Нийтлэл 11 сарын 16, 2015

ЕВРОП ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?

Олон улсын геополитик шинжээч, нийтлэлч  Ж.Фрийдманы ДЭЛХИЙ ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?  нийтлэлийн үргэлжлэл Европ хэзээнээс тэнцвэрээ алдав анализ нийтлэлийг тоймлон хүргэе.

Ж.Фрийдманы тайлбарлаж буйгаар Европт хоорондоо уялдаатай хоёр хямрал үргэлжилж байна. Нэг нь Европын холбооных. Европын холбооны нэг гол зорилго эдийн засгийн интеграцчлал мөн ч хамгийн гол нь "Европчууд"-ыг үүсгэх зорилготой байсан юм. Гэхдээ Европын улсуудын үндэстэн хоорондын ялгааг үгүйсгэх арга байсангүй. Тод томруун үндэстнүүдийн шинж чанарыг устгах гэхээсээ “Европ хүн” гэх  шинэ ялгамж давхар нөмөргөх, ингэснээр энх тайван, хөгжил цэцэглэлтийг бүс нутагт авчрах зорилго анхнаасаа агуулж байв. Гэхдээ өсөлт хөгжил бүс нутаг бүрт ялгаатай болж, дээр нь санхүүгийн хэрүүл нэрмэснээр холбооны улсуудад “Европ хүн” хэмээх үлгэрээ үнэмшүүлэхэд улам бүр хэцүү болж ирлээ.

Хоёр дахь хямрал Европын стратегийн бүтцээс хамаарах агаад ялгаж танихад илүү төвөгтэй. Хамаг асуудал илүү нэгдмэл, эх газрын Орос ба илүү баялагтай ч маш олон хэсэглэн хуваагдсан Европын Хойг хоорондын ашиг сонирхлоос үүддэг(Европын Хойг гэдэгт Донын Ростов Санкт Петербургийг холбосон шугамаас баруун тийш, Иберийн хойг, Атлантын далай хүртэлх бүс нутаг багтана. Шугамын баруун тийш Орос далайн боомтууд муутай тул Европын хойгоос арай ядуу).  Энэ хоёрыг дундуур нь хуваасан жийргэвч бүс түүхэндээ бие даасан, төрт улс байгуулах нь байгуулж байсан ч голдуу л их гүрнүүдийн нөлөөнд явж иржээ. Жийргэвч бүс хоёр хэсэгтэй, эхнийх нь Беларус, Украин, Балканы хойгийн зарим хэсгээс, нөгөө хэсэг нь Польш, Чех, Словак, Унгар, Румын, Болгараас бүрдэнэ. Дэлхийн 2-р дайны дараа Орос жийргэвч бүсээрх нөлөөгөө бэхжүүлсэн ч хүйтэн дайн дуусмагц Европын Холбоо, НАТО жийргэвчийн хоёр дахь хэсгийг хүрээндээ багтааснаар эхний хэсэг буюу Беларус, Украин хоёр хүчний завсар дахь гол жинтүү болж үлдсэн юм.

Хүйтэн дайны дараа НАТО зүүн тийш тэлэхэд Европын холбоо суурь болж өгснийг тэмдэглэх хэрэгтэй, нэгт. Хоёрт ОХУ 1990-өөд онд системийн шооконд орсон. Гэхдээ Царийн үеэс л Оросыг цагдаа нь атгаж ирсэн, системийн шоок дуусахад ч батлан хамгаалах, хүч, цагдаагийн албад нь эргээд хүчирхэгжиж, Оросыг дахин тохинуулах учиртай байв. Энэ үүргийг Путин гүйцэтгэж байгаа ч ганц Путины мундагийх биш, угийн ийм онцлогтой төрийн байгууламжтай юм.

ОХУ эргээд бага багаар хүчирхэгжихийн хэрээр Хойг тал руу халдаж орох нь мэдээжийн хэрэг байв. Баруун хэсгийн жийргэвч буфер улсуудаа нөгөө талын нөлөөнд хумиулсан ОХУ эргээд геополитик, эдийн засгийн нөлөөний хүрээгээ тэлэхийн тул Кавказ, Украинаас эхлээд баруун тийш давших хэрэгтэй болно. Нөгөө талаар Европын холбоо улам хаяагаа тэлж, тэр байтугай батлан хамгаалахын салбарт хүчээ нэгтгэх, дээр нь Оросыг дахин сэргэхээс болгоомжилсон АНУ тэдэнтэй хошуу холбох болсон нь Оросын хувьд аюулын харанга дэлдэж байв.

 

2008 он гарлаа. Хүчний тэнцвэрт өөрчлөлт оруулах хоёр чухал үйл явдал тохиов. Нэгд ОХУ Гүржийн дайн Орос эргэн сэргэж байгааг харуулж, хоёрт 2008 оны саб-праим санхүүгийн хямрал Европын нэгдэлд хэрүүлийн яс хаяв. Гэхдээ Европ зүүн тийш давшсаар, Орос ямар ч үнээр хамаагүй эргэж тулахаас өөр аргагүй байдалд оров.

Европын хямралын логик их энгийн. Дэлхийн дөрөвдөгч том эдийн засаг Герман Европын холбоонд багтана, экспортын орлогын тэн хагас нь Европын чөлөөт худалдааны бүсээс орж ирдэг. Нэн ялангуяа өмнөд Европын орнууд Германы эдийн засгийг шүтэж, Германы хөрөнгө оруулалтын боломж болж, өөрсдийн энтэрпренёршипын боломжоо энэ аварга эдийн засагт нэг талаар шилжүүлж өгсөн юм.  2008 он хүртэл болоод явж байтал санхүүгийн хямрал Европыг зээлдэгчид ба зээлдүүлэгчид болгож хуваав. Хэн нь төлөх вэ гэдэгтээ туллаа. Зээлдүүлэгч Герман хямралгүй үеийн хамаг боломжоос хүртсэн атлаа хямралын алдагдлыг бол хамтдаа үүрнэ гэж зүтгэв. ОУВС Германы талд орлоо.  Ингээд эв нэгдэл худлаа болж, Европын хойг ашиг сонирхлын дөрвөн өөр бүлэгт хуваагдав. Германы хувьд Европын чөлөөт худалдааны бүс бол хамаг орлогыг нь хамж өгч байгаагийх яагаад ч орхиж болохгүй “янаг” нь юм. Энэ бүс нутагт боруулалтгүй болвол ОХУ-тай түншлэхээс өөр замгүй болно. ОХУ бол хамгийн муу, хамгийн сүүлийн хувилбар боловч урт хугацаанд Европ голдуу л хамгийн муу хувилбараа дагаж ирсэн газар.

Европын бодит байдал: Герман чанаргүй зээлүүдийг төлөлгүйгээр чөлөөт бүсийг торгоох бодолтой. Өмнөд Европ өрөө аль болох зувчуулж, ер нь яваандаа чөлөөт бүсэд үлдэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Герман өөрсдөө 1950-аад онд худалдаагаа АНУ-с хамгаалж байгаад үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Бусад улс яагаад тэгж ер нь болохгүй билээ? гэдэг асуудал эрт оройгүй сөхөгдөнө. Төв болон Зүүн Европын улсууд:  Хойгийн нөлөөнд байгаа ч НАТО АНУ-ын дэмжлэггүйгээр тэднийг хамгаалж чадахгүй гэдгийг бодолцож Орос цаашид хэрхэхийг ажиглаж байгаа бүлэг.  Дөрөв дэх тоглогч: Франц. Өмнөд хэсгээр ажилгүйдэлтэй, Гректэй адилхан. Герман дангаар хожиж буй системдээ сэтгэл дүүрэн бус, эдийн засаг стратегийн олон сонирхолтой улс.

 Тив хуваагдсан нь

Газрын тосны үнэ унасан, дээр нь түүхий эдийн орлогоо тулхтай, солонгорсон эдийн засаг болгох чадваргүй байгаа нь Оросын хүчийг дотроос нь чангаадаг. Гэхдээ иймэрхүү байдлаар олон чиглэлд дөрвөн тийш харсан Европын байдал Орост давуу тал үүсгэж өгөв. Жийргэвч бүс хавиар хэн нэг сахиул эзэн байгаа бол тэр нь Европ гэхээсээ АНУ болж таарах нь. Герман Украинаас болж Оростой муудалцах сонирхолгүй, Франц шийдэмгий ашиг сонирхолгүй, өмнөд Европ мусалмен шашинтнуудын цагаачлалаас бусдаар Европын холбооны захын улсуудад сонирхолгүй.  Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон Европын улсуудын зөрчил одоогийн систем дотроо бол бараг шийдэлгүй гэхэд хилсдэхгүй. Герман хамаг хөгжил, хамаг экспортыг хамж байхаас татгалздаггүй л юм бол. Гэхдээ улстөрийн байдал ингэх өнгөгүй үзвэл Хойгийн хагарал улам гүнзгийрч ОХУ-ын харьцангуй хүч нэмэгдэж, геополиткийн өрөг дээр АНУ-тай тунаж үлдэх төлөвтэй.

Сэтгэгдэл бичих

arrow icon