МУИС-Монгол улсад оюунтнууд төрүүлэгч үү, төөрүүлэгч үү?

Хөгжлийн аль ч түвшинд байгаагаас үл хамааран аливаа улсад боловсрол амин чухал систем. Боловсролын систем нь чухал ч бодлого нь түүнээс  чухал. Бодлого хоцрогдож цаг үетэй нь хоршиж чадахгүй байвал бодлогоо нэн даруй өөрчлөх ёстой. Ялангуяа улс орныг авч явах боловсон хүчнийг бэлдэж буй дээд боловсролын бодлогыг. Монгол улсын үе үеийн оюунтнуудыг төрүүлсэн Монгол Улсын Их Сургууль өдгөө 73 дахь жилдээ боловсон хүчин бэлдэж байна. Энэ байгууллагын шинэчлэлтэй холбоотой маргаан өнгөрсөн жил оюутнаасаа эхлээд ректороо хүртэл, багшаас эхлээд яам хүртлээ зууралдаж хэсэг чимээгүй болсон.

Чимээгүй болсны учир нь шинэчлэл амжилттай болсных уу гэдгийг МУИС-ийн оюутны нэгдлийн фэйсбүүк групп-д хэсэг саатсан тэмдэглэлээ хүргэе. Амьдрал ямар байгааг засаг баригчаас биш ардаас асуу гэдэг шиг шинэчлэл ямар үр дүнтэй болсныг оюутан, багш нар л мэдэж байгаа байх.

МУИС-ийн шинэчлэлийг оюутнууд болон бусад эх сурвалжууд хэрхэн дүгнэж байгааг багцалбал:

  1. Бүтцийн шинэчлэл - Бүтцийн шинэчлэл  нь сургууль, тэнхимийн тоог цөөлөх явдал байлаа. Үүнийхээ хүрээнд арван таван салбар сургуулийг тав болгож, тоонд анхаарал өгсөн. Угтаа бол бүтцийн шинэчлэлийн хүрээнд санхүүгийн хэмнэлтийг бий болгох чухал зорилготой байсан. Гэтэл санхүүгийн хэмнэлт хийж төсвийн мөнгийг гамнах бус үрэх тогтолцоо уруу шилжүүлжээ. Тухайлбал, сургуулийн захиргааны цалин сар бүр 11 сая 760 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэсэн санхүүгийн тайлан гарчээ. Өөрөө хэлбэл, МУИС-ийн удирдлагууд шинэчлэл нэрийн дор өөрсдийн цалинг үлэмж нэмсэн нь харагдаж байгаа юм. Мөн тэнхимийн тоог цөөлсөн нь санхүүгийн хэмнэлт авчирна гэж харуулж байгаа боловч хуучин тэнхимийн эрхлэгчдийн сар бүр авдаг байсан 30 мянган төгрөгийн нэмэгдлийг 150-80 мянгад хүргэжээ.
  2. SISI - МУИС-д элссэн ямар ч төвшний оюутанд тэр ч бүү хэл багш нарт тулгардаг зүйл бол Sisi. Үүний учрыг олох гэж оюутан битгий хэл багш нар нэг улирал мунгинана. Сонголт, баталгаажуулалт, төлбөр, хуваарь гээд сунжирсан юмны араас өргөдөл, банкны баримт гэж гүйхэд багагүй цаг зарцуулдаг аж. Хичээл сонголт, төлбөр төлөх, даалгавраа хүлээн авах, илгээхээс гадна олон төрлийн үйлдэлтэй байж мэдэх энэ систем рүү өдөр бүр л орж байхгүй бол ямар нэгэн мэдээ, үйл явдлаас ялангуяа шалгалтын зараас хоцорвол түүнээс олон хүндрэл үүснэ. Нэгэнт лекцээс бусад харилцааг онлайн болгох гэж байгаа бол Sisi-д ирсэн цаг үеийн мэдээллийг оюутны мэйл хаяг бүр Фэйсбүүк рүү нь ч давхар мэдээлдэг болбол мэдээлэл, шалгалтаас хоцорлоо гэх асуудал гарч үй түмэн өргөдөл чирэгдэл болж сургалтын албаныхны уурыг барахгүй.
  3. Хүнд суртал - Үүнээс гадна багш ажилчид шинэчлэл үү, дарангуйлал уу гэдгийг тодруулахаар олон улсын байгууллагаар судалгаа хийлгэжээ. Гэтэл судалгааны дүн юун шинэчлэл, харин ч эсрэгээрээ нийт багш ажилчдын 80 гаруй хувь нь шинэчлэлийг эсэргүүцжээ. Нээрээ ч МУИС-ийн аль нэгэн салбар сургуульд нэг л сургалтын алба байдаг байсан бол одоо оюутанд хүрэх үйлчилгээ болгоноор тус тусдаа үйлчилгээ үзүүлдэг газрууд бий болжээ. Хуучнаар сургалтын алба гэдэг ганцхан нэртэй газрын үйлчилгээ багадаа 3 газар тасарсан байх юм. Бизнесийн байгууллагад үйлчилгээний нэр төрөл олшрох нь давуу талтай ч гэсэн боловсролын байгууллагад үйлчилгээ хэтэрхий олон салж энд тэнд тасраад ийшээ ч яв тийшээ ч яв гэх нь цаг зав багатай оюутанд төвөгтэй. Байцаалт өгч буй юм шиг баахан мэргэжилтний өмнө айдастайгаар зогсон байцаагдах оюутан эцсийн эцэст үйлчилгээ авч буй хэрэглэгч гэдгийг мэргэжилтнүүд маань ухаарахад их хугацаа битгий ороосой.
  4. Элсэлт- Аль нэгэн мэргэжлийн зах зээлийн эрэлтийг үл харгалзан жил болгон элсэлт авдаг. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл нийгмийн ухааны чиглэлийн боловсон хүчний хэт илүүдэлд орсон тул ажилгүйдэлд өртсөн дээд боловсролтнууд дэлгүүрт худалдагч хийж буй судалгаа олон. Хэрэв сургууль зөвхөн орлогоо бодолгүйгээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ихтэй мэргэжлээр элсэлт авч, илүүдэл ихтэй мэргэжлээр тодорхой хугацаанд элсэлт авахгүй байх бодлого баримталбал үнэхээр нүдээ олсон шинэчлэлийн ухаалаг шийдвэр болох юм.

Дээд боловсролын системийн алдаа доголдол гарах үндэс нь юуны өмнө төрийн халамжийн бодлого. Сургалтын төлбөрийн дээд хэмжээг төрөөс тогтоож өгөхөө больё. Сургуулиуд төлбөрийнхөө хэмжээг өөрсдөө мэдээд тогтоог. Төрийн сургуулиудад бие даасан эрх хэмжээг нь өгөх хэрэгтэй. Ингэснээр дээд сургуулиудын төлбөр нэмэгдэх хэдий ч сургуулиуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд багтаамжаас илүү оюутан авах шаардлагагүй болж нэг анги, багшид ногдох оюутны тоо хэвийн хэмжээнд очно.

Нөгөө талаас МУИС-ийн албан тушаалтнууд шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлынхаа талаар ийн өгүүлжээ.

1.МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү:

“Өнгөрсөн онд БШУ-ны сайдын багцаас судалгааны 8 лабораторид 631,2 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд судалгааны 6 лабораторид 733,3 сая, нийт 1 тэрбум 365 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, судалгааны материаллаг орчин урьд өмнө байгаагүй хэмжээгээр сайжирсан”.

2.Проф. О.Мөнхбат. сургалт эрхэлсэн дэд захирал:

“...2015-2016 оны хувьд ЕБС төгсөгчдийн тоо бараг 50 хувиар буурах тооцоо гарч байгаа. Тиймээс бид энэ эрсдэлийг урьдчилан тооцож, эртнээс бэлтгэлтэй байх чиглэлээр анхааран ажиллаж байна. Энэ удаагийн элсэлтийн онцлог бол тодорхой нэг мэргэжилд шууд элсүүлэхгүйгээр бүрэлдэхүүн сургуульдаа оюутан элсүүлэх бөгөөд дээд боловсролын мэдлэг ур  чадвар олгох ерөнхий суурь хичээлийн 30-аас доошгүй багц цаг (2 улирал) судалсны дараа оюутнууд сурлагын амжилт болон элсэлтийн шалгалтын дундаж оноо зэрэг үзүүлэлтээр эрэмбэлэн жагсаж тухайн бүрэлдэхүүн сургуулийн санал болгож байгаа бүхий л мэргэжлээс сонгох боломжтой болох юм. Оюутан хэдий  чинээ сайн суралцана төдий чинээ өргөн сонголт хийх боломжтой болно...”

Монгол улсын хөгжлийг атгах оюунтнуудыг бэлдэж буй оюуны уурхай маань Оюунтнуудыг төрүүлж байна уу, эсвэл төөрүүлж байна уу? гэдэг асуултын хариу шинэчлэлийн ажлын цаашдын үр дүнгээс ихээхэн шалтгаалах болоод байна.

Холбоотой нийтлэлүүд

Муухай МУИС /”МУИС-ийн шинэчлэл” гэгчийн үнэн төрх/

http://aanxaa.niitlelch.mn/content/5677.shtml

МУИС: Оюутнуудаа луйвардаж байна.

http://www.24tsag.mn/content/50840.shtml

МУИС-Д ЭЛССЭН ОЮУТНУУД ХОЁР ДАХЬ ЖИЛЭЭСЭЭ МЭРГЭЖЛЭЭ СОНГОНО

http://www.assa.mn/content/21338.shtml?a=education

МУИС-иас мөнгө саагч төрийн өндөр албан тушаалтнууд

http://www.bataar.mn/10023234

МУИС-д дарга багш нар олширчээ

http://www.news.mn/content/161959.shtml

МУИС-ийн захиргаанд МУИС-ийн ОЮУТНУУДЫН ЗҮГЭЭС ХҮРГЭЖ БУЙ ШААРДАХ БИЧИГ

https://www.facebook.com/search/str/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1%20%D1%88%D0%B8%D0%BD%D1%8D%D1%87%D0%BB%D1%8D%D0%BB/keywords_top

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%