Хүртээмжгүй хуваарилалт хөгжлийн чөдөр

Хөрөнгийн зах хөгжихгүй байх нь эрсдэл: Хүртээмжгүй хуваарилалт хөгжлийн чөдөр

Хөрөнгийн зах зээл хөгжөөгүйн горыг сүүлийн үед дэндүү их амсах боллоо. Үүний нэг илрэл нь Монголчууд бид, олонхоороо байгалийн баялгаасаа шууд үр шимийг нь хүртэж чадахгүй байгаа явдал юм. Баялгийн хүртээмжгүй хуваарилалт хөгжлийн чөдөр тушаа болсоор...

Баян хоосны ялгаа нэмэгдсээр мөнгөтэй бас эрх мэдэлтэй, дээрээс нь ёс суртахууны доройтолтой цөөнх болон ядуу, хүчгүй олонхийн хооронд хүчний тэнцвэргүй байдал, хурц хэлбэл тэмцэл өрнөсөөр... Хүчний илт зөрүүтэй энэ улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын тухай ярих ч хэрэг алга. Хоосон ярианаас цаашгүй. Тэгвэл хэрхэн энэ байдлыг өөрчлөх вэ?

Хүртээмжтэй баялгийн хуваарилалтыг хэрхэн бий болгох вэ?

Эрх баригчид, бодлого боловсруулагчид аливаа мега төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Уг төсөл хэрэгжвэл.......компани бэлтгэн нийлүүлэгчээр ажиллана. Улсад ....тэрбумын татвар төлнө. ......ажлын байр бий болно” гэх мэтээр ач холбогдлыг нь мэдээлдэг. Худал биш ч гэлээ энд хамгийн чухал асуудлыг орхиод байгаа юм. Орхиж болохгүй хамгийн чухал зүйлээ орхигдуулаад байгаа юм. Тэр нь баялгийн тэгш бус хуваарилалт. Хүртээмжгүй хуваарилалт.

Өнгөрсөн хугацаанд Монголд хэрэгжсэн уул уурхайн төслүүдээс Монголчуудын хэдэн хувь нь үр шимийг нь шууд хүртэж чадсан бэ? Оюу толгойн хөрөнгө оруулалт 2009 оноос эхэлж, 2013 оноос экспортод бүтээгдэхүүнээ гаргаж бидний баялаг гадагшлах цагаас өнөөг хүртэл таны түрийвчин дэх мөнгө шууд хамааралтайгаар нэмэгдсэн үү? Оюу толгойн төсөл хэрэгжсэн нь таны амьдралд шууд эерэг нөлөөг авчирсан уу?

“Үгүй” гэсэн хариулт өгч байгаа бол манай санхүүгийн систем буруу ажиллаж байна гэсэн үг. Харин “Тийм” гэсэн хариулт өгч байгаа бол та Оюу толгойтой холбоотой ажил эрхэлж байна гээд хэлчхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь хэд нь үгүй, хэд нь тийм гэсэн хариу өгч байгаа бол? Миний бодлоор 90:10.

Том төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, улсын төсөв зузаарч, бэлтгэн нийлүүлэгчид нь хөл дээрээ босох нь үнэн ч гэлээ энэ бүгдийг нийлүүлээд нийт Монголчуудын хэдэн хувийг хамрах юм бэ? Бүртгэлтэй 1.1 сая орчим ажиллагсад Монголд бий. Уул уурхайн салбарт 50 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэгэхээр Оюу толгой, Таван толгой тултал ажиллаж, бэлтгэн нийлүүлэгчид нь халтал зүтгээд, зүтгээд нийт ажиллагсдын 10 хувьд хүрэх үү?

За яах вэ. 10 хувь. Гэтэл тэд юуг нь хүртэж байгаа юм бэ? Ажиллагсад цалин цав, урамшуулал авна. Нийт гадагш зарж буй баялгийн багахан хувь.

Бэлтгэн нийлүүлэгч компаниуд нь хөл дээрээ босно. Гэхдээ том төслийн хаялгыг л хүртэж байгаа хэрэг шүү дээ. Цөм нь биш. 

Улс нь татвараа авна. Бидний ашигт малтмал, нөөц баялгийг ашиглаж байгаа юм чинь төлөх ёстой татвараа дуугүй л төлөх ёстой.

За ингээд эцсийн бүлэгт, баялгийн дийлэнх нь төсөл эзэмшигч компанидаа үлдэнэ. Тэр нь гадаадын компани. Гадааддаа мөнгөө байршуулна, зарцуулна.

Тэгэхээр ийм хуваарилалт хийгээд байвал, ийм хуваарилалт хийхэд хүргэж буй санхүүгийн системээ хөгжүүлэхгүй бол бид ч Таван толгой, Оюу толгойтой байгаад хөгжихгүй нь.

Нийт хүн амых нь 80-90 хувь нь баялгаасаа шууд үр шимийг нь хүртэж чаддаггүй ийм л хүртээмжгүй хуваарилалт үйлчилж байна. Гэтэл байгалийн баялаг гэдэг чинь ард түмний өмч, тиймээс ард түмнээрээ үр шимийг нь хүртэх ёстой биш бил үү?  Эсвэл бүгдээрээ уурхайд очиж ажиллах уу? Тэгэхгүй бол багш, эмч, инженер, жүжигчин, дуучин, эдийн засагч, санхүүч гээд бид бүгд хоосон хоцрох нь ээ. Энэ оронд элбэг дэлбэг амьдаръя гэвэл иргэн бүр нь уурхайд ажиллах ёстой болж байна уу? Мэдээж тийм биш. Тэгвэл Оюу толгойгоос гарч буй грамм зэс, унц алт тутмаас, Таван толгойгоос гарч буй тонн нүүрс бүрээс бид хэрхэн үр шимийг нь шууд хүртэх вэ?

Ийм хүртээмжгүй байгаа юм чинь “Энэ бүхнийг зогсооё. Зэс, алт, нүүрсээ хав дараад хэвтчихье. Жагсъя. Босъё” гэж хэлэх гэсэнгүй ээ. Харин илүү үр дүнтэй арга сонгож өөрсдөдөө илүү ихийг үлдээе гэж хэлэх байна.

Ямар аргын талаар яриад байна? Улсын хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн санг сонгодог утгаар нь ажиллуулж манай ашигт малтмалд хөрөнгө оруулсан гадаадын компаниудын хувьцааг нь авчихъя. Жишээ нь, Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшиж буй  Turquoise Hill Resources-ийн хувьцааг авъя. Далд уурхайн шийдэгдчихвэл өсөх  нь гарцаагүй шүү дээ.

 

Улсын хөрөнгө оруулалтын санг байгуулж, хараат бус, бие даасан байдлаар ажиллуулъя

 Ашигт малтмалын үнэ өсч, татварын орлого өндөр үед сан байгуулж түүгээрээ Монголын байгалийн баялагт тулгуурлаж хөрөнгө татан ажиллаж байгаа гадаадын бирж дээрх компаниудын хувьцаанд хөрөнгө оруулъя. Хамгийн гол нь удирдлага нь төрөөс хараат бус, сайн засаглалын тогтолцоотой, бие даасан хэлбэртэй байна.

Хоёр долоо хоногийн өмнө ерөнхий сайд “Оюу толгойн асуудлаар талууд тохиролцсон. Удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана” гэж мэдэгдсэний маргааш нь буюу Даваа гаригт Нью Йоркийн биржид Turquoise Hill Resources-ийн ханш ганц өдөрт 11 хувиар өсч, дараах хоёр долоо хоногийн хугацаанд нийтдээ 23.3 хувиар өслөө. Тэгвэл далд уурхайн санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэний дараа хувьцааг нь энэ сангийн мөнгөөр авъя.  

Гачууртын ордод Центерра Голд ХК хөрөнгө оруулахаар шийдэгдвэл Торонтогийн биржээс хувьцааг нь сангийнхаа хөрөнгөөр авчихъя.

Оюу толгойн ордыг ашиглах 100 жилийн хугацаанд Turquoise Hill Resources-ийн хувьцааг сангаараа дамжуулж эзэмшие. Бидний баялаг экспортод гарч, компанийн орлого, ашиг өсөхийн хэрээр хувьцааны ханш өснө. Сангийн хөрөнгө өснө. Улсын мөнгө нэмэгдэнэ.

Эдийн засгийн хямралт үеүдийг сангийн тусламжтайгаар давгүй даваад гарчихна. Нийт ард түмний нуруунд өнөөгийх шиг хямралын хүнд ачааг бага мэдрүүлнэ. Ухаалаг төрийн үйл ажиллагаа түмэн олондоо ингэж л хүртээмжтэй хүрэх ёстой.

 

 Тэтгэврийн санг ажиллуулж иргэн бүрийг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгоё


 Тэтгэврийн сангаа ажиллуулж том төслүүддээ хөрөнгө оруулъя. Жишээ нь, Таван толгойн талаарх ерөнхий сайдын мэдэгдэл Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох Mongolian Mining Corporation-ний хувьцааны ханшийг хоёр долоо хоногийн хугацаанд 35.5 хувиар өсгөлөө. Хэлэлцээр амжилттай болж гэрээ байгуулагдвал дахиад л өснө. Төсөл бодитоор хэрэгжиж, жигдрэх үед дахин өснө. 100, 150 жилийн настай Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулах компанийн хувьцааг нь тэтгэврийн сангийн хөрөнгөөр авчихъя. Мэдээж одоогийн бүх асуудал тодорхой болсны дараа шүү дээ. Бас сангийн менежмент хараат бус, бие даасан, сайн засаглалтай байх ёстой. Ингэж чадвал өнөөдөр таны татварт төлсөн 100,000 төгрөг чинь хөрөнгө оруулалт болж 10, 20, 30, 50 жилийн хугацаанд өсөж үржинэ. Амьдралынхаа турш, дөч тавин жил төлсөн татварын мөнгө тань хөрөнгийн захаар дамжин хөрөнгө оруулалт болж өтлөх насны тань санхүүгийн баталгаа болно. Учир нь их олборлож, их борлуулахын хэрээр хувьцааны ханш өснө. Хувьцааг нь авсан тэтгэврийн сангийн мөнгө буюу таны тэтгэврийн мөнгө дагаад өснө. Ийм цагт л иргэн бүр баялгийнхаа үр шимийг шууд хүртэнэ. Хүртээмжтэй хуваарилалт хийгдэж нэг ч гэсэн хөгжлийн чөдөр тушаа устана.

 

 Эцсийн бүлэгт

Оюу толгой шийдэгдэж галт тэрэг хөдөлчхөж. Таван толгой дуншиж байна. Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа амилаасай. Үлдэж байгаа стратегийн ордуудаа ашиглахдаа хөрөнгийн захаар дамжуулаасай.

“Бид татвараа авч байна. Иргэдээ ажилтай болголоо. Компаниуд орлоготой болж байна” гээд битгий ханаасай. Хамгийн чухал хүмүүс болох баялгийн эзэд-иргэдийн дийлэнх нь үр шимээ хүртэж чадахгүй байгааг онцгойлон авч үзэн чухалчлан ярилцаж шийдээсэй. “Иргэн бүрийн амьдралд эдийн засгийн өсөлтийг хүртээнэ” гэдэг үг хоосон уриа, лоозон бүү болоосой.

Хий хоосон яриад суухгүйн тулд хөрөнгийн зах зээлээ төр засаг нь тууштай, тогтвортой бодлогоор дэмжээсэй. Мэргэжил нэгт салбарынхан маань үүнийг л хүсч байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5405

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%