Нийтлэл 08 сарын 01, 2015

Наадмаас өөр жаргал

Нэг дуранд: Морьдын хөлөөр, машины хөдөлгөөнөөр улаан шороо босно, ам хамраар пургина, гутланд наалдана, энгэрээр шигнэ...мэдээж хуушууранд наалдана,  тоохгүй амтархан зажлана, араас нь биед хамгийн муу чихэртэй гаазтай усаар даруулна.  Учир мэдэхгүй адгуусны хөлсөнд хүрэхээр алалцана, уралдааны гарааны өмнөхөн энэний морь эрлийз, тэрний хүүхэд балчир гэсэн жижигхэн улс төр явагдаж, унаач хүүхдүүд нь уйлна. Бөхчүүдийн зарим нь золгож, зарим нь зодолдоно. Хүүхдүүд халтар, хувцас нь хиртэй, гутал нь маажгий. Урдаас ирсэн торгоны аль тод өнгөтэйг урт урт гонжгор дээл болгон өмссөн улаан хүрэн царайтай Монголчуудын харц нэг харах нээ зэрлэг хүн шиг, нөгөө харахнээ маанагдуу гэнэн ч юм шиг,  дээр нь цөөнгүй нэг нь өглөөнөөс эхлээд халамцуу.  

 

Нөгөө дуранд:  Эртний уламжлалтай, эзэнт гүрний түүхтэй их үндэстний тасархай болсон энэ улсын үндэсний наадам  нээрээ л дэлхийд ганцхан.  Дэлхийн шилдэг гэж дэвсээр оруулж ирдэг аль ч хотод булан тохой бүхэнд байрлах түргэн хоол, шил толь, машин тэрэг биш эрийн гурван нааадам л Монголыг өөрийн гэсэн үүх түүхтэй, өнгө төрхтэй, үндэсний ялгамж чанар, соёлын дархлаатайг тунхаглаж өгнө. Уралдаад ирэх хүлэг морьд нь эрэмгий сайхан, унасан хүүхэд нь түүндээ эзэн, уран барилдаантай бөх нь бол үнэнхүү хавтай.  Эрээн асарт зассан идээ будааны элбэг, эздийнх нь зочломтгой нь монголын сайхан.  

 

 

Наадмаас өөр жаргал 

Монголын сайхан орон, монгол хүний саруул ухаан хааш чиглэн юуг зорьж орондоо орох завгүй олзолдон булаалданам бэ? Шинэ цагийн Монголчуудын зорих чинадыг заах алтан гадас мэт нийтлэг зорилго, хүсэл зорго, түүнийг удирдах төрийн манлайлал хэрэгтэй тухай цөөнгүй нийтлэл хүргэж ирлээ. Гэхдээ хаачих тухай төсөөлөл хаана байгаагаа, хэн гэдгээ мэдэхээс л эхэлнэ. Ерөнхийдөө манайд монгол хүн гэж хэн болох, хаана байгааг зураглаж, илэрхийлсэн, олны хүртээл болсон томхон  ажиглалт, судалгаа, туурвил гаралгүй удаж байна.  Дангаасүрэнгийн Энхбат тэргүүтэй цөөн хүн

“Монгол хүн”-ийг ойлгохоос хөгжлийн загварчлал эхлэх ёстой

гэж сануулж харагддаг.  Хамгийн үндэстэнгүй орон гэчихэд хилсдэхгүй АНУ-д гэхэд С.Хантингтоны “Бид хэн бэ?-АНУ-ын үндэсний аидэнтитид тулгарах сорилт”  бүтээл шиг мэргэжлийн төдийгүй олны уншлагын хүртээл болсон олон том бүтээлүүд жил тутам гардаг. Япончууд бол маниак нь тэр зэрэг, япон хүний онол, дурсамжийн онол, япон хүний зовлонгийн онол гээд явж өгнө. Бид хэн бэ, хаанаас ирсэн, цаашид хаачих вэ гэдгээ үргэлж хөндлөнгөөс ажиглаж байдаг нь тэр билээ.  

 

Дээр таталсан хоёр өөр зураглал бол наадмыг хаанаас нь дурандахаас хамаараад хэн ч хүлээн зөвшөөрөх нэмэр хачиргүй бодит байдал. Монгол хүний дүрийг тэд юунд цэнгэж, юуг таашааж, бас юунд бухимдаж байгаагаас, сэтгэлзүйгээс нь л харна, эрлийз хурлийзын шинжилгээгээр биш. Наадам  бол Монголын гэсэн бүхэн,  сайн сайхан нь нэг дор хурж, тэгэхтэй зэрэг хамаг эмоц, хамаг бухимдал нь дагаад үзэгддэг,  монгол хүний натурал дүр хамгийн тод илрэх талбар билээ.  Ийм үеэр нь үүсэх дээр зурагласан шиг эрстэс бол өнөөгийн Монголын цаг үе агуулах эрстэс-ийн илрэл мөнөөсөө мөн гэж санана.  Монгол орон түүхийн үечлэлийн хувьд их эрс тэс, их ацан шалааны цаг үеийг туулж байна.

 

Бяр чадлаа үзэх барилдаан, сур харваа, морь уралдаан. Цэрэг дайны бэлтгэлийн хэрэгцээнээс үүдсэн баяр наадмын  энэ их цэнгэл, сэтгэлийн таашаал бол эртнээс бидэнд өвлөгдсөн, төрт ёстой, түүх уламжлалтай орны давуу тал. Одоогоор Монголыг энэ өв, үндэстний ой санамж, түүхийн инерци чирж байна.  Түүнээс бусдаар хэсэг бусаг цөөнхийг эс тооцвол, шинэ цагийн мэргэжлийн үнэ цэнэ, хувь хүний модерн зорилго, дэлхийд нэг салбар нь толгой цохиж гарах агшны бахархал гэх мэт  шинэ цагийн аз жаргал буюу сэтгэлзүйн ханамж бидэнд бүрдээгүй, бүрдүүлж чадахгүй байна. Өөрсдөө хөл толгойгоо олохгүй төрийн аппарат хуучны энерги, нэгдмэл чанар, ёс уламжлал үгүйсэн бол энэ нийгмийн эерэг сэтгэлзүйг хаанаас гаргаж ирж хуйхаа маажих байсан нь нэн тодорхойгүй.  “Ардчилал” гэх маш ерөнхий, бүрхэг үгийн ард байсан итгэл ерөнхийдөө дуусаж, хамаагүй хэрэглээд хайран түлхүүр үг яйран болсныг сая болж өнгөрсөн сонгуулийн 25 жилийн ойн риакц харуулна.  Бөмбөрцгийн бусад хэсэгт сэтгэлзүйн ханамж оюуны салбаруудаас хамаарах шинжтэй болоод удаж байна. Энэ нь бидэнд хүртээлгүй байсан бол нэг хэрэг, харин түүхийн хүрд тэгж эргэдэггүй талаар ч нийтлэл мэдээлэл хүргэсээр буй.  Харин бид өдгөө үүссэн цаг үеийн бүтцээс нэн хол, нэн өөр нийгмээс уламжлагдсан сэтгэлзүйн ханамжаас гараагүй хэвээр байна. Энэ нь гар урлал, жижиг цехийн мануфактур хөгжсөн Европ, тэндээс цагаачилж үүссэн АНУ, орон нутгийн үйлдвэрлэл, тариалангийн соёлтой Япон, олуул талбайд зэрэгцэн тариа тарьж багаар ажиллаж ирсэн бусад улс оронтой харьцуулахад түүх соёл, нийгмийн бүтцийн хувьд хамаагүй их эрстэс дунд биднийг орхиж байна. Шинэ цагийг эхэлсэн мэт атал хаачих нь бүрхэг, хуучин цагийг орхисон мэт атал хамаг цэнгэл, эерэг мэдрэмж нь тэндээ.  Машин унавч түүнийг бүтээхийн жаргал биш баян ядуугийн амаргүй мэдрэмж, тоос шороо дагуулна, хүүхдүүд унасан хүлэгтээ дурлавч үеийн хүүхдүүдээс сурлагаар хоцорно. Бөх тойрсон хэрүүл бол хэдэн мангуу цолны араас үхээд байгаа хэрэг биш, нийгмийн хөгжлийн нэг гацаанд зайлшгүй үүсэх гажуудал, энэ тухай тусад нь өөр сэдвээр хөндөнө.

 

Ерөөсөө ихэнх эерэг сэтгэлзүй хуучин цагаас, ихэнх зөрчил, бухимдал нь ирж буй шинэ цагтай хэрхэн тулгарах аргаа олоогүйгээс.  Нэг үгээр, өнөөдрийн монгол хүн бол сэтгэлзүйн ханамжийн хувьд уламжлалт нийгмийн бүтцээсээ буюу эргэж ухарсан хамааралтай, носталжик, шинэ цагийн цаашдын чиг, аз жаргалын тулах цэгээ тодорхойлж амжаагүй, өөрсдийн хүсэл тэмүүллээр гэхээсээ цагийн эрхээр орчин үечлэгдэж яваа, тийм носталжиа болоод идэвхигүй модернизац завсрын үлэмж зөрчил, ацан шалаанд орсон дүр болов. Хуучны сүр хүч хийгээд түүний сүүдэрт, шинэд түрэгдсэн, шинийг эрэвч тулах хэмжүүргүй он жилүүд. Монгол наадмын зовлон жаргал бол өчигдөр маргаашийн завсарт гацсан үндэстний тов тодорхой илэрхийлэл болж.

 

Ийм дилемматай цаг үе тусмаа төрийн лидершип, хувь хүний түвшинд монгол хүний загвар манлайллууд бусад орныхоос ч хүчирхэг, алсын хараатай байх шаардлага үүсгэж байна.  Харин бусдаас хүчирхэг манлайлал, бусдаас содон хөгжлийн загвар хэрэгтэй  хэрнээ бусад улсаас ч хэцүүхэн засаглалын хямралд ороогдон байх нь бусдаас даруй хоёр дахин, хэд дахин хүнд байдалд биднийг оруулж буй цаг үе үргэлжилсээр.

 

Шинэ цагт тэгээд бид юунаас сэтгэл ханамжаа эрэх ёстой вэ, ацан шалаанаас яаж гарах вэ? Энэ асуулт эргээд л үндэстний амбиц, хөгжлийн стратеги гэх мэт төрийн аппарат бүрэн хүчээрээ ажиллах  асуудлуудтай холбогдож ирэх ч иргэний түвшинд эхлээд бидний зорьж буй, эсвэл зорихоос өөрцгүй шинэ үед хамаарах терминологи, нэршил өөрөөр хэлбэл сэтгэлгээний нэгжүүдээ нэн тодорхой задалж харах, тэндээсээ хүмүүний бахархал, сэтгэл ханамж, амьдралын үнэ цэнэ үүсгэхэд хэрэглэж болохуйц үгсийн сантай болох зайлшгүй хэрэгтэй. Энэ тухайд цаашид үргэлжлүүлэн нийтлэл хүргэнэ.

 

Өнгөрсөн ирээдүйн завсарт хавчуулагдсан бид Монголын их носталжиад нэг хоргодож эрхлээд наадам дууссан, одоо намар ирж байна...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon