Нийтлэл 04 сарын 23, 2015

Хэн юу хэлэв? Тавантолгой төслийн талаар М.Энхсайхан, С.Жавхланбааатар нар

MNB телевизийн “Цаг үе , үзэл бодол”  нэвтрүүлгээр Таван толгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийн ажлын хэсгийн дарга, Монгол улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар оролцлоо. Уг нэвтрүүлгийн үеэр дурдагдсан онцлох эшлэлүүдийг хүргэж байна:

МУ-ын сайд М.Энхсайханы хэлсэн эшлэлүүд:

  • Одоохондоо УИХ-д өргөн бариагүй байна. Бид бүх материалыг бэлдсэн. УИХ-н тамгын газар баримтын материал дутуу байна гэсэн. Бид баримтын материалыг бүрдүүлээд өгсөн байгаа. Өргөн барих цаг товлогдохыг л хүлээж байна.
  • Таван Толгойн төсөл урт удаан настай, түүхтэй төсөл. Үндсэндээ 2010 оноос хойш таван жил яригдаж, дэлхийн олон улсуудын сонирхлыг татаж байсан төсөл. Харамсалтай нь бид ажлаа хийж чадаагүй, цаг тухайд нь шийдэж чадаагүйгээс нүүрсний үнэ асар их унасан.
  • Зарим  хөрөнгө оруулъя гэж байсан хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахад хэцүү  гээд Мозамбикийн яг манайхтай адил төсөлд хөрөнгө оруулсан.
  • Таван толгойн нүүрсний орд газар гадаргад ойр байрласан, хямд өртгөөр олборлож их хэмжээгээр тээвэрлэж чадвал манай улсад ч хөрөнгө оруулагчдад ч ашигтай байж болох төсөл.
  • Хэцүү нь юу гэхээр анхны хөрөнгө оруулалт маш их шаардаж байна. Дэд бүтэц, цахилгаан , төмөр зам юу ч байхгүй. Тиймээс энэ анхны хөрөнгө оруулалтыг хийх хөрөнгө Монгол улсын Засгийн газарт маш хэцүү асуудал. Тийм ч учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар энэ ажлыг шийдэж уг консорциум бий болсон.
  • Монголчууд бид өрсөлдөж л гарна уу гэхээс биднийг хэн ч гуйж ирэхгүй.
  • Монголын коксжих нүүрс, монголын Таван толгойгоос Дэлхий, Хятад, Солонгос, Японы зэх зээл ямар нэг хэмжээгээр хамааралтай байгаасай гэж бодож байна.
  • Оросын Элга төсөл, Мозамбикийн төслүүд манай том өрсөлдөгчид. Мозамбикийн төсөлд 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдээд, 700 км төмөр замыг төвөггүй барих ажил явагдаж байна. Бид  дотроо асуудалтай байгаагаас 270 орчим км замыг яаж ч чадахгүй л байна.
  • Бид өрсөлдөөнийг давж, Монголд хамгийн их байгаа нүүрс гэдэг баялгийг эргэлтэд оруулж, өндийхгүй бол болохгүй.
  • Таван толгой төсөл өрсөлдөж буй том төслүүдээсээ боловсруулалтынхаа хэмжээгээр хамаагүй хол хоцорсон. Дээр нь манай барилгын улирал богино. Энэ хаврыг алдвал бүтэн жил алдахтай л адил. Тиймээс цаг хугацааны хувьд түргэвчлэх шаардлага гарсан.
  • Хэлэлцээр ерөнхийдөө дөрвөн үе шаттай байсан. Нэгт, хэлэлцээрийн зорилго, хүрээгээ тодорхойлсон. Хоёрт, 350 орчим асуудлыг судлаад нэгдмэл ойлголтод хүрсэн. Гуравт, ямар гэрээ хэлэлцээр хийхээ бичсэн. Яг энэ үед Чалкогийн асуудлаар завсарлага авсан. Харамсалтай нь тэр үед завсрын баримт бичиг ил тод болж, хөрөнгө оруулагч, ажлын хэсгийг эвгүй байдалд оруулсан. Гэхдээ Чалкогийн асуудлаас бусдаар тохиролцоонд хүрч болохоор байсан учир дөрөвдүгээр шатанд харьцангуй хурдан хэлэлцсэн.
  • Таван толгойн улс төржилт сайн, муу хоёр талтай. Муу тал нь хөрөнгө оруулагчид итгэл алдарч байна. Ер нь ч Монголын нэр хүнд сайхнаар сонсогдохгүй. Сайн тал нь улс төржиж байгаа учраас хүн болгоны сонор сэрэмж дээшилж, хүн бүр анхаарч, тавих асуудлууд нь нэмэгдсэн. Энэ нь бидэнд ч тустай, асуудлаа нягталж харахад хэрэгтэй байсан. Гэхдээ тавигдсан асуудлууд тохиролцооны амин сүнсийг хөндөөгүй.
  • Талууд бүрэн ойлголцож гэрээ үзэглэсний дараа маш олон хийх ажил байна. Гэрээ үзэглэсний дараа амьд бүтээн байгуулалт эхэлтэл наад зах нь гурван сар шаардлагатай. Энэ хугацааг тооцож үзвэл бид хугацаа алдаж байна.
  • Том төсөл дээр Монголчууд нэгдмэл байх ёстой. Өөрсдөө дотроо хагаралдаад байвал хөрөнгө оруулагчдын эргэлзээ нэмэгдэнэ.

1072 хувьцааны тухайд:

  • УИХ-ын тогтоолоор ЭТТ компани хөрөнгийн бирж дээр гарснаар өөрийнхөө 20 хувийг 1072 хувьцаа болгон ард түмэндээ өгөх тухай асуудал. Таван толгой компани хөрөнгийн бирж дээр гарч чадаагүй учир 1072 хувьцааг амилуулж, үнэ оруулж чадаагүй. Харин ч өөрөө өрөнд орчихсон байгаа.
  • 1072 хувьцаа үнэн хэрэгтээ цаас ч болоогүй, компьютер дээрх бүртгэлийн тухай л асуудал. Зах зээлийнхээ хувьд хувьцаа болж чадаагүй зүйл. Хэзээ Таван толгой ашиг өгч эхэлнэ, тэр цагт л энэ асуудлыг зөвөөр шийдэж эхэлнэ. Энэ төслийг ашигтай болгож чадвал 1072 хувьцаа ашгаа өгч чадна.

Бид хоорондоо ойлголцохгүй байгаагийн шалтгаан:

  • 350 орчим асуудлаар нэгдмэл ойлголтод хүрлээ. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулагчидтай биш Монголчууд хоорондоо нэгдмэл ойлголтод хүрсэн гэсэн үг. Энэ төсөл хамгийн ил тод мэдээлэл өгч буй төсөл. Ил тод байсныхаа шүүмжлэлийг л сонсоод сууж байгаа байх.
  • Бидэнд ийм том төсөл хийсэн туршлага байхгүй. Нэгнийгээ хардалгүйгээр, улс төржилгүйгээр хөрөнгө оруулагчийнхаа өмнө нэг болон зогсож байж бид эрх ашгаа хамгаална.

Төслийн ирээдүйн тухайд:

  • Засгийн газарт эхлээд танилцуулъя гэж бодсон. Зохицуулаад явах эрхзүйн чадамж нь Засгийн газарт бий. Гэхдээ УИХ авч үзье гэсэн учраас бид УИХ-р шийдвэр гаргуулъя гэж хүсч байгаа.
  • Хардалт сэрдэлтээ тайлтал мэргэжилтнүүдийн тайлбарыг сонс. Юу, юугүй улс төржөөд, нийгэм, энэ төслийг битгий хагал. Их хурал ямар ч шийдвэр гаргасан энэ төслийг цааш явуулах эсэх ахиад л хөрөнгө оруулагч дээр л шийдэгдэнэ.
  • Хэрвээ энэ төслийг унагах сонирхолтой хүмүүс байгаа бол өөр ямар гарц, сайн хувилбар байгааг бидэнд сайн хэлж өг. Тэгвэл ойлголцож болно.

 

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарын хэлсэн эшлэлүүд:

  • Энэ хөрөнгө оруулалтын гэрээ 2013 оны 11 сарын 1-ээс мөрдсөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй анхны гэрээ. Өмнөх ашигт малтмалын тухай хууль буюу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас өөр гэж ойлгох хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтын гэрээ хоёр шаардлагыг хангах ёстой.  Санхүүжүүлэгч энэ гэрээг уншаад мөнгө өгөх боломж байгаа эсэх, өөрсдөө хөрөнгө гаргаж буй хөрөнгө оруулагч ямар хөрөнгөөр, яаж оруулж ирэх вэ гэдэг хоёр асуудлын уялдааг гэрээгээр гаргаж өгөх ёстой.
  • Төслийн компанийн 51%, 49% гэрээ хүчин төгөлдөр болсны дараа хийгдэх процесс.Төслийн компанийг Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан төслийн аж ахуйн нэгж л хэрэгжүүлнэ. Үүн дээр хөрөнгө оруулагч тал 49%-тай орж ирэх юм. 51% гэрээгээр хэзээ ч доошлохгүй байхаар заагдсан. Өөрөөр хэлбэл менежмент, хөрөнгө оруулалт хоёуланд Монголын компани хяналттай явж, хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө нөгөө компани хариуцлага хүлээнэ гэсэн үг.
  • Гэрээндээ олон улсын стандартыг л мөрдсөн. Татварын харилцааны хувьд дурдах ёстой нэг асуудал бол ашигт малтмалын нөөцийн төлбөр. Энэ бол татвараас тусдаа улсад орж ирж буй мөнгө. Үүн дээр нэмэгдээд хамтын ажиллагааны төлбөр яригдана.

 Хоёр хувийн рояалти бэлэглэх тухайд:

  • 2 хувийн рояалти гэж нэрлэж болохгүй. Баруун, зүүн цанхийн лицензийг төслийн компанид түрээслүүлсний төлбөр, ЭТТ-д шууд ашиг болж орох төлбөр юм.
  • Нөөцийн төлбөрийн хоёр хувь гэдэг бол суурь өөрөөр хэлбэл суурь 5 хувийн 40% гэдэг нь 2% болж байгаа юм. Нүүрсний үнэ өсөөд байх тусам ашиг нэмэгдэнэ. Энэ өсөхтэй холбогдуулаад энэ 2% өсч байх ёстой гэж харилцан тохирсон. Нүүрсний үнэ 85 доллараас доош байх үед 2% байна гэсэн үг. 85 доллараас дээш бол 2,5% болж 16 хүртэл хувьруу очих боломжтой. 2% дээр нэмэх нь 5% буюу татвараас гадна энэ 7% бол борлуулалтын орлогоос авах мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Үүнд зөвхөн ЭТТ ашиглаж байгаа хоёр лиценз бус "Энержи Ресурс" компанийн  Ухай худгийн борлуулалт мөн орсон байгаа. Үндсэндээ таван лицензийн нийт борлуулалтаас тооцож авахаар тохиролцсон.
  • Зөвхөн баруун зүүн цанхийн 4 лиценз хамаатай. Бусад бүх лицензийг гэрээгээр хязгаарласан.

Гэрээний хугацааны тухайд:

  • Гэрээний үндсэн хугацаа 30 жил. Ашигт малтмалын лицензийн хугацаа гэдэг нь 20 жил. Өөрөөр хэлбэл лиценз маань ашигт малтмалын тухай хуулиараа 20 , 20 жилээр сунгагдах эрхтэй. Энэ хоёр бол өөр харилцаа. Тиймээс гэрээ сунгагдах асуудал гэж ойлгож болохгүй.

Гэрээ байгуулсны дараа цуцлах тухайд:

  • Нөхөн төлбөрийн асуудлыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэгдүгээрт, олон улсын банкнуудын хувьд гэрээнд нөхөн төлбөрийг маш тодорхой заасан байх нь нэмэх нэг оноо болдог. Хоёрдугаарт, хэрэв тодорхойгүй гэрээ хийвэл Засгийн газар хохирох, хэмжээлшгүй их мөнгө нэхэх магадлал өндөр. Ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй тохиолдолд ямар ч нөхөн төлбөр төлөхгүй.

Төслийн ирээдүйн тухайд: 

  • Төсөл үр ашигтай байх нь ерөөсөө л нүүрсний үнээс хамаарна. Үнээс хамаараад ашиг, татварыг тооцвол татвараас бид 30 жилд хамгийн багадаа 4,3 тэрбум, дээд тал нь 20 тэрбумын ашиг авна. Үүнийг татвараас орж ирж буй ашиг гэж ойлгох хэрэгтэй. Гэрээг байгуулсны дараа дагалдах техникийн гэрээнүүд амжилттай хийгдвэл гурван сарын дараа 650 сая долларын бэлэн мөнгөний урсгал орж ирнэ. Жилдээ уг төсөл 340 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд явах эдийн засгийн тооцоо байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon