Нийтлэл 12 сарын 15, 2015

Миний Монголоос авсан зүйл миний өгч чадсанаас хамаагүй их!

Монголд ажиллаж байсан НҮБ-ын сайн дурын ажилтан Тим Жэнкинс хөх тэнгэрийн нутагт өнгөрүүлсэн таван жилийнхээ талаар:

Монголд ирсэн гадаад хүнээс асуудаг түгээмэл асуулт бол “Яагаад Монгол гэж?”. Сайн дурын ажилтнаас асуудаг түгээмэл асуулт бол “Яагаад? Цалинтай ажил хийсэн нь дээр биш үү?”. Монголд 5 гаруй жил сайн дурын ажил хийсэн Америк залуу Тим Жэнкинст энэ хоёр асуултын хариулт хоёулаа байж мэдэх юм.

Хүүхэд байхаас нь өвөө эмээ нь Тимд бусдад туслахыг сургажээ. Найман настай байхдаа Тим эмээтэйгээ АНУ-ын Миссиссиппи голын үерийг зогсоох далан дээр тавих элс савлаж байж. Амьдралынхаа турш тэрээр өвөө эмээ хоёрыгоо бусдад туслаж, сайн дурын ажил хийж байхыг нь харж байж.

“Амьдралынхаа турш сайн дурын ажил хийж байгаа нь эмээ өвөөгөөс маань үүдэлтэй. Тэд өндөр орлоготой байгаагүй ч, илүү гарснаа нийтэд хэрэгтэй ажил үйлсэд зориулж эсвэл өөрсдийн цагаа сүмийн үйл ажиллагаанд сайн дурын ажил хийж өнгөрөөдөг байсан. Хамт олон нь тэднийг хүндэлдэг байсан учраас би дандаа тэр хоёроороо бахархдаг байсан. Хэдийгээр тэд цагаач мөн (Тимийн өвөө эмээ нь Шотландаас гаралтай байсан) өөр гаралтай байсан ч, тэд надаас хэд дахин илүү Америк байсан. Тэднийг хамт олноороо хүндэтгүүлж байхыг харах нь миний сайн дурын ажил хийх хүслийг тэтгэж өгч байсан байх.”

Питтсфийлд, Илинойоос Монгол хүрэх зам урт ба Тим энэхүү аялалыг АНУ-ын Пийс Корп-ын гадаад дахь сайн дурын хөтөлбөрт хамрагдснаар эхэлсэн. Тэрээр Монголд 2010 онд ирсэн ба үеийнхэн дундаа Пийс Корп-д сайн дурын ажлын албанд хамгийн урт хугацаагаар зүтгэсэн нь байсан бөгөөд 3.5 жилийн томилолтоо 2013 оны намар дуусгасан. НҮБ-ын Хүн амын санд богино хугацааны зөвлөгчөөр ажилласны дараа тэр агентлагтаа Харилцаа Холбооны Ажилтан болж НҮБ-ын олон улсын сайн дурын ажилтан болжээ.

Монгол дахь сайн дурын ажлынх нь хамгийн гайхалтай мөн хамгийн хэцүү мөч нь гурван жил цуг байсан хамт олноо орхиж явах байсан. “Яг явах тэр мөчид ямар гайхалтай хүмүүстэй хамт байснаа мөн Архангайн Цэцэрлэгт өнгөрүүлсэн гурван жил амьдралын минь хамгийн сайхан үеийн нэг байсаныг ойлгосон. Ажил мөн хүмүүс нь бүгд гайхалтай байсан.”

Тимийн сайн дурын ажил тэнд хүрээд зогсоогүй юм. НҮБ-ын сайн дурын ажилтны хувьд тэрээр хүсэл тэмүүлэл, санаачлага байх юм бол юу бүтээх боломжтойг харуулсан: Улбар Шар Өдөр болон УИХ-ын гишүүдтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн хуулийг дэмжих, хөгжимөөр дамжуулж гэр бүлийн болон жэндэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр Улбар Шар Цуглааныг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох НҮБ-ын АМЛАЛТ санаачлагад гарын үсэг зурах, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүн амын санг нэгтгэн Монгол дахь анхны техник технолог, шинэчлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгмийн сайн сайханы төлөө хэрэглэх талаар дэлхий нийтийн хэлэлцүүлгийн нэг хэсэг болох Нийгмийн Сайн Сайханы Төлөөх Уулзалтыг санаачлах.

Тэр НҮБ-ын Хүн амын сан дахь ажилдаа дуртай ч, түүний хамгийн дуртай сайн дурын ажил нь НҮБ-аас гадна өрнөдөг байсан. “Зургаан цаг болоод ажил дуусахад миний хувьд бол дандаа тийм биш. Би 4H Монгол, TEDx-ын хамт олон, UB Soup, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон UB TiLT төсөлтэй хамтарч ажиллаж байсан. Би LGBT төвүүдэд уригдаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үүрэг мөн үүнийг ашиглан нийгмийн ханллагыг хэрхэн өөрчилж болох талаар хэлэлцэх дуртай. Зургаан цагаас хойших бүх ажлуудаараа би хамгийн их бахархдаг.”

Үүнийг сонсоод танд Тим энэ бүх зүйлийг хийх цагыг яаж гаргадаг юм гэж санагдаж магадгүй. Түүнээс асуухад тэр мөрөө хавчин, инээгэд: “ Би хамт олонтойгоо, бусдын төлөө зүйл хийж байхдаа хамгийн ихээр хичээдэг тийм л хүн. Би залуу бас хүсэл тэмүүлэлтэй байна, энэ энерги, хүсэл эрмэлзлээ бусдад туслахад зориулах хэрэгтэй гэж бодож байна. Залуучуудын үүрэг хариуцлага энэ биш гэж үү? Өөрсдийн шинэ залуу эрч хүчээ нийгэмдээ зориулах.”

Монголын дараа түүний дараагийн хүрэх газар бол Тайланд бөгөөд Тим тэнд магистрын зэрэгт шамдах юм байна. Гэхдээ тэр хаана ч байсан хамаагүй хамт олондоо туслахыг хүсдэг. “Би хаана ч байсан хамаагүй дандаа туслахыг хүснэ. Надад хүсэл тэмүүлэл хүч байсан цагт би тэрийг орчин тойрондоо тараахыг хүснэ. Монголд эсвэл өөр хаана ч байсан, надад амьдарч буй нийгмээ өөрчлөхийн төлөө залуучуудтай хамт өнгөрүүлэх амралтын өдрүүд юунаас ч илүү чухал.”

Тим яагаад сайн дурын ажилаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа вэ? “Сайн дурын ажилтны хувьд, бид нар нийгмийг өөрчлөхийн төлөө, өөрсдийн нийгэм эсвэл өөрсдийн сургуулиа арай дээр газар болгохын төлөө энэ ажлыг хийж байгаа гэж бодох дуртай, гэхдээ үнэндээ сайн дурын үйл ажиллагаа залуучуудад яаж нөлөөлдөг нь надад хамгийн сайхан санагддаг. Сайн дурын үйл ажиллагаа нь биднийг өөрчилж, хүрээлэн буй ертөнцийн талаархи ойлголтыг маань тэлдэг. Энэ талаараа миний Монголоос авсан зүйл нь миний өгч чадсанаас хамаагүй их. Үүнд би үүрд талархах болно”

Сэтгэгдэл бичих

arrow icon