Нийтлэл 10 сарын 05, 2015

Монголын эдийн засаг 2008-2010 онд буюу сургамж аваагүй хямрал

Ханз үсгээр хямрал гэдэг үгийг "Аюул + Боломж" гэх 2 үсэг нийлүүлж бичдэг ба ханз хэрэглэдэг орнуудад "Эдийн засгийн хямрал бол боломж"  гэж ч ярьцгаадаг. Үнэхээр ч 2008-09 онд ид үедээ хүрч дэлхий дахиныг хамарсан их хямрал болон 2010 оны зуд  уг нь монголчуудын хувьд маш том боломжийг нээсэн байдаг. Харин бид тэрхүү боломжоо алдсан тухай:

Дэлхийн санхүүгийн хямралын улмаас гадаад орчин муудахад (Хятадад үйлдвэрлэлийн өсөлт буурч, Монголоос авдаг импорт нь 50% буурсан) манай экспорт  буурч, валютын орох урсгал эрс багасчээ. Улмаар 2000 оноос хойш 1100-1200 хавьцаа тогтсон долларын ханш 2009 оны эхэнд 1500 болж гэнэт 35% чангарав. Ханш ийн огцом савалсан нь хэрэглэгчдэд ч, бизнес эрхлэгчдэд ч маш хүндээр тусав. Иргэдийн худалдан авах чадвар ч доройтож, гаднаас түүхий эд бараагаа авдаг бизнесийнхний борлуулалт ч мууджээ. 2009 оны 3-р улирал гэхэд татвар төлдөг аж ахуй нэгжүүдийн 57% нь үйл ажиллагаагаа зогсоосон эсвэл алдагдалтай ажиллаж байв.

Орлого нь муудсан олон компани, мөн хувь хүмүүс зээлээ төлж чадахаа болиход санхүүгийн салбар ч дагаад уналтад орлоо. Зээлийн чанар эрс муудаж (2009 оны эцэст нийт зээлийн 22% нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд шилжсэн), банкууд зээлээ зогсоов. Ингээд бизнес ч явахгүй, санхүүжилт ч олдохоо болихоор компаниуд зардлаа танахаас өөр сонголтгүй болж, түрүүчээсээ боловсон хүчнээ цомхотгож эхэллээ. Албан статистикаар2009 онд 77 мянган хүн ажилгүй болж, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 30% орчим өсөв. Бүртгэлгүй хүмүүсийг оруулж тооцвол бодит байдал дээр ажил орлогогүй болсон иргэдийн тоо үүнээс ч их байв (Дэлхийн банкны судалгаагаар ажилгүй хүний тоо: 142 мянга).  

Хүнд хэцүү ийм нөхцөлд хувь хүн, компани гэлтгүй хаа сайгүй л бүсээ чангалж байв. Эрэлт суларсныг дагаад 2009 оны бүх саруудад импорт буурч, 2008 оны зун 30% хүрч байсан инфляци 0% руу дөхсөн нь эдийн засаг тэр чигтээ царцаж буйг харуулна. Бараг  бүх л салбарт өсөлт саарлаа. Барилгын салбар -34%, Санхүүгийн салбар -16%, Бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар -12%, Боловсруулах үйлдвэрлэл (хүнс, нэхмэл г.м) 9% агшсан нь эдийн засгийн өсөлтөд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэв. Ингээд 2003 оноос хойш дунджаар 9% хүрч байсан өсөлт 2009 онд нь хасах руу орж, эдийн засаг -1.6% агшчээ.

Уул нь анхан шатны сурах бичигт ч хүндрэлийн үед төрөөс төсөв мөнгөний тэлэх бодлогоор эдийн засгаа идэвхижүүлж, өсөлт өдөөж,  хямралаас сэргийлэх хэрэгтэй гэж заасан байдаг.

Харин алдагдалтай төсөвтэй засгийн газарт ингэх ямар ч боломж байсангүй. Төсвийн орлогын 40%-ийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр навс унаж, төсөв хүнд цохилтод орсон байв (экспортын 40%-ийг бүрдүүлдэг зэсийн үнэ жилийн дотор $8700-аас $3000 болж 65% унасан). Энэ үед Чили гэх мэт бусад зэс экспортлогч орнууд шиг өсөлтийн жилүүдээр үүсгэсэн хуримтлал бидэнд байсангүй. Хүндрэлийн үед татвартай барааны импорт буурч, аж ахуйн нэгжүүд ч алдагдалтай ажиллаж байсан тул төсвийн орлого сайжирч, нок-аутаас гарах гарц болсонгүй. Улмаар улс орны хөгжил, цаашдын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэгтэй олон хөрөнгө оруулалтыг засгийн газраас санхүүжүүлэх эх үүсвэр тасарчээ.

Төв банкны зарим алдаатай бодлогоос болж өсөлтийг санхүүжүүлэх мөнгө хувийн секторт олдохоо байв. Сул бодлогын улмаас эдийн засаг халж байсан өмнөх жилүүдэд барилгын компаниудад баруун солгойгүй олгосон зээл их хэмжээгээр чанаргүйдэж байв (2009 онд чанаргүй зээл 2.5 дахин нэмэгдсэн ба 25% нь барилгын салбарт ногдож байв). Дээр нь хяналт сул байснаас болж жил гаруй хугацааны дотор л нөлөө бүхий хоёр ч банк (Анод, Зоос) “дампуурсан” нь хадгаламж зэмшигчдийг түгшээж байлаа. Ингээд хямралын яг ид үед Монголбанк төгрөгийг цаас болгохгүй байхад л гол анхаарлаа төвлөрүүлж мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй болов. Зээлийн чанар эрс муудаж, иргэд хадгаламжаа татаж авч, бодлогын хүү чангарч байсан ийм нөхцөлд арилжааны банкууд зээл олгох боломжгүй болжээ.   

Ийнхүү төр нь ямар ч бодлогын орон зайгүй, хувийн хэвшил нь мөнгөгүй болсон эдийн засагт өсөлт бий болох нөхцөл байсангүй. Монголчууд эргээд 90 оныхоо байдалд бараг буцаж, гадны тусламж л сүүлийн найдвар болж ирэв. Хэрэв ОУВС-ийн стэнд-бай хөтөлбөр ба  Дэлхийн банк, Япон тэргүүтэй гадны зээлдэгчдийн өгсөн $400 сая буюу тухайн үеийн төсвийн 30% орчимтой тэнцэх мөнгө байгаагүй бол 2009 оны эдийн засгийн өсөлт -1.6%-ээс ч бага байх байв. Энэ хямралтай залгаад 2010 онд малын 20% хорогдож, хүн амын 28%-д нөлөөлсөн  зуд болжээ. Зуднаар 44 мянган малчин өрх бүх малаа, 164 мянган өрх малынхаа тэн хагасыг алдаж ганц өвлийн дотор хэдэн арван мянган хүн ядуусын эгнээнд шилжив. Ер нь хөдөө хот, улсын хувийн гэлтгүй бүх л монголчуудын хувьд бүрхэг, хүнд хэцүү цаг үе байжээ.“Хямарсан уу үгүй юу?” гэх одоогийнх шиг эргэлзээ тэр үед алга байв.

Гэсэн ч гадаад ертөнц Монголын ирээдүйг маш өөдрөгөөр харж байлаа. Үүний гол шалтгаан нь зэсийн үнэ хурдан сэргэхтэй зэрэгцээд ашиглалтад хараахан ороогүй байсан дэлхийн хамгийн том зэсийн орд эдийн засгийн эргэлтэд орох нь шийдэгдсэн явдал байв. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан нь түүхий эдийг мангас шиг л залгиж байсан Хятадын яг хажууд нь орших жижиг орны хямарсан эдийн засаг, найдваргүй улстөр гэх мэт бүх асуудлыг мартах хангалттай шалтгаан болжээ. Цаашид Таван Толгой төсөл хэрэгжвэл ирээдүйн дүр зураг улам ч сайжирч, дараачийн Катар эсвэл Кувейт шиг баян улс болох Minegolia-ийн тухай гадны хэвлэл мэдээллүүд ам уралдуулж байлаа...

Харин бид хямралд хүргэсэн 3 гол шалтгаанаа мартах ёсгүй байсан юм:

  1. Гадагш зарах зүйл ховор учир валютын орлого багатай, эсрэгээрээ бараг л бүх зүйлээ гаднаас валютаар авдаг үед гадаад шокоос үүсдэг ханшийн савалгаа (гадаад худалдаа/урсгал тэнцлийн алдагдалтай холбоотой төлбөрийн тэнцлийн хүндрэл)
  2. Олсныхоо хэрээр үрдэг (мөчлөг дагасан), мөнгөө үрэхдээ буруу тооцоолж үр ашиггүй зүйлд зарцуулдаг сахилга батгүй төсөв (төсвийн алдагдал)
  3. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн 2 салбар дээр л тогтдог эмзэг эдийн засгийн бүтэц (эдийн засгийн төрөлжүүлэлт муу)

Гэвч зэсийн үнэ эргээд хурдан сэргэж (2010 оны сүүлээр эргээд хямралын өмнөх түвшиндээ хүрсэн), дээр нь Оюу Толгойн хөрөнгө оруулалт үзээд 2008-10 оны зааж өгсөн үнэтэй сургамжийг бид мартжээ. Улмаар мөнгөөр цалгисан 2011-13 онуудад гадаад худалдаа/урсгал тэнцлийн алдагдал, төсвийн алдагдлаа бууруулах биш, улам ихэсгэв. Тийм ч учраас зэсийн үнэ дахин унасан өнөөдөр эргээд л хүндхэн цаг үетэй ийнхүү золгоод байна. Харин өмнөхөөс ялгаатай нь энэ удаа Хятадад болж буй өөрчлөлт хөдөлгөөний улмаас уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын үед сэргэх төлөв алга. Дахин нэг зуд ойрхон хүлээгдэж, өрийн хямрал ойртсоор байгаа энэ үед бид засаглалын хямрал дунд ирээдүйн талаар бодох сөхөөгүй л явна...

 

 

Үргэлжлэл бий: Сүүлийн 5 жилд эдийн засагт юу болов?

 

Нэмэлт:

Зарим статистик:

-Төсвийн алдагдал:
2009: 343 тэрбум төгрөг (=ДНБ-ийн 5.2%)
2014: 808 тэрбум төгрөг +Хөгжлийн банкны төсвөөс гадуурх зарлага ( =ДНБ-ийн 11%)
Төсвийн орлогын 81%-ийг татварын орлого бүрдүүлжээ

-Төлбөрийн тэнцэл:
Урсгал тэнцлийн алдагдал
2009: ДНБ-ийн 7.5%
2014: ДНБ-ийн 8.2%

 Эдийн засгийн зарим үг хэллэгийн тайлбар:

-Төлбөрийн тэнцэл Монгол ба гадаад улс худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг

-Гадаад худалдааны алдагдал: Экспортоос давсан импортын хэмжээ

-Төсвийн/сангийн бодлого-Засгийн газрын орлого зардлыг удирдах замаар эдийн засагт нөлөөлөлх арга

-Мөнгөний бодлого: Гүйлгээнд байгаа мөнгийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон ажил эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн Төв банкнаас явуулах бодлого

-Хугацаа хэтэрсэн зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 90 хүртэл хоног хэтэрсэн

-Чанаргүй зээл: Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 90-ээс дээш хоног хэтэрсэн

Сэтгэгдэл бичих

    • Migo
    • 2015-10-07

    Тун сайн дүгнэлт анализ байна

    • Зочин
    • 2015-10-06

    yag unen

    • Dorjoo
    • 2015-10-06

    Sursan medsenee eeriin ornii ediin zasgiig saijruulah talaar analyze hiin oyun bodloo chileej baigaa zaluusdaa talarhya erhem duugiin niitlel taalagddag shuu

arrow icon