Нийтлэл 12 сарын 17, 2015

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сул байдаг нь тэдний өрсөлдөх хүсэл, эрсдэлд дургүй байдагтай холбоотой юу?

'Дэлхийн эдийн засгийн форум' ОУ-ын ТББ-аас улс орнуудын жендерийн тэгш байдлын судалгааг гаргажээ. Ингэхдээ тухайн улсын эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, байр суурийн тэгш байдлыг дараах дөрвөн үзүүлэлтээр хэмжиж үзсэн байна. 

-Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, боломж

- Эмэгтэйчүүдийн боловсрол 

- Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, наслалт

-  Улс төрийн оролцоо  

Дээрх судалгаанаас эхний гурван үзүүлэлт нь  Монгол улс дэлхийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна. Харин манай улсын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо маш муу байдаг нь харагдаж байна. Тухайлбал,  Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол улс 142 улсаас 103-т жагсжээ

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гэдэг нь дээд төвшний шийдвэр гаргахад  эмэгтэйчүүд хэрхэн оролцдог байдал бөгөөд УИХ, ЗГ, эмэгтэй төрийн тэргүүнтэй байсан жилүүдийг тооцсоноор энэ үзүүлэлтийг  хэмжин харуулсан байна. 

Түүнчлэн зөвхөн улс төрийн оролцооноос гадна дээд удирдах албан тушаалын эмэгтэйчүүдийн тоо дунд, доод төвшнээс хамаагүй бага байгааг 2009 оны ҮСХ-ны Ажиллах хүчний судалгаа харуулж байна.

АНУ-д Ази гаралтай хүмүүсийн боловсрол, ЭЗ-ийн байдал нь хүчтэй боловч удирдах төвшний оролцоо харин хангалтгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл, Монгол эмэгтэйчүүдийн өнөөгийн улс төр дэх оролцооны байдалтай адилхан гэж хэлж болно. Америкийн 'Ассент' ТББ-аас гаргасан нэгэн судалгаагаар Гүүгл, Хювлэтт-Паккард, Яахуу, Интел, Линкдин компаниудын техникийн мэргэжилтнүүдийн 27.2% нь Ази гаралтай хүмүүс байдаг атлаа энэ тоо захирлын төвшинд 13.9% болж буурсныг харуулжээ. Үүнийг судалгааны багийнхан   Ази хүмүүс өрсөлдөх хүсэл багатай, эрсдэлд дургүй байдагтай холбоотой гэж тайлбарласан байна. 

Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сул байдаг нь тэд өрсөлдөх хүсэл багатай, эрсдэлд дургүйтэй холбоотой юу? 

Судлаачид болон эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын авч үзсэнээр эмэгтэйчүүд улс төрд бага оролцдог шалтгаан нь улс төрийн процесс дахь бэлгийн гадуурхал, сонгуулийн тогтолцооны алдаа гэж үздэг байна. 

Гэтэл Монголын нийгэм эмэгтэйчүүддээ боловсрол болоод эрүүл мэндийн маш сайн боломж өгдөг нь дээрх үнэлгээнээс харагдаж байна. Улс төрийн бэлгийн гадуурхалыг арилгахын тулд сонгуулийн тогтолцоог нэг тойргоос олон нэр дэвшигч, намын жагсаалтын 20%-ийг эмэгтэйчүүдээс бүрдүүлдэг холимог тогтолцоотой болгож өөрчилсөн. Эдгээр арга хэмжээг авсаар байхад Монголд 2012 оны сонгуулиар шийдвэр гаргах төвшинд гарсан эмэгтэйчүүд 14.5%-тай байсан. Харин ОУ-ын эмэгтэй парламентчидийн дундаж 21.9% байдаг. 

Яагаад Монгол эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэндийн хувьд бусдаас илүү боломжтой мөртлөө удирдах, шийдвэр гаргах төвшинд гарахгүй байна?

Үүнийг харахын тулд Монголд улс төрийн процесс явагддаггүй, мөнгө төгрөгийн оролцоо багатай, гэхдээ өрсөлдөөнт албан тушаалын уралдаанд эмэгтэйчүүд хэрхэн оролцдогийг авч үзлээ. Ийм уралдааны нэг хэлбэр нь их дээд сургуулиудын удирдлагын сонгон шалгаруулалт тохирно гэж үзлээ. Учир нь ийм уралдаанд оролцох хүмүүс нь нөхөн үржихүйн наснаас гарсан болохоор ажилласан жилийн тооны зөрүү чухал үүрэг гүйцэтгэхгүй, мөн нэрээ дэвшүүлэхэд нарийн улс төрийн аппаратын  хэрэг байхгүй болохоор процессийн болоод бэлгийн гадуурхалт тэр бүр үүсэхгүй гэж бодож байна. 

Ийм сонгон шалгаруулалт 2013 онд улсын  4 том их сургуулийн захирлын албан тушаалын төлөө болсон. Өргөдлөө өгсөн бүх хүний нэрсийн жагсаалтыг олж чадсангүй. Гэхдээ эхний шалгаруулалтын шатанд бичиг баримтын бүрэн бүтнийг л шалгасан болохоор энэ шатны хүйсийн харилцааг шинжлэх нь учир дутагдалтай байж болно.Нийт 31 хүн хоёр дахь шалгаруулалтад орохоор тэнцсэнээс 2 нь буюу 6% нь эмэгтэй хүн байсан байна. Гэтэл их сургуулийн багш нарын 70-80% нь эмэгтэй. Үүнээс зургаан хувь нь захирлын суудлын төлөө өрсөлдөхөөр нэр ээ дэвшүүлсэн нь эмэгтэйчүүд өөрсдөө дээшээ тэмүүлэхийг хүсээгүйн илрэл биш байгаа?

Улс төрийн оролцоо, мэргэжлийн удирдлага хоёр нь тусдаа асуудал ч энгийн сэдлийн хэмжүүр болж чадах болов уу гэж бодож байна.Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог судалдаг хүмүүс бэлгийн гадуурхал талаас нь асуудалд ханддагнь учир дутагдалтай байж болох бөгөөд эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, асуудалд идэвхтэй хандах сэтгэл санааны хандлагын талаас нь бас авч үзэх хэрэгтэй байж болох юм.  

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon