ПРОЛОГ - Үйлдвэржих үү, эс орших уу?

2003 оны дөрөвдүгээр сарын 2. Хамт суралцахаар болсон 8 хүүхдийн хамт Кансай олон улсын нисэх онгоцны буудалд буусан тэр өдрийн дурсамж одоо ч санаанд тодхон. Ажилсаг хичээнгүй япон хүмүүсийн гараар бүтсэн барилга, тэр нь бүр  байгалийн биш бас л тэдний гараар бүтсэн хиймэл арал дээр барьсан шалан дээр анх хөл гишгэхэд төрсөн сэтгэгдлийг нэг үгээр илэрхийл гэвэл –Тунгалаг гэж хэлнэ. Зарим талаар Монгол Японоос хавьгүй “тунгалаг” гэдгийг хожим нээж мэдсэн, гэхдээ буугаад харсан өдөр эд материал нь,  шал нь, шил нь, царай нь, ерөөсөө алив бүхэн цэвэрхэн тунгалаг харагдаж байж билээ. Хөгжлийн ялгааг хөл гишгэсэн мөчид л мэдэрсэн тэр өдрөөс хойш  арван жилийг арлын оронд үдэхдээ үргэлж нэг асуулт дотроо тээж, хариулт хайж явав: Хүний болоод өөрийн нутгийн хамаг ялгаа хаанаас үүднэ вэ?

 

Монголдоо томхон сургуулийн толгой оюутны нэг гэгдэж, хорьж болдоггүй хорин настайдаа нутгаа орхиод эрдэм сурахаар нисэхдээ өчүүхэн би бээр өөртөө бардаж, өөрийгөө овоод тооцож явав. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийн муруй, Кейнс, Смит...элдэв онолоор  голч дүн 93-ыг давж асан өнөөх оюутан магадгүй анхнаасаа арлын орныг сурахаар зорихдоо л мэдэж байх учиртай тэр энгийн асуулт, энгийн хариултыг олж мэдэхэд арван жил зарах учиртай байв. Онц дүн авч чаддаг байсан ч онч асуудлаа мэдэхгүй явав. Үнэхээр мэдэхгүй байсан юм, Монголын болоод Японы, эсвэл ерөөсөө хөгжсөн дэлхий хийгээд хөгжөөгүй дэлхийн зааг хаана байгааг. Тэрнээс том гуниг гэвэл мэдэхгүйгээ бас мэдэхгүй байв.

 

Ажиллаж, суралцаж, алдсан оносон эрэл хайгуулын нэг арванд хэзээ нь арай нүд нээгдэж ирсэн тухай одоо тодорхой хугацаа зааж эс мэднэ. Чи хэчнээн хичээгээд ч яг хэзээнээс мөрөөдөл чинь эхэлснийг санаж чадахгүй гэдэг хорсолтой ч юм шиг сайхан ч юм шиг үг байдаг... тиймэрхүү л юм, хэзээнээс мэдэхгүйгээ мэдэрч, үйлдвэрлэлийн хөгжлийн ялгаа, бүтээхүйн үнэ цэнэ, үүрэг ролийг анзаарснаа нарийн хэлж мэдэхгүй.  Одоо нэхэн санавал хаашаа ч эргэсэн өөрсдийн хариултаа хэдийн олсон улсын ерөнхий орчин намайг алхам алхмаар хариулт өөд түлхэж байсан юм шиг одоо санагддаг. Хамаг сайн оюутнууд нь гэхэд - Төгсөөд мээкаад орно(maker гэсэн англи үгнээс гаралтай, юм бүтээдэг салбар гэсэн үг Сони, Шаарп, Тошиба зэрэг), юм бүтээх, технологи, нийгмийн дэвшил, монозүкүри буюу эд бүтээх, ийм бүтээгдэхүүн гаргаж тийм хүнд аз жаргал өгнө... бидний зүгээс харахад сонин ч өдөр тутам л иймэрхүү үгсээр ярилцаж, өөрийн зорилгоо тодорхой илэрхийлж байдаг. Яван явсаар асуулт хариултууд, алдаа онооны тасархай зураасууд нэг л өдөр холбогдож, итгэл үнэмшил, утга агуулга болов. Тасархай зураасууд холбогдсон өдрөөс хойш нэн амттай юм нээж олвол амсуулах гэж дайрдаг шигээ сайн дурын багш болж хувирав. Үнэнч суралцаж байсан, харьцангуй мэдээлэлтэй фронтын оюутан байсан тусмаа гадарлах билээ: модернизацийн жинхэнэ охь эссенц, үйлдвэржилтийн түүх, шинэ түүхийн эхлэл, индастриал харилцаа, эсвэл бүр ерөөсөө эдийн засагт эд бүтээхүй ямар утга учиртай тухай хичээл лав л манай топ эдийн засгийн сургуульд орж байгаагүйг, залуус энэ сэдвээр ярилцдаггүйг, номын дэлгүүрт үйлдвэрлэлийн хөгжил, индастриал хувьсгал энэ тэр ном төдийлөн харагддаггүйг, цөөн хэдэн энтузиастыг эс тооцвол Монголчууд технологийн эриний тухай, түүний хаана яваа тухайгаа, энэ хэвэндээ үргэлжилвэл хаачих талаар мэдэхгүй, тиймээс мэдрэмжгүй, зовнилгүй байгааг, тиймдээ ч магадгүй дэлхийд рекорд тогтооход ойр олон их сургуульдаа бүтээхүй, бүтээх процессыг удирдахуйгаас тэс хол нийгмийн ухаантны үй олон диплом үйлдвэрлэж байгааг.

 

Мэдлэг үзэл бодол бүрдэхэд нөлөөлдөг,  үзэл бодол хүний үг үйлдэлд нөлөөлдөг. Ингээд бодохоор нэг бодлын дор хаяж өөрийн түвшинд итгэл үнэмшилтэй эзэмшсэн мэдлэг хүнийг захирдаг (субъектив итгэл үнэмшлийн тухай яриа тул туйлын мэдлэг байгаа эсэх тухай философийн аженда, мөн мэдлэг няцаагдах, бүрэн бус байх зэрэг асуудлыг түр хойш тавья,). Мэдэхгүй байснаа мэдэх, бусад нь мэдэхгүй хэвээр байгааг мэдэж байх. Энэ хоёрт захирагдаж ямар нэг байдлаар хүнд хүргэхээс өөрцгүй болсон тул нэг ном тэрлэв. Молхи би тэндээ бол топ сургуулийг нь топ үнэлгээтэй төгссөн үнэтэй боловсон хүчин билээ. 3 сая хүнтэй, магадгүй 1000 нь л худалдаж авах номд хэдэн сарын цалингаа зольсон нь миний урд хожид хийсэн хамгийн иррациональ шийдвэр, ашиггүй наймаа байв. Гэхдээ л хийхээс өөр арга байхгүй мэт санагдаж байсан хэрэг.

 

Бүтээхүй хэзээ ч амар байгаагүй, тиймээс бүтээхүйн тухай түүхийн ном ч амар байхгүй. Хүнд сэдэв тул хүний намтар хэлбэрт оруулав. Хэвлээд хартал хэдэн алдаа харагдаж түгээхээ больсон ч оюутан залууст бол намтар биш дэлхийн түүх талаас нь ярьж өгдөг болов. Харин нэг редакц үүсгэснээс хойш нийгмийн хэрүүлд живж номтой, лекцтэй манатай болов.  Сүүлд нэг яриа хийтэл оюутнууд төдийгүй багш нар харах шинэ өнцөг, сонсох шинэ мэдээлэл боллоо гэлцсэн тул илүү олон хүнд хүргэю хэмээн санаж лекцийн агуулгыг товчлон буулгасан нь өнөө өглөөний ҮЙЛДВЭРЖИХ ҮҮ, ЭС ОРШИХ УУ? нийтлэл юм.

 

Бусдын түүхийг харвал үйлдвэржих, индастриал дэвшил хийх нь хөгжил дэвшлийн, хийж бүтээхийн амтыг өөртөө агуулдаг ч ерөнхийдөө эр зориг, бодлого, золиос, шаргуу хөдөлмөр, гүнзгий мэдлэг, бизнесийн ур цөмийг шаардсан нэн ярвигтай процесс мэт. Ийм процессыг хүсэж, зорьж байж л эхлүүлэх юм шиг, хүсэл зорилго нь бол хийхээс өөр замгүйг бүрэн мэдэх, ухамсарлахаас эхлэх юм шиг санагддын.  

 

Эцэст нь андуу ташаа зүйл байвал оюуны идэвхитэй харилцаа хийж зааж залруулж өгнө гэж найдахын хамт зарим нэг эшлэл үг хадъя.

 

Эрсдэл чи юу хийж байгаагаа МЭДЭХгүй байгаагаас төрдөг. Уорен Баффет

 

 

Бид асуудлыг уг асуудлыг үүсгэсэн СЭТГЭЛГЭЭ-ний түвшиндээ үлдээд шийдэж чадахгүй.  Алберт Эйнштэйн 

 

МЭДЛЭГ гэж хэлж болох мэдлэг ҮЙЛДЭЛ болж өөрийгөө баталдаг. Петер Дракер

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%