Нийтлэл 03 сарын 25, 2015

Ц.Баяр: Монгол улсыг уурхайн толгойнууд биш ухаант толгой чирч явах учиртай




Гар утасны утасгүй цэнэглэгчийг(Wireless Charger) зохион бүтээсэн Монгол залуус Америкийн зах зээлд өрсөлдөж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед нийгэм, улс төрийн байдал тогтворгүй, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхайн бүтээгдэхүүнд найдах хандлага нилээд буурсан байлаа. Ийм нөхцөл байдалд Монгол залуус дэпхийн зах зээлд хүч үзэж байгаа мэдээлэл тарсан нь уул уурхай, ноолууран бүтээгдэхүүнээс өөр экспортгүй монголчуудын хувьд итгэл үнэмшил өгч, өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрэх цаг ойрхон байна гэсэн өөдрөг сэтгэл төрж, олон залуусыг хүсэл мөрөөдөл рүү нь хөтөлж байсан нь саяхан. Тэгвэл богинохон хугацаанд шуугиан тариад өнгөрсөн залуус хэсэг хугацаанд сураг тасраад байсан. Харин эдгээр залуус өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй, харин ч шинэ зохион бүтээлт, хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эх орондоо төвлөрүүлэн, Монгол хүний оюун ухааныг дэлхийд алдаршуулж үндэстэн дамнасан компани болон өргөжинө гэсэн хэн хүний санаанд багтамгүй том зорилго өвөрлөн шаргуу ажиллаж байжээ. Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин болсон өнөө үед дэлхийн хэмжээнд монгол  хүний оюуны ур ухааныг таниулж, монголынхоо мянга мянга залуучуудын цаашдын хүсэл мөрөөдөлд нь гүүр болж яваа тэд өдгөө  “Аметрос” технологийн компанийг байгуулжээ.

Хүсэл мөрөөдөл зорилго байхад  дэлхийн  хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, амжилтад хүрч болдогийг харуулсан залуустай ярилцсан юм. Эд бол монголын хамгийн анхны таблет, утасгүй цэнэглэгч, гэрийн болон харуул хамгаалалтын автоматжуулалтын систем зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг монголын хөрсөнд тарьж ургуулаад буй  зохион бүтээгчид.

Ингээд монголын мянга мянган залуу үеийн төлөөлөл, тэдний хүсэл мөрөөдлийн хөтөч, үлгэр жишээ болж яваа “Аметрос” технологийн компанийн ахлах програмист Ц.Баяртай ярилцсан юм.

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн. Баярлалаа.

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Монгол хүний ур ухаан шингээсэн анхны таблетыг зохион бүтээсэн байна шүү дээ?

-Баярлалаа. Одоогоор бүтээгдэхүүнийхээ дээжийг үйлдвэрлээд гаргачихсан сэтгэл хангалуун байгаа. Манайх компаниа ухаалаг төхөөрөмжүүдийг зохион бүтээж экспортлох, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилготойгоор 2013 байгуулсан. Байгуулсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл утасгүй цэнэглэгч, гэрийн болон харуул хамгаалалтын автоматжуулалтын систем мөн одоогоор хамгийн сүүлд эмнэлгийн ажилчдад зориулагдсан таблетыг зохион бүтээгээд байна.

-Таблет нь ямар зориулалттай вэ. Давуу тал нь юу вэ?

-Манайд мэдээллийн технологийн дэвшил төдийлөн сайн нэвтрээгүй эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан гэхчлэн салбаруудад өдөр тутам тулгамддаг технологийн асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагааг хөнгөвлөхөд зориулагдсан таблетыг бүтээх зорилгыг тавин ажиллаж байгаа. Таблетууд нь тухайн салбарт хэрэглэгдэх онцлогоосоо шалтгаалан өөр хоорондоо харилцан адилгүй. Үүний эхлэл болгож бид эмнэлгийн зориулалттай таблетыг зохион бүтээсэн. Энэхүү таблет нь өвчтөний түүх бичих, зураг дарах, биеийн дулааныг нь хэмжих гэхчлэн эмнэлгийн бүхий л төрлийн ажлыг хөнгөвчлөх зориулалттай.

 -Манай улсын хувьд ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээхэд орчин нөхцөл, санхүү гэхчлэн хүндрэлтэй зүйлүүд олон тохиолдсон байх?

-Тэгэлгүй яахав. Хүндрэлтэй зүйлүүд олон тохиолдсон ч тэр үеүдэд босгох хүч өгдөг байсан зүйл нь бидний тэмүүлэл, зорилго байсан. Наад зах нь манайд үйлдвэрлэлийн орчин байхгүй. Бид програмуудаа зохион бүтээгээд гадны орнуудад үйлдвэрлэн оруулж ирж байгаа. Бид цаг, мөнгө, хөдөлмөр, оюун ухаан гээд олон зүйлээ зарцуулсан ч эцэст нь зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Ер нь монгол залуус бидэнд  хийж бүтээе гэсэн хичээл зүтгэл байхад дэлхийн ямар ч залуустай өрсөлдөх оюуны бяд, ур ухаан байгаа. Тиймээс ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй монголынхоо залуучуудад хандан зоригтойгоор эхлүүлээд үзээрэй тэгвэл заавал амжилтад хүрэх болно гэж хэлмээр байна.

-Ухаалаг төхөөрөмжийг манай залуус хийж байна гээд ярихаар хүн болгон л сайнаар хүлээн авч дэмжин ажиллаж байгаа байх. Таблетын захиалгаа аваад эхэлчихсэн үү?

-Манайхыг дэмжин ажиллаж байгаа олон байгууллагууд бий. Одоогоор 20 ширхэг таблетын захиалга ирсэн. Үнийн хувьд гадаадаас орж ирдэг брэндийн ухаалаг бүтээгдэхүүнүүдээс харьцангуй хямд. Харин үзүүлэлт хүчин чадлын хувьд адилхан, зориулалтаасаа шалтгаалаад таблетууд маань өөрийн онцлог давуу талуудтай. 

-Дэлхийн энтэй сэтгэж, тэдэнтэй өрсөлдөхүйц оюуны бүтээлийг зохион бүтээнэ гэдэг чамгүй ур ухаан, авьяас шаардана. Танай компанийн залуусын хувьд ямар сургууль төгссөн бэ?

-Би Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мэдээлэл технологийн сургууль, БНСУ-ын Чомбукын Их сургуулийг төгссөн. Манай залуусын хувьд ихэнх нь гадаадын шилдэг их дээд сургуулиудыг төгссөн. Мөн ШУТИС-ийн Мэдээлэл технологийн Их сургуулийн багш нар манай компанитай хамтарч ажилладаг.

 -Баярлалаа. Тэгэхээр танай залуус цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ. Монголын ухаалаг төхөөрөмжийн хэтийн хөгжлийн чиг хандлага таны нүдээр харахад ямар байна вэ?

-Бид энэхүү таблетын дараа боловсролын салбарт ашиглах боломжтой таблетыг үйлдвэрлэхээр зэхэж байгаа. Манай таблетыг ашигласнаар оюутан, багш, сурагчид хоорондоо гэрээсээ холбогдож даалгавраа хийх, шалгалтаа өгөх гэхчлэн олон төрлийн үйлдлүүдийг хийх боломжтой. Борлуулалтын хувьд бид үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа бүтээгдэхүүнээ эхний ээлжинд монголын зах зээлд нийлүүлэхээр захиалгаа аваад эхэлсэн байгаа. Гэхдээ бидний гол зорилт бол гадны, тэр дундаа АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх юм. Нэг ч гэсэн Монгол угшилтай компани гадны томоохон зах зээлд гарч чадвал энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа монголын олон залуус ирээдүйн итгэл найдвар, тэмүүлэлтэй болно. Цаашлаад технологийн салбарт хэд хэдэн компани дэлхийд өрсөлдөөд эхэлбэл манай улсын эдийн засагт шинэ хөгжлийн гарцыг нээж өгөх юм. Бид уул уурхай ухаж улс орноо хөгжүүлэх биш оюуны хүч чадлаараа Монгол улсаа хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид Монгол улсыг уурхайн толгойнууд биш ухаант толгой чирч явах учиртай.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon