Нийтлэл 11 сарын 29, 2015

Академи бодлогоо, их сургуулиуд судалгаагаа хариуцах цаг болсон

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын нийтлэг бүтэц, агуулга, тогтолцоо ба санхүүжилтийн схемийн талаар товч өгүүлье.

Мэргэжлийн боловсрол 

Ерөнхий боловсрол эзэмшсэнийн дараа ямар нэгэн шатны сургуульд элсэн мэргэжил эзэмшдэг байх нь иргэдийн болоод улсын хөгжлийн  үндэс суурь билээ. Мэргэжилтэй боловсон хүчин л ажилтай, орлоготой, амьдрал сайтай байж, улс нийгмийнхээ хөгжилд бодит хувь нэмэрээ оруулах болно. Нэгэнт хүмүүсийн суралцах чадвар, сонирхол өөр өөр байдаг тул түүнд нь тохирсон боловсрол олгох шатлалууд байх ба хөдөлмөрийн зах зээлийн бүтэц түүнээс хамааралтай байж таарна. Энэ нь ихэвчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн сургууль, Их сургууль гэсэн хэлбэртэй байдаг. Мэргэжлийн сургууль төгсөгчид мэргэжилтэй ажилчид болдог бол Политехникийн сургууль нь техник, технологийн мэргэжилтнүүдийг бакалавр, зарим тохиолдолд магистрын түвшинд бэлтгэдэг, төгсөгчид нь үйлдвэрлэл дээр ажиллах инженер, техникийн мэргэжилтнүүд байна.

Политехникийн буюу хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн орон зай хоосон байна.

Их сургууль

Шинжлэх ухааны судлаачид, өндөр технологи үйлдвэрлэх мэргэжилтнүүд бэлтгэх, судлаач багш нарын ажиллах газар бол Их сургууль юм.

Сургалтын хөтөлбөр

Их сургуульд бакалавр, магистр, докторын түвшний шаталсан сургалт, судалгаа хийгднэ. Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд боловсролын (Bachelor of Arts, BAA) эсвэл шинжлэх ухаан, инженерийн (Bachelor of Science, Engineering, B.S.E) гэх мэт ялгаатай байх нь элбэг. Ерөнхийдөө боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тухайлбал бие хүний ерөнхий боловсрол, мэдлэг, ирээдүйн манлайлагч бэлтгэхэд зориулсан хичээлүүдийг оюутнууд эхний жилүүдэд хамтаараа сонгон суралцаж, дараагийн жилүүдэд нарийн мэргэжлийн хичээлүүд сонгон судлах боломжтой байдаг бол шинжлэх ухаан, инженерийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд тухайн нарийн мэргэжлийн хичээл, судалгааны төслүүд л багтсан байдаг. Манай их сургуулиудын сургалтын хөтөлбөрүүд нэлэнхүйдээ боловсролын зэрэг (liberal arts) олгоход чиглэсэн харагдаж буй.

Багшлах боловсон хүчин

 Боловсролын яамнаас их сургуулиудын хооронд кредит шилжүүлэх буюу оюутнууд өөр их сургууль дээр хичээл сонгон суралцаж, түүнийхээ кредит болон төлбөрийг шилжүүлэх боломжтой схем нэвтрүүлбэл сургуулиуд хоорондын чанарын өрсөлдөөний хөшүүрэг болно. Их сургуулийн тэнхимүүд дээр ч багш, професоруудын удам залгасан халаа, хичээлийн туслах ажилтан, сургалтын инженер, магистр гэх мэт шат дамжин цус ойртсоор цөөнхийн олонлог үүсдэг байдал халагдаж, сургалтын хөтөлбөрийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд шилдэг, чадвартай боловсон хүчин сонгон ажилуулах бодлого хэрэгжүүлэх шаардлага үүснэ.

Судалгаанд суурилсан их сургууль

 Их сургуулиуд судалгаанд суурилсан сургууль болох зорилт тавьж, стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэн ажиллаж байна. Суурь болон хэрэглээний судалгаа, шинжилгээ хийх орчин, дэд бүтцийг их сургуулиуд хэрхэн зохистой бүрдүүлснээс цаашдын амжилт шалтгаална.

Судалгааны групп. Тэнхимүүдийн дэргэд Судалгааны группийг олноор байгуулан ажиллуулах нь эхний үр дүнтэй бүтэц юм. Судалгааны групп эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх санхүүжилт авч чадсанаар үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Судалгааны группын гишүүд, тэдний хамтын бүтээлийн үр дүн, чанар өндөр байх тусам цаашид оршин тогтнох, өрсөлдөөнд ялж судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжилт олох өргөн боломжоор хангагдана.

Судалгааны төв. Ижил салбар, чиглэлийн Судалгааны группүүдийг холбон удирдлага, зохион байгуулалтаар хангаж, их сургууль дотор болон гадна талд хамтын ажиллагаа, менежментийг нь хариуцаж байдаг Судалгааны төвүүд судалгаанд суурилсан их сургуулийн чухал бүтэц болдог.

Технологийн төв. Их сургуулиуд дундын Технологи судалгааны төв гэж бий. Технологийн судалгаа нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, лаборатори, үнэ ихтэй туршилтын багаж, материал, түүхий эд шаарддаг тул их сургуулиуд тухайн шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах хамтын дэд бүтэц бий болгож ашигладаг. Энэ нь Технологи судалгааны төв юм. Судалгааны группууд, судлаачид, Судалгааны төвүүдийн хамтран ажиллах таатай орчин нь Технологи судалгааны төв болдог.

Шинжлэх ухааны академи

 Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилийн стратегийг тодорхойлон, чиглүүлж, удирдлага зохион байгуулатыг хэрэгжүүлэгч байгуулагын үүргийг Шинжлэх ухааны академи гүйцэтгэдэг. Жишээлбэл, нэгэн улсын шинжлэх ухааны академи өөрийн орны тэргүүлэх шинжлэх ухааны салбар, чиглэлийг дараах дөрвөн бүлэгт багцлан хувааж, бодлого хэрэгжүүлж байна: Био ухаан ба хүрээлэн буй орчны судалгаа, Нийгэм судлал ба урлаг судлал, Байгалийн ухаан, инженерийн судалгаа, Эрүүл мэндийн судалгаа. Эдгээр салбар чиглэлүүдээр судалгааны группууд төсөл хэрэгжүүлбэл санхүүжилт авч амжилттай ажиллах боломж илүү гэсэн үг юм.

Судлагааг санхүүжүүлэх схем

Эрдэм шинжилгээ, судалгаанд санхүүжилтийн эх үүсвэр, схем их чухал. Их сургуулиуд дээр хийгдэх суурь судалгааг ихэвчлэн Шинжлэх ухааны академийн тэтгэлгээр санхүүжүүлдэг. Харин технологийн болон техник судалгааны төслийг Засгийн газар, үйлдвэр компанийн хамтарсан Сан, венч хөрөнгө оруулалтын сангууд санхүүжүүлэх нь тохиромжтой. Мөн зарим тохиолдолд шууд компанийн захиалга, санхүүжилтээр судалгаа хийж болно. Их сургууль ч судалгаанд зориулсан өөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрүүдтэй байдаг. Улс дамнасан их сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтарсан төслийг санхүүжүүлэх төвлөрсөн тогтолцоо ч байдаг. Тухайлбал Европын комиссын судалгааны хөтөлбөр, санг дурьдаж болно. Санхүүжилт авах хэмжээний судалгааны төсөл, судлаачдын багийн уралдаан их сургуулийн чанарын баталгаа юм. Дараах зургаар  жишээлбэл,  мэдлэгийн нийгэм, эдийн засгийг сайн хөгжүүлсэн гэгддэг Финланд улсад суурь судалгаанаас бизнес хөгжлийн судалгаа хүртлэх ялгаатай судалгааны хэлбэрүүдийг төрийн ба хувийн санхүүжилтийн эх үүсвэрүүдээс хэрхэн санхүүжүүлдэг тухай дүрсэлжээ. Эндээс харахад хамгийн их хувийг эзэлж байгаа хэрэглээний судалгаа, бизнес хөгжлийн судалгааныихэнх нь компаниуд дээр хийгддэг, хувийн санхүүжилт авдаг нь харагдаж байна. Харин суурь судалгаа их сургуулиуд дээр хийгдэх ба Финландын академи, их сургууль зэрэг улсын төсвийн санхүүжилттэй сангуудаас хамааралтай байна. 

Монголын Шинжлэх ухааны академи судалгааны статусаа өөрчилж улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөг боловсруулан төрийн бодлого болгох, улмаар батлагдсан төрийн бодлогыг  хэрэгжүүлэх менежментийг гүйцэтгэдэг байгууллага болох цаг болсон. Социализмын үеэс улбаатай одоогийн Шинжлэх ухааны академийн нүсэр бүтцийг задалж, судалгааны дэд бүтэц, судлаачдын нөөцийг их сургуулиуд дээр төвлөрүүлэх цаг үеийн шаардлага бий болжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon