Нийтлэл 07 сарын 10, 2015

Бөхчүүд бөхчүүдийнхээ тухай

2001 оноос “Бөх” сонин бөхчүүдийн тухай, тэр тусмаа өөрсөдтэй нь нүүр тулж хийсэн сонирхолтой ярилцлага, тэмдэглэлийг  “Монгол бөх, наадам” сэтгүүлийн хэлбэрээр гаргаж эхэлсэн. Тэгвэл тус онд хэвлэгдсэн зарим дугаар болон аас "Заан юунд инээв?",  "Анчны хийморь" зэрэг номоос Монгол бөхчүүдийнхээ хөгтэй, хөөртэй явдлуудаас түүвэрлэн хүргэж байна:

 

Эрүү заан

Зургийг сайтар ажиглавал засуул нь эрүү хочит Монгол улсын заан Гүндэгмаагийн Пэрэнлэй. Ямартаа аатай, амтай Мөөеө аварга жар хэтэрсэн настай өвгөн зааны мөрийг түшихээс илт зовосхийн “Пэрэнлэй заан засуул дээр гарахгүй шүү. Сүр жавхаагүй жаахан харагдуулаад болдоггүй юм.” гэж байхав дээ.

Пэрэнлэй бага залуу наснаас ажил хөдөлмөрийн мөр хөөж, бөх хүний бяр хүчийг улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулсан цөөн хүний нэг. Аж үйлдвэрийн том ширний цехэд ажилладаг байхдаа сарын нормоо 15-20 хоногт давуулан биелүүлчхээд архины наймаа эргүүлэн сураггүй болчихдог байв.

Эдүгээ 102 нас сүүдэр зооглосон Гомбодагва заан ам гаран амлатал давхар ачих мэхнийхээ эрхшээлд оруулж хамрынхаа нүхийг эрхий хуруугаар ээлжлэн таглаж нусаа нийчхээд хапхийн давуулж орхижээ. Гомбодагва заан босч ирээд “Тохийсон шар юм чинь торгон зодгоо өмсөхөөрөө том гэдэг нь мэдрэгдээд байх юм.” гэж байжээ.

Жар гарсан хойно нь халамцуу залуу архины мөнгө гуйн хоргооход түрийвчтэйгээ гарган зуут, тавьт, хорьт, аравтаар эгнүүлсэн мөнгө харуулан хорхойцуулж “Ахдаа цөөнийг боловч үлдээгээрэй” гэж гуйх дүр эсгэжээ. Шуналтай залуу зуут өөд гараа явуултал төмөр хүрээтэй түрийвчээ ханхийлгэн хааж давхар атгавал хуруугаа тасчуулах шахсан залуу үнсэн хөх царайлан “Амь авар. Таныг таньсангүй” хэмээн гоншгонов. Тэгэхэд нь “хэрээ мэдэж бяраа тань.” гэж сургамжилж байсан түүхтэй.

 

И...и...ш...зайл...уул

Сэнгэдорж цээжний бяр ихтэй, бас тэгээд уян хатан авсаар унадаггүй ямар ч том бөхийг махалчихдаг (ядраадаг) нэгэн байв. Жолооны дамжаанд сурахаар хот ороод “Хоршоолол”-ын зааланд барилджээ. Улаан хүрэн даалимбан зодогны ханцуй нь богинодсон, тэгээд ч гараа дэвээ муутай түүнийг шүүгчид нүдээр олзолж түрүү үзүүрээс доош барилддаггүй заан Л.Сосорбарамын аманд гаргав. Цаг гаруй ноцолдоод хэнтэй ч удаж төдөлгүй заан усан хулгана болтлоо хөлөрч арай чүү хаяжээ. Цолоо нуусан Сэнгэдоржийг ахин барилдуулж 2-ын даваанд а/з Я.Мөнхөөтэй оноон “Нэг аймгийн хоёр заан хоорондоо таарч барилдахаар гарлаа” хэмээн хөөрөгдөв. Гэнэгүй зогссон Сэнгэдоржтой Мөнхөө шурдхийн хавлаж халз дэгээ хутган хөөсөөр зүүн захад хаялаа. Үзэгчид ”И...и...ш...” гэж чамлангуй уулга алдахад учиргүй ичсэн Сэнгэдорж хувцсаа хумхин барьсаар оджээ. Түүнээс хойш Сэнгэ заалны барилдаанд харагдсангүй. Залуу насны нэрэлхүү зангаас болоогүй бол улсын цол ойрхон нэгэн байсан даа.

 

Инээдэг булчин

Гавьяат тамирчин Бүргэдээ УБДС-д сурч байхдаа анатомын хичээлээр шалгалт өгчээ. “Инээдэг булчих хаана байдаг юм бэ” гэхэд:

-Багшааа энэ байд гээд хоёр хацраа чимхээд инээж байв. Үүнийг харсан багш оюутнууд нирхийтэл хөхрөлдөж багш нь Бүргэдээ гар, гар. “Тооцов” гэсэн гэдэг.

 

Үнэрлэх эрхтэн нь хэт хөгжсөн арслан

Улсын арслан Сосорбарам, улсын арслан Эрдэнэ-Очир, улсын заан Адъяа гурав Сосорбарамын аавынд очихоор Төв аймгийн Баянбараат явж байгаад шөнө болж гэрээ олохгүй төөрчээ.

Тэгтэл Сосорбарам бууж, адууны хомоол байсныг авч нэлээн удаан үнэрлэж байснаа энэ манай адууны хомоол мөн байна. Манайх одоо эндээс найман км 350 м газар байна гээд Эрдэнэ-Очир арсланг машиныхаа миллийг хараад хөдөл гэж байна гэнэ. Эрдэнэ-Очир арслан ч миллээ харж хөдлөөд Сосорбарамын аавынд 8 км 350 м газар яваад очсон гэдэг юм. Арслангийн үнэрлэх эрхтэн өөрийнхөө адууны хомоолыг таниад бас тэгээд гэрийнхээ байгаа газрын хэмжээг яг мэдэж байхыг бодоход үнэрч нохойныхоос илүү хөгжсөн юм шиг байгаа юм.

 

Махны өнгө

Пүрэв зааны бүл ах Архангай аймгийн начин У.Даваацэрэнг Төмөр замчдын баяраар барилдахаар гарч ирэхэд “Пөөх нэгдүгээр гурил шиг цагаан бөх дэвж байна. Чавхадсан түргэн хөдөлгөөнтэй лут бөх бололтой.” гэхийг сонссоноо өөрт нь санаандгүй хэлэв. Тэгэхэд энэ хүн ер нь уурладаг болов уу гэхээр амгалан царай нь зэсэн өнгөөр хувирч “Хүн битгий доромжлоод бай” гэснээ дорхноо хуучин хивэндээ орж, “Махны өнгөөр биш, мэх бяр байсан цагт барилдана шүү” хэмээн нэн ухаалаг хэлж билээ. Бөхтэй аймгийн начин хүн дээ, Даваацэрэн.

 

Аварга айсан нь


Нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд наадах шиг наадаж, насандаа баярлаагүйгээр хөөрцөглөсөн зууны манлай их аварга Х.Баянмөнх их "мөнх"-өө нэгийн даваанд үсрэхэд ихэд цочирджээ. Нүдний буланд Мөнхбаттай адилхан хүн унах шиг болохоор “юу билээ” гээд харцаа тогтоотол яах аргагүй шороодчихоод босч ирж харагджээ. Зарим нэгэн Баянаа аваргыг Мөнхбатыгаа унахыг хараад чанга инээсэн, юу бодсоныг бүү мэд гэж өөлсөн. Үнэндээ Баянаа зэрвэсхэн хугацаанд дэлгэц дүүрэн инээгээд өнгөрсөн нь гарцаагүй үнэн ч аваргыг унахад уу, аль эсвэл өөр мөчид үү гэдгийг таах хэцүү. Манай телевизийнхэн монтажлах талаар гойд мэргэжсэн улс байдгийг ч хэлэх үү. Харин миний хувьд “Бид хоёр цэргийн хүүд цуваад үсрэхийг хэн байг гэх. Мөөеө бид үе насныхан гэж бодоод айсан” хэмээн хариулсан нь зуун хувь биш ч үнэн гэж боддог.

  

Энэ олон хар урсгалын зөв нь ч хаашаа, буруу нь хаашаа юм бэ

Өвөрхангай аймгийн харьяат улсын заан Санжаа аймагтаа ЗИЛ-164 машин барьж байхдаа өглөө эрт зургаан цагийн үед хөдөөнөөс орж ирээд Сансарын нэг чиглэлтэй, урсгалтай замаар буруу урсгалаар нь сөрчихсөн давхиад иржээ.

Цагдаа энэ яасан танхай жолооч вэ гээд шүгэлдэн, зогсоотол Санжаа заан байна гэнэ. Та яагаад буруу урсгалаар явж байна вэ гэхэд “Ах нь сая хөдөөнөөс ирлээ, энэ олон хар урсгалын зөв нь хаашаа, буруу нь ч хаашаа юм бэ мэдэхгүй юм” гэж байсан гэдэг.

Түүнээс хойш Намхай (Завханы Шилүүстэйн харъяат) зэрэг автын цагдаа нар Санжаагийн машиныг ээлжээр барьж, ачаа барааг нь тушааж ачаа авч өгөөд, хотод гурав хонуулаад хорин хоёрын товчоогоор гаргаж өгөөд, одоо ингэж явж чадах уу гэсэнд чадна аа гээд машинаа бариад явсан гэдэг. Түүнээс хойш машинтайгаа хотод орж ирээгүй юм гэнэ лээ.

 

Хадаа аваргын их хүч

Хуучин цэргийн амралт байсан Уу буланд 1977 оны зун Алдар нийгэмлэгийн бөхчүүд наадмын бэлтгэл хийж байлаа. Аварга Д.Хадбаатар залуу бөх Б.Ганбаатар бид гурав тарвагачлахаар яриад үертэй байсан Туул голыг хөл алдах шахаж арай гэж гатлав. Тэгээд долоон том бурхи буудчихаад нэгийг нь шууд боож идсэн. Буцаад гол гатлах болоход нэгэнт харанхуй болчихсон, бидний гарсан жижиг салааны ус нь эрс нэмэгдчихсэн байв. Арга ядаад буцах уу, ус руу орох уу гэж ярилцаж байгаад:

Хадаа чи зургаан тарвагаа холбоод хүзүүндээ тохчих гээд гарт нь нэг мод бариулчихлаа. Хадаа ч тарвагануудаа хүзүүнээсээ зүүн намайг үүрэв. Учир нь хүндийн төвөө ихэсгэж байгаа нь тэр. Ус руу ороод л явчихлаа. Хадаагийн нуруун дээр байх миний гараас Ганбаатар зүүгдэж хоёр хөл нь мод шиг хөвж байсан даа. Хадаагийн зөвхөн толгой л цухуйна. Их жинтэй хоёрын хоёр хүнийг үүрэхийг үүрч чирэхийг чирээд, дээр нь бас тарвага өргөөд үертэй гол гатлана гэдэг  яаж ч бодсон хэцүү даваа. Хадаа маань усны дунд ирэхдээ нэг хөлд алдсан ч модоороо тулж дахин гишгэдэл авах шиг болсон. Голын нөгөө эрэгт дөхөж усны татруу хэсэгт гарч зогсоход нь бид хоёр тарвагаа буулгаж аваад Хадаагаа гаргах гэтэл “миний нуруу, хөл мэдээгүй болчихлоо” гээд нулимс унагаж билээ. Нилээд амраасны дараа л арай чүү эрэг дээр гаргаж хувцас хунараа мушгиад Хадаагийнхаа хоёр талаас сугадаад алхаж явахад хоёр хөл нь тэнцэж ядан газар онохгүй байсан даа. Мөн ч их хүч, тэвчээр шүү.

Сэтгэгдэл бичих

arrow icon