Хотуудын үүсэл хөгжил, хувьслын явцад үүссэн гажуудал

Үүссэн цагаасаа сүрэглэн амьдарч, ундны ус, хоол хүнсээ хайн байнга  нүүдэллэж ирсэн хүн сүргийн нийгмийн байгуулалт байнга өөрчлөгдөн хувьсаж ирснийг бид мэднэ. Уух ус, цаг агаарын таатай нөхцөл, үржил шимт тэжээл бүхий газар зүйн тогтоцтой нутагт хэсэг бүлгээрээ, омгоороо суурьшиж үлдсэн хүн сүрэг олон үйл явдал, олон зөрчил, мөргөлдөөн туулсны эцэст зэрэгцэн оршиж, аймаглан аж төрөх арга барилдлагыг бий болгожээ. Нэг газар олноор бөөгнөрөх нь мэдээж ан гөрөө, хоол, хүнс гэх мэт байгалийн нөөцийн хүртээмжийг хомсдуулах нь тодорхой. Суурин газрын хөгжил, хүмүүсийн бөөгнөрөл аажимдаа газар тариалан, мал аж ахуй эрхлэх замаар байгалийн нөөцөөс хараат бус байдлаар амьжиргаагаа залгуулах хөгжилд хөтөлж, улмаар илүүдэл буюу хуримтлагдсан нөөцөө хөрш зэргэлдээ аймаг сууринтайгаа солилцох худалдааны зах зээл үүсэж, суурин амьдралын эдийн засаг,  засаг захиргааны нэгжийн зайлшгүй зохицуулалтад оруулах эхний хөшүүргүүдийг бий болгосон байдаг.

Энэ маягаар анхны төлөвлөгөөт суурин үүссэн түүхэн улбааг МЭӨ 4300 жилийн өмнө буюу Неолитикийн эрийн үеийн Урук Улсын Мессопотам хот гэж үздэг. Тус хот нь тухайн цаг үеийн газар тариалан, мал аж ахуй эрхэлж байсан жижиг тосгодын дунд үүссэн арилжааны жимээр холбогдон өргөжсөөр үлэмж хэмжээний төвлөрөл үүсгэж, аажимдаа  захиргааны нэгдсэн зохицуулалттай хотын зохион байгуулалтаар хангагдсан хэмээн түүхчид үздэг. Арилжаа худалдаа төвлөрч, баялаг үүсгэж буй газар эрх мэдэл төвлөрдөг нь жам ёсны хувьсал юм.

Орчин цагийн хотжилт нь модернизаци, үйлдвэржилт, нийгэм-эдийн засаг, рационализмтэй салшгүй холбоотой. Энэ нь хүний аж төрөх ёс дан ганц амьжиргаа бус арилжаа мөн ахуйн соёлын харилцан солилцооноос бүрэн хамааралтай болсны том нотолгоо. Тиймээс тухайн нэг хотын соёл тухайн улс үндэстний эдийн засгийн хөдлөх хүчний хөшүүрэг болсоор иржээ.

Зөвхөн өөрсөд дээрээ л жишээ татахад бид хотожсон нийгмийн бараг хамгийн сүүлийн жишээ болж байгаа ч онгон дагшин байгаль, хөдөө нутгийн уламжлалт ахуйтай, сэтгэл бахдам уугуул үнэт зүйлтэй үндэстэн хэр нь өдөр тутмын амьдралын хэв маягийн хувьд хотын буюу урбан соёлоос сэтгэл зүй, бие махбодь, амьжиргааны эх үүсвэр, амьдралын үнэт зүйлүүдээрээ хэдийнээ бүрэн хараат болсон нийгэм.

Нэгэнт хотын соёл орчин цагийн нийгмийн амьдралын салшгүй хэсэг болмогц түүн рүү тэмүүлэх жилжилт хөдөлгөөн хотын газарзүйн чадамжаас хэтэрч ядуурал, гэмт хэрэг, орчны бохирдол, халдварт өвчний тархац, ангийн хэт ялгарал, үймээн самуун гэх мэт нийгмийн асуудлаас гадна, ажлын байр, орон сууцны хангамж, зам тээврийн болон дэд бүтэц, төрийн үйлчилгээний хүртээмж гэх зэрэг захиргаа болон эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг дагуулж байдаг жамтай.

18 дугаар зууныг хүртэл дэлхийн хотуудын Урбан төлөвлөлт Ромын Эзэнт гүрний үеийн Монахийн засаглалын бүтэцээс хамаарч хөгжиж байсан ба тухайн нийгэм, худалдаа, эдийн засгийн эргэлтэд тохируулан зохицуулж байв. Харин 19 дүгээр зуунаас фёодалын нийгэм задарч, хүнд үйлдвэржилтийн эрин эхэлснээр нийгэм, эдийн засаг ихээхэн хувьсав. Дундаж болон ажилчин ангийн  нягтаршлыг дагасан шинэ бүсчлэл бий болж, хот төлөвлөлтийн бодлого ихээхэн хувирчээ. Харин аж үйлдвэржилтийн явц  20 дугаар зууныг технологижилтын эрин рүү хурдацтай хөтөлсөний дүнд хотуудын хөгжлийн бүтцийг бүхэлд нь өөрчилж хүн ам зүйн нягтаршил, инженерчлэл, эдийн засаг, нийгмийн байгуулалтын хувьд бүхэлдээ автоматжсан технологийн хурдад захирагдахаас өөр аргагүйд хүргэсэн байна.

20 дугаар зууны сүүл үеэс хүйтэн дайны төгсгөл болж, үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн тоглолт үлэмж өөрчлөгдсөн бөгөөд үүний хурдыг гүйцэх цахим нано технологийн эрийн үе эхэлсэн гэж үзэж болно. Олон улсын хувьцааны арилжааны мэдээллийн хурдыг гүйцэж хүрэх системийг дагасан  дэлхийгээр тархсан шинэ баячуудын тоглолтын дүнд эдийн засгийн хаб болсон модерн хотуудын хөгжил хүчээ авсан юм.

Асар хурдтай, халаалттай эдийн засгийн цөмд нягтаршсан хотуудын шинэ бүсчлэлүүд холимог нийгэм буй болгохын хэрээр дэлхийн хотуудын соёл, төлөвлөлт, арилжаа худалдаа, нягтаршил гэх мэт асуудал, шийдлүүд ижилсэж эхэлсэн. Энэ хэрээр үндэстний ялгагдах онцлогууд ч хавтгайрч, нэг жишиг стандарттай болж, мэдээллийн эрин зууны хурдтай тааруулсан зохицуулалт, хөрөнгө оруулалт зэрэг нийгмийн асуудлуудын ижил загварууд нэвтэрч эхэлсэн билээ.

Өнөөдөр хүний хөгжлийг дагасан хот, суурин газруудын энэ их хурдтай хөгжил хэдийгээр гайхамшигтай, хүний хөгжилд хязгаар үгүй мэт харагдавч хүн төрөлхтний өмнө одоо хэр үл шийдэж чадах аюун заналыг бий болгов. Байгалийн нөөц шавхагдаж, эрчим хүчний хэрэглээг хэмжиж хязгаарлах боломжгүй байдалд хүрээд байна. Хэт хурдтай хөгжиж буй хэт нягтаршилтай нийгмийн харилцааг аль болох хялбарчлах арга сэдэх тусам хотуудын өртөг өсөж, энэ өртгөө дааж амьдрах хүний хүчин зүйл улам бүр алдагдаж, нийгмийн хөдөлгөөнт харилцааны нэг эрэг шургийн үүрэг гүйцэтгэж амьд оршихоос өөр аргагүйд хүрсээр байгаа юм.

Хүн төрөлхтний хэт ижилсэлт нэг талаар улс орнуудын хоорондын харилцаа, эдийн засгийн эргэлтийн системийг нэг мөр болгож, хялбарчлах болсон хэдий ч хүн хүнээрээ байх мэдрэмжийг аажимдаа үгүй болгосоор коммандаар сэтгэдэг, коммандаар хөдөлдөг, нэг механизмын ажиллагаа гажуудах даруйд коммандаар хямарч, үй олноор эрсдэл орох байдал газар авч, хүнийг нийгмийн механизм төдий эд эс болгон хувьсгажээ.

80-д оноос дэлхий дахинаараа хөл алдан дагасан технологийн хөгжилд бүхий л томоохон хотууд өндөр цамхаг барилга, давхар зам, цахилгаан галт тэрэг гэхчлэнлнягтаршлыг хурдасгах арга замаар хөгжсөөр, үүнийхээ өртгийг нөхөх эдийн засгийн хэт халалтыг намжаах шийдлээр замнасаар ирсэн юм. Гэтэл одоогоос 15-20 жилийн өмнөөс дэлхийн хүн амыг  үйл олноор нь эрсдэлд оруулах анхны эдийн засаг, нийгмийн хямралууд үүсэж эхэлсэн байна.

Ингэмэгц нийгмийн асуудлуудаа шийдвэрлэж, эдийн засгаа тогтворжуулах талаар улс орнуудын Засгийн газрууд хамгийн оновчтой шийдэл хайсаар, судалгаа явуулж эхэлжээ. Ядуурал, гуйланчлал, хар тамхи, бие үнэнэлт, хүний наймаа гэх мэт урьд өмнө сонсогдож байгаагүй шинэ төрлийн гэмт хэрэг дагуулсан сүүдэр эдийн засаг үүсэж, нийгмийн хүнд асуудлууд хуримтлагдсан бөгөөд үүнийг шийдвэрлэх арга замыг хайхын тулд эхлээд асуудал ядуурлаас эхтэй хэмээн тооцжээ. Ингээд ядуурлыг бууруулах төрөл бүрийн урт хугацацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч ажилгүйдэл газар авсанаас хамаарч дээрх хөтөлбөрүүд ямар ч амжилтад хүрсэнгүй. Тиймээс ажлын байруудыг маш олноор бий болгож, төрөл бүрийн техникийн болон мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулсан боловч нийгмийн эмзэг давхрагынхны дунд ажиллах сонирхол үүсгэх нь байтугай ахуй амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзэлтэй хэсэг, бүлэгт нь ч энэ хөтөлбөр амжилтыг эс олов. Энэ бүхний учир шалтгаан нь эдгээр давхрагад үнэт зүйлийн нэгдмэл ойлголт үгүйд оршиж байсан тул олон төрлийн гэгээрүүлэх ажлууд хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч мөн л амжилт олсонгуй. Улс орны удирдлагууд толгой гашлав. Хэрхэхээ мэдэхгүй байлаа. Эцсийн бүлэгт энэ асуудлуудыг үүсгэх учир шалтгаан хот төлөвлөлттэй холбоотой болох нь  судалгаагаар тогтоогдож ирээд байна. Өөрөөр хэлбэл хот төлөвлөтийг хэт механикжуулсанаас нийгмийн бүлэглэлийн ангилал хоорондоо хэт салан тусгаарлагдаж, хүний энгийн харилцааны нандин чанарууд алдагдсанаар нийгмийн үнэт зүйл үгүй болж, хажуу хөршөө ч таньдаггүй, таньсан ч огт хамаарах сэтгэхүйгүй болсон хүний нийгэм  арав, арван жилээр улам харгисжиж эхэлсэн байна. Ялангуяа, нийгмийн ядуу давхрагын төлөөлөлтэй дүүрэг тус бүр өөрийн гэсэн нийгмийн хуультай, тогтсон соёлтой, аливаа зохицуулалтаар буюу хүчээр нэг цул нийгэм болгох боломж бараг үгүй болсон байв.

 Хот төлөвлөлт нийгэм, эдийн засгийн тогтвортой харилцааг хангаж байх хөшүүрэг болж байх ёстой. Үүний тулд хүн, нийгмийн хөдөлгөөнт өөрчлөлтийг зохицуулах эрх зүйн болон эдийн засгийн харилцааг зохицуулах механизмуудыг бий болгож байдаг. Үүний үндсэн агууллага нь хотожсон нийгмийн бүтцийн үнэт зүйлүүдийг бий болгож, бэхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Үүний хамгийн том хүчин зүйл нь нийгэм, олон нийтийн хамгийн чухал элементүүдийг тодорхойлдог.

 Энэ бүхнийг агуулсан зохицуулалтыг хийх гэж дэлхийн бүх л томоохон хотууд өөрийн үндэстний үүсэл, хотын хөгжлийн загвараа тодорхойлж ирсэн ч ихээхэн алдаа гаргасаар иржээ. Америк нийгмийн дэд сууринжсан буюу сабёрбиан төлөвлөлт нь нэг талаараа хэвтээ тэнхлэгээр буюу дэд бүтцийн хэт ачаалалгүй хөгжүүлэх хамгийн шилдэг шийдэл байсан ч нийгмийн бүтцийн хувьд хамгийн томоохон алдаа болсон юм. Хэдийгээр шинжлэх ухаанч үндэслэлтэй тооцоогоор хөгжүүлсэн хэдий ч хот төлөвлөлт нийгмийн чинээлэг анги, давхрагад тулгуурласан тогтвортой хөгжлийн бодлого байсан тул эдийн засгийн ялимгүй ганхалт үүсэхэд нийгмийн гажуудлууд илэрч эхэлсэн. Хамгийн том жишээ нь Детройт хот. Энэ хот Америкийн машин үйлдвэрлэл, худалдаанд тулгуурласан эдийн засгийн загвараар хөгжсөн бөгөд нийгмийн эрүүл болон чинээлэг хэсэг хотоос гаднах дэд суурингуудаар суурьшиж, харин ажилчин, болон үйлчилгээний салбарт ажиллах давхрага нь нийтийн масс орон сууцанд тусгаарлагдмал байдлаар амьдарч эхэлсэн. Төрөөс хэрэгжүүлсэн бодлого нь чинээлэг хэсгийн нийгэм, эдийн засгийн аюулгүй, тотгтвортой байдалд дан ганц анхаарал хандуулснаас нийгмийн сегментүүд өөр хоорондоо салангид, тусгаарлагдмал, үндэстний харилцаа, нийгмийн соёлын, хамтын үнэт зүйлийн хувьд туурга тусгаар сэтгэхүйгээр хөгжиж эхэлсэн байдаг. 21 дүгээр зуунаас газрын тосны зах зээлийн хомсдол, түүнийг дагуулсан хямралт нөхцөл байдал Детройт хотыг үгүйрүүлж чинээлэг хэсэг амьжиргаагаа даган нүүдэлсэн бөгөөд энэ хотод ажилгүйдэл, ядуурлын төлөөлөл болсон нийгмийн давхрага л үлдсэн нь бий.

 Харин Францын ихэнх томоохон хотуудад нийгмийн ядуу бүлэг (гол төлөв гадуурхагдсан цагаач иргэдийн угсаа) хотын зах буюу тэдэнд зориулагдсан масс нийтийн байрны орон сууцны хорооллыг даган бас нэгэн шинэ төрлийн нийгмийн давхрага үүссэн нь өнөөгийн Европын нийгмийн хямрал болоод байна. Тус давхрагын иргэд уугуул иргэд гэж өөрсдийгөө үздэггүй ч уугуул гарал үүсэлдээ ч мөн хүлээн зөвшөөрөгдөөгүй завсарын үндэстэн болсон тул нэгэнт нийгмийн хэрэгцээгээ дагаад өөрсдийн тусдаа салангид үнэт зүйл, хотын соёл, нийгмийн харилцааг үүсгэсэн үе удам бий болгожээ.

 Өөр нэг онцгой шалтгаан болох үндэстэн, үүсэл гарлаар үл ялгарах ч нийгмийн ангийн ялгамж хэт холдсон хотууд бий болсны сонгодог жишээ бол Манилла хот. Авилгал хээл хахууль, ангийн нийгмийн ялгаа, эрх мэдлийн засаглал хязгааргүй ноёрхсон нийгэмд   хуулийн засаглал сул дорой болон үнэгүйддэгийн жишээгээр хот нь эмх замбараагүй, төлөвлөлтгүй болсон юм. Нийгмийн чинээлэг давхарга хэт хөрөнжсөн ч хэт ядуу гуйланчлалд автагдсан иргэдийн харьцаа мөн тэр хэмжээнд байх тул чинээлэг хөрөнгөтний нийгмийн хаяагаар даган оршсон хөл толгой, шинэ хуучин ялгагдахаа байсан, эмх замбраагүй хот билээ. Энэ байдлаас гарах зорилгоор хотын уугуул өв болсон түүхэн дүүргүүдээ устган шинэ шилэн цамхагуудаар бизнес, худалдааны асар үнэтэй хот доторх цамхагт хорооллууд бий болгосон ч энэ нь гэмт хэрэг, аюулын уурхайн орд газар болон хувирчээ.

 Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хот энэ бүхний хаах нь яваа вэ? Өнөөдөр бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг ярихад өнөө л төрийн байгуулалт, хууль эрх зүйн хэрэгжилт, ардчиллын мөн чанар хангагдах зарчим руу очоод тулахаас өөр аргагүй. Хэдийгээр их хотын асуудал инженерчлэл, эдийн засгийн судалгаа, үзүүлэлтүүдэд тулгуурлаж, улс төржсөн шийдлээс хамгийн ангид байс ёстой авч бидний нийгмийн хаос буцаад энэ асуудал руугаа хөтлөн очих болно.

 

Үргэлжлэл бий.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%