Нийтлэл 02 сарын 17, 2015

Д. Сэргэлэн: Охин маань “тэмцээнд надаас мундаг хүүхэд зөндөө байсан мэдэв үү” гээд л уйлсан

 -Ярилцлагаа таны бяцхан охины тань талаар эхлүүлье. Хүмүүс охиныг тань их авьяаслаг, саяхан олон улсын чанартай төгөлдөр хуурын наадмаас алтан медаль аваад ирсэн тухай ярьж байна. Охиноо танилцуулаач?

-Миний охиныг Отгонбаярын Нандин гэдэг. Удахгүй зургаан нас хүрнэ. Манай том охин.

-Охиныхоо авьяасыг нь яаж илрүүлсэн бэ?

-Охиноо ямар авьяастай бол гэж их ажигладаг байсан. Эхэндээ мэдэгдэхгүй, дуу дуулахаараа солгой дуулна. Би өөрөө дуулах сонирхолтой болохоор эхэндээ надаас авьяасгүй хүүхэд төрсөн юм болов уу гэж бодсон. Харин ой гурван сар хүрээд бүжиглэдэг болсон. Тухайн үедээ хүүхэд болгон л бүжиглэдэг гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгсэн манай найзууд, гэрийнхэн Нандин нэг л өөр бүжиглээд байна даа. Хүн бүр авьяастай байдаг шүү гээд байхаар нь ажиглаж эхлээд, энэ авъяасыг нь хөгжүүлэхээр шийдсэн. Гэртээ хамт бүжиглэнэ. Мэдээж тогтмол давтамжтай, нарийн техник хөдөлгөөн зааж мэдэхгүй болохоор мэргэжлийн байгууллагад хандсан. "Sundance" гээд бүжгийн дугуйланд бүртгүүлэхээр очтол “хоёр настай хүүхэд арай бага байна, хичээл заах боломжгүй” гэхээр нь бүжиг заалгаж, сурч байгаа хүүхдүүдийг харуулдаг байсан. Улмаар гурван настайдаа уг бүжгийн дугуйланд нэг сар явсан. Гурван нас хүрэхээс нь өмнө бүх авьяасыг нь хөгжүүлье гэж бодсон ч манай Монголд 1-3 насны хүүхдийн хөгжүүлэх газар байдаггүй юм билээ. Гадаадад хоёр наснаас нь төгөлдөр хуур, усан спортоор бүр зургаан сартайгаас нь хичээллүүлдэг гэж байсан. Манайхан энэ талдаа анхаармаар санагдсан. Эцэг эхчүүд өөрсдийн мэддэггүй зүйлийг хүүхддээ зааж чадахгүй шүү дээ.

-С.Саянцэцэг багшид охиноо шавь оруулсан тухайгаа хуучлаач?

- Анх телевизээр С.Саянцэцэг багшийн нэвтрүүлгийг үзсэн юм. Испани улсад ажиллаж амьдардаг, олон улсын төгөлдөр хуурч гээд мундаг гуншинтай хүн байсан. Тэгээд энэ хүнд л охиноо шавь оруулж, төгөлдөр хуур заалгуулах юмсан гэж нөхөртэйгөө ярьж байсан. Хөгжим хүний баруун тархийг хөгжүүлдэг гэдэг. Төгөлдөр хуур тоглоход хоёр гар, хоёр хөл зэрэг ажилладаг. Мөн зөв тэгш сууж сурдаг. Сонсгол, оюуны хөгжилд нь нэмэртэйгээс гадна биеийн хөгжилд ч сайнаар нөлөөлдөг юм билээ. Анх охиноо хоёр, гурав, дөрвөн настайд нь бүжгийн дугуйланд явуулж байсан. 2013 оны есдүгээр сард Хөгжим бүжиг дээр очин, Ганчимэг гээд залуухан багшид шалгуулсан юм. Тухайн үед шалгуулчхаад дараа уулзахаар цаг тохироод салсан. Тэгсэн удалгүй утастаад “Танай охин авьяастай юм билээ. Анхнаас нь сайн багш дээр өгвөл зүгээр, та манай багштай ирээд нэг уулзаач” гэсэн юм. Тэгээд С.Саянцэцэг багштайгаа таарсан, их азтай. 2013 оноос монголдоо сууршихаар ирж Хөгжим бүжгийн сургуульд багшилж байсан юм байна лээ. Есдүгээр сард шалгуулаад 12 дугаар сард хичээлээ эхэлсэн. Төгөлдөр хуурын багштай болсон түүх гэвэл энэ. Үүнээс өмнө цэцэрлэгийнхээ төгөлдөр хуурын дугуйланд явж байсан. Үндсэн долоон нотоо сураад, дөнгөж нэг, хоёр хуруугаараа тоглож сурж байхдаа Саяа багштайгаа тааралдсан даа.

- Гонконгт болсон тэмцээнд хэдийд нь оролцсон юм бэ?

-С.Саяцэцэг багш дээр долоон сар хичээллэсний дараа тэмцээнд орох уу гэдэг саналыг Саяа багш тавьсан. Анхны олон улсын тэмцээн гэдэг утгаар нь оролцуулая гэж бодсон юм. Охин маань тэндээс их зүйл сурсан. Тэмцээндээ эхлээд их итгэлтэй орсон. Хөгжмөө тоглоод гарч ирэхдээ “Ээжээ надаас илүү мундаг хүүхэд байгаагүй тээ” гээд л баярлаж билээ. Дараа нь өөрөөсөө том насны ангиллын тэмцээнийг үзчихээд “Тэмцээн дээр надаас мундаг хүүхэд зөндөө байсан мэдэв үү” гээд л уйлаад унасан. Бусад оролцогчдын, ялангуяа Хятад хүүхдийн тоглолтыг үзээд жоохон гэлтгүй өөртөө дүгнэлт хийгээд, их зүйлийг ойлгож авсан. Өөрийнх нь үеийн хүүхдүүд ямар байгааг харж, өөртэйгээ харьцуулж бодоосой гэсэн зорилго маань биелэсэн.

-Саяын Испаний Веста хотод болсон тэмцээнийхээ тухай яриач?

- Гонконгт тэмцээнд орж ирээд л багштайгаа хичээллэхэд шал өөр болсон байсан. Тэмцээнд бэлдэхэд хүүхэд огцом сайжирдаг юм билээ. Гонконгоос ирэхдээ л Испани руу тэмцээнд явна гэж зорьж байсан. Хоёрдох удаагийн тэмцээн болохоор ямар нэг амжилт гаргах ёстой гэж бодон бэлтгэлээ их сайн хийсэн. D категори буюу “9 наснаас доош” ангилалд таван минутын программтай орох ёстой. Хугацаандаа тохируулж гурван ая тоглосон. Тэмцээнд бэлтгэнэ гэдэг олон хүний хүч хөдөлмөр ордог юм билээ. Багш, шавь, эцэг эхийн нөр их хөдөлмөр. Тэмцээний орой дүн гараад алтан медаль авсныг сонсоод аав бид хоёр нь зөндөө их баярласан. Тууштай хөдөлмөрийн үр дүн юм.

-Дараагийн тэмцээн хаана, хэзээ болох вэ?

-Италид ирэх тавдугаар сард болох тэмцээнд орохоор багштайгаа ярьж төлөвлөсөн байгаа. Энэ тэмцээнийг Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй тэмцээн гэж хүмүүс ярьдаг. Багш нь миний охиныг бусад хүүхдүүдээс илүү авьяастай гэж үнэлдэг. Тийм ч болохоор цаг зав гарган, тэмцээнд бэлтгэдэг гэж боддог юм. Цаашид ч гэсэн О.Нандингаа дагуулаад олон тэмцээнд оролцоно доо гэдэг юм.

-Хүүхдийнхээ авьяасыг их багад нь анзаарчээ. Яаж ийм эрт авьяасыг нь илрүүлж чадав?

-Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн талаар олон ном уншсаан. Хүүхэд гурван нас хүртлээ суралцах чадвар өндөртэй байдаг, хүүхдийн тархи зургаан сар хүртлээ 50 хувь, гурван нас хүртлээ 80 хувь хүртэл, 20 хувь нь үлдсэн амьдралынхаа туршид хөгждөг гэдэг юм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бага насанд нь л сайн ажиллах ёстойг ойлгосон. Хүүхэдтэй болохынхоо өмнө судалж, төлөвлөж, ямар хүн болгох вэ гэдэгт анхаарч хангалттай цаг зарцуулах хэрэгтэй юм шиг. Хүүхдээ төрүүлчихээд л орхичихдог хүмүүсийг харахаар хайран санагддаг.

Манай гэр бүлийн хүн бид хоёр 18 цагт ажлаа дуусган хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад төгөлдөр хуурынх нь хичээл рүү хүргэж өгдөг. Уг нь долоо хоногт хоёр удаа хичээллэдэг ч хийх даалгавар ихтэй. Хөгжим гэдэг их хичээл зүтгэл гаргах шаардлагатай байдаг юм байна.

-Бүх хуруу зэрэг ажиллахаар бүх мэдрэхүй зэрэг хөгждөг гэдэг юм билээ?

Чанга, аяархан тоглохыг ялгахын тулд таван настай хүүхдээс мэдрэмж их шаарддаг. Чанга тоглохын тулд их хүч шаардагддаг юм шиг байна лээ. Заримдаа ёоё хуруу өвдчихлөө гэдэг. Хичээлийг нь хийлгэхийн тулд урам өгөхгүй бол болохгүй. Багш нь энэ тал дээрээ үнэхээр гарамгай. Би багшаас нь их зүйл сурч байгаа. Хичээлийн үеэр тэр хоёр хоорондоо эрхэлж, тоглож байгаад л дуусгачихдаг. Харин би гэртээ даалгаврыг нь хийлгэх гэж их юм болноо. Хүүхэд хүүхдэд нь тохируулж харьцах хэрэгтэй юм билээ. Заримдаа аргалж чадахгүй үе  ч гарна. Бага маань орхигдчих гээд байдаг болохоор Нандиндаа 100 хувь анхаарлаа хандуулж чадахгүй. Балансыг тааруулна гэдэг том ажил байдаг юм байна.

-Бага чинь хэдтэй вэ?

-Бага охин маань одоо хоёр ой есөн сартай.

-Одоо тэгвэл бага охиныхоо авьяасыг илрүүлэх юм байна даа?

-Бага маань дуулна, зурна. Эгч нь одоо ч дуулахдаа өнгө алддаг, тэгэхэд бага маань өнгө алдахгүй дуулаад байгаа юм. Хөгжимчин хүнд сонсгол, мэдрэмж чухал болохоос заавал гоё дуулдаг байх албагүй гэнэ. Бага охиноо дууны дугуйланд явуулаагүй байгаа. Би өөрөө дуулах дуртай болохоор орой очоод л гурвуулаа дуулна, бүжиглэнэ. Харин зургийн хувьд аав нь зөвлөдөг юм. Мэргэжлийн хувьд өөрт нь ойр байдаг байх.

-Зарим хүүхэд төрөлхийн хөдөлгөөнтэй. Зарим хүүхэд бүр хөдөлгөөн багатай байдаг ш дээ.

-Тийм хүүхдийг хөгжүүлэх л ёстой байдаг юм байна. Би хүүхдээ эрт хөгжүүлэх гээд яараад байдаг юм. Бас Нандин маань жүжиглэх авьяастай. Нүүр ам нь янз янз болоод л, бичлэг үзэж дуурайгаад л. Ер нь л урлагийн хүн болох гээд байгаа юм. Өөр зүйлд цаг алдуулахгүйгээр, яг чиглүүлээд явбал хүүхдэд тустай гэж боддог. Бас хүчлэхгүйгээр тоглоом маягаар хийлгэх хэрэгтэй. Гэхдээ тэмцээнд бэлдэж байгаа үед хүүхдийг хүчлэхгүй байна гэж байдаггүй юм билээ.

-Хүүхэд шантрахгүй юу. Нандин шантарсан уу?

-Шантарсаан шантарсан. Би ч өөрөө шантрах үе байдаг. Шантарлаа гээд орхиж болохгүй юм чинь.

-Охин чинь өөрөө төгөлдөр хуур тоглох их дуртай юу?

-Анхандаа нээх дуртай байгаагүй. Би охиндоо чи төгөлдөр хуурч болно гэж хэлдэггүй юм. Жоохон байхад нь том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухаар ээж болно гэдэг байсан. Жоохон томроод Саяа багш, цэцэрлэгийнхээ Туул багштай адилхан багш болно гэдэг байсан. Харин сая тэмцээнд явахын өмнө, яг нисэх өглөөгөө ээжээ би том болоод төгөлдөр хуурч болно гэж байна лээ. Охиноороо өөр мэргэжил хэлүүлэх гэхээр би ээж болно гэдэг. Ээж байх л их гоё санагдаад байх шиг байгаа юм.

-Таныг хараад л тэгж байгаа байх даа?

-Тэгсэн юм болов уу. Нэг хүүхэдтэй байхдаа хүн түүнийхээ төлөө бүх зүйлээ зарцуулдаг. Харин олон хүүхэдтэй болвол хүүхэд бүрдээ зэрэг анхаарал хандуулна гэдэгт арга ухаан их хэрэгтэй юм шиг байна. Хүүхдийн баруун зүүн тархийг нь зэрэг хөгжүүлээд, суурийг нь зөв тавиад өгвөл ирээдүйдээ алзахгүй гэж боддог.

-Ажил хийдэг бага насны хүүхэдтэй ээжийн хувьд албан ажлаа, ар гэрийн ажлаа яаж амжуулдаг вэ?

-Манай гэр бүлийн хүн намайг сайн ойлгож тусладаг юм. Бид хоёр хүүхдүүдийнхээ төлөө зэрэг зэрэг л ханцуй шамлан ажилладаг. Хааяа надад орой илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Энэ болгон дээр дэмжиж тусладаг. Заримдаа хоёр талын гэрийнхнийгээ бүгдийг нь дайчлах ч үе гардаг. Бид хоёрт тулгараад байгаа том асуудал бол улсын цэцэрлэгийн тарах цаг. Орой таваас тав хагасын  хооронд тардаг. Өглөө бол асуудалгүй хүргээд өгдөг ч орой авахад их асуудалтай. Уг нь улсын цэцэрлэгийг 18 цагт, ажлаа тараад хүүхдээ очиж авахаар зохицуулбал зүгээр санагддаг. Хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч болно л доо. Гэхдээ улсын цэцэрлэг давуу талтай. Сурган хүмүүжүүлэх талдаа арай илүү анхаарал хандуулдаг юм шиг санагддаг. Нандин улсын шинж чанартай тэмцээнд ангийнхаа хүүхдүүдтэй, багш нартайгаа ордог. 2013 онд Нийслэлийн өдрөөр найрал дууны тэмцээнд цэцэрлэгээрээ бөөнөөрөө оролцсон. 2014 онд 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн урлагийн наадамд 42-р цэцэрлэг оролцож гурван ч төрөлд медаль авснаас манай Нандин уран уншлага, төгөлдөр хуур хоёроороо хос алтан медаль авсан. Гэх мэтчилэн улсын цэцэрлэгт давуу тал маш их байдаг.

-О.Нандин удахгүй сургуульд орох нь дээ?

-Би хүүхдээ сургуульд орохоор нь хичээлийг нь хийлгэх гэж улайрахгүй гэж бодоод байгаа. Өөрөө урамсараараа хийг. Хичээлд нь оролцохгүй байхын тулд л сургуулийн өмнөх насанд нь анхаарч суурийг нь тавьж, бэлтгэж байгаа ухаантай.

-Ингэхэд та өөрөө ямар мэргэжилтэй хүн билээ? Ярилцаж суугаад таныг урлагийн хүн гэж төсөөлчихлөө ш дээ?

-Би санхүүч мэргэжилтэй. Банкинд бизнес хөгжлийн менежерээр ажилладаг. Томоохон компаниудыг хариуцаж ажилладаг.

-Та өөрөө урлагийн нэлээд мэдрэмжтэй хүн юмаа?

-Үгүй ээ яахав, сонирхлоороо л дуулдаг. Бага байхдаа Нандин шиг л янз бүрийн тэмцээнд ордог байсан. Дууны тэмцээнд их орсон. Яагаад ч юм би урлагаар яваагүй, тоогоор явсан. Манай аав, ээж математикийн багш. Математикийн олимпиад гэж явж байгаад л МУИС-ийн санхүүгийн ангид орчихсон. Өөрөө дурлаж байснаа санадаггүй юм.

-Охин тань өөр ямар авьяастай вэ?

-Охины маань бас нэг авьяасыг багш нь нээсэн. Миний охин их мундаг уран уншдаг юм билээ. Нэг өдөр гэртээ ирээд “Манай аав байна шүү дээ аймаар муухай харамч...” гээд уншаад байна. Маргааш нь багшаас нь асуусан чинь уран уншлагаар Сүхбаатар дүүргийн урлагийн наадамд орох гэж байгаа гэсэн. Тэр тэмцээнээсээ алтан медаль авсан. Багшид нь их баярладаг. Цэцэрлэгийнх нь дуу хөгжмийн багш Энхжаргал гэж хүн байдаг, хөгжмийн зохиолч хүн. Улсын цэцэрлэг ер нь мундаг мундаг багштай байдаг юм билээ. Хүн бүр өөрийн төрөлх авьяасаа нээн илрүүлж түүнийгээ хөгжүүлснээр амжилтад хүрэх боломжтой гэж их ярьдаг болж. Бид завгүйдээ анзаарч хардаггүй юм шиг байна лээ. Би Нандинг хоёр ой таван сар хүртэл нь гэртээ байсан. Энэ хугацаанд сайн ажигласан. Харин багыгаа ой дөрвөн сар хүргээд ажилдаа орсон. Би уг нь хүүхдээ хараад гэртээ байх дуртай. Тэгж байж хүүхэдтэйгээ ойр байна. Бас хүүхдээ таньж мэддэг гэж ойлгодог. Хүүхэд өөрөө ээж ааваасаа их зүйлийг нэхэж шаарддаг юм байна. Нандин одоо тооны хичээлд явмаар байна гээд байгаа ш дээ. Хаанаас сонссон юм байгаа юм бүү мэд. Би тоо нэмж хасдаг юманд л явмаар байна гээд байгаа. Бас англи хэл, бассейн гээд л зөндөө юм нэхнээ. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь яг хүүхдийнхээ төлөө цаг зав гаргах нь зөв гэж боддог.

-Тавхан настай нялх амьтныг олон цагаар яаж суулгадаг вэ. Ямар арга хэрэглэх үү?

-Аргадаад, эвлээд нэг хэсэг үзнэ. Заримдаа миний охиноос өөр мундаг хүүхэд байхгүй гээд хөөргөөд, магтаад. Гэхдээ дандаа магтаад байхаар улиг болдог юм шиг байгаа юм. Арга барилаа өөрчлөнө ш дээ. Хааяа хатуу хандах үе бий. Бид хоёрын хичээл хийдэг бас нэг арга бол дүрд тоглох арга. Хүүхэлдэйн киноны баатруудаар нь нэрлээд төгөлдөр хуурынх нь хичээлийг бэлдүүлчихдэг. Жишээ нь “Өнөөдрийн манай тоглолтод Селиста гүнж ирсэн байна. Та бүхэн Селиста гүнжийг алга ташин угтаарай” гэхээр Нандин цаанаас дүрд хувираад л Селиста гүнж болоод гаргаад ирдэг. Мөн аавд нь даатгаад үлдээх нэг арга бий. Надаас илүү аавынхаа үгэнд сайн ордог.

 

 

 

 

  

 

 

Сэтгэгдэл бичих

    • Boloroo
    • 2016-02-12

    Сайн байна уу Таны охин чинь мундаг сайн байна. Саянцэцэг багшийн утасыг өгч болох уу Миний хүү хөгжим тоглодог юм Одоо 8-н настай

    • Зочин
    • 2016-01-19

    Мундаг сайн охин байна . Миний хүү төгөлдөр хуур хөгжимөөр хичээлдэг. Хүү маань одоо 8 настай сайн багшид өгмөөр байна.

    • Зочин
    • 2015-02-18

    Yamar mundag yum bee

    • Tsevegmid
    • 2015-02-17

    Sergelen mundag yumaa, ohind ni bayar hurgeye, chamd ch bas. Ih yum medej avlaa ^^

arrow icon