Нийтлэл 11 сарын 03, 2015

Үтрээний хүүрнэл жүжиг надад юу өгсөн бэ?

Эмэгтэй хүний үтрээ тойрсон олон янзын асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьсан Үтрээний хүүрнэл жүжигm тоглосон минь миний хувьд өөрийгөө болон амьдралд хандах хандлагаа эрс өөрчилж, өөрийгөө дахин шинээр нээх сайхан боломж болсон юм.   

Энэ жүжгийг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын залуу эмэгтэйчүүд Улаанбаатар хотод 2011-2013 оны хооронд гурвал жил дараалан үзэгчдэд хүргэсэн билээ. Жүжиг 13-17 монологиос бүртдэг ба жил бүр нэгээс хоёр монологи нь өөрчлөгддөг. Ямар монологи өөрчлөгдөхийг Үтрээний хүүрнэл жүжгийн зохиолч Ийв Энслэрийн тэргүүлэн ажилдаг V-day дэлхий нийтийн аяны удирдах зөвлөл шийдвэрлэж, зохиолын дагуу сайн дурын жүжигчид тоглож толилуулдаг.

Жүжгийн гол санаа нь үтрээ гэдэг эрхтэн эмэгтэйчүүд бидэнд амьдралаас таашаал, сэтгэл ханамж авахад мөн үр удмаа үлдээхэд зориулж хайрласан  нандин бэлэг учраас эмэгтэй хүн үтрээгээ өөрөө хүндэтгэж, хайрлаж нандигнах тухай өгүүлдэг. Гэтэл эмэгтэйчүүд үтрээнийхээ тухай бодож үзэх нь битгий хэл нэрийг нь ч зоригтой хэлэхээс ичдэг. Аргагүй л дээ, манай нийгэмд эмэгтэй хүнийг дандаа үтрээтэй нь холбоотой үгээр гутаан доромжлодог. Эмэгтэй хүний үтрээгээр нь холбож доромжилсон үг А-аас  Я хүртэлх бараг бүх үсгэнд бий.  

Жүжгийн зарим монологи сексийн амьдралынх нь тухай, эмэгтэй хүний гадаад төрхийн тухай, умдагны үсний тухай бодит хүний түүхээс сэдэвлэн бичигдсэн. Эмэгтэйчүүд бие мах бодио байгалиас заяаснаар нь хайрлаж сурах тухай бодит түүхтэй, хүчирхэг монологиуд нь надад гадаад төрхөндаа сэтгэл хангалуун байх гайхалтай чадвар бэлэглэсэн билээ.

Жүжгийн бэлтгэлийн үеэр бусдынхаа давтаж байгааг сонсох бүрдээ нэг шинэ зүйл ойлгож, өөрийгөө байгаагаар нь хайраж сурах том өөрчлөлт миний ухаан санаанд авчирсан юм. Тиймээ эмэгтэйчүүд бид бүгдээрээ үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй, ялангуяа миний ҮТРЭЭ бүр гайхамшигтай.

Энэ жүжгээс эмэгтэйчүүд өөрсдийгөө хайрлах чадварт суралцах төдийгүй эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүдэд тохиолддог асуудлуудыг урлагаар дамжуулан сонсож, эхнэрээ, охиноо гээд эмэгтэйчүүдийг ойлгож, хайрлах ухаарал өгдөг.

“Үтрээний хүүрнэл” жүжиг эмэгтэй хүний сайн сайхныг дотоод цөмөөс нь нээн харуулахаас гадна энэ ариун ертөнц хүчирхийллийн бай болдог тухай, ийм аймшигт явдлын хохирогч болсон эмэгтэйчүүдийн зовлон шаналлыг уудлан харуулж эрчүүдэд хүчирхийллийн эсрэг зогсох, тэмцэх хэрэгтэйг ойлгуулдаг.

 Харин зарим хүмүүс энэ жүжгийн тухай сонсоод эр ч тоохгүй эрлэг ч тоохгүй хэдэн галзуу хүүхнүүд байна гэж ойлгодог.  Эсрэгээрээ энэ жүжиг эмэгтэйчүүдэд хүсэл зориг дуу хоолойгоо зоригтой илэрхийлж чаддаг болох ид шидийн гэмээр ур чадвар бэлэглэдэг. Жүжигт тоглосон охидын хувьд бэлтгэл хийх, монологио өөрийн болгох явц нь өөртөө улам итгэлтэй, өөрийгөө илүүтэйгээр үнэлэж эрхэмлэдэг, зоригтой болгож өөрчлөж байлаа. Тиймдээ ч тайзан дээр олон нийтийн өмнө бараг хаалттай сэдвийг гайхалтай зоригтой, хөгжилтэй хэлбэрээр илэрхийлж буй өөрийгөө үнэлэж хүндэтгэж чаддаг эмэгтэйчүүдийг хараад үзэгчдийн суудалд суусан эрчүүд олноороо дурлаж, амьдралынхаа ханийг олсон тохиолдол ч нэлээн хэд гарсан билээ.  Үзэгч эмэгтэйчүүд ч гэсэн үтрээнийхээ тухай өөр хоорондоо чөлөөтэй ярилцаж, ялангуяа хүчирхийллийг хүлцэх учиргүй, таслан зогсоох учиртайг ойлгож авч, сайн дурын жүжигчид, үзэгчдийн дундах харилцан ойлголцлыг бэхжүүлж чаддаг.

Жүжгийн орлогыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд өмгөөлөл, сэтгэл зүй, хамгаалал зэргээр иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг улсад ганц “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хоёр жил дараалан, гурав дахь жилийн орлогыг нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх бусад аяныг санхүүжүүлэд хандивласан. Ийнхүү V-Day Улаанбаатар аяны Үтрээний хүүрнэл жүжиг Монголын ТББ-ууд дотоодоосоо санхүүжилт босгож хандивлах, Монголчууд хүчирхийлэллийг таслан зогсоох үйлсэд хандив өгдөг болох шинэ соёлыг дэлгэрүүлэх эхний алхамын нэг болсон юм.  

Жил бүр  V-Day аян-ы дэлхий нийтээр тоглосон тоглолтын 10 хувийг нийлүүлээд нэг улсад хандивладаг ба 2011-2013 онд Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-аас тавьсан энэ жүжгээс олсон орлогын 10 хувийг ч Гайти улсын газар хөдлөлтөд нэрвэгдсэн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үйлсэд зориулан илгээсэн юм.

Өөрөөр хэлбэл энэ жүжиг маань бүхэлдээ тоглож буй бас үзэж буй эмэгтэйчүүдийг улам хүчирхэг болгоход, хүчирхийлэлтэй тэмцэх санхүүжилт босгоход зориулсан ашгийн бус үйл ажиллагаа юм.  

Энэ жилийн хувьд 11 сарын 7-ны хагассайн өдөр хоёр удаа дэлгэцээр үзүүлнэ. Жүжигт тоглосон минь надад ямар чухал нөлөө үзүүлсэн тухай энэ түүхийг уншаад хэцүү нэртэй жүжгийг маань үзэх хүсэл төрсөн бол  сонирхож үзээрэй. Жүжгийн тасалбарыг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын фейсбүүк хуудас “Залуу эмэгтэйчүүдийн клуб”-р  зочилж худалдаж авч болно.   

2012 оны жүжигт тоглосон сайн дурын жүжигчин Э.Т

Сэтгэгдэл бичих

arrow icon