Нийтлэл 02 сарын 25, 2015

Айлаас эрэхээр авдраа ух

Эдийн засгийн хямрал гэхээсээ ханшийн зөрүүны хулгайч нарт хядуулсан монголчуудын мөнгө чартерын онгоцоор Макаогийн казино руу урсаж байх хооронд Крымийн асуудлаас болоод оросуудын мөнгө Баруун Европын орнууд, түүн дотор ХБНГУ-аас тэрбум тэрбумаар Зүүн өмнөд Азийн улсууд болон оффшор бүс руу шилжиж байна. Зөвхөн ОХУ- аас энэ оны эхний улиралд 100 гаруй тэрбум ам.доллар гадагш шилжсэн нь гадаад гэхээсээ илүү дотоод шалтгаантай гэж үзэж болох ч, мөнгө бий болсон газартаа дуртай биш, харин чимээгүйхэн өсөж байх газарт илүү дуртай -г харуулж байх шиг. Дэлхийн олон орон үйлдвэрлэл , технологи, шинжлэх ухааны хөгжилд тулгуурлан эдийн засгийн өсөлтөө хангадаг боловч зарим нэг улс орон дотоодын зах зээлийн хувь хэмжээ бага, үйлдвэрлэлийн нөөц бололцоо байхгүй, газар зүйн ашиггүй байрлал гэх мэт сул талуудаа давуу байдал болгож оффшор бүс болох хууль эрх зүйн өөрчлөлтийг сонгодог байна. Бермудын нэг хүнд ногдох ДНБ (Худалдан авах чадамж) аль хэдийн  90 000 Жэари-Хамисс  доллар(эдийн засагт өргөн хэрэглэгддэг олон улсын доллар буюу худалдан авах харьцуулсан чадамжийг илэрхийлсэн хийсвэр нэгж, ам.доллараас ялимгүй ханш сайтай гэж ойлгож болно) даваад даруй Катарын ард жагсаж байхаар оффшор бүс байхын гайхамшиг чухам үүнд л оршдгийг ойлгомоор. Бермудтэй өрсөлдөж дээр доороо орох Макао ч оффшор бүсэд хамаардаг. Мөнгө санхүүг соронз мэт татах оффшор гэдэг үгний хамгийн энгийн тайлбар бол эзэн нь тухайн улсдаа оршин суудаггүй аж ахуйн нэгж бүртгэх, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн таатай орчин юм. С.Баярцогтын оффшор данс бол авлига гэхээс хүнд суртал,татваргүй үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлого гэж харах нь зүйтэй. Гэхдээ Сангийн сайд байсан хүн  улстөрчийн хувьд офшор компани байгуулах нь  ёс суртахууны хувьд зохисгүй үйлдэл гэдэг нь дамжиггүй.

Дэлхийн улс орнуудыг нэг хүнд ногдох ДНБ-ий худалдан авах чадамжийн хэмжээгээр жагсаахад  (АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээгээр) эхний 20 улсын 13 нь санхүүгийн ямарваа нэгэн оффшор үйлчилгээ үзүүлдэг, татварын таатай нөхцөлтэй улс байгааг харахаар Монгол улс заавал уул уурхай гэж газраа сэндийчэж байхын оронд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, татварын хөнгөлттэй нөхцөлтэй улс болж орхивол эхний 50д жагсах боломж байгаа юм биш үү. Мэдээж үйлдвэрлэгч, бүтээгч их гүрнүүд терроризмтэй тэмцэх, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэх мэт асуудлаас болж ийм үйлчилгээ үзүүлдэг улс орнуудад таатай ханддаггүй, гэхдээ бас яаж ч чаддаггүй.

Даяаршил хаяагаа тэлэх тусам оффшор санхүүгийн үйлчилгээ улам хялбар болж, үйлчлүүлэгчийнхээ тоог жил ирэх тутам нэмэгдүүлж, нийт эдгээр санхүүгийн байгууллага, сангуудын эргэлдүүлж, захиран зарцуулж буй хөрөнгө нь дэлхийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын 15 хүртэлх хувийг эзэлж байгааг хөгжингүй орнуудын засгийн газрууд, татварын албад анхааралтай ажиглаж, дэлхийн нөлөө бүхий  улстөрчид уулзах болгондоо хөнддөг сэдэв болсон билээ. Зөвхөн   Кайманы арал дээрх банкуудын нийлбэр хөрөнгө хоёр триллион ам.долларт хүрч байгаагаас харвал дэлхийн нийт санхүүгийн нөөц, баялгийн найман гаруй хувь оффшор бүсэд байрлаж байгаа нь нэгэнт хөдөлгөөнгүй баримт юм.

Ашигт малтмал, байгалийн баялгаар баяжсан улс орнууд хүртэл санхүүгийн оффшор бүс татварын хөнгөлттэй бүсүүд бий болгож байгааг Кувейт,Саудын Арабын жишээн дээр ч харж болно. Бритиш Виржин аралд бүртгэлтэй компанийн тоо саяд хүрч, нийт оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын 40 гаруй хувь нь энд бүртгүүлж, бүртгэлийн хураамжаар төсвийн орлогийн 56 хувийг бүрдүүлдэг байна. 60 гаруй жижигхэн арал бүхий  28 000 гаруй хүн амтай энэ улсын ДНБ 900 гаруй сая ам.доллар. Монголтой хүн амаар нь хувь тэнцүүлбэл Монголын ДНБ 90 тэрбум ам.доллар давах жишээтэй.

Гарал үүсэл нь тун тодорхойгүй мөнгө хадгалдгаараа Швейцарийн банкны систем олон жил дэлхийн нууц мөнгөний төв байсан боловч Их долоо болон Европын холбооны улсуудын дарамт шахалтаар Дундад зуунаас эхлэлтэй банкны нууц хадгалах уламжлалт бахархлаасаа аажим аажмаар ухарч байгаа нь бусад оффшор бүсүүдэд эерэгээр нөлөөлж байгаа юм. Хувь хүнд орлогын албан татвар ногдуулдаггүй хуультай Лихтенштайн, Монако, Андорра, Гибралтар гэх мэт улсууд Европын өндөр хөгжилтэй улсуудын эдийн засгийн өрмийг хамдаг тул үйлдвэрлэлгүй мөртлөө дэлхийн хамгийн баян улсуудын жагсаалтад багтдаг. Энэ мэтчлэн татвар, санхүүгийн таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн улсууд бүгд л ард түмний  амьдралын түвшин өндөр, ажилгүйдлийн түвшин хамгийн доогуур байгааг эрхэм гишүүд, Засгийн газар маань анхаарна биз ээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд  иймэрхүү зүйл заалт байвал 100 хоногтоо багтаж биелдэггүй юмаа гэхэд хууль эрх зүй талаас нь судлаад үзвэл алдах юм байна уу?

Эхний ээлжинд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт, цоо шинээр Эмиссийн тухай хууль, Банкны нууцын тухай хууль, Мэдээллийн нууцын тухай хууль гэх мэт үндсэн суурийг нь тавьж эхлэх хэрэгтэй. Жишээ нь, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх аливаа банк нь зөвхөн Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу мэдээллийг зөвхөн Монгол Улсын шүүхэд гаргаж өгнө гэх мэт заалт орвол гадныхан манай банкинд мөнгөө хадгалуулах тун дуртай болно доо. Юу ч хийсэн бай Герман, Франц, Бразил улс хэн нэгнийг Монгол Улсын шүүхэд өгөхгүй, өгсөн ч шийтгэх, банкны нууцыг нь задруулах  бараг л боломжгүй шүү дээ. Иймэрхүү том өөрчлөлт хийхэд маш их судалгаа, тооцоо, зориг,  популистуудтай тэмцэх хэрэгтэй нь ойлгомжтой, гэхдээ л хийж чадвал ард олондоо хэрэгтэй, хөгжил дэвшилд хүрэх бас нэг зам болох бус уу? Хоёр хөрш зөвшөөрнө гээд мөрийцөх үү?

 

 Үндэсний Тойм сэтгүүлд 2014 оны тавдугаар сард нийтлэгдсэн

 

Сэтгэгдэл бичих

arrow icon