Нийтлэл 05 сарын 06, 2015

Аялал жуулчлал татах гайхамшигт оньс Ландшафт

  Ургамал ногоо дэлгэрсэн урин дулаан цаг иржээ. Газар шороо, уул ус, ургамал моддоос бүтээгүй улс гүрэн гэж хаа ч байхгүй. Тиймээс энэ бүгдийнгээ орчин тойрны барилгын үзэмжтэй нийцүүлэн тохижуулах шаардлага иргэншил үүссэн тэр үеэс эхлэн урган гарсан. Энэ нь орчин үеийн хотуудын гол шаардлагуудын нэг байсан хэвээр. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд хот байгуулалтанд тохижилт хэмээх зүйлийг тусгайлан тусгаж, түүнийгээ хэрэгжүүлж, мөнгө зардаг болсоор уджээ. Гэхдээ хот тохижилтыг зөвхөн гудамж талбай засах, гэрэлтүүлэг, чимэглэл нэмэгдүүлэх, хоггүй байх хэмээн ойлгосоор өнөөг хүрчээ. Хамгийн гол нь бид ландшафт хэмээх гол зүйлийг төдий л сайн мэддэггүй байв. Харин хэдэн жилийн өмнөөс л энэ бүхнийг сонирхон судалж, хэрэгжүүлэх гэж оролдож эхлэв. Гэтэл гадны оронд энэ нь хоёр, гурван зууны тэртээгээс хөгжөөд эхэлчихсэн байдаг. Харин Монголд, бидний нүдэнд ил харагдах юм үлдсэн нь цөөн. Хөшөө дурсгал нь байхад усан оргилуур, цэцэрлэгийн төгөл, амарч зугаалах талбайг цогцоор хийдэггүй. Зарим тохиолдолд дан ганц хөшөө, ургамлын төгөл, эсвэл усан оргилуур босгох нь элбэг. Зун нь тарьсан хэдэн цэцэг өвөлдөө хэрхэх нь эргэлзээтэй. Ямар байгалийн хуулийг өөрчлөөд өвөлд нь ургуулалтай биш. Манай оронд ногоон байгууламжыг байгуулахдаа их өрөөсгөл ханддаг нь Монгол орны хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицох ургамлаас илүү халуун орны, дулаан, чийглэг уур амьсгалтай газрын ургамлыг тарьдаг. Гэтэл Сибирийн өнгөт цэцэгсийг яагаад өвөлдөө тарьж болохгүй гэж. Өвлийн 30-35 хэмийн  хүйтэнг тэсч чадахаар харагдах.       

Ландшафт гэж чухам юуг хэлээд байна вэ?   

 

Ландшафт гэдэг нь хүний ая тухтай амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал. Үүн дотроо дуу чимээнээс тусгаарлах, агаарын бохирдол, тоосжилтоос сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг уран барилга төлөвлөлтийг хэлдэг. АНУ-ын эрдэмтэн Ж.О.Элиот “Ландшафтын бүтээлийг урлагийн бүтээлд тооцож болох талтай. Учир нь үндсэн чиг үүрэг нь газар орны байгалийн үзэмж, хүмүүсийн оршихуйн хүрээлэн буй орчны өнгө төрхийг бүтээн цогцлуулж, цаашид үлдээхэд оршино” гэж хэлсэн нь ч байдаг.  

   

Монгол улсад саяхнаас асуудал болон хувирч, хүмүүсийн анхаарлыг татаад байгаа ландшафт нь МЭӨ 5000 жилийн тэртээ эртний Грек, Ромын соёл иргэншлийн үеэс эхлэлтэй гэж үздэг. Тухайн үед тоосго, чулуугаар барилга барьж энэ нь хүмүүст сөргөөр нөлөөлөөд байгааг мэдсэн тэд усан оргилуур, ногоон байгууламжийг барьж хот төлөвлөлтөндөө тусгадаг болжээ. Харин дэлхийд өвлийн ландшафтаараа гайхагддаг орны нэг нь Швейцарь билээ. Өндөр уулсын энэхүү улс ч бас ландшафтын гайхалтай шийдэлтэй орнуудын нэг. Хамгийн гол нь манайхтай уур амьсгалын хувьд ижил төстэй юм. Тэнд өвлийн улиралд цас ихээр ордог учир мөнх ногоон, олон наст моддыг тарьж, гоёмсог шийдэл бүхий баримлуудаар чимдэг ажээ. Өвлийн цагт жирийн гэрэл, чийдэн цасны ойх гэрэлд дарагддаг учир тусгай ион гэрлийг байрлуулах санааг тэд анх сэджээ. Хотын төсөв ч нэлээд “зузаарсан”.

 

 

Ландшафтыг хөгжүүлснээр бидэнд ямар ашигтай вэ?  

 

1970-аад оны Осака, Токио хотуу­дад амиа хорлолтын гаралт нэмэгдсэн байна. Нэлээд хэдэн жилийн турш иймэрхүү сөрөг үзүүлэлтийг харсаар “залхсан” хотын удирдлагууд амиа хорлолтын тоонд усан оргилуур нөлөөл­дөг гэдгийг хараахан мэдээгүй байв. Удалгүй нэртэй эрдэмтдийн баг үүнийг нотолсон хэд, хэдэн баримтыг үзүүлсэнээр бараг дургүй шахам усан оргилуурын тоо нэмэх төслийг баталсан гэдэг. Тэд зөвхөн усан оргилуур бариад зогсохгүй орчин тойронд нь элдэв уран зураг, баримлыг суури­луулж, гэрлэн чимэглэлийг илүү тод болгосон байна. Сөрөг үзүүлэлтийн эсрэг хэрэгжүүлсэн төсөв жил гаруй­ханы дараа нөлөөгөө үзүүлж амиа хорлогсдын тоог 30-35 хувь бууруулсан баримт бий. Зөвхөн амиа хорлогсдын тоо буураад зогсохгүй Токио, Осака-д ирэх жуулчдын тоо ч мэдэгдэхүйц хэмжээгээр дээшилжээ.

 

 Энэ мэтчилэн ландшафтын тухай эерэг баримт дурдаад байвал олон. Харин манай оронд үүнийг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг нь том асуудал. Гэхдээ энэ асуудлыг шийдсэн манайхтай харьцангуй ижил уур амьсгалтай Канад, Швейцарь зэрэг улсуудын жишээг судлах нь хамгийн зөв гарц мэт. Бас дээр нь “Сибирийн олон наст ургамлыг суурилуулах нь зүйтэй” гэсэн мэргэжилтний үгийг анхааралдаа авах хэрэгтэй. Сибирт ургадаг мөнх ногоон моддыг, Альпийн өндөрлөгийн хүйтэнд тэсвэртэй цэцэгсийг тарьвал хүйтний улирал зонхилдог манай оронд хэрэгтэй ч байж болно. Бид аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд дээр дооргүй ярьж буй энэ цаг үед ландшафтын шийдлүүдийг хот төлөвлөлтөндөө тусгаж, өнгө, үзэмж бүхий үндэсний онцлогтой баримлуудыг барих нь жуулчдыг татах чухал зүйлүүдийн нэг болно. Үүнийг гадны орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Гагцхүү манайд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөв, мэргэжилтэн шаардлагатай байна.

   

                  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon