүүс юм гэдгээ мэдэрсэн. Гэвч яльгүй чадвараас өөр юмгүй ч гэсэн амжилтад хүрч чадна гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд би энэхүү амжилтад хүргэх тэгшитгэлийг бодож олсон юм.   Үнэхээр бидний чадвар нь энгийн хүнд байх хэмжээний л зүйл байсан учир зөв бодол дээр суурилж, биднээс авьяас  чадвараар давуу хүмүүсээс илүү ихээр хичээн ажиллах урам зориг хэрэгтэй байсан юм билээ.

Асуулт:  Энэ тэгшитгэлийн гурван хүчин зүйлийг нэмэлгүй үржүүлдгийн учир юу вэ?

Инамори: Хэрэв энэ гурвыг нэмчих юм бол, төрөлхөөс авьяас заяасан хүн юу ч хийлгүйгээр энгийн хүнээс илүү өндөр байранд тавигдчихна. Энэ нь хичнээн хичээж ажилласан ч авьяастай хүнтэй өрсөлдөж чадахгүй болно гэсэн үг. Харин нэмэлгүйгээр үржүүлдэг нь өөдрөг сэтгэл, урам зоригоор бялхсан идэвх зүтгэлийг гаргаснаас авьяас заяагаагүй ч гайхамшигтай амьдралыг өнгөрүүлж чадах болно гэдгийг илэрхийлж буй хэрэг. Үнэндээ ч тийм юм. Хаа ч байдаг эгэл хүмүүн байвч үнэн сэтгэлийг эрхэмлэн гал эрмэлзэлтэйгээр зүтгэх юм бол авьяастан гэгдэх хүмүүсээс илүү гайхалтай үр дүн гаргаж чадна.

 Төрөлхийн авьяастайн дээр хөдөлмөрч байлаа ч амьдралын тодорхой чиг шугамгүй, тулга тойрсон байдалтай байх юм бол олигтой бүтээсэн ч юмгүй дуусна биз ээ. Хамгийн дорд жишээг дурдвал, гайхалтай  авьяас заяасан хэрнээ түүнийгээ гэмт хэрэгт ашиглах явдал юм.  

Асуулт:  “Чадвар” ,  “гал эрмэлзэл” , “үзэл хандлага”  гурвын аль нь илүү чухал вэ?

Инамори: Та бүхэнтэй ярилцах зуур анзаарсан зүйл гэвэл, та бүхний олонх нь “чадвар” ,  “гал эрмэлзэл” гэсэн ойлголтуудыг ойрхон хүлээн авдаг. Харин гайхалтай нь миний хамгийн чухалчилдаг “үзэл хандлагыг”  мартчих гээд байдаг. Сэтгэл нь “өвчилсөн” авьяастан үнэн санаанаасаа зүтгэл гаргах шиг аюултай зүйл байхгүй.

 Намайг их сургууль дүүргэхэд Японд шинэ төгсөгч ажилд ороход маш хэцүү үе байж билээ. Би их олон компанид шалгалт өгсөн боловч намайг хаана ч авсангүй. Бухимдаж тэвдсэн ба ерөөсөө Робин Гүд шиг шилийн сайн эр болдог юм бил үү гэж бодсонсон. Энэ хорвоо ертөнц чинь угаасаа тэгш шударга биш юм, тиймээс түүнийг засч залруулахын тулд баячуудаас эд баялаг булааж ядууст түгээдэг Робин Гүд шиг хүн хэрэгтэй биш үү гэж бодсон маань тэр.

 Тэр бодлоо тээсээр явсан бол одоо тийм болчихсон ч байж мэдэх юм. Яагаад гэвэл надад энгийн хүний дайтай чадвар байсан бөгөөд амжилтад хүрэхсэн гэх зориг эрмэлзэл, хатуу шийдмэг зан ч байсан. Гэхдээ энэ тохиолдолд миний үзэл хандлага эхнээсээ сөрөг байсан учраас амьдралын маань үр дүн ч гэсэн тийм л байж таарна. 

 


avatar
    • Dawaa
    • 43.242.243.*

    Basyrllaa. Tolgoi sergeej tseneglej ogsond. Oshoo. Saihan um bisheerei

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%