Нийтлэл 11 сарын 19, 2015

Аливааг урлагийн зүйл бүтээж буй мэт үйлд

Хүний анхаарал, энерги,  хөдөлгөөн бүх зүйл урсгал ус мэт харилцан зохилдлогоотой эвсэлд орж орчныг анхаарахаа болих тэр мэдрэмжийг сэтгэлзүйн ухаанд flow буюу "голдирол" гэж томъёолдог тухай нийтлэлийн эхний хоёр хэсгийг энд хүргэсэн. Бэрхшээлийг даван туулах нь хэмээх гуравдугаар хэсэг.

 

Бэрхшээлийг даван туулах нь

Хайр дутсан хүүхэд нас, дарамтлагч эцэг эх, үгээгүй ядуу амьдрал, өөр бас бус хүчин зүйлүүд хүний амьдралын өдөр тутмыг саарал өнгөөр будах явдал бий. Гэвч маш олон хүн эдгээр бэрхшээлийг амжилттайгаар даван туулсан олон жишээнээс харвал амьдралын чанар гадны хүчин зүйлсээр тодорхойлогддог гэж нэгмөр хэлэх аргагүй бэрх болно. Тухайн хүн хэр зэрэг их стресстэх нь түүнд юу тохиолдож байгаагаас илүүгээр хандлага, анхаарлаа хэр зэрэг удирдаж чадахаас хамаардаг. Бие өвдөж шаналах, байдгаа алдаж хоосрох, биеэ тоогч эсвэл дээрэлхүү хүнтэй харьцах харьцаа зэрэг гаднын хүчнүүд танд яаж нөлөөлөх эсэх нь та түүнд хэр зэрэг анхаарлаа хандуулж байгаагаас шалтгаална. Тиймэрхүү явдлуудыг хүчээр үл тоох, өөрөөсөө нуух, эсвэл буруугаар тайлбарлах зэрэг бол мэдээж зөв шийдэл биш. Учир нь үл тоомсорлосон тохиолдолд дээрх мэдээлэл ой ухаанд хоногшин үлдэж эзэндээ нөлөөлсөөр байдаг. Харин зовлон зүдүүрийг шууд эгцлэн харж, оршин байгааг нь хүлээн зөвшөөрч, харин түүний дараа өөрийн урдаа тавьсан зорилгодоо анхаарлаа чиглүүлж өөрийгөө завгүй болгох нь илүү дээр.

 Анхаарлаа удирдаж сурахад бясалгал, ямар нэг спорт, аэробик эсвэл бие хамгаалах урлаг (martial arts) гэх мэт эрдэм, ур чадвар тус болно. Энд нэг зүйл сануулахад хичээллэж байхдаа уг хөдөлгөөн, үйлдлийнхээ сайхныг мэдрэх явдал бөгөөд үр дүн нь биш харин өөрийн анхаарлаа удирдаж сурч байгаа нь чухал гэдгийг анхаараарай.

 Үүнээс гадна хийж буй ямар ч зүйлдээ анхаарлаа хандуулдаг зуршилтай болох нь чухал. Урлагийн зүйл бүтээхийн дайтай анхаарал, сэтгэлээ хандуулснаар аяга тавгаа угаах, хувцасаа өмсөх, хогоо цэвэрлэх гэх мэт хамгийн ердийн үйлдлүүдийг ч тааламжтай болгож болно. Мөн өөрийн цаг зав, энергиэ хийх дургүй зүйлээсээ, эсвэл үр бүтээлгүй өнгөрөөдөг цагаасаа, дурладаг боловч хийхээс залхуурч, төвөгшөөдөг зүйлд, эсвэл хэзээ ч хийж үзээгүй зүйл рүү хандуулах хэрэгтэй. Энэ нь амархан санагдаж байж магадгүй ч үнэндээ маш олон хүн өдөр тутамдаа хийдэг ажил, үйлдлүүдийн алинаас нь таашаал авдгаа мэддэггүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх, эсвэл өнөөдрөө орой нь дүгнэн цэгнэх нь хүний сэтгэл санаанд нөлөөлөгч зүйлсийн цэгцтэй жагсаалтыг гаргах арга замууд гэж болно. Юу нь сэтгэхүйд таатайгаар нөлөөлж байгааг мэдсэний дараа тэдгээр үйлдлийг олшруулж, таагүйг нь багасгах янз бүрийн туршилтууд хийж эхлэх боломжтой.

 Өөрийн амьдралд бүтээлч өөрчлөлт гаргахын тулд өөрийн орчин тойрноо өөрчлөөд үзэхэд ч гэмгүй. Амралтаа авах, салхинд гарах зэрэг нь бодлыг цэгцэлж, өөр өнцгөөс юмыг харах, шинэлэгээр сэтгэхэд тус болдог. Гэрийн эсвэл ажлын нөхцөл байдалдаа анхаарал хандуулж, хяналтдаа авах, илүүц юмсаа хаях, цэвэрлэж цэгцлэх, сэтгэлдээ тохируулж тавилгаа өөрчлөх зэрэг нь өөрийн амьдралаа өөрчлөх эхний алхам ч байж болох юм.

 Амьдралын бүхий л бүрэлдэхүүнүүдтэй ижлээр цаг хугацааг ч гэсэн өөртөө хамгийн ая тухтайгаар зохицуулж, өөрийн биеийн ритмийг олох нь чухал. Хүн болгонд тохирдог нэг ижил цаг гэж байдаггүй. Өглөө эрт босох, үдээс хойш унтаж амрах, урьднаасаа өөр цагуудад хооллож үзэх гэх мэт янз бүрээр туршилт хийн өөртөө хамгийн тохиромжтой цагуудыг олоорой.

 Хийх зүйл “толгойтой үснээс ихээс” шинэ сонин зүйл туршиж байх ямар ч завгүй гэдэг шалтгаанаар дээрх зөвлөгөөг өөрт нь хэрэггүй гэж бодох олон хүн гарч магадгүй. Үнэндээ, ихэнх тохиолдолд завгүй гэдэг маань өөрийн амьдралаа өөрөө жолоодохгүй байх шалтаг л болж байна. Түүхч Э.Томсоны хэлж байснаар Аж үйлдвэрийн хувьсгал (Industrial Revolution) ид өрнөж, ажилчид долоо хоногт 80 цагаас илүү ажилладаг байсан хамгийн дарамттай жилүүдэд ч зарим хүмүүс өөрт оногдсон жаахан цагаараа ном үзэж, эсвэл улс төрийн идэвхитэй амьдарч, тэр үеийн олонх хүмүүсийг дагаж баар, цэнгээний газруудаар явахаас татгалзаж байжээ. Тэдэнтэй ижил, бид ч гэсэн өөрт оногдсон хайран цагаа гарынхаа салаагаар урсгаад баймгүй. Бидний ихэнх анхаарал, цаг завыг авдаг өдөр тутмыг нэгэн хэвийн үйлдлүүдийг эмхэлж цэгцлэн, хэр зэрэг чухал гэдгээр нь нь жагсаахад одоо жаахан цаг зав зарцуулчихвал бидний бодлыг үргэлж эзэгнэж байдаг хичнээн зүйлийг багасгаж болох бол оо? Байгаа цаг үедээ сайн сайхан, өөртөө тааламжтайгаар амьдрахын тулд хүн цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй.

 

Сэтгэл Судлал Өнөөдөр (Psychology Today) сэтгүүлд нийтлэгдсэн Михайл Чиксэнтмихайлын (Mihaly Csikszentmihaly) “Урсалтаа олох нь” (Finding flow: The Psychology of Engagement with Everyday Life) номоос хэсэглэн орчуулав. А.Хулан

Сэтгэгдэл бичих

arrow icon