Нийтлэл 04 сарын 17, 2015

Монголыг казино руу туух суран ташуур, түүнийг сөрөх баатар эрэх нь

Гадагаадын парламентад намын гишүүдээсээ санал цуглуулах үүрэг хүлээсэн нэгнийг whip буюу анчин, ташуурчин маягийн үгээр нэрлэж, whip it саналаа хураагаад, ташуурдаад ир,  whipped vote намын ташуураар өгсөн санал гэх мэт үгс хэрэглээд байх шиг байгаа юм.  Нэг дунд насны хямралд өртсөн нөхөр хэсэг хугацааны зүүд мөрөөдлөөсөө гэнэт сэрж, амьдралд яг юу энэ цэнэтэйг оройдоо ортол ухаарсан агшинд амиа алддаг American Beauty хэмээх сайхан кино бүтээлийн гол дүрд тоглодог Кевин Спэйсигийн House of Cards телевизийн драма саналыг яаж ташуурдаж хурааж ирдгийг яруу тодоор харуулдаг. Японд болохоор “нэмаваши” буюу мод суулгахын өмнө үндсийг нь цэвэрлэж, бэлдэх гэсэн утгатай үгээр нэрлэж сонсогдоно, өөр мэргэжлийн үг байдаг ч байж мэднэ. Ийм үгс байгаа нь санал хураах, ташуурдах үзэгдэл, үйл явдал байдгийн тамганаас ч тод баталгаа  юм.  Манайд бас байдаг л байлгүй, харин ямар үгээр нэрлэдгийг нь мэдэхгүй юм. Ямар нэг хэлц байдаг бол нууц нэрээр ч болов коммент үлдээгээд өгвөл тун сонирхолтой.

Терминологийн тухай  буу халахаа больж үндсэн сэдэвтээ оръё: Казино (энэ ч бас гадаад үг байна. Гадаад үгсийн хамт гоё юм ч, гоёгүй юм ч их авч буйтай сэив монголиан хэмээх жиргээч уйгагүй үзэж, сүүлийн үед ерөнхийлөгч маань ч биечлэн тулалдаж буй). Чуулган шууд дамжуулах телевизээр казиногийн хуулийн төслийн хэлэлцүүлэг сонсож байхнээ ташуурдалт хэдийн явагджээ.  Ганц нэг сөрөг санал хэлээд соёлгүй, мэдлэггүйгээрээ гайхагдсан зарим гишүүдийг эс тооцвол манай олон гишүүн машид соёлтой, туршлагатай, хаа газрын казинод хүний нутгийн хөгжлийг мэдэрч чадсан гэдгээ өгүүлж, Монголын хөгжилд чухам хэрэгтэйг нь гайхан байв. Харин 200 гаруй тусгаар тогтносон улсын дийлэнх олонх нь казино нэвтрүүлээгүйг дурдсангүй. Тиймээс яагаад гэдэг нь мэдээж хөндөгдсөнгүй. Өдгөө нэвтрүүлсэн орнуудын дийлэнх нь үйлдвэржсэн, өөрсдийн суурь аж ахуй нь хөл дээрээ зогссон орнууд гэдгийг мөн дурдсангүй.  Сингапурыг их жишээллээ, гэхдээ суут удирдагч нь боловсролоор их гүрнүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүргэж, дэлхийн топ 100 сургуульд зарим их гүрэн оруулж чадаагүй хэмжээнд хоёр их сургуулиа оруулсан, сэтгэлгээ, боловсролын хувьд үлэмж хөгжиж учраа мэдсэн орон гэдгийг дурдсангүй. Аялал жуулчлалаар толгой цохидог орнуудаас хэд нь казинотойг бас хэлэхгүй. Азид анхлан казиног нэвтрүүлсэн Макаод казиногоос үүдэлтэй элдэв нийгмийн асуудал хуримтлагдаж ирснийг хэлэхгүй.  Орчин цагийн эдийн засаг, үйлдвэр, улс төр, идеологийн элдэв системийг хожимдож барьж эхлэх учиртай болсон азийн орнуудад казинотой казиногүй барууны орнуудтай өрсөж амьдрахын тулд сэтгэлгээ, хүний нөөц, эрүүл саруул  улс  төр эдийн засгийн систем барих гээд түй түмэн даалгавар буй.  Уул уурхайн баялаг хэмээх бүтээлч чанаргүй салбарт төр түмэн хамтдаа ухаан, сэтгэл, сүнс... юу байдгийн хамаг юмаа өгөөд уралцан тэмцэлдэж байхад бас нэгэн баялаг бүтээхээсээ илүү бусдын бүтээснээс гаралтай мөнгийг эргэлдүүлэх, бүтээхгүй ч болчих ч юм шиг хандлагад тос нэмэх салбар оруулж ирэх нь, байнга холбоотой яригддаг мөнгө угаах, хар тамхи энэ тэрийг больё гэхэд.

Монгол хүн тоглуулахгүй гэсэн. Чартер онгоцоор Макао нисэн барин тоглодог гэгдэх Чистмерүүд сэтгэлээн барьж юугаа ч юм чангалж үлдээд, тоглохгүй гэртээ харьж толгой шийрээ мөлжих үү? Угаасаа удирдаж чадахгүй улсаа улам гаргуунд нь хаяж, ялах ялагдахын дөнгөнд хамаг ухаан нь уягдаж, ядуу иргэд улам ягтах нь тодорхой. Элдэв мөрий, урд хойд хөршийн хижээл эрсийн их мөнгө тойроод эмс охид ч сурч хөдөлмөрлөж,  энгийн сайхан амьдрах тойргоос ямар нэг хүчний үйлчлэлээр хэд хэчнээн нь ч юм бэ хазайх буй.

Аялал жуулчлалд таатай нөлөөтэй гэжээ. Казинотой, цементтэй юутай хээтэй улсаас өөр юм үзэхийг хүссэн, ямар нэгэн жинхэнэ зүйл үлдсэн нутаг, хүн зоныг Төв Азиас эрж ирдэг үү гэхээс казинод олсон мөнгөө үүрээд гараад явж байтал ямар нэг тод өнгийн залаатай монгол нь ирээд дээрэмдэж орхиж ч мэдэх хотын соёл, орчин цагийн адал явдал хайж ирэхгүй.  Япон орон казиногүй. Гэсэн ч хаана ч байхгүй соёл, хөгжүүлж чадсан зочлох ёс, тав тух, амт шимт, байгалийн үзэмжийнх нь төлөө дэлхий дахин хөл зөөдөг. Манай оронд ч жуулчлалын салбар нь гүйцэд хөгжөөгүй байгаагаас биш үзэх юмгүй, казиногүй гээд ирэхгүй байгаа гэж үү?  Байгаль нь сайхан Монгол оронд  жуулчин урихад  казино л хэрэгтэй гэх нь байгаа юмаа хөгжүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн ялагдал, өөрийн гэсэн концепц, үндэстний онцлог, брандын бодлого байхгүйгээ зарлан тунхагласан хэрэг.

Өнөөх "Америк Гоо Сайхан"-ы Кевин Спэйси шиг байгаа бүхнээ голж, улаан сарнайн дээр хэвтэж буй шаргал үст болохыг мөрөөдөж гүйж байгаад амь алдахынхаа өмнөхөн амьдралд, энэ улсад байсан алив сайхан бүхнийг нүднээ нэг гүйлгэж хараад өнгөрөх хувь  биднийг тосоогүй байгаа?  Тийм цаг ирвэл дижитал рекордтой дэлхийн хэрэг юу билээ, хэн нь юу өргөн барьж, хэн юу гэж түлхснийг түүх шүүнэ.  Асар том суран ташуур аль хэдийн эргэлдчихсэн мэт санагдана. Таван параграф нарийхан шидэм савлаа, аваад ямар нэг байдлаар тээг болоод өгөх нэгэн гарахгүй л байх даа, юу гэж залбирдаг юм билээ, саяхан аав шиг минь санагдсаных ерөнхийлөгч мээнь гэчихдэг ч юм билүү.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon