Нийтлэл 10 сарын 20, 2015

Урамшууллын мөнгө авсан буудайнаас яагаад дутдаг вэ

 

Тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, засаг төрийн хоорондох буудайн маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Энэ маргаан өнгөрсөн жил тариаланчид импортоор буудай оруулж ирэхийг эсэргүүцэн талбай дээр буудай асган жагсаснаас эхэлсэн билээ. Тариаланчид “бидний буудайг авахгүй голж импортоор буудай оруулж ирэх гэж байна” хэмээн гомдол гаргаж харин гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тариаланчдын тарьсан буудай гурил үйлдвэрлэх чанарт нийцэхгүй байгаа учраас импортоор буудай оруулж ирэхгүй бол манай улс хүн амынхаа хэрэгцээт  гурилыг үйлдвэрлэж чадахгүйд хүрнэ гэх эсрэг байр суурьтай.  Үүнээс үүдэн Засгийн газраас импортын буудайг оруулж ирэх коватыг түр зогсоогоод байгаа.

Гэтэл зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ маргааны гол асуудал нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад олгодог буудайн урамшууллын мөнгөтэй холбоотой хэмээн тайлбарлаад байгаа. Өөрөөр хэлбэл, буудайнд урамшууллын мөнгө олгож, авах асуудал дээр будилаан гарснаас буудай импортлохоос өөр аргагүйд хүрч,  цаашлаад тариаланчид жагсаал хийж, өнөөдрийн энэ маргааны эхлэл болсон гэнэ. Энэ талаар “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “

Ноднин 470 мянган тонн буудай хурааж авсан гэсэн статистик бий. 350 мянган тонн нь гурилын үйлдвэрлэлд тэнцэнэ гээд урамшуулал авсан. Тэр үеэс хойш яг нэг жил боллоо. Буудайгаа идээд дуусч байна. Дахиад статистик харъя. 250 мянган тонн буудайгаар л гурил үйлдвэрлэсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид 200 мянган тонн гурил л үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж. Тэгэхээр урамшуулал авсан 100 мянган тонн буудай хаачив аа гэсэн асуулт гарч ирж таарна аа даа. Өөрөөр хэлбэл буудайн дээр худлаа тоо гаргаж буудайн урамшуулалыг олгодог. Мэдээж худлаа тоо гаргаж урамшуулал илүү олгосон болохоор гурилын үйлдвэрт ирсэн буудай дутахаас өөр аргагүй

” гэжээ.   

Тэгвэл буудайн маргаан үнэхээр урамшууллын мөнгөнөөс үүдэлтэй юу,  буудайнд урамшууллын мөнгө хэрхэн хэзээнээс олгож эхэлсэн, өнөөдрийг хүртэл улсаас тариалан эрхлэгчдэд хэдэн төгрөгийн урамшуулал олгосон, түүнээс хэдэн тонн буудай дутсан, мөн урамшуулал олгосон буудайнаас яагаад дутаад байдаг талаар авч үзье.  

Буудайн урамшууллын мөнгийг хэрхэн олгодог вэ

Улаанбуудай тариалалтад төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор 2006 оноос хойш тариаланчдад 1тн буудай тутамд 50-100 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн. Гэхдээ урамшуулал олгохдоо буудай тарьсан хүн бүрт урамшуулал олгодоггүй.  Зөвхөн ТЭДС болон гурилын үйлдвэрт буудайгаа өгсөн тариаланчдад л урамшуулал олгох ёстой юм байна. Тодруулбал, Монголчуудын хүнсний хэрэгцээнд очих улаанбуудайнд урамшуулал олгодог ажээ.   

2007 оноос хойш тариалан эрхлэгчдэд 130 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон

2007 онд 217 аж ахуй нэгж иргэнд нэг тонныг 60 мянган төгрөгөөр тооцож дөрвөн тэрбум төгрөг олгосон байдаг. Дараа жил нь нэг тонн улаанбуудайд 80 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 393 иргэн аж ахуй нэгж 11,1 тэрбум төгрөг авсан. 2009-2011 он хүртэл нэг тонн улаанбуудайнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Ингэхдээ 2009 онд 10.5, 2010 онд 10,9,  2011 онд 14,5 тэрбум төгрөгийг урамшууллыг тариаланчдад олгожээ. 2012 онд нэг тонн улаанбуудайн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөг болсон бол дараа жил нь 150 мянган төгрөг болсон. 100 мянган төгрөгийн урамшуулал олгох үед 794 аж ахуй нэгжид 27,9 тэрбум, 150 мянган төгрөг олгох үед 808 тариаланч 25,3 тэрбум төгрөг авсан байна. Харин өнгөрсөн жил 908 иргэн аж ахуй нэгжид нэг тонн улаан буудайнд 70 мянган төгрөгөөр тооцож 24,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгодог. Ингээд найман жилийн хугацаанд  5517 аж ахуй нэгжид 128,9 тэрбум төгрөгийн буудайн урамшуулал олгожээ.

 

2012 оноос хойш урамшуулал олгосон буудайнаас 150 гаруй мян.тонн буудай дутжээ

Урамшуулал олгосон буудайнаас үнэхээр дутдаг эсэхийг шалгахын тулд 2012 оноос хойш ТЭДС-аас тариаланчдад урамшуулал олгосон буудайн хэмжээг тухайн жилүүдийн үйлдвэрээс гарсан гурилын хэмжээтэй харьцуулан авч үзлээ.  

2012 онд ТЭДС-аас 278 мян.тонн буудайнд 27,9 тэрбум төгрөг олгожээ. Гэтэл ХХААЯ-аас гаргасан статистикаас харахад 2012 онд 114,8 мян.тонн гурил үйлдвэрлэсэн байна.  Эндээс харахад урамшуулал олгосон буудайнаас 164 мян.тонн буудай дутжээ. Үүнээс гурил үйлдвэрлэх явцад үйлдвэрийн хаягдалд 64 мян.тонн нь үрэгдсэн гэж үзэхэд  2012 онд урамшуулал олгосон буудайнаас нийт 100 мян.тонн буудай дутаж байна.

Тэгвэл 2013 онд ТЭДС-аас 248 мян.тонн буудайнд 25,3 тэрбум төгрөгийн урамшуулал олгосноос 246 мян.тонн гурил үйлдвэрлэсэн байна. Харин эндээс харахад 2013 онд ямар ч үйлдвэрийн хаягдалгүй буудай шууд гурил болсон байна. Гурил үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар жил бүр гурил үйлдвэрлэхэд 50-60 мян.тонн буудай нь хаягдалд зарцуулагддаг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ оны буудай ямарч хаягдалгүй гурил болжээ.

2014 онд ТЭДС-аас 350 мян.тонн буудайнд 24,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгож  239  мян.тонн гурил үйлдвэрлэсэн байна.  Үүн дээр гурилын үйлдвэрүүдийн хаягдлыг 60 мян.тонн гэж үзвэл цаана нь 2014 онд урамшуулал олгосон буудайнаас 50 мян.тонн буудай бас л дутаж байна. Дээрх тооцооноос харахад 2012, 2014 онуудад урамшуулал олгосон буудайнаас 150 гаруй мян.тонн буудай дутаж байгаа бол 2013 онд ямар ч хаягдалгүй урамшуулал олгосон буудай тэр чигтээ гурил болсон нь харагдаж  байна.  

 

Урамшуулал олгосон буудайнаас яагаад дутдаг вэ 

Зарим жил урамшуулал олгосон буудай хэдэн мян.тонноор дутна, харин зарим жилд дутах нь бүү хэл ямар ч хаягдалгүй үйлдвэрлэгдэж буудайн хэмжээтэй тэнцүү гурил үйлдвэрлэнэ. Тиймээс яагаад ийм асуудал гардаг талаар ТЭДС-аас тодруулахад “Тариаланчдад буудайны  урамшуулал олгохын тулд  бид эхлээд гурилын үйлдвэрүүдэд зарсан гэрээ болон бусад холбогдох материалыг үндэслэн олгодог байгаа.  Өөрөөр хэлбэл буудайны урамшуулал авахын тулд тариаланчид тэдэн тонн буудайг  тэр гурилын үйлдвэрт зарсан гэсэн гэрээгээ бидэнд авчирч  үзүүлээд урамшууллын мөнгөө авдаг.  Жилийн жилд л бид буудайн урамшууллын мөнгийг ингэж олгодог. Гэтэл өнгөрсөн жил яагаад буудай дутсан гэхээр энэ нь  урамшууллын мөнгө олгодог системийн гажигтай холбоотой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр анх тариаланчдад урамшууллын мөнгийг олгож эхлэхдээ гурилын үйлдвэрт гурилаа зарсан гэрээг үндэслэн урамшууллын  мөнгөө олгохоор журмыг гаргасан байдаг. Тэгэхээр энд нэг асуудал гарч ирж байгаа юм. Тариаланчид гурилын үйлдвэрүүдэд буудайгаа зарсан гэсэн гэрээ авчирч үзүүлэн  урамшуулал авчихаад тэр үйлдвэртээ гурилаа зардаггүй тохиолдол их гардаг.  Өөрөөр хэлбэл тариаланчид  улсад худлаа хэлээд буудайн урамшууллын мөнгө авчихдаг гэсэн үг юм л даа.  Энэ асуудлаас болж урамшуулал олгосон буудай дутдаг. Тиймээс бид энэ жилээс урамшууллын мөнгийг олгохдоо гэрээний гүйцэтгэлийг харж байж олгох системийг гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн гүйцэтгэл нь бүрэн биелэгдсэн тохиолдолд урамшуулал олгодог болно гэсэн үг.  Энэ маргаан гардаг өөр нэг асуудал бий. Гурилын үйлдвэрүүд болоод тариаланчдад аль алинд нь буудай хадгалах, нөөцлөх сав дутагдалтай байдаг. Урамшуулал олгох үед бидний зүгээс буудайгаа зарсан байх ёстой гэсэн гэрээг нэхдэг. Тэгэхээр тариланчид урамшуулалд багтахын тулд гурилын үйлдвэрүүдтэй уралдаж очоод гэрээ хийчихдэг. Гэтэл гурил үйлдвэрлэгчдэд тэр их хэмжээний буудайг нөөцлөх сав байдаггүй.  Дээрээс нь гурил үйлдвэрлэгчдэд их хэмжээний буудайг худалдаж авах хөрөнгө байдаггүй. Мэдээж тэд нэг удаагийн эргэлтийн хөрөнгөөрөө л бизнесээ явуулна.  Өөрөөр хэлбэл их хэмжээний буудайг нэг дор худалдаж авах хөрөнгө байхгүй гэсэн үг.  Ийм асуудал гарахаар тариаланчид буудайгаа зээлээр өгчихдөг. Тэгэхээр миний дээр хэлсэн гурил үйлдвэрлэгчид, тариаланчдын хоорондын гэрээний биелэлт биелэгдэх боломжгүй болж эсвэл цаг хугацааны хувьд сунжирах асуудал гарна. Ийм зүйлүүдээс болоод  буудайны маргаан гараад байгаа юм.  Манай сан 6 салбартай. Нийт 180 м.тонн буудай хадгалах нөөц бидэнд байдаг. Гэтэл бидэнд төлөвлөснөөс их хэмжээний буудайг худалдаж авах хөрөнгө байдаггүй. Өнгөрсөн жил 180 м.тонн буудай худалдаж авах хөрөнгө бидэнд байсан бол бид тариаланчдаас буудайг нь  авч хадгалаад гурилын үйлдвэрүүдэд зарсан бол энэ буудайн маргаан гарахгүй байсан юм”  гэв.  

 

Эх сурвалж:

http://mofa.gov.mn/new/index.php?option=com_content&view=article&id=125&Itemid=197

“Өдрийн сонин”

“ТЭДС”

“Үндэсний статистикийн хороо”

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-06

    Энэ талаар Eagle TB өнгөрсөн жил хөндөөд эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс дараад авах шиг болсон.

arrow icon