Нийтлэл 11 сарын 22, 2015

Ерөнхий боловсролыг хувийн сургуулиар олгох нь зөв үү?

Зам, шугам сүлжээ гэх мэт төрийн эзэмшилд байж, улсын хөрөнгөөр санхүүждэг нийтийн зориулалттай дэд бүтэц шиг, ерөнхий боловсролын сургуулиуд бол төрийн мэдэлд, төрөөс бүрэн санхүүжиж бүх нийтэд ерөнхий боловсрол олгох нийгмийн дэд бүтэц юм. Боловсролын төв байгууллагаас боловсруулж баталсан сургалтын агуулга, стандартын дагуу бүх суралцагчид ижил тэнцүү боломжоор хангагдаж, эрх тэгш ерөнхий боловсрол эзэмших эрх, үүрэгтэй. Төр ийм боломжоор хангах үүрэгтэй.

Гэтэл манай төр сургуулийн тоо, хүчин чадлыг сургуулийн насны хүүхдийн тооны өсөлт, төвлөрөлтэй уялдаатайгаар төлөвлөж зохицуулах чадваргүй байгаагаас үүдсэн цоорхой орон зайд ашгийн төлөө хувийн дунд сургуулиуд олноор түрэн орж ирсээр байна. Хувийн хэвшил төрийн ачааг үүрэлцэж, зовлонгоос нимгэлж байна хэмээн төр өөрийн сул талыг өмгөөлөх нь алсуураа ирээдүй хойчдоо тийм ч таатай хандаж буй хэрэг биш. Хувийн ба улсын сургуульд заах сургалтын хөтөлбөрийн доод захын шаардлага ижил боловч хувийн эсвэл төрөлжүүлэн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд нэмэлт хичээл, агуулга орж болох тухай дүрэм, журам үйлчилдэг гэнэ. Иймд тэд нэмэлт төлбөр сурагчдаас авдаг юм хэмээн тайлбарладаг. Тэгвэл төрийн өмчит сургуулиуд ч нэмэлт хичээл заан, сургалтын төлбөр сурагчдаас авч яагаад болохгүй гэж? гэсэн логик гарахгүй гэж үү?

Сургалтын төлбөрт сууриласан хувийн сургууль, төрөлжүүлэн гүнзгийрүүлсэн сургууль зэрэг нь сөрөг үр дагавар ихтэй

Сургалтын төлбөр нь 20-40 сая төгрөгт хүрч байгаа хувийн ЕБС-ийн сургуульд үнэхээр гоц сургалт явуулж, тас боловсрол олгоод байгаа хэрэг үү? Тийм бол бүх ЕБС-ийг тэдний загвараар хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр тийм биш. 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд долоон буудлын Должин эмээгийн охин, түүний хөрш найзууд сурах боломжгүй. Должин эмээгийн охины сурдаг улсын сургуульд Х компанийн захирал Ү-ийн охин, Г сайдын хүү Д бас сурахгүй. Ердөө л нийгмийн байдал, хөрөнгө чинээнээс хамаарч хувийн ба улсын сургууль гэсэн ялгаатай орчинд хүүхдүүдээ хуваан боловсрол, хүмүүжил олгож буй хэрэг гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуулинд Төрөөс бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, хүүхдийн сурч боловсроход нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй эрх тэгш нөхцөлөөр хангах зарчимыг тунхагласан байдаг. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид Хүүхдийн сурч боловсрох эрхийг адил тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлэх, бага боловсролыг бүгдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заасан байна.

Ардчилсан Монгол Улсад хүүхдүүд Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцоор олгогдсон эрх тэгш боломжоор хангагдаж, үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй, төр засаг тэдний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь харамсалтай. Үр дүнд нь нийгэмд ялгаврлалын суурь хөрс гүнзгий бүрэлдэж, эрх тэгш байдал ихээр алдагдаж, баян ба ядуу давхаргын ялгаа улам холдсоор байна. Олонхи нь нийтийн сургуульд сурч, нийгмийн массыг бүрдүүлэх, хувийн сургуулийн битүүмжит орчинд бэлтгэгдсэн цөөн айлын хэдэн хүүхэд л дэлхийн тэргүүлэх их сургуульд төрийн зардлаар суралцах, тэднийг улс орноо жолоодох элит давхрага болгон тусад нь бэлтгэх төрийн андуу бодлого боловсролын салбарт хэрэгжиж байна.

Нэгэн судалгаанд өгүүлснээр ядуу болон хөгжиж буй орнуудад ашгийн төлөө хувийн сургуулиуд олноор байгуулагдаж буй синдромын талаар дурьдсан байна. Монгол улс ийм синдромыг тойрч биш дайрч гарах албатай юу?

Гүнзгийрүүлсэн сургалтын талаар

Ерөнхий боловсрол олгоно гэдэг нь гоц авъяастнууд төрүүлэхийг зорих бус хүүхдүүдэд жигд сайн суурь боловсрол эзэмшүүлэхийг л хэлнэ. Аливаа хичээлийг сурдаггүй хүүхэд гэж байхгүй. Гагцхүү хурдан, эсвэл удаан суралцах чадварын ялгаа байж болно. Тэдний онцлогт тохирсон сургалтын арга хэрэглэх, нэмэлт сургалт, давтлага өгөх замаар бүх хүүхдийг жигд сайн сургах боломжтой юм. Ингэснээр ерөнхий боловсролыг бүгдэд жигд, хүртээмжтэй, чанартай олгох үндсэн зорилго биелнэ. Иймд сургуулийг “энгийн” ба “гүнзгийрүүлсэн” сургалттай гэж ангилах нь  буруу .

Ерөнхий боловсролыг бүх нийтэд хэрхэн жигд, чанартай олгох вэ гэдэгт төр, засгийн бодлого, үйл ажиллагаа чиглэх ёстой. Үүнйи тулд ерөнхий боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийн стандартыг өндөр тогтоож, тэрхүү стандартаа ханган, хэрэгжүүлэх орчин нөхцөл, сургалтын арга, техникийг бий болгох нь төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой Харин хичээлээс гадуур сургалтын хөтөлбөртэй зэрэгцээ эсвэл нэмэгдүүлсэн хөтөлбөрөөр сургалт явуулах, сурагчдын авъяасыг нээн хөгжүүлэх сонгон суралцах дугуйлан, секц хичээллүүлэх өргөн боломжийг сургууль, хувийн хэвшил хамтран бүрдүүлсэн байх нь чухал юм. Ингэснээр бүх хүүхэд тэдний нийгмийн гарал, хөрөнгө чинээнээс үл хамааран ижил орчинд мөр зэрэгцэн суралцаж, сайн боловсрол олж авах шудрага тогтолцоо бий болно. Ардын хүүхэд, даргын хүүхэд нэг ширээнд зэрэгцэн сууж, нэгэн ижил хичээлийг, нэг багшаар адилхан заалгадаг байх нь наанадаж нийтийн сургуулийн хөгжилд нийтээрээ анхаардаг болох, цаашлаад нийгэм зөв бүтэцтэй, эв нэгдэлтэй болох суурь бүрдэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд сургахыг зорих нь тэдний зөв. Сургуулиудыг жигд сайн болгох нь төрийн үүрэг.

Төгсгөлд нь тэмдэглэхэд, Монгол хүүхдүүд олон улсын уралдаанаас алт, мөнгөн медаль хүртэх авъяастай ч, нийт сурагчдын боловсролын ерөнхий түвшинг үнэлэх олон улсын үнэлгээний хөтөлбөр(PISA)-д хамрагдах хэмжээнд чанаржаагүй л байна. Энэ нь ерөнхий боловсролын систем, сургалтын агуулга, стандарт ямар байгаа, хойч үе маань ямархуу замаар боловсорч буйн илэрхийлэл бөгөөд зайлшгүй засах хэрэгтэй. Үүний тулд хүүхдүүдийг төрийн ба хувийн өмчийн сургуульд хуваан, ялгаатай боловсрол, хүмүүжил олгож буй шудрага бус явдлыг залруулахаас эхлэх нь зүйн хэрэг юм.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-04-25

    Энэхүү нийтлэлийг уншаад сөрөг хариу бичсэн хүмүүс бүгдээрээ боловсролын чиглэлийн бус хүмүүс юм байна. Яг үнэндээ боловсрол гэж юу вэ гэдгээ ч ойлгодоггүй зөвхөн өөрсдийн хүүхдүүдийн эрх ашгийг бодсон ийм л хүмүүсийн комментууд байна даа. Үнэхээр хэлэх ч үг алга.

    • Энгүүн
    • 2021-02-07

    Сургалтын орчин,техник хангамж,сурагчдын хоол бусад үйлчилгээ,ялангуяа сургалтын агуулга хөтөлбөр,аргазүйн шинэчлэлийг нийгэмд өгч буй нөлөөллийн түүчээ болж яваа хувийн хэвшлийнхнийг ТА ГУАЙ МЭДРЭХГҮЙ БАЙНА УУ.Ёстой мэдрэмжгүй МАЛ байна даа.

    • Мэргэн
    • 2021-02-07

    Үзэн ядсан атаархсан хүний харах өнцөг нь хязгаарлагдсан ядуу сэтгэлгээгээр бичигджээ.Арай том сэтгэ....

    • Зочин
    • 2015-12-28

    буруу тайлбарлаж байна. Ер нь бол мэдэхгүй сэдвээрээ иймэрхүү зүйл бичих хэрэггүй гэж зөвлөх байна.

    • МөрЧин
    • 2015-12-20

    Хувийн сургууль байх нь зүй хэрэг ч Еб г бол ижил гараанаас сургах хэрэгтэй . тэгэхгүй бол ирээдүйд Монголд баян хоосны ялгаа шиг боловсролын ялгаа их гарна. 20 жилийн өмнө бол баячуудын хүүхдүүд бүх давхрагтайгаа л сурдаг байсан. Бүгд хамт сурна гэдэг чиэь баян нь ч нийгмэшинэ, ядуу нь нийгмэшинэ. Бие биенээсээ суралцана. Ийм зүйлийг ялгаж эхлэх нь ирээдүйд хортой. Боловсрол нийгмийн ялгаанд улам цав үүсгэж улсын сургуульд сурсан дундаж хүүхдийн боловсролоороо өрсөлдөх чадвар нийгэмтэйгээ авцалдахаа больж үнтэй сургуульд сурсан хүүхдэд боломж давуу байж нийгмийн давхаргад шинэ зааг үүсгэнэ

    • Zoloogg
    • 2015-12-09

    Хамгийн анх гадаадад сурах шалгалтанд тэнцсэнээ мэдэх үед бичиж байсан тэмдэглэлээ эргэн санав... Үнэтэй их сургуульд очоод хэн байх нь ч... Ахлах сургуулидаа амжилт үзүүлэх эсэх нь бага сургуулийн суурь боловсролтой салшгүй холбоотой гэж боддог болохоор би лав хүүхэдтэй болвол хамгийн сайн бага сургуулийг олж, тэр багшид л өгнө өө... Хувийн байна уу... Төрийн байна уу... Харин тэр үед төр нь эдийн засгаа зохицуулаад, хүүхдүүдэд өгөх мөнгөө хүргээд боловсролын системээ дампууруулчихаагүй байвал болж л байна. Харин чадаагүй байвал ёстой хамаа алга! Өөрөө дотор нь орж засах тухай бодож болох л юм, харин тэгэхдээ хүүхдээ бол үнэтэй байна уу хамаагүй сайнд нь л өгөх гэж чичрэнэ. Юун тэр тэгш эрх!!! Ихэнх хүн л ингэж бодож байгаа байлгүй дээ. Энэ нийтлэлд ямар шийдэл санал болгосныг нэг л ойлгосонгүй. --- 2 жилийн өмнөх тэмдэглэл: Бага ангид надад бүхнийг зааж өгсөн Б. Мөнхчандмань багш одоо намайг тэнгэрээс хараад байж байгаа. Амжилт гэж хэлэх зүйл хэрвээ надад байваас багшдаа би хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлнэ. Өдийг хүртэл хэрхэн хичээллэж, яаж бусдаас мэддэг зүйлийг нь авч байснаа бодвоос юугаа ч мэдэхгүй жоохон байхад минь надад “сурах арга барил” гэх чадварыг маань суулгаж өгсөн багшийн минь буян юм. Олон ч хүнээс хичээлдээ бага цаг зарцуулж байгаа тухай шүүмжлэл сонсож байлаа. Зүгээр л өөрт амархнаас, богино хугацаанд шинийг эзэмших чадварыг суулгаж чадсан Мөнхчандмань багшдаа л талархах нь зүйтэй. Японд суралцах шалгалтын дүнгээ сонссон даруйдаа тань дээр очиж, багшдаа мөргөе гэж бодсон юм... Харамсалтай нь уулзахад хэтэрхий оройтжээ. Одоо зөвхөн Золжаргал гэх модны үндсийг сайн тавьж өгсөн таныхаа сайн үргэлжлэл болж, ачийг тань хариулна аа.

    • Зочин
    • 2015-12-09

    Нэгэн сургуулийн захирал ажилд орсон бүх багш нартаа ийм захиаг илгээжээ. Тэрээр бичихдээ : -Миний бие хорих лагерьт хүний харах ёсгүй бүхнийг олж харсан. -Эрдэмтэн инженерүүд яаж хорт хийн камер бүтээхийг -Чадварлаг эмч нар хүүхдүүдийг хэрхэн хордуулж байхыг -Боловсорсон сувилагч нар нялх үрсийг яаж алдгийг -Их дээд сургууль төгссөн хүмүүс хүүхэд,эмэгтэйчүүдийг шатааж байхыг би нүдээрээ харсан. ИЙМ УЧРААС БИ БОЛОВСРОЛД ИТГЭХГҮЙ БАЙНА. Би та бүхнээс гуйя: Сурагчдад хүн болоход нь туслаарай.Та бүхний хөдөлмөр ид шидтэй эрдэмтэд,бэлтгэгдсэн сэтгэл мэдрэлийн өвчтнүүд,боловролтой Эйхмануудыг хэзээ ч бий болгож болохгүй шүү.

    • Зочин
    • 2015-12-08

    ишш зайлуул.. таалагдаагүй сэтгэл устгадаг захиалгатай сайт юм шив дээ.. та нарын энэ явуургүй болхи зүйлийн талаар сошиал дээр тавимаар юм байна!!!

    • Зочин
    • 2015-12-08

    манай ЕБС-ийн хөтөлбөр цаг үеэсээ хоцрогдсон, хэрэггүй болсоон үүнийг бичиглээч залуу минь.. амьдралгүй баахан дүрэм томъёо цээжлүүлж түүнийгээ эргүүлж тоть шиг давтуулан үнэлдэг ийм завхарсан боловсрол Монгол Мозамбек хоёрт л байна.. Төр тэгээд ч бүх нийтийг албадан энэ хоцрогдсон, хэрэггүй ЕБС-ийн боловсролыг тулгах ёсгүй.. харин төрийн дэмжлэгээс хараат тэр 7 буудлын Должин эмгэнд л хүрч үйлчлэх ёстой.. Орчин үеийн боловсролын чиг хандлага хаашаа явж байна, юу зааж сургаж байгаа талаар дурын интернэт сайтаас олоод харчихаж болно.. шинэ залуу үе үүнийг чи бид 2-р нээх заалгаад байхгүй өөрсдийгөө ч хөгжүүлээд аваад явчих шинэ түвшинд ирчихэж дээ!!

    • ?
    • 2015-11-24

    Яг юу хэлэх гэснийг нь ойлгосонгүй. Хувийн сургуулиудыг хаая гэж үү?

    • Зочин
    • 2015-11-23

    buruu

    • MONREVE
    • 2015-11-23

    Яг тийм. 2000 оны эхэн үед байгуулагдан 10 гаран жил үйл ажиллагаа явуулаад хаагдсан дээд боловсрол олгосон коллеж, дээд сургуулиуд ч мөн адил. Хэдэн захирлууд нь хөлжиж аваад багш нараа тараасан, чадваргүй боловсон хүчдээ хахаж цадтал нь үйлдвэрлээд 'Худалдааны салбар' руу хөөсөн гэж ойлгож болхоор. Одоо харин тэндээсээ нарийсаад Ерөнхий боловсролын сургууль, цаашлаад Сургуулийн өмнөх боловсролын салбар руу БИЗНЕС хийж эхэлсэн.

arrow icon